- Business newsletter
- Posts
- 2023/12/05
2023/12/05
Гурван өгүүлбэрээр
Хөрөнгийн зах зээл 2023 онд өндөр өсөлттэй байлаа. Харин ирэх онд хэрхэх төлөвтэйг энэ дугаарт онцоллоо.
MMC-ийн хувьцааны ханш 12 хувиар өссөн нь 2015 оны VI сараас хойших дээд үзүүлэлт болов.
Оксфордын 2023 оны онцлох үгээр “rizz“ буюу харизм хэмээх үг шалгарсныг Oxford University Press мэдээлэв.
2023 онд бараг пуужиндав, 2024 онд…
Энэ онд “S&P 500” индекс 20 хувиар, “Nasdaq 100” индекс 46 хувиар өсөөд байна. Харин хиймэл оюуны аварга Nvidia-ийн өсөлт хэд гээч? 220 хувь. Тэгвэл хөрөнгө оруулагчдын хувьд 2024 он 2023 оноос дээр байж чадах болов уу?
Хариулт нь тийм
Bloomberg Markets Live Pulse-ийн судалгаа энэ асуултад “тийм” гэж хариулж байна. Хиймэл оюуны төрүүлж буй найдлагаас улбаалан Microsoft, Amazon, Meta-ийн хувьцааны ханш 56%, 75%, тэр ч байтугай 170% цойлоод байгаа. Гэхдээ MLIV-ийн судалгаанд оролцогсод цөөн сөрөг талуудыг эс тооцвол ирэх оны өсөлт энэ оныхоос ч илүү байна гэсэн хүлээлттэй байгаагаа илэрхийлжээ.
Судалгаанд оролцсон 595 жижиг болон мэргэжлийн хөрөнгө оруулагчийн 63 хувь нь 2024 онд хувийн хөрөнгө оруулалт нь илүү өндөр өгөөжтэй байна гэж үзжээ.
Энэхүү өөдрөг хүлээлт нь Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулж, хувьцаа болон бондын зах зээлийг “ногооруулна” гэсэн найдлагатай холбоотой.
Итгэл хүлээлгэсэн хөдөлгөөн
Судалгаанд оролцогчдын дийлэнх нь хиймэл оюун урт хугацаанд өндөр ашгийн эх үүсвэр байж, тураах эмээр цахиур хагалж буй “Novo Nordisk”, “Eli Lilly” зэрэг компаниуд болон цахим аюулгүй байдлын үйлчилгээ үзүүлэгчдийн хувьцааны өсөлтийг давна гэж үзжээ. Тураах эмнүүд хэдийгээр хэвлэлүүдийн тэргүүн нүүрийг эзэгнэх болсон ч оролцогчдын ердөө 8 хувь нь энэ зах зээл ирээдүйтэй гэж хариулсан байна.
Харин өөр нэг том тренд болох технологийн томчуудад чиглэсэн хүлээлт ерөнхийдөө хуваагдмал байна. 45 хувь нь 2024 онд технологийн аварга компаниудад хөрөнгө оруулах нь зөв шийдвэр гэсэн бол 39 хувь нь тэдний хувьцаа хэт өндрөөр үнэлэгдсэн тул буруу шийдвэр болно гэжээ.
Сонгуулийн нөлөө
Хөрөнгө оруулагчдын дийлэнх буюу 57 хувь нь ирэх онд хөрөнгө оруулалтын багцын хуваарилалтаа өөрчилнө гэсэн бол 31 хувь нь тогтмол өгөөжтэй хөрөнгө оруулалт руу мөнгөө чиглүүлэхээр байгаагаа илэрхийлжээ. Харин цалингийн урамшуулал, нэмэгдэл хэлбэрээр нэмэлт орлого орж ирвэл хувьцаа болон бонд худалдан авахад зарцуулна гэж 52 хувь нь хариулжээ.
Ирэх онд нийт 40 улс сонгуулиа хийхээр байгаа. Тэгвэл айсуй сонгуулиуд санхүүгийнх нь хувьд төдийлөн чухал үйл явдал биш гэж олон хөрөнгө оруулагч үзжээ. 11 дүгээр сард болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль дорвитой нөлөө үзүүлэхгүй гэж оролцогчдын 47 хувь нь таамагласан байна.
