2023/12/04

Гурван өгүүлбэрээр

  1. Бонд, хувьцаа борлуулсны орлогод ногдох татварыг 2024-2026 онд 90 хувиар, 2027-2030 онд 50 хувиар хөнгөлөхөөр тусгажээ.

  2. Топ-20 индекс оны сүүлийн сард бусад сараасаа илүү өндөр өсөлттэй байдаг хандлага ажиглагддаг. Шалтгаан нь юу вэ?

  3. Төв банкнууд бодлогын хүүгээ бууруулна гэсэн хүлээлт нэмэгдэж, биткойны үнэ 2022 оны V сараас хойш анх удаа $40,000 давлаа.

“Нарлаг” ирээдүй

Сэргээгдэх эрчим хүч дэлхий даяар эрчээ авч байна. Шинэ төслийн хөрөнгө оруулалт 2022 онд түүхэн дээд үзүүлэлт буюу 560 тэрбум ам.долларт хүрч, анх удаагаа хагас их наядын босгыг давсныг BloombergNEF мэдээллээ. Тэгвэл өнгөрсөн онд шинээр суурилагдсан хүчин чадлын 80 хувийг зөвхөн нар, салхины эрчим хүч бүрдүүлжээ. Тэр дундаа цэвэр эрчим хүчний зах зээлд хөгжиж буй орнууд чухал тоглогч болж буйг 2022 онд ашиглалтад орсон нар, салхины шинэ төслүүдийн 2/3 нь тэдгээр орнуудад ногдсоноос харж болно.

Нарны эрчим хүч одоогийн эрчээрээ тэлнэ гэж үзвэл энэ зууны дунд үе гэхэд дэлхийн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлд хамгийн өндөр хувийг эзэлдэг болно гэж “Nature Communications” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд дурджээ. Тэгвэл нартай өдрийн тоо жилд дунджаар 270-300, нарны эрчим хүчний боломжит нөөц нь жилд 4,774 тераватт/цаг байдаг Монгол Улсын хувьд энэ шилжилтэд түүчээлэх бололцоо өндөрт тооцогдоно.

Монгол Улс Парисын хэлэлцээрээр 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг нийт хүчин чадлын 30 хувьд хүргэх амлалт өгсөн байдаг. Сүүлийн статистикаас харвал нийт суурилагдсан хүчин чадлын 18 хувийг сэргээгдэх эрчим хүч эзэлж, нийт цахилгаан үйлдвэрлэлийн 10.4 хувийг СЭХ-ний 17 эх үүсвэрээр хангаж байгаа аж.

Одоогоор Монгол Улс голчлон гадаадын зээл, санхүүжилтээр СЭХ-ний шинэ төслүүд хэрэгжүүлж байгаа ч хөрөнгө оруулалтыг нөхөхөд эрчим хүчний үнэ тариф гол асуудал болдгийг мэргэжилтнүүд хэлдэг. “Нүүрсний цахилгаан станцууд аль хэдийн хөрөнгө оруулалтаа нөхсөн ч өртөг өндөртэй, алдагдалтай ажилладаг. Харин нарны болон салхины станцууд нь хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа хамгийн бага өртөгтэй, хамгийн хямд эрчим хүчийг нийлүүлэх боломжтой" хэмээн "Тэнүүн гэрэл констракшн" ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Одбаатар бидэнд хэлж байлаа.

Тэгвэл Монгол Улс 2019 онд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг шинэчлэн баталснаас хойш хэрэгжиж буй онцлох гурван нарны ЦС-ын төслийг харцгаая.

Сэрвэн

10мВт-ын хүчин чадалтай, жилд 18.4 сая кВт/цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой “Сэрвэн” нарны цахилгаан станц Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд өнгөрсөн IX сард ашиглалтад орсон. АХБ-ны 10.4 сая ам.долларын санхүүжилтээр байгуулсан уг станц нь жилд 16 мянган тонн нүүрсхүчлийн хий, 11 мянган тонн нүүрс, 145 мянган тонн ус хэмнэх ач холбогдолтой аж.

АХБ-ны суурин төлөөлөгч Шэннон Коулинтай энэ болон бусад сэдвээр ярилцсаныг ЭНД дарж үзээрэй.

