2023/12/13

Powered by:

Гурван өгүүлбэрээр

  1. Монголын газрын ховор элементийн “Хотгор” төсөлд хамааралгүй болсноо “Parabellum Resources” мэдэгдлээ.

  2. Төв банкнууд мөнгөний бодлогоо сулруулах цикл рүү шилжих шилжилт сунжрах тусам компаниудад ирэх дарамт ихсэх төлөвтэй.

  3. 2023 онд IPO хийж, $500 саяас дээш хөрөнгө босгосон компаниудын хувьцааны ханш дунджаар 2.1% өссөн нь тааруу үзүүлэлт. Гэхдээ…

Эрүүл мэндийн ундааны боломж

Монголын анхны ₮1 их наяд давсан үнэлгээтэй компанийг төрүүлсэн шингэн хүнсний үйлдвэрлэлийн салбарт ус ундаа, согтууруулах ундаа болон сүү үйлдвэрлэл дийлэнх хувийг эзэлдэг. Тэгвэл олон улсын зах зээлд өрсөлдөх чадвар сайтай байх боломжтой эмийн ургамал, ховор жимс жимсгэний найрлага бүхий эрүүл мэндийн ундааны үйлдвэрлэл хэр түвшинд байна вэ?

Цайн ундаа ба сорилт

Монгол Улсын ундаа, усны хэрэглээ жилд дунджаар 250 сая литр орчим байдгаас маш бага хувийг нь эрүүл мэндийн цайн ундаа эзэлж байна. “Organic Green Foods” компанийн мэдээлж буйгаар цайн ундааны хүний биед үзүүлэх нөлөө сайн ч хүмүүсийн эрүүл мэндийн боловсрол дутмаг байгаагаас зах зээлийн эрэлт эрчимжихгүй байгаа аж.

Дотоодод эрүүл мэндийн цайн ундаа үйлдвэрлэдэг 3-4 компани байдаг бөгөөд үйлдвэрлэгчид түүхий эд болох мөөг, артишок, чацаргана зэргийг өөрсдөө тариалан эрүүл мэндийн ундааг олон төрлөөр нь зах зээлд нийлүүлж байна.

Тухайлбал “Organic Green Foods” ХХК-ийн үйлдвэрлэдэг артишок ундааны борлуулалт өмнөх жилийнхээсээ 50 хувиар өсөж, өдгөө зах зээлийнхээ 10 гаруй хувийг эзэлж байгаа аж. Харин “Газар шим үйлдвэр” ХК-ийн 2011 оноос хойш үйлдвэрлэж буй артишок ундаа Монголын хамгийн анхны органик хүнсний бүтээгдэхүүний баталгаажуулалтыг авч байжээ.

Энэ зах зээлийн гол сорилтын талаар “Organic Green Foods” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Баттөмөр “Артишокийг хүлэмжид тариалдаг. Энэ нь тооны хувьд хязгаарлагдмал гэсэн үг. Тиймээс хүлэмжийн тоогоо нэмэх зайлшгүй шаардлагатай байна" хэмээж байв. Мөн артишокийг ургуулахад натурал бордоо ашигладаг учир ургац бага авч, зардал ихэсдэг болохыг “Газар шим үйлдвэр”-ийн Үйлдвэр хариуцсан захирал Ц.Төгсөө онцолсон юм.

Комбуча экспортолно

Дархлаа дэмжих, гэдэс цэвэрлэх үйлчилгээтэй гэдгээрээ комбуча цай цар тахлын үед ялангуяа барууны орнуудад ихээхэн эрэлттэй болж байв. Future Market Insights-ийн тооцоолсноор өдгөө 1.72 тэрбум ам.доллароор үнэлэгдэж буй комбуча цайны зах зээл 2033 он хүртэл жил бүр 12 хувиар тэлж, улмаар эрүүл мэндийн ундааны зах зээлийн 2 хувийг эзэлдэг болох төлөвтэй байна.

