- Business newsletter
- Posts
- 2023/12/08
2023/12/08
Гурван өгүүлбэрээр
Инфляц XI сард 8.6 хувь болон саарч, сүүлийн 25 сарын хугацаанд анх удаа хоёр сар дараалан нэг оронтой тоонд хадгалагдав.
Якоб Стаусхолм: Зэсийг хангалттай хэмжээгээр зах зээлд нийлүүлэх нь урт хугацааны сорилт хэвээр байх болно
Сансарт үйлдвэрлэсэн эм бидний гарт ирэх өдөр улам ойртсоор байна.
УБ-ын утаа ба мөнгө
Ямар ч эрчимтэй арга хэмжээ авсан Улаанбаатарын агаарын бохирдлын асуудал богино хугацааны дотор шийдэгдэхэд хэцүү тул хувь хүмүүсийн хувьд эрүүл мэндийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх нэг арга нь утааны нөлөөллөөс аль болох холдох явдал болж байна. Тэгвэл энэхүү хямралыг даван туулах иргэдийн хүчин чармайлтыг эдийн засгийн агуулгаар нь авч үзвэл зарим жишээг онцолж болно.
Өвлийн аялал
Хүйтний эрч, агаарын бохирдол оргилдоо хүрдэг XII болон I саруудад гадаад руу зорчих урсгал эрчимждэг хандлага бий. Харин энэ онд агаарын харилцааны шинэ гэрээнүүд олноор хийгдэж, визгүй зорчдог болон шууд нислэгтэй орнуудын тоо нэмэгдсэнээр иргэдийн өвлийн аяллын маршрут цар хүрээгээ улам тэлэх төлөвтэй боллоо. Joinme.mn платформын мэдээлснээр иргэдийн гадаад руу чиглэх урсгалын оргил үе нь XI-III сарын хооронд байдаг бөгөөд жилийн хугацаанд хилээр гарсан нийт иргэдийн 72 орчим хувь буюу давхардсан тоогоор дунджаар 1-1.5 сая хүн дээрх саруудад гадаад руу аялдаг тоо баримт байна.
Зуны саруудад гадаадын аялагчдыг хүлээн авч, өвлийн саруудад өөрсдөө гадаадад аялдаг энэхүү сонирхолтой зүй тогтлыг төлбөрийн тэнцлийн өнцгөөс харвал зарлага нь давамгайлж буй. Цар тахлын өмнөх 2019 онд Монголд аялсан жуулчид нийт 607 сая ам.доллар зарцуулсан байхад гадаадад аялсан монголчуудын зарцуулалт 615 сая ам.доллар байжээ.
“Өвлийн саруудад хот орчмын резорт, амралтын газруудын дүүргэлт сайжирдгаас харвал агаарын бохирдол том нөлөө үзүүлж байгаа” хэмээн Joinme.mn-ийн Үүсгэн байгуулагч Э.Цоморлиг онцолж байна.
Агаар цэвэршүүлэгч
Агаар дуслын замаар дамжих халдвар, агаарын бохирдлын эрсдэлийн талаар иргэдийн мэдлэг нэмэгдэж буй энэ үед тасалгааны агаар цэвэршүүлэгчийн зах зээл жилд дунджаар 8.1 хувиар өсөж, 2030 он гэхэд 26 гаруй тэрбум ам.доллароор хэмжигдэхээр байгааг Grand View Research өнгөрсөн онд тооцоолжээ. Харин Монгол Улсын хувьд оны эхний арван сард 202 мянга гаруй ширхэг агаар тохируулагч, цэвэршүүлэгч төхөөрөмж импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийн импортоос бараг дөрөв дахин өссөн үзүүлэлт болсныг ГЕГ-ын тайлангаас харж болохоор байна.
Хамгийн өргөн ашиглагддаг HEPA технологийн агаар цэвэршүүлэгч нь дотоод орчны агаар дахь PM2.5 тоосонцрыг дунджаар 3.2 дахин бууруулах боломжтой гэж Дэлхийн банкны Цэвэр агаар төслийн судалгаанд дурджээ.