Монголын хувьд
Бодлогын хүү өндөр байгаа нөхцөлд хөрөнгө оруулагчид тогтмол өгөөжтэй бонд гэх мэт хэрэгслийг илүүд үзэж буй нь Монголын хөрөнгийн зах зээл удаан хугацааг уналттай өнгөрүүлсний нэг шалтгаан болохыг шинжээчид хэлж буй. Харамсалтай нь төсвийн тэлэлт инфляцыг хөөргөдөх магадлалтай тул инфляц зорилтот түвшинд хүрэх хүртэл хатуу бодлогоо үргэлжлүүлэх шаардлагатайг Монголбанк анхааруулсан.
“Өөрийн хөрөнгө нэмэгдээд, ашигтай ажиллаад байдаг мөртлөө хувьцаан дээр үүний тусгал харагдахгүй байна. Бодлогын хүү буурахгүй бол хувьцааны зах зээл сэхэхгүй” хэмээн "ХасБанк" ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав бидэнд өгсөн ярилцлагадаа онцолж байлаа.
Sponsored
Шилдэг үнэт цаас гаргагч
Монголын хөрөнгийн зах зээлийн шилдгүүдийг таван жилд нэг удаа тодруулдаг “Grand Bull Awards 2023” шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд "Хан Алтай Ресурс" ХХК “Шилдэг үнэт цаас гаргагч” номинацын эзнээр тодорлоо. Тус компани 2022 онд “Хан Алтай Бонд”-ыг гаргаж, биржийн бус зах зээлээс 45 тэрбум, хоёрдогч арилжаанаас 16 тэрбум, нийт 61 тэрбум төгрөгийг амжилттай босгож байв.
Татан төвлөрүүлсэн хөрөнгөөр компани 2022 онд стратегийн өндөр ач холбогдолтой төсөл болох Хүдэр боловсруулах үйлдвэрээ ашиглалтад оруулж, Монголын баруун бүсийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулан ажиллаж байна.
Ээлжит “нислэг”
“Fitch” агентлагаас зээлжих зэрэглэлийг нь хэвээр үлдээснээс хойш төдийлөн хөдөлгөөнгүй байсан “Mongolian Mongolian Corporation” компанийн хувьцаа огцом өслөө. Хонгконгийн хөрөнгийн биржид тус компанийн хувьцаа сүүлийн арилжаагаар 12 хувиар өсөж 4.58 хонгконг доллар болсон нь 2015 оны зургаадугаар сараас хойших дээд үзүүлэлт болсны зэрэгцээ арилжааны хэмжээ нь дундаж түвшнээсээ долоо дахин нэмэгджээ.
Урт хугацаанд харвал MMC-ийн хувьцааны ханш 52 долоо хоногийн туршид 106 хувиар өссөн байхад Hang Seng индекс энэ хугацаанд 9.9 хувиар буурчээ.
QPay-ийн IPO эхлэв
“Инновэйшн Инвестмент” ХК хувьцааны анхдагч зах зээлийн арилжаагаа МХБ дээр эхлүүллээ. Сануулахад, тус компани олон нийтэд 20 хувиа санал болгож 8.3 тэрбум татан төвлөрүүлэхээр зорьж байгаа юм. Гадаадын хөрөнгө оруулалттай технологийн компани анх удаа IPO хийж байгаа нь шинэлэг зүйл болж буйг цан цохих ёслолын үеэр салбарынхан онцолж байв.
Анхдагч зах зээлийн арилжаа 12 дугаар сарын 8 хүртэл үргэлжлэх бөгөөд эхний өдрөө захиалгын биелэлт 53 хувь давж хаагдаад байна.
Бондын хөтөлбөр
ХААН Банк ХК долларын болон төгрөгийн бондуудыг хэсэгчилж гаргахаар шийдвэрлэжээ. Ам.долларын бонд нь хөвөгч хүүтэй байх бөгөөд хүүгийн түвшинг ам.долларын зах зээлийн 6 сарын Compounded SOFR хүү дээр нэмэх нь жилийн 3.4%-3.85% хязгаарт багтаах бол төгрөгийн бонд нь тогтмол хүүтэй байх буюу жилийн 14.8%-16%-ийн хязгаарт багтсан байх аж.
Онцлох тоонууд
ВХҮҮ: Оны эхний гурван улирлын байдлаар виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын хийсэн арилжааны дүн өсөн нэмэгдсэн дүнгээр 110.3 тэрбум төгрөг болсныг СЗХ мэдээлэв. Одоогоор дотоодын зах зээлд нийт 209 виртуал хөрөнгө арилжигдаж байгаагаас 170 нь гадаадынх байгаа аж.