Тэгвэл ирэх оноос “Комбуча” ундааг Япон улсын зах зээлд экспортлох зөвшөөрлөө аваад байгаа “Комбуча Монголиа” ХХК нь мөөг үржүүлгийн талбайтай, саяхан шинэ үйлдвэрээ нээсэн төдийгүй өдөрт 8-10 мянган ундаа үйлдвэрлэх хүчин чадалтай. Зах зээл жижиг ч гэсэн сүүлийн жилүүдэд энэ төрлийн бүтээгдэхүүний борлуулалт нэмэгдэж байгаа бөгөөд энэ онд тус компанийн борлуулалт өмнөх оноос 10 дахин өсжээ.

Ченжгүй арилжаа

Хөдөө аж ахуйн биржээр өнгөрсөн онд таван төрлийн бүтээгдэхүүн арилжиж байсан бол өдгөө 10 нэр төрлийн бүтээгдэхүүн болж нэмэгджээ. Гэхдээ III улирлын байдлаар 824.6 тэрбум төгрөгийн бараа, бүтээгдэхүүн арилжаалсан нь өмнөх оны мөн үеэс 20.3 хувиар буурсан үзүүлэлт болсон байна. Нийт арилжааны 89.7 хувийг ямааны ноолуур бүрдүүлж байгаа аж.

Үүнээс гадна ХААБ-ээр 11 дүгээр сараас амьд малын төрөлжсөн арилжаа зохион байгуулагдаж эхэлснээс хойш дундын зуучлалгүйгээр нийт 765 толгой малыг үйлдвэрт шууд арилжиж, 600 бог малын форвард гэрээний арилжаа хийсэн байна.

“Хотгор”-ыг орхив

“Temarise” компанийн 30 хувийг эзэмшигч, Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Parabellum Resources” компани Монголын газрын ховор элементийн “Хотгор” төсөлд хамааралгүй болсноо мэдэгдлээ. Хөрөнгийн зах зээлийн сорилттой нөхцөл байдалтай холбоотойгоор “Temarise” компани “Хотгор” төслийн 80 хувийг 15 сая ам.доллароор авах төлбөрийг хугацаанд нь төлж чадаагүй аж.

“Temarise” нь "Хотгор" төсөлд хувь эзэмших төлбөрийн хугацааг анх 2023 оны тавдугаар сарын 22-ны өдрөөр тогтоосны дараа энэ хугацааг зургаадугаар сарын 31-нийг хүртэл сунгаж байсан юм. Харин “Parabellum Resources” 2023 оны нэгдүгээр сард “Temarise” компанийн 30 хувийг эзэмших гэрээг эцэслэжээ.

Шинэ санхүүжилт

Азийн Хөгжлийн Банк Монгол Улсын хөдөө аж ахуйн өрсөлдөх чадварыг сайжруулах, худалдаа болон логистикийг дэмжих зорилготой хоёр төсөл баталж, 157.1 сая ам.долларын санхүүжилт олгохоор боллоо. Санхүүжилтийн 57.1 сая ам.доллар нь технологийг нэвтрүүлэх замаар өрхийн үйлдвэрлэлийн чадамжийг сайжруулахад чиглэсэн Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийг дэмжих" төслийн хоёрдугаар үе шатанд зориулагдана.

Харин үлдсэн 100 сая ам.долларын санхүүжилтийг хилийн үр бүтээмжийг сайжруулж тогтвортой худалдааг дэмжих төсөлд зориулахаар болжээ.

Төгс хэмтэй дарс

Бодоод үз дээ. Та оройн зоогийн үеэр сайхан улаан дарс шимж суух гэтэл хэт бүлээхэн байвал усархаг, амт нь сул, бас спирт ихтэй амтагдана. Эсвэл цагаан дарс хэтэрхий хүйтэн байвал анхилуун үнэргүй, нэг л зүйл дутуу юм шиг санагдана. Энэ асуудлыг шийдэх нэг арга нь таны ууж байгаа дарс ямар хэмтэй байх ёстой вэ гэдгийг мэдэх явдал. Тэгвэл шинээр гарсан, зөөврийн цахилгаан хөргүүрүүд нь дарсыг төгс хэмд хадгалахаас гадна маш хурдан хугацаанд таны хүссэн хэмд хүргэж чаддаг болжээ.

