- Business newsletter
- Posts
- 2023/12/06
2023/12/06
Гурван өгүүлбэрээр
Оны эхний арван сард Монгол Улсын төлбөрийн тэнцэл 696.6 сая ам.долларын ашигтай гарлаа.
Монгол Улсын ЗГ 7.875%-ийн хүүтэй, $350 саяын бондоо Сингапурын биржид бүртгүүлэх хүсэлтээ өгчээ.
Токио хотын засаг захиргаа ганц бие оршин суугчдадаа зориулж албан ёсны болзооны аппликейшн гаргаж буйг Nikkei мэдээлэв.
Алтны “алтан үе”
Дэлхийн байдал тогтворгүй болох тусам алтны үнэ өсөх хандлагатай байдаг. Энэхүү “хоргодох байр”-ын статусынхаа ачаар алтны үнэ саяхан унц нь 2,136.39 ам.доллар хүрч, нэг өдрийн арилжааны түүхэн дээд үзүүлэлтээ эвдээд эргэн буурав.
Яагаад өсөөд байна?
Алтны үнэ аравдугаар сарын эхэн үеэс хойш бараг 16 хувиар өссөний шалтгаан нь эхэндээ Израил-Хамасын зөрчил байсан бол сүүлийн өдрүүдэд Холбооны нөөцийн банк ирэх оны эхээр мөнгөний бодлогоо зөөлрүүлж эхэлнэ гэсэн хүлээлт ихээхэн нөлөөлж байна. Хамгийн сүүлд 2020 оны наймдугаар сард алтны үнэ унц нь 2,074 ам.доллар хүрч рекорд тогтоосон нь цар тахал эрсдэлгүй хөрөнгө оруулалтын эрэлтийг өсгөсөнтэй холбоотой байв.
Холбооны нөөцийн банкны тэргүүн Жером Пауэлл өнгөрсөн долоо хоногт Төв банкны бодлогын хүү “эдийн засгийн идэвхийг хязгаарлах хэмжээнд аль хэдийн ороод байна” гэж хэлсэн нь зах зээлд мөнгөний бодлого сулрах дохио болон очиж буй. Бодлогын хүү бага байх нь алтанд ерөнхийдөө эерэг нөлөө үзүүлдэг.
Яагаад одоо авна гэж?
Ирэх онд алт найдлага төрүүлж буй нь Холбооны нөөцийн банкны бодлогын хүүгийн хүлээлт болон геополитикийн ба эдийн засгийн өндөр эрсдэлүүдээр өдөөгдөж байна гэж ANZ-ийн түүхий эдийн стратегич Сони Кумари үзжээ. “Үүн дээр нэмэгдээд Төв банкнуудын алт худалдан авалт ирэх онд өндөр түвшинд хадгалагдахаар байгаа нь биет алтны сул эрэлтийг нөхөх боломжтой” гэж тэрбээр хэлж байна.
Алт нь зөвхөн эд баялгийн бэлгэ тэмдэг болоод зогсохгүй Азийн олон оронд соёлын өндөр ач холбогдолтой байдаг. Хувьдаа эзэмшдэг алтны хэмжээгээр Энэтхэгчүүд дэлхийд тэргүүлдгээс гадна тус улсад эзэмшихэд хамгийн хялбар, прагматик хөрөнгө оруулалтын хэрэгсэл нь алт байсаар байна.
Монголд ямар боломж байна вэ?
Манай улсын хувьд олборлогчдоос арилжааны банканд, арилжааны банкнаас Монголбанканд, тэндээс экспортод гэсэн дотоодын алт арилжааны нэг чиглэлийн урсгалтай гэхэд болно. Тэгвэл хөрөнгө оруулагчдын хувьд олон улсад хөрөнгийн болон таваарын зах зээл дээр алтны хөрөнгө оруулалт хийх хоёр үндсэн боломж бийг “Голомт Капитал ҮЦК”-ийн Ахлах шинжээч Т.Азтүшиг мэдээлсэн юм.
Нэгдүгээрт банкнуудын нөөцийн удирдлагын газруудаар, мөн зарим үнэт цаасны компаниар дамжуулан алтны спот арилжаанд оролцох боломжтой. Өөр нэг боломж гэвэл гадаад арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй үнэт цаасны компаниудаар дамжуулан алтаар илэрхийлэгдсэн биржээр арилжаалагддаг санд (ETF) хөрөнгө оруулалт хийж болно. Тухайлбал “Proshares Ultra Gold ETF”, “SPDR Gold Trust” гэх мэт хөшүүрэгтэй болон хөшүүрэггүй ETF-үүд бий.
“Алтны хөрөнгө оруулалт нь олон улсын хөрөнгийн зах зээл дээр найдвартай хөрөнгө оруулалтын төрөлд багтдаг бөгөөд инфляцын хедж, дайн болон тодорхойгүй нөхцөл байдалд хөрөнгөө хамгаалах чухал алтернатив хөрөнгө оруулалтад тооцогддог. Харин нөхцөл байдал харьцангуй хэвийн, тогтвортой үед тийм ч оновчтой хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн болж чаддаггүй” хэмээн Т.Азтүшиг онцолж байлаа.