ГВАН: Монгол Улсын гадаад валютын албан нөөц XI сарын эцсийн байдлаар 4.3 тэрбум ам.доллар болж өмнөх сараас 8.1 хувиар өссөн байна. Урсгал данс сүүлийн 16 жилийн хугацаанд анх удаа эерэг буюу 460 гаруй сая ам.долларын ашигтай гарсан нь төлбөрийн тэнцэл эерэг гарахад нөлөөлж байгаа гол хүчин зүйл болохыг Монголбанк онцолж байв.
Монгол оюутны амжилт
COP28 чуулгантай холбоотой нэгэн сайн мэдээ байгаа нь монгол оюутан Б.Маралын удирдсан Оксфордын Их сургуулийн судлаач оюутнуудын баг өөрсдийн хөгжүүлсэн уурхайн дохиоллын системээ тус чуулганаар танилцуулж, 100 мянган ам.долларын шагнал хүртжээ.
Тодруулбал хиймэл дагуулын дохио ашиглан уурхайн осол аваараас сэргийлэх “Digital Twins 4 Tailing Dams” систем нь COP28-ын нийгэм, байгаль орчинд эерэг нөлөөтэй инновацуудыг дэмжих “Prototypes for Humanity” хөтөлбөрт сонгогдож, “Өгөгдлийн шинжлэх ухаан ба Хиймэл оюунд суурилсан шийдлүүд” төрөлд шилдэг төслөөр шалгарсан байна.
Maral Bayaraa/YouTube
“Би дэлхийн хамгийн их байгалийн баялагтай орнуудын нэг болох Монголоос ирсэн. Тиймдээ ч уул уурхайн салбарын эерэг талын боломжууд маш их байгааг олж харсан” хэмээн Б.Марал онцолсныг BBC мэдээлсэн байна.
PKX ➡ UBN
2019 онд нээгдсэн Бээжингийн Дашин (PKX) олон улсын нисэх буудлыг “Чингис хаан” нисэх буудалтай холбосон шинэ нислэг нээгджээ. Нислэгийг “Hunnu Air” компани долоо хоногийн мягмар, пүрэв, ням гарагуудад үйлдэх аж. Тус шинэ нисэх буудал нь Бээжин хотын төвөөс өмнө зүгт 46 км-ийн зайд байрладаг, дэлхийн хамгийн том терминалтай гэдгээрээ онцлог юм.
Биржээр арилжаалагддаг сан буюу ETF бүртгэгдлээ. Энэ сан хөрөнгө оруулагчдад ямар боломж нээж өгөх талаар Medeenomics подкастын шинэ дугаарт "Инвескор Ассет Менежмент ҮЦК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал О.Очтой ярилцсаныг ЭНД дарж сонсоорой.
Medeenomics подкастын бүх дугаарыг "YouTube", "Apple Podcasts" болон "Spotify" платформуудаас сонсох боломжтой.
Bloombergtv.mn танд санал болгож байна
Шэннон Коулин: Монгол Улс БНСУ, Япон зэрэг алс хол орших орнууд руу сэргээгдэх эрчим хүч нийлүүлэх нь эдийн засгийн хувьд боломжтой
Хөгжиж буй орнууд хүлэмжийн хийн ялгарлаа бууруулахад зориулан АНУ $3 тэрбумын дэмжлэг үзүүлнэ
Онцлох чарт
Хэдийгээр атомын цахилгаан станцуудын нийт үйлдвэрлэл өнгөрсөн онд 4 хувиар буурсан ч 2000-аад оноос хойш хадгалагдаж буй түвшнээсээ төдийлөн холдоогүй байна. Тэр дундаа БНХАУ цөмийн эрчим хүч үйлдвэрлэлийн хурдацтай тэлэлтээ үргэлжлүүлж, Япон улс мөн 2011 онд Фүкүшимагийн ослын дараа хаагдсан зарим реакторуудаа дахин ажиллагаанд оруулаад байгаа юм.
Өнөөдрийн онцлох зураг
Английн Уитби хотод Зул сарын баярыг угтан жил бүр болдог ”Krampus Run” жагсаалд оролцогсод
Ian Forsyth/Getty Images