2023/12/12

Powered by:

Гурван өгүүлбэрээр

  1. АХБ Монгол Улсын ХАА-н өрсөлдөх чадварыг сайжруулах, худалдаа болон логистикийг дэмжих зорилготой 2 төсөл баталлаа. Нийт санхүүжилт нь $157.1 сая.

  2. Сүүлийн жилүүдэд шинээр гарч ирж, хурдацтай хөгжиж буй цахим худалдааны зах зээлээр Монголыг нэрлэжээ.

  3. БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин сүүлийн 6 жилд анх удаа Вьетнамд айлчилж байна.

Цахим худалдааны хувьсал

Цар тахлын хямралаас үүдсэн хэрэглэгчийн зан төлөвийн өөрчлөлт бүр мөсөн хадгалагдан үлдэж, ирээдүйд эрэлт өсөхөд түлхэц болсноор 2025 он гэхэд цахим худалдааны зах зээл дэлхийн ДНБ-ий 6.4 хувийг эзэлдэг болох төлөвтэй. Тэгвэл дэлхийн хамгийн том цахим худалдааны зах зээл болох Ази, Номхон далайн бүс энэхүү өсөлтөд ямар үүрэгтэй оролцохыг Азийн Хөгжлийн Банк өнгөрсөн сард гаргасан “Ази, Номхон далайн бүсийн цахим худалдааны хувьсал” тайландаа дэлгэрэнгүй дүгнэжээ.

Шилжилтийг Ази түүчээлнэ

Цахим худалдааны өсөлтийн хөдөлгөгч хүч нь ухаалаг утасны хэрэглээ, худалдагч талууд болон бүтээгдэхүүний өргөн сонголт, хүртээмжээс гадна хиймэл оюун, AR зэрэг хурдацтай хувьсаж буй технологиуд болж байна. Ази, Номхон далайн бүс нь “бизнесээс хэрэглэгч рүү” (B2C) худалдаа болон цахим жижиглэн худалдааны зах зээлд эзлэх хувиараа дэлхийд хол тэргүүлдэг бөгөөд 2025 он гэхэд эзлэх хувь нь 61 хувь болж нэмэгдэхийг тус тайланд онцолжээ.

Түүнчлэн улс даяар цахим төлбөр тооцооны үйлчилгээг нэвтрүүлэх шилжилтийг Сингапур, БНХАУ, БНСУ амжилттай, эрчимтэй хийсэн байхад дийлэнх хөгжиж буй болон буурай хөгжилтэй орнууд цахим худалдааны эрчимтэй тэлэлтийг гүйцэх төлбөр тооцооны системийг хангалттай хэмжээнд нэвтрүүлж чадаагүй байна.

Монгол ба сошиал сүлжээний нөлөө

Тус тайланд сүүлийн жилүүдэд шинээр гарч ирж, хурдацтай хөгжиж буй цахим худалдааны зах зээлээр Монголыг нэрлэжээ. Монгол Улсын цахим худалдаа 2022 оны байдлаар 352 сая ам.долларт хүрсэн бол 2027 гэхэд бараг хоёр дахин нэмэгдэж, 600 сая ам.доллар давах төлөвтэй байгааг өнгөрсөн зун "Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт"-ын үеэр онцолж байсан юм.

Монгол дахь цахим худалдааны өсөлтөд сошиал сүлжээгээр дамжих худалдаа томоохон байр суурь эзэлдэг. ХХЗХ-ноос цар тахлын өмнө буюу 2019 онд хийсэн судалгаанаас харвал нийт хүн амын 66.9 хувь буюу 2.1 сая хүн сошиал сүлжээг идэвхтэй ашиглаж, тэр дундаа 1.3 сая хүн Facebook, Twitter-ийг тогтмол ашиглаж байжээ.

Харин 2020 онд Монголбанкнаас явуулсан судалгаанд оролцогчдын ердөө 23 хувь нь Alibaba, Amazon зэрэг сайтуудаас шууд захиалга хийсэн, харин 45 хувь нь гуравдагч талын агентаар дамжуулж бараагаа хүлээн авснаа мэдээлсэн байна.