Орох урсгал
2023 оны I-X сард Монгол Улсын төлбөрийн тэнцэл 696.6 сая ам.долларын ашигтай гарсныг Монголбанк мэдээллээ. Өнгөрсөн оны мөн үед төлбөрийн тэнцэл 1.35 тэрбум ам.долларын алдагдалтай гарч байсан бол 2023 онд энэ үзүүлэлт гурав дахин сайжирсан гэсэн үг юм. Түүнчлэн тайлант хугацаанд Монгол Улс тээвэр, аялал болон бусад үйлчилгээнд зарцуулсан валютын гадагшлах урсгал 2.1 тэрбум ам.доллароор хэмжигджээ.
Баярын ширээ ба инфляц
12 дугаар сарын сүүлийн өдрүүдэд өрх бүр бялуу худалдаж авдаг гэж үзвэл зах зээлд 940 мянга гаруй ширхэг бялууны эрэлт хэрэгцээ үүсэж, үйлдвэрүүдийн ачаалал ихэсдэг болохыг салбарын компаниуд онцолж байв. Тэгвэл бялууны гол түүхий эд болох өндөг, гурилын үнэ өнгөрсөн оныхоос 20 хувиар өсөөд байгаа аж.
Одоогоор бялууны зах зээлд өрсөлдөж буй дотоодын 15-16 компани бий. Эдгээр компаниуд түүхий эдийн 90 гаруй хувийг дотоодоос хангаж, харин амт оруулагч, хүнсний зориулалтын будаг зэргийг импортоор авдаг байна.
Roche-ийн эмчилгээг Монголд
Монгол Улс хорт хавдрын өвчлөл, нас баралтаар дэлхийд дээгүүрт эрэмбэлэгддэг. Тэгвэл ЭМЯ болон Хавдар Судлалын Үндэсний Төв Швейцарын Roche компанитай хамтран хавдрын эмчилгээний шинэ технологиудын нэг болох дархлаа эмчилгээг Монголд нэвтрүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр тус компанийн дархлаа эмүүдийг хамгийн бага үнээр буюу "Бүх эмийг нэг өвчтөнд нэг үнээр" нийлүүлэх РАСЕ тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж бүрджээ.
РАСЕ хөтөлбөрт орсноор олон улсад 20-32 сая төгрөгийн үнэтэй дархлаа эмчилгээг Монголд нэг хүнд найман сая төгрөгөөр хүргэх боломжтой гэж үзсэнийг ХСҮТ-ийн Ерөнхий захирал Н.Эрдэнэхүү хэлж байв.
Шилдэг тээвэртэй хотууд
Уур амьсгалын өөрчлөлт, хүн амын өсөлт зам тээврийн салбарын хувьсгалыг түргэсгэж буй. Саяхны судалгаагаар замын хөдөлгөөн, тээврийн ирээдүйн өөрчлөлтөд хамгийн бэлтгэлтэй байгаа хотоор Финланд улсын нийслэл Хельсинки шалгарчээ.
Хельсинки хот цахилгаан автомашины дэд бүтэц, дугуйн замын дэвшилтэт сүлжээ, хөгжингүй нийтийн тээвэрт их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн нь “Oliver Wyman Forum”, Калифорнийн их сургуулиас хамтран гаргасан дэлхийн 65 хотыг багтаасан жагсаалтад тэргүүлэхэд түлхэц болсон байна.
Закербергийн алхам
Марк Закерберг сүүлийн хоёр жилд анх удаа Meta компанийн хувьцаагаа заржээ. Барцад ихтэй 2022 оны дараа нийгмийн сүлжээний аварга компанийн хувьцаа эрчимтэй сэргэж, огцом өсөлттэйгөөр энэ оныг үдэхээр байгаа юм. Meta-ийн Хамтран үүсгэн байгуулагч түүний хөрөнгийг удирддаг байгууллагууд нь 11 дүгээр сард бараг 185 сая ам.доллартой тэнцэх дүнтэй 682 мянган ширхэг нэгж хувьцаа арилжсаныг Bloomberg тооцоолсон байна.
Bloombergtv.mn танд санал болгож байна
"Монос хүнс" ХК-ийн засаглалын кодексийн хэрэгжилт 96 хувь буюу "Хэвийн засаглалтай" байна
“Rio Tinto” компани “Rhodes Ridge” төслийн хөгжүүлэлтэд $77 саяыг зарцуулна
Онцлох чарт
Дэлхийд тавдугаарт бичигддэг Энэтхэг улсын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2020 оны гуравдугаар сарын доод цэгээсээ гурав дахин нэмэгдэж, Хонгконгийн хөрөнгийн захын үнэлгээг давахад тун ойртлоо. Үүнд жижиг арилжаалагчдын хөрөнгө оруулалтын хэмжээ өсөж, мөн гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал эргэн сэргэсэн нь нөлөөлсөн гэж үзэж байгаа аж.
Өнөөдрийн онцлох зураг
Бээжингийн Дончен дүүрэг дэх нэгэн дэлгүүрийн үйлчлүүлэгчид
Pedro Pardo/AFP/Getty Images