Борх

“М-Си-Эс Интернэйшнл ХХК”-ийн өнгөрсөн онд ашиглалтад оруулсан энэхүү төсөл нь Монгол Улсад суурилагдсан анхны эрчим хүчний хуримтлуур бүхий станц болсноороо онцлог. Завхан аймгийн Алдархаан сумын нутаг дахь 5 мВт-ын "Борх" нарны ЦС, Улиастай сум дахь 3.6 мВт/цагийн хүчин чадалтай "Цэнгэг" эрчим хүч хуримтлуурын станц нь жилд 8.8 сая кВт/ц цэвэр эрчим хүчийг төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд нийлүүлэх тооцоотой.

Мөрөн

АХБ-ны хөнгөлөлттэй зээлээр Хөвсгөл аймгийн Мөрөн хотод баригдаж буй 10 мВт-ын хүчин чадалтай нарны ЦС энэ онд багтан ашиглалтад орох хүлээлттэй байна. Уг станц нь Хөвсгөл аймгийн нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээний 50 хүртэлх хувийг хангаад зогсохгүй баруун бүсийн 20 мянган хэрэглэгчид эрчим хүч нийлүүлэх аж.

$1 тэрбумын орлоготой салбар

“Монголд нэг тэрбум ам.доллар давсан экспорт хийдэг ганц салбар нь уул уурхайн салбар байсан. Уул уурхай дотроо зөвхөн зэс, нүүрс хоёр. Гэтэл 2023 онд аялал жуулчлалын салбар анх удаа тэрбум ам.долларын орлого олсон. Олон улсад энэ босгыг давсан салбарыг цаашид өөрөө өөрийгөө аваад явах хөгжлийн нэг том шатандаа гарсан гэж үздэг. Аялал жуулчлалын салбар ирэх онд ч энэ амжилтаа давтаж чадвал Монгол Улсын эдийн засаг аажмаар солонгорч байгаагийн шинж болно. Нөгөө талд уул уурхайн салбар ч дотроо солонгорсноор нүүрсний болон зэсийн үнэ унахад үүсэх эрсдэлээс сэргийлэх ач холбогдолтой” хэмээн судлаач М.Дагва бидэнд өгсөн ярилцлагадаа онцолж байлаа.

Арилжааг дэмжих хуулиуд

2024 оны Төсвийн тухай хуулийг дагалдуулан баталсан хуулийн төслүүдэд үнэт цаасны зах зээлд гурван төрлийн татварын дэмжлэг үзүүлэхээр болсон байна. Үүнд бонд, хувьцаа болон бусад үнэт цаас борлуулсны орлогод ногдох татварыг 2024-2026 онд 90 хувиар, 2027-2030 онд 50 хувиар хөнгөлөхөөр ААН-ийн орлогын албан татварын хуульд тусгажээ. Тэгвэл ХХОАТ-ын тухай хуульд 2024-2026 онд 90 хувиар, 2027-2029 онд 50 хувиар хөнгөлнө гэж заасан байна.

Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалагчийн хувьцаа, үнэт цаас борлуулсан орлогод татвар ногдуулахдаа тухайн хувьцаа, үнэт цаасыг худалдан авахад гарсан холбогдох зардлыг хасаж тооцохоор болжээ. Хэдийгээр дээрх нэмэлт, өөрчлөлтүүд батлагдсан боловч түүнийг хэрэгжүүлэх дэд бүтцийн бэлтгэл хангагдсан эсэх талаар мэдээлэл байхгүй байгааг “Голомт Капитал ҮЦК”-ийн Гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнэ хэлж байв.

ХасБанкны үнэлгээ

“Moody's” агентлаг “ХасБанк”-ны зээлжих зэрэглэлийг B3 түвшинд, төлөвийг “тогтвортой” түвшинд хэвээр үлдээжээ. Монголын макро эдийн засгийн нөхцөл байдал сайжирч, бодлогын хүү тогтвортой байгаа нь банкны активын чанар, ашигт байдалд дэмжлэг болох тул ирэх 12-18 сарын хугацаанд тус банкны зээлжих чадамж нь тогтвортой байна гэж үзсэн байна.

Өсөлтийн сар эхлэв

Топ-20 индекс оны сүүлийн сард бусад сараасаа илүү өндөр өсөлттэй байдаг хандлага ажиглагддаг. Тодруулбал тус индексийн 12 дугаар сарын дундаж өгөөжийн түвшин 2012 оноос хойш 6.6 хувьтай байсан нь бусад бүх сараас илүү үзүүлэлт болохыг “Ти Ди Би Секьюритис ҮЦК” тооцоолжээ. Гэхдээ энэ нь зөвхөн Монголын зах зээлд тохиолддог үзэгдэл биш бөгөөд тухайлбал АНУ-д энэхүү өсөлтийг Зул сарын баярын сард хөрөнгө оруулагчдын сэтгэл зүй өөрчлөгдөж, худалдан авах сэдэл нь нэмэгддэгтэй холбон тайлбарлаж, “Santa Claus Rally” гэж нэрлэдэг аж.