Арилгах ёстой саад

2024 онд Монгол Улсын цахим худалдааны зах зээлийн нийт орлого 516 сая ам.долларт хүрэх төлөвтэйгөөс дийлэнх хувийг нь хөрш БНХАУ бүрдүүлэх тооцооллыг АХБ-ны тайланд онцолсон байна. Хэдий тийм боловч бизнес эрхлэгчдийн хувьд гадаадад олсон орлогоо хүлээн авах суваг сайн хөгжөөгүйн улмаас олон улсын төлбөр тооцооны үйлчилгээ авах боломж нь хязгаарлагдмал байгаа асуудлыг Монголбанк саяхан хөндөж байв.

Томоохон компаниуд олон улсын төлбөр тооцоо хүлээн авдаг хэдий ч тэдний үйлчилгээг авахын тулд урьдчилж барьцаа төлбөр байршуулах зэргээр санхүүгийн шалгуур өндөр байгаа нь иргэд, жижиг, дунд ААН-үүдэд гол хүндрэл болдог аж.

7 минутад дүүрэв

Хаан Ногоон Бонд-ын захиалга дүүрч анхдагч зах зээлийн арилжаа амжилттай хаагдлаа. ХААН Банк ХК ногоон бондын хөтөлбөрийнхөө эхний шатанд 17 тэрбум төгрөгийн ногоон бонд арилжаалсан бөгөөд харин хөтөлбөрийн үлдсэн хэсэг болох 25 сая ам.долларыг стратегийн хөрөнгө оруулагчдад санал болгохоор төлөвлөжээ.

Шатахууны асуудал

“Шатахууны нөөц тасалдаагүй, цаашид үнэ нэмэгдэхгүй” гэж УУХҮЯ-аас цаг үеийн байдлаар тайлбар хийв. Өдгөө үүсээд буй хомсдол нь дотоод хэрэглээний өсөлт болон ОХУ-ын нөхцөл байдалтай холбоотой бөгөөд ойрын 2-3 хоногийн хугацаанд шатахууны нөөц дахин хангагдахыг мөн онцолжээ.

Улсын хэмжээнд сард 90-100 мянган тонн дизель түлш хэрэглэдгээс томоохон зургаан уурхай дизель түлшний нийт хэрэглээний 60 хувийг эзэлж байна. Тэгвэл 12 дугаар сард нүүрсний экспорт улам нэмэгдэх төлөвтэй байгаа учраас дизель түлшний хэрэглээ өсөхийг мөн анхааруулж байв.

Оны төгсгөлд

Оны эхний 11 сарын байдлаар Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл 5.4 тэрбум ам.долларын ашигтай гарч, мөн экспортын орлого 13.8 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 23.9 хувиар өсжээ. Ийнхүү Монгол Улс улс одоогоор 65 сая тонн нүүрс экспортлоод байгаа нь түүхэн дээд үзүүлэлт болж байгаа юм.

Агшилтын жил

2023 онд дэлхийн эдийн засаг 3.1 хувийн өсөлттэй гарахаар байгаа бол 2024 онд 2.7 хувиар өснө гэж “Bloomberg Intelligence” тооцоолжээ. Энэ нь 2009 оны санхүүгийн хямрал, цар тахал зэрэг хямралын үеүдийг эс тооцвол 2001 оны “дотком”-ын хөөсрөлтөөс хойших хамгийн удаан өсөлт болох юм.

Өвлийн аялал ба орлого

Өмнөх оны өвлийн саруудад аялал жуулчлалын салбар 140 сая ам.долларын орлоготой ажиллаж байжээ. Тэгвэл өнгөрсөн 10 дугаар сард ирсэн жуулчдын тоо өмнөх оныхоос 60 орчим хувиар илүү байсан аж. Цаашид өвлийн аялал жуулчлалыг сайн хөгжүүлж чадвал 240 сая ам.долларын эргэлт нэмэлтээр бий болгох боломжтой гэж БОАЖЯ үзэж байна.

Үүнээс гадна аялал жуулчлалын салбарт эдийн засгийн агуулгаар амжилт үзүүлсэн томоохон төслүүдийн нэг нь “ARA Complex” болсон байна. Өнгөрсөн зун дотоод, гадаадын 300 мянга орчим жуулчин “ARA Complex”-д зочилж, Архангай аймгийн аялал жуулчлалаас олох орлогыг гурав дахин нэмэгдүүлснийг тус цогцолборын Үүсгэн байгуулагч Н.Өлзийбаяр онцолж байлаа.

