- Business newsletter
- Posts
- 2023/12/11
2023/12/11
Гурван өгүүлбэрээр
“Сүүлийн жилүүдэд Монголд авлигын шинэ хэлбэр үүссэн нь бартерын харилцаа”. Байр суурь хэсгээс уншаарай.
BloombergNEF: Tүүхий эдийн үнэ өртгийн уналтаас шалтгаалан цэнэг хураагуурын үнэ буурах төлөвтэй байна.
Дэлхийн хамгийн чинээлэг гэр бүлүүдийн хөрөнгө сүүлийн нэг жилд 43 хувиар өсжээ.
Технологийн түмэн боломж
Монголын хөрөнгийн зах зээлд сүүлийн хоёр IPO-г технологийн компаниуд хийж, хоёул анхдагч зах зээлийн арилжаагаа амжилттай хаалаа.
₮14 тэрбумыг босгов
“QPay” системийг хөгжүүлсэн “Инновэйшн Инвестмент” компанийн хувьцааны захиалгын биелэлт МХБ дээр 100 хувьд хүрч, 8.3 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн бол “Most Money” үйлчилгээг хөгжүүлсэн “МОСТ Финтек”-компанийн IPO захиалга Улаанбаатар Үнэт цаасны бирж дээр 102.8 хувьтай биелж, нийт 1,678 захиалга ирснээр захиалгын үнийн дүн ₮5.9 тэрбумд хүрсэн байна.
Ирэх онд “Инновэйшн Инвестмент” Монголын биллинг үйлчилгээний нэгдсэн санг бий болгож, мөн гадаадын зах зээл дэх тэлэлтээ эхлүүлэхэд бэлэн болоод буй. Харин “МОСТ Финтек” блокчэйн, их дата, хиймэл оюун гэсэн гурван чиглэлд дараагийн шатны төслүүдээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
2017 онд “Айтүүлс” ХК технологийн салбарыг түүчээлж IPO хийсэн нь ханшийн өсөлтөөрөө ч, авсан захиалгаараа ч МХБ-ийн рекордыг эвдэж байв. Тус IPO-оос хойш технологийн салбарын хоёр компани ингэж нэг дор хөрөнгийн захад гараагүй байсан юм.
Он гарсаар S&P 500 индекс бараг 19 хувь, Nasdaq 100 индекс 46 хувь өсөөд байгааг Apple, Meta, Tesla гэсэн технологийн хэдхэн компанийн хувьцааны өсөлтөөр тайлбарлаж болно. Харин МХБ-ийн Топ-20 индекс болон I ангилалд аж үйлдвэр, банк санхүүгийн компаниуд зонхилж, харин технологийн салбарын төлөөлөл компани хараахан байхгүй байна.
Дэлхийн банкны зөвлөмж
Дэлхийн банк энэ оны Монгол Улсын эдийн засгийн шинэ тойм тайландаа “Дижитал үйлчилгээн дэх худалдааны боломж” гэсэн сэдвийг тусгайлан онцолжээ. Дэлхийн хэмжээнд дижитал худалдаа эрчимтэй тэлж буй нь далайд гарцгүй Монгол Улсад тулгардаг логистикийн сорилтуудыг арилгаж, эдийн засгаа төрөлжүүлэх боломж олгож байна гэж дүгнэсэн байна.
Хэдий Монгол Улс дижитал шилжилтэд ахиц гаргаж буй шинж ажиглагдаж байгаа ч мэдээлэл, харилцаа холбооны технологийн (ICТ) үйлчилгээний экспортоор ойролцоо эдийн засагтай бусад орнуудаас хоцорч байгааг онцолжээ.
Дэлхийн Дижитал шилжилтийн индексэд одоогоор C зэрэглэлд багтаж буй манай улс 2021 онд 31.3 сая ам.долларын ICT үйлчилгээ экспортолсон нь ДНБ-ий ердөө 0.2 хувийг эзэлсэн байна. Харин Молдав, Армени улсуудын дижитал үйлчилгээний экспорт ДНБ-ийнх нь 3 орчим хувьд хүрснийг тус тайланд дурджээ.
Иймд сүлжээний хурд, кибер аюулгүй байдал зэргээс эхлэн дижитал дэд бүтцийн хөгжилд саад болж буй хүндрэлүүдийг нэн тэргүүнд арилгах нь энэ салбарын экспортыг дэмжинэ гэж үзсэн байна.