Мөн үүнд нөлөөлдөг бусад шалтгаануудын талаар “Ти Ди Би Секьюритис”-ийн шинжээч Б.Билэгжаргал тайлбарласныг ЭНД дарж үзээрэй.

Дижитал өрсөлдөх чадвар

IMD бизнесийн сургуулиас гаргадаг Дэлхийн дижитал өрсөлдөх чадварын индексийн 2023 оны эрэмбэд АНУ 100 оноотойгоор тэргүүн байраа буцаан авчээ. Харин Нидерланд дөрвөн байр урагшлан хоёрдугаарт, Сингапур нэг байр ахин гуравдугаарт, харин өнгөрсөн оны тэргүүлэгч Дани дөрөвдүгээрт жагсжээ.

Тэгвэл Монгол Улс өнгөрсөн оноос нэг байр ухарч, 64 орноос 63 дугаарт эрэмбэлэгдсэн байна. Хэдийгээр манай улс “мэдлэг” шалгуурт 5 байр ахисан ч “технологи” шалгуурт нэг байр ухарч, “ирээдүйд бэлэн байдал” шалгуураар сүүлийн хоёр жилийн байрандаа үлджээ.

Биржээр арилжаалагддаг сан буюу ETF бүртгэгдлээ. Энэ сан хөрөнгө оруулагчдад ямар боломж нээж өгөх талаар Medeenomics подкастын шинэ дугаарт "Инвескор Ассет Менежмент ҮЦК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал О.Очтой ярилцсаныг ЭНД дарж сонсоорой.

Medeenomics подкастын бүх дугаарыг "YouTube", "Apple Podcasts" болон "Spotify" платформуудаас сонсох боломжтой.

Энэ 7 хоногт анхаарч байх үйл явдлууд

  • Даваа гарагт “Инновэйшн Инвестмент” компанийн IPO-н цан цохих арга хэмжээ болно. Мөн Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК (CUMN)-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 14 цагаас болно.

  • Пүрэв гарагт Монгол Улсын 11 дүгээр сарын хэрэглээний үнийн индекс танилцуулагдана.

  • Мөн БНСУ, Япон улсын хэрэглээний үнийн индексийн дүн мэдээлэл гарах нь.

Онцлох чарт

Хоёр жил үргэлжилсэн үйлдвэрлэлийн саад бэрхшээл, саатлын эцэст "Tesla" компани "Cybertruck" автомашиныхаа үнэ, худалдаанд гарах огноог зарлаж, мөн урьдчилан захиалга хийсэн цөөн хэрэглэгчдийн гарт автомашиныг нь хүргэж эхлээд байна. Гурван хувилбараар худалдаанд гарах “Cybertruck”-ийн хамгийн хямд нь болох ардаа хөтлөгчтэй, нэг цэнэглэлтээр 400 км туулах чадалтай хувилбар нь 60,990 ам.долларын үнэтэйгээр 2025 оноос зарагдаж эхлэх юм.

Харин илүү үнэтэй хоёр хувилбарыг нь "Tesla" ирэх оноос нийлүүлж эхлэхээр товложээ. Тодруулбал дөрвөн дугуйн хөтлөгчтэй, нэг цэнэглэлтээр 550 км явдаг хувилбар нь 79,990 ам.доллар байх бол 100 км/цагийн хурдыг 2.6 секундэд авдаг, 5 тонны даацтай "Cyberbeast" хувилбар 99,990 ам.доллароор худалдаанд гарах аж.

Уг автомашин аль хэдийн 1 сая гаруй захиалга авсан гэж Илон Маск хэлж байгаа ч захиалгын урьдчилгаа нь ердөө 100 ам.доллар тул тэдний хэд нь цаашид сонголтоо баталгаажуулах эсэх нь тодорхой бус байна. Харин юу тодорхой байна гэвэл “Cybertruck” нь одоогоор хэрэглээнд зориулсан гэхээсээ илүү сурталчилгаанд зориулсан автомашин аж.

Өнөөдрийн онцлох зураг