Эдгээрээс хамгийн сайн нь лонхтой дарсны хэмийг тохируулж болдог, хөргөгчөөс 2.5 дахин хурдан хөргөх чадалтай, 495 ам.долларын үнэтэй QelviQ юм.

Бельги ах дүүс болох Хелена болон Хавьер Вереллен нар найман жилийн турш QelviQ-ийн 315 загвар туршсаны эцэст энэ загварыг сонгожээ. Та лонхтой дарсаа QelviQ дотор хийсний дараагаар гар утаснаасаа хэм хянах мэдрэгчийг идэвхжүүлнэ. Ингэснээр уг хөргүүр цахилгаан дулааны хөргөх модуль ашиглан дарсыг тань төгс хэмд хүргэх юм.

Голох хэрэггүй

2023 онд IPO хийж, 500 сая ам.доллароос дээш хөрөнгө босгосон компаниудын хувьцааны ханш дунджаар 2.1 хувиар өссөнийг “Bloomberg”-ийн дата мэдээллүүд харууллаа. Энэ нь тийм ч өндөр өсөлт биш ч 2020 болон 2021 онтой харьцуулахад хавьгүй дээр үзүүлэлт болж байна. Зах зээл өсөлттэй байсан тухайн онуудад IPO хийсэн компаниудын хувьцааны ханш өдгөө нэрлэсэн үнээсээ дунджаар 30 орчим хувь бага үнээр арилжаалагдаж байгаа юм.

2023 онд ойролцоогоор 160 компани АНУ-ын биржүүдээр дамжуулан хувьцаагаа олон нийтэд санал болгож, нийт 25.4 тэрбум ам.долларын санхүүжилт татсан байна.

1.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай Монгол-Францын хамтарсан Ураны хөрөнгө оруулалтын гэрээний төсөл ба ТЭЗҮ, дэлхийн ураны зах зээл, түүнд Монгол улс ямар оролцоотой байх боломжтойг хөндсөн “Гол сэдэв” нэвтрүүлгийн шинэ дугаарыг ЭНД дарж бүтнээр нь үзээрэй.

Bloombergtv.mn танд санал болгож байна

  • “Squid Game”-ийн гол дүрийн жүжигчин хувьцааг нь эзэмших сургаар “Wider Planet”-ийн хувьцааны ханш 69 хувиар өсөв

  • Barrick Gold: Алтны үнэ унах эрсдэлээс илүүтэй өсөх боломжууд өндөр байна

  • Монголбанк: Их өгөгдлийн суурь дэд бүтцийг ашиглан ногоон санхүүжилтийн үр дүнг хэмжих систем хөгжүүлнэ

Онцлох чарт

Ирэх оныг эргэлтийн жил гэж тодорхойлоход болно. Учир нь сүүлийн 40 гаруй жилд байгаагүй эрчимтэйгээр бодлогын хүүгээ нэмсэн томоохон төв банкнууд мөнгөний бодлогоо сулруулах цикл рүү шилжихээр байна. Гэхдээ энэхүү шилжилт сунжрах тусам компаниуд, өрхүүдэд ирэх өрийн дахин санхүүжилтийн дарамт ихсэх төлөвтэй. Бага хүүтэй зээл, бондуудын хугацаа дуусах дөхөж, харин шинээр зээл авахад өртөг нь дэндүү их байгаа юм.

Монгол Улсын нийт гадаад өр 2023 оны эхний есөн сард 34 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 4.5 хувиар өссөнийг ҮСХ мэдээлсэн. 2023 онд Монгол Улс бонд болон бусад өр төлбөрийг багтаагаад 400 сая ам.долларыг гадаад зах зээлд эргэн төлөх хуваарьтай байгааг “Ти Ди Би Секьюритис ҮЦК” мэдээлж байсан юм.

Өнөөдрийн онцлох зураг

“Bloomberg-ийн 2023 оны шилдэг гэрэл зургууд” цувралаас:

Испанийн Мадрид хотын Кватро Торрес бизнес дүүрэгт, өндөр барилгуудын завсраар харагдах тэргэл сар (2023 оны наймдугаар сарын 30)

Paul Hanna/Bloomberg