Онцлох жишээнүүд
Мөн дижитал үйлчилгээгээ экспортолж буй амжилттай жишээнүүдийн тоонд Fibo Global (Казахстан дахь клауд үйлчилгээ), Astvision (программ хангамж хөгжүүлэлт - Австрали), Infinite Solutions (IT үйлчилгээ - АНУ, Сингапур, Австрали) компаниуд багтаж буйг тус тайлангаас харж болохоор байна. Мөн олон улсын зах зээлээс босгосон санхүүжилтээрээ Chimege Systems болон World Plus Digital тэргүүлж байгааг онцолжээ.
Авлигын шинэ хэлбэр
“Сүүлийн жилүүдэд Монголд авлигын шинэ хэлбэр үүссэн нь тодорхой байна. Хэн нэгэнд шийдвэр гаргаж өгөөд хариуд нь бэлэн мөнгө авахаас татгалздаг болсон. Хяналт өндөрссөнөөр бэлэн мөнгө эрсдэлтэй гэсэн үг. Харин оронд нь үйл ажиллагаа бартердах замаар авлига өгч, авах хэлбэр рүү оржээ. Авлига бол бүлгийн зохион байгуулалттай явагддаг, мөрдөн шалгах, гүйцэтгэх ажиллагаа шаардлагатай хүндхэн асуудал. Иймд бид олон талаараа мэргэших хэрэгтэй байна” гэж "Transparency International" байгууллагын Хараат бус зөвлөх Д.Тэгшбаяр бидэнд өгсөн ярилцлагадаа онцолж байлаа.
СЭХ ашигласны урамшуулал
Ногоон орчныг дэмжих хүрээнд сэргээгдэх эрчим хүч хэрэглэж буй айл, өрхүүдэд нэмэлт орлого олох боломж бүрдүүлэх тогтолцоо дэлхийн олон оронд нэвтрээд буй. Тэгвэл Монголд ч ийм боломж бий гэдгийг нийслэлээс өнгөрсөн өвөл хэрэгжүүлсэн туршилтын үр дүн харуулжээ.
Энэ онд НЗДТГ НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран 70 гаруй айлд сэргээгдэх эрчим хүчээр дулаан, цахилгаан шийдэх туршилт хийхээр болсон байна. Туршилтууд эхнээсээ амжилттай болж буй тул нийслэлийн холбогдох байгууллагууд болон БОАЖЯ, ЭХЯ-наас хамтарсан ажлын хэсэг гарч Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийг боловсруулж байгаа аж.
Нэмэлт санхүүжилт
“Mongolian Mining Corporation” компани хаалттай хүрээнд нэмж 40 сая ам.доллар татан төвлөрүүлснээр 2026 онд хугацаа нь дуусах бондын нийт үлдэгдэл нь 220 сая ам.доллар болжээ. Тус компани есдүгээр сард 12.5 хувийн ам.долларын купонтой, гурван жилийн хугацаатай бонд олон улсын зах зээл дээр арилжаалж нийт 180 сая ам.доллар татан төвлөрүүлсэн юм.
Шинэчлэгдсэн нөөц
“Xanadu Mines” компани Монголд хэрэгжүүлж буй зэс, алтны “Хармагтай” төслийн нөөц нь 13 хувиар өсөж, 1.3 тэрбум тонн хүрснийг тооцоолсон байна. Тодруулбал нийт 162 цооног өрөмдөж, 3.4 сая тонн зэс, 8.5 сая унц алт байгааг тооцоолжээ. Түүнчлэн өндөр агуулга бүхий ашигт малтмалын нөөц өмнөх тооцооллоос 25 орчим хувиар өндөр гарсныг мэдээлсэн юм.
“Xanadu Mines” компани “Хармагтай” төслийг БНХАУ-ын “Zijin Mining Group”-тэй хамтран хэрэгжүүлж байгаа юм. Талууд хамтран урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулах чиглэлд ажиллаж байгаа бөгөөд энэ ажлаа 2024 оны III улиралд эцэслэхээр зорьж байна.