Урд хөршийн амжилт
Энэтхэг болон Хятадын томоохон хотуудад өвлийн цагт хоолой хорсгом утаа суунагладаг байсаар ирсэн билээ. Тэгвэл өдгөө хоёр улсын нэг нь энэ асуудлыг бараг шийдвэрлэж чаджээ. Өнгөрсөн оны дэлхийн хамгийн их бохирдолтой 100 хотын 65 нь Энэтхэгт байсан бол Хятадаас 16 хот “IQAir”-аас гаргасан тус жагсаалтад багтсан байна. Өмнө нь БНХАУ уг жагсаалтыг тэргүүлдэг байв.
2014 онд БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин агаарын бохирдлыг Бээжинд тулгамдаж буй “хамгийн чухал асуудал” болохыг хүлээн зөвшөөрч, улмаар эрх баригчид нь агаарын бохирдлыг бууруулах 270 тэрбум ам.долларын төсөвтэй үндэсний төлөвлөгөө боловсруулжээ. Чикагогийн их Сургуулийн Эрчим хүчний бодлогын институтын мэдээлж байгаагаар БНХАУ-ын агаарын бохирдол 2013-2021 оны хооронд 42.3 хувиар буурсан байна. Өвлийн агаарыг цэвэршүүлэх ажилд Хятад улс бодит дэвшил хэрхэн гаргасан тухай нийтлэлийг ЭНД дарж үргэлжлүүлэн уншаарай.
Утаа ба уушгины хавдар
“Өнөөгийн нөхцөлд бид 30 жил амьдарсан. Энэ хугацаанд утааны нөлөөллөөс үүдэлтэй бүхий л өвчин ихэссэн гэж үзэж байгаа. Одоогоос төд удахгүй, 5-10 жилийн дараа уушгины хавдар Монголд тэргүүлэх хавдрын төрлүүдийн нэг болно гэж таамаглаж байна. Бидний амьдарч буй нөхцөлөөс ч бага түвшний утаатай нөхцөлд гурван жил амьдрахад хавдар үүсэх нөхцөл 3 дахин ихэсдэг олон улсын судалгаа гарсан. Иймд цаашдаа уушгины хавдар нэмэгдэх тул бэлтгэлтэй байх ёстой” гэж ХСҮТ-ийн Ерөнхий захирал Н.Эрдэнэхүү бидэнд өгсөн ярилцлагадаа онцолж байлаа.
Инфляц 8.6%
11 дүгээр сард Монгол Улсын инфляц 8.6 хувьтай гарснаар сүүлийн 25 сарын хугацаанд анх удаа хоёр сар дараалан нэг оронтой тоонд хадгалагдлаа. Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлт 8.6 хувийн 3.6 нэгж хувийг нь дангаараа бүрдүүлсэн байна.
Өмнөх сард инфляц 9 хувьтай гарахад 30-40 хувийг нь гурил, гурилан бүтээгдэхүүн болон мах, махан бүтээгдэхүүн гэсэн үндсэндээ хоёрхон бүтээгдэхүүний өсөлт тайлбарласныг Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа бидэнд мэдээлж байв.
“Ногооруулах” зардал
Монгол Улс эдийн засгаа ногооруулахад ойролцоогоор 11 тэрбум ам.долларын ногоон санхүүжилт татах шаардлагатай байгааг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Дубай хотноо болж буй COP28 чуулганы үеэр мэдэгджээ. Мөн сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадлаа 2030 он гэхэд нийт эрчим хүчний 30 хувьд хүргэх зорилтын хувьд барилгын явцдаа байгаа төслүүдийг оруулан тооцвол 27 хувьтай явж буйг тэрбээр ярилцлага өгөх үедээ онцолсон байна.
Ургацын дээд амжилт
Энэ онд Монгол Улс хүнсний ногоо хураалтаар түүхэн дээд үзүүлэлтээ эвдсэнийг ЕТГ мэдээллээ. Тодруулбал 175 мянган тонн төмс, 185 мянган тонн хүнсний ногоо хураан авснаар төмсний хэрэгцээний 100 хувь, хүнсний ногооны 85 хувийг дотоодоосоо хангах боломж бүрджээ. Мөн цаашид сонгино, саримс, лууван болон өндөгний хангамж 3-12 хувиар өсөх төлөвтэйг онцолсон байна.
Сансарт эм үйлдвэрлэнэ
Сансарт үйлдвэрлэсэн байтугай сансарт анх нээсэн эм ч одоогоор зах зээлд байхгүй. Гэхдээ үнэ цэнтэй уураг суурьт эмүүдийг бичил таталцлын орчинд талстжуулах нь маш том давуу талтайг туршилтуудын үр дүн харуулах болсноор сансарт үйлдвэрлэсэн эм бидний гарт ирэх өдөр улам ойртсоор байна. Энэ хэрээр дэлхийн эм үйлдвэрлэлийн хамгийн том компаниудын сонирхол нэмэгдэх болов.
Уураг нь нарийн төвөгтэй, "голомтгой" молекулууд тул талст хэлбэрт оруулахад асар хэцүү байдгаараа алдартай. Гэхдээ татах хүчгүй орчинд шингэний конвекц буурснаар молекулуудын хөдөлгөөн удааширч, хэмийг нь илүү нарийвчлалтай удирдах боломжтой болдог аж. Үр дүнд нь талстын согог багасаж, хэмжээ болон жигд байдал нь сайжирдаг болохыг Eli Lilly компаниас мэдээлжээ.
Apple борлуулалтаа сэргээнэ
Mac компьютер болон iPad-ийн борлуулалтын уналтыг зогсоохын тулд Apple компани ирэх оны эхээр хэд хэдэн шинэ загвар гаргахаар бэлтгэж байгаа аж. Шинэ iPad Air нь анх удаа хоёр өөр хэмжээтэй гарах бол Pro загвар нь OLED дэлгэцтэй болох юм байна. Харин MacBook Air зөөврийн компьютер нь илүү хурдан M3 чиптэй болж шинэчлэгдэхийг мэдээлжээ.
Apple-ийн орлогын 15 хувийг бүрдүүлдэг Mac болон iPad нь технологийн салбарт хэрэглэгчийн зарцуулалт буурсны сөрөг нөлөөллийг хамгийн ихээр амсаж байгаа юм.
Bloombergtv.mn танд санал болгож байна
Якоб Стаусхолм: Зэсийг хангалттай хэмжээгээр зах зээлд нийлүүлэх нь урт хугацааны сорилт хэвээр байх болно
“Nvidia” чип үйлдвэрлэх өрсөлдөөнд “Huawei”-ийг хүчтэй өрсөлдөгчөө гэж харж байна
"Starlink"-ийн хиймэл дагуулын үйлчилгээ Пентагоны шаардлагад нийцэж байна
Онцлох чарт
БНХАУ-ын нүүрсний импорт 11 дүгээр сард өмнөх сараасаа 20.9 хувиар өсөж 43.51 сая тоннд хүрлээ. Худалдан авагчид нүүрсний үнийн хямд үеийг ашиглан өвлийн нөөцөө идэвхтэй бүрдүүлж буй нь импорт өмнөх оны мөн үеэсээ 34.7 хувиар өсөхөд нөлөөлжээ.
SxCoal-ийн мэдээлснээр энэ оны эхний 10 сард Монгол Улс БНХАУ руу нийт 51 сая тонн нүүрс экспортолж, улмаар тус улсын коксжих нүүрсний зах зээлийн 48 хувийг дангаараа бүрдүүлэх болсон байна.
Өнөөдрийн онцлох зураг
Цэргийн хүндэт харуулын бүрээнд Шинэ Зеландын парламентын ордны тусгал харагдаж буй нь - Веллингтон, Шинэ Зеланд
Marty Melville/AFP/Getty