Хиймэл оюуны гарт

Хиймэл оюунд хөрөнгө оруулалт хийсэн цөөн хэдэн технологийн компани хэр их ашиг, орлоготой ажиллах эсэхээс S&P 500 индексийн хувь заяа шалтгаалахаар байна. Эдийн засагт жинтэй өөрчлөлт хийж чадах хиймэл оюунд дурласан хөрөнгө оруулагчдын нөлөөгөөр “Microsoft”, “Nvidia” зэрэг долоон компани энэ онд “S&P 500 Index”-ийн өсөлтийн ¾-ыг бүрдүүлжээ.

Дээрх компаниуд энэ оны III улиралд 99 тэрбум ам.долларын ашигтай ажилласан бол харин одоо хөрөнгө оруулагчид илүү ихийг хүлээж байгаа аж. Тэдгээр дундаас “Nvidia” ашгийн өсөлтийн гол хөдөлгүүр байсан бөгөөд хиймэл оюуны эрэлтийн үр дүнд өндөр ашигтай ажиллаж чадсан цорын ганц мега үнэлгээтэй компани юм.

Гэр бүлд ээлтэй EV

Ойрын долоо хоногуудад нийлүүлэлт нь эхлэх товтой байгаа Kia EV9 нь том дэлгэц, хурдан цэнэглэлт гээд өнөө цагийн цахилгаан автомашинуудаас төдийлөн онцгойрохооргүй шинж чанаруудыг агуулжээ. Гэхдээ Kia компанийн гурав дахь цахилгаан автомашин болох EV9-д төдийлөн анхааралд өртдөггүй атлаа маш том давуу тал болж чаддаг нэгэн функц байгаа нь гурван эгнээ бүхий суудал юм.

Хямд үнэтэй, гэр бүлийн автомашины нүсэр зах зээлд цахилгаан автомашин хараахан нэвтэрч чадаагүй байгаа ч EV9-д үүнийг өөрчлөх боломж өндөр байна.

Kia EV9 нь долоон суудалтай, нэг цэнэглэлтээр 500 км зам туулах чадалтай, үнэ нь 54,900 ам.доллароос эхэлнэ.

Байгууллагууд санхүүжилтээ шийдэхдээ гаргадаг практик алдаанууд болон тэдгээрийн шийдлийн талаар “Medeenomics” подкастын шинэ дугаарт Санхүүгийн мэргэшсэн шинжээч М.Мөнхтуяатай ярилцсаныг ЭНД дарж сонсоорой.

Подкастын бүх дугаарыг "YouTube", "Apple Podcasts" болон "Spotify" платформуудаас сонсох боломжтой.

Bloombergtv.mn танд санал болгож байна

  • УИХ дахь МАН-ын бүлэг: Сонгуулийг бүсчилсэн тойргоор явуулах асуудлыг судална

  • Европын Холбоо хиймэл оюуны цогц зохицуулалт боловсруулав

  • НҮБ: Дэлхийн хүлэмжийн хийн ялгаруулалтын ⅓ нь хүнсний тогтолцооноос үүдэлтэй

Онцлох чарт

Монгол Улс 2021 онд 31.3 сая ам.долларын ICT үйлчилгээ экспортолсон нь дотоодын нийт бүтээгдэхүүний 0.2 хувийг эзэлсэн байна. Харин Молдав, Армени улсын дижитал үйлчилгээний экспорт дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь гурав орчим хувьд хүрснийг Дэлхийн банкны тайланд дурджээ.

Түүнчлэн Монголын дундаж ICT компаниуд гадаадаас өндөр дүнтэй хөрөнгө оруулалт татах боломж төдийлөн сайн биш байгааг онцолсон байна. 2022 онд 70 компаниас ердөө зургаа нь гадаад зах зээлээс нийт 7.2 сая ам.долларын хөрөнгө босгожээ. Харин энэ дунд "Chimege Systems", "World Plus Digital" компаниуд нийт 6.2 сая ам.долларын санхүүжилт татан төвлөрүүлсэн нь онцлог болж байгаа юм.

Өнөөдрийн онцлох зураг

“Bloomberg-ийн 2023 оны шилдэг гэрэл зургууд” цувралаас:

БНХАУ-ын Ханжоу хот дахь хаягдсан цахилгаан автомашинуудаар дүүрсэн зогсоол (2023 оны долоодугаар сарын 31)

Qilai Shen/Bloomberg