Нөөц уурхай
БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо 2027 он гэхэд нүүрс олборлолтын чадамжийн нөөц систем буюу нөөц уурхайнуудтай болохоор урьдчилсан байдлаар зорилт тавьжээ. Ингэснээр нүүрсний үнийг тогтворжуулж, нийлүүлэлтийг хангана гэж үзэж байгаа аж. Уг саналд ӨМӨЗО-ны хоёр байршил, Мөн Шинжаан, Шанси, Шанбэй гэсэн таван гол баазад нүүрсний төслийн бүтээн байгуулалт хийх зөвшөөрөл олгохоор дурдсан байна.
Хятадын Засгийн газраас нүүрсний спот ханш тодорхой хязгаараас давах эсвэл нүүрсний нийлүүлэлт буурах үед эдгээр уурхайг ашиглах юм.
Apple-ийн үйлдвэр
Энэтхэгийн конгломерат “Tata” тус улсад хамгийн томд тооцогдох “iPhone”-ийн үйлдвэрийг өмнөд нутгийн Тамил Наду мужид барихаар төлөвлөжээ. “Apple” компанийн Энэтхэгт үйлдвэрлэлээ өргөжүүлэх амбицын нэг хэсэг болж буй тус үйлдвэр нийт 50 угсралтын шугамтай, хоёр жилийн дотор 50 мянган хүнийг ажлын байраар хангах боломжтой байхыг ойрын эх сурвалж мэдээлжээ.
Тэнгэр дээрх оффис
АНУ-д өдгөө хамгийн өсөлттэй байгаа нэгэн ажлын байрны гол шаардлага нь зайнаас ажиллах. Гэхдээ өндрөөс айдаг хүмүүс энэ ажилд орох талаар бодоод ч хэрэггүй.
“BLS”-ийн тооцоолсноор салхин турбины засвар үйлчилгээний техникчийн ажил эрхлэлт дараагийн 10 жилийн хугацаанд 45 хувиар өсөхөөр байгаа нь бусад бүхий л ажлын байрны өсөлтийг давах үзүүлэлт аж. Засгийн газраас сэргээгдэх эрчим хүчийг дэмжих арга хэмжээ тэрхүү өсөлтөд улам түлхэц болох төлөвтэй.
Салхин турбины туршлагатай техникч их сургуулийн зэрэггүйгээр жилд ойролцоогоор 80 мянган ам.долларын орлоготой ажиллах боломжтой ч хаа сайгүй явж, халуунд халж хүйтэнд хөрж, 20 кг жинтэй тоног төхөөрөмж үүрэн өндөр шатаар авирч чадна гэсэн хүсэл эрмэлзэлтэй байх хэрэгтэй аж.
Байгууллагууд санхүүжилтээ шийдэхдээ гаргадаг практик алдаанууд болон тэдгээрийн шийдлийн талаар “Medeenomics” подкастын шинэ дугаарт Санхүүгийн мэргэшсэн шинжээч М.Мөнхтуяатай ярилцсаныг ЭНД дарж сонсоорой.
Подкастын бүх дугаарыг "YouTube", "Apple Podcasts" болон "Spotify" платформуудаас сонсох боломжтой.
Bloombergtv.mn танд санал болгож байна
Үзэг, цаас нийлүүлэх мэт мэдрэмж төрүүлэх ухаалаг таблет
Монголбанк XI сард 1.8 тонн үнэт металл худалдан авчээ
“Ivanhoe Mines” 2024 онд хийгдэх хайгуулын төсвөө 4 дахин нэмэгдүүлж, $90 сая хүргэнэ
Онцлох чарт
“BloombergNEF”-ээс жил бүр гаргадаг лити-ион цэнэг хураагуурын судалгаанаас харвал түүхий эдийн үнэ өртгийн уналтаас шалтгаалан цэнэг хураагуурын үнэ буурах төлөвтэй байна. Цэнэг хураагуурын гол металлуудын үнэ 2024 онд доогуур түвшинд хадгалагдана гэсэн хүлээлттэй байгаагаа судалгаанд оролцсон цахилгаан автомашины болон металл үйлдвэрлэлийн компаниудын хувьцаа эзэмшигчид илэрхийлжээ.
Өнөөдрийн онцлох зураг
Лисбон хотын амьтны хүрээлэн дэх зургаан сартай улаан панданы зулзага
Carlos Costa/AFP/Getty