2023/12/07

Гурван өгүүлбэрээр

  1. Бишкек-Улаанбаатар-Сөүлийн чиглэлд “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршруттай болно.

  2. Монголын бизнесийн орчны ерөнхий үнэлгээ 2.68 болж, 2020 оны үзүүлэлттэй харьцуулахад 8 хувиар буурчээ.

  3. Итали Улс Хятадын “Бүс ба Зам” санаачилгаас гарахаа албан ёсоор мэдэгдлээ.

Бизнесийн орчныг хэрхэн дүгнэв?

Идэвхтэй үйл ажиллагаа эрхэлж буй 3,770 аж ахуйн нэгжийг хамруулсан Монголын бизнесийн орчны 2023 оны судалгааны үр дүнг МҮХАҮТ болон МУИС-ийн Бизнесийн сургууль хамтран танилцууллаа. Судалгаагаар бизнесийн орчны ерөнхий үнэлгээ 2.68 болж, 2020 оны үзүүлэлттэй харьцуулахад 8 хувиар буурсан байна.

Суурь дэд үзүүлэлтүүдээс харвал ганцхан бизнесийн дотоод үйл ажиллагааны үнэлгээ 2020 оныхоос өсөлттэй байгаа бол дэд бүтэц, технологийн орчны үнэлгээ хамгийн их буюу 15 хувиар буурч, мөн засаглал, хууль эрх зүйн орчин хамгийн тааруу буюу 2.40 оноогоор үнэлэгдсэн байна.

Эдийн засгийн орчин, тэр дундаа татварын орчны асуудлуудаас бизнесүүдэд хамгийн их дарамт учруулж буй нь татварын нэр төрөл, ачаалал болох нь судалгааны үр дүнгээс мөн харагдаж байна. Харин санхүүгийн тал дээр гол сөрөг нөлөөлөл нь валютын ханшийн хэлбэлзэл ба инфляц болохыг судалгааны удирдагч, МУИС-ийн Бизнесийн сургуулийн доктор, профессор Б.Даваасүрэн мэдээлсэн юм.

Урагшаа нэг, хойшоо хоёр алхсаар

Цар тахлын дараа эдийн засаг нь эрчимтэй сэргэж буй орнуудын тэргүүн эгнээнд Монгол Улс багтаж байгаа ч 2023 оны Дэлхийн өрсөлдөх чадварын тайланд өмнөх оноосоо нэг байр ухарч, 64 улсаас 62 дугаарт эрэмбэлэгдсэн. Монгол Улсын оноог хойш чангаасан шалтгаанууд гэвэл өнөөх л Төрийн өмчийн аж ахуйн нэгжүүд, хүнд суртал, засаглалын сул үр ашиг буюу дээрх судалгаанд бизнесүүдийн зүгээс нэн тэргүүнд сайжруулах шаардлагатай гэж үзсэн хүчин зүйлс байсан юм.

Судалгаанд оролцогчдын тэн хагас нь бизнесийн орчныг сайжруулахад дэмжлэг туслалцаа нь хамгийн их хэрэгтэй байгаа байгууллагаар ЗГ, яамдыг нэрлэжээ. Харамсалтай нь түр зуурын, аргацаасан шинжтэй арга хэмжээнүүд урт хугацааны бодлогын орон зайг эзэлсэн нь Төр, хувийн хэвшлийн түншлэлд дорвитой ахиц гарахад саад болж буйг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин онцолж байлаа.

Танхимуудын зөвлөгөө

Тэгвэл “АмЧам Монгол” тэргүүтэй худалдаа, аж үйлдвэрийн найман танхим хамтран Монголын хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах өөрсдийн зөвлөмжийг холбогдох төрийн байгууллагуудад хүргүүлсэн байна. Тус зөвлөмжид дараах бодлогын алхмуудыг авч хэрэгжүүлэх ёстой гэж үзжээ.

Хөрөнгө оруулалттай холбоотой маргааны тухайд бизнесийн эрх зүй, арилжааны эрх зүйн маргааныг шийдвэрлэх дагнасан шүүхтэй болохыг зөвлөсөн байна.

Ногоон бонд айсуй

Дотоодын зах зээлд 30 сая ам.доллартой тэнцэх хэмжээний ногоон бонд гаргахаа ХААН Банк ХК мэдэгдлээ. Тус компани эхний шатанд гурван жилийн хугацаатай, жилийн 16 хувийн хүүтэй 17 тэрбум төгрөгийн ногоон бондыг олон нийтэд санал болгох аж. Татан төвлөрүүлсэн хөрөнгөөр сэргээгдэх эрчим хүч, ногоон барилга, усны менежмент, ногоон тээвэр зэрэг 7 чиглэлд санхүүжилт хийхээр төлөвлөжээ.

ХААН Банк одоогоор 700 орчим тэрбум төгрөгийн ногоон зээлийн эх үүсвэр татаад байгааг тус компанийн Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа хэлж байлаа.

Хийн урсгал

Метан хийн “Гурвантэс XXXV” төслийн цооногуудын хийн түвшин 11 дүгээр сард тогтвортой үйл ажиллагаатай байсныг тус төслийн удирдагч “TMK Energy” компани мэдээллээ. Өөрөөр хэлбэл ямар нэгэн доголдолгүйгээр хий гарган авч чадсан байна. Тус компани 2023 оны наймдугаар сард цооногуудын үйл ажиллагааг эхлүүлснээс хойш гарган авсан хийн хэмжээ нь сар бүр бараг хоёр дахин нэмэгдэж байгаа аж. Мөн өнгөрсөн сарын 30-нд 368 гаруй метр куб хий гарган авсан нь шинэ дээд үзүүлэлт болжээ.

Түүнчлэн “TMK Energy” компани “Гурвантэс XXXV” төслийг 100 хувь эзэмших саналыг хөрөнгө оруулагчид нь болон “Talon Energy”-ийн хувь эзэмшигчид дэмжжээ. Энэхүү шилжүүлэх процесс 2023 оны 12 дугаар сарын 8-нд эцэслэгдэхээр байгаа аж.

Хууль бусаар газар олгосон уу?

Өмнөговь аймгийн нутагт БНХАУ-ын 38 компанид газар олгосон асуудлыг “Нүүрсний” гэгдэх хэргийн Хянан шалгах түр хорооноос АТГ-т шилжүүлэн шалгуулахаар болов. Тэдгээр компаниудад Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хуулийг зөрчиж газар олгосон талаар нотлох баримтууд сонсголоор яригдсан бөгөөд Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэсэн дүгнэлтийг гаргажээ.

Тэтгэврийн сан ба өв залгамжлал

Хувийн тэтгэврийн сан нь хязгаарлагдмал хариуцлагатай компани хэлбэрээр байгуулагдах бөгөөд сангийн хөрөнгийг хөрөнгө оруулалтын менежментийн компани итгэмжлэн удирдана гэж УИХ-д өргөн мэдүүлсэн холбогдох хуулийн төсөлд тусгасан байна.

Хуулийн төслийн өөр нэг гол зохицуулалт нь тэтгэвэр өвлөгдөх асуудал болж буй. Тодруулбал хүн бүрийн нэрийн дансанд мөнгөн хуримтлал үүсэх бөгөөд хэрэв эзэмшигч нь нас барсан тохиолдолд эрх залгамжлагч этгээд нэрийн дансанд хуримтлагдсан мөнгийг өвлөн авах зохицуулалтыг тусгажээ.

Blackpink өсөлт дагуулав

Blackpink хамтлагийн дөрвөн гишүүн бүгд YG Entertainment-тай гэрээгээ шинэчлэн байгуулсныг тус агентлагаас мэдээллээ. Ингэснээр өнгөрсөн наймдугаар сард гэрээний хугацаа нь дуусаад байсан алдарт охидын хамтлаг цаашид уран бүтээлээ үргэлжлүүлэх эсэхтэй холбоотой тодорхой бус байдлыг арилгажээ.

Уг мэдээлэл гарсны дараа ҮG-ийн хувьцааны ханш 29 хувиар өссөн нь сүүлийн 10 гаруй жилийн хугацаан дахь нэг өдрийн хамгийн өндөр өсөлт болов. Үүнээс өмнө Blackpink-ийн гишүүн Lisa хамтлагаасаа гарч магадгүй гэсэн цуу яриа гарсны улмаас YG-ийн хувьцааны ханш тавдугаар сарын дээд цэгээсээ бараг 50 хувь буураад байсан юм.

Хурал ихэдвэл…

Таны дуртай эсэхээс үл хамааран уулзалт бол өдрийн ажлын салшгүй нэг хэсэг. Гэхдээ давтамж нь хэтэрснээс гарах төлөөс бас бий. Уулзалтын өрөөнд, эсвэл Zoom-ээр хийх уулзалтад өдөрт хоёроос илүү цагийг зарцуулах нь бүтээмжид сөргөөр нөлөөлдгийг Slack Technologies-оос 10 мянган ажилтны дунд явуулсан судалгааны үр дүн харуулжээ.

Уулзалт нь шийдэл биш хүндрэл чирэгдэл болж хувирах хязгаар цэг гэж байдгийг энэ нь мөн илтгэж байж магадгүй ч удирдах түвшний ба энгийн ажилтнуудын уулзалт хооронд томоохон ялгаа байгааг дурдах хэрэгтэй. Тодруулбал судалгаанд оролцсон удирдах түвшний албан тушаалтнуудын талаас илүү хувь нь ажил дээр хурал нь ихэдсэнийг илэрхийлсэн бол ажилтнуудын 27 хувь нь үүнтэй санал нэгджээ.

Bloombergtv.mn танд санал болгож байна

  • Бишкек-Улаанбаатар-Сөүлийн чиглэлд “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршруттай болно

  • Рэй Далио: Дэлхийн дулаарлыг 1.5 хэмд барих зорилт биелэхгүй үед дасан зохицох нь чухал

  • Маргааш нийтлэгдэнэ: Энэтхэг амьсгал боогдом утаатай хэвээр байхад Хятад агаарын бохирдлоо хэрхэн шийдэв

Онцлох чарт

Moody's агентлаг БНХАУ-ын ЗГ-ын бондын төлөвийг тогтвортойгоос сөрөг болгон бууруулж, дэлхийн түүхий эдийн хамгийн том хэрэглэгч орны өрийн түвшин санаа зовоох хэмжээнд очсоныг бататгасны дараа зэсийн фьючерс үнэ унаад байна.

Үүнээс гадна Rio Tinto компани ирэх онд бүх төслөөсөө 660-720 мянган тонн зэс олборлож, 230-260 мянган тонн боловсруулсан зэс гарган авах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл энэ онтой харьцуулахад зэсийн олборлолт нь дунджаар 70-80 мянган тонноор, боловсруулалт нь мөн 70 мянган тонноор нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байгаа аж.

Өнөөдрийн онцлох зураг

Санта Клаусын хувцастай шумбагч Берлиний “Sea Life” аквариум дотор сэлж буй нь

Maja Hitij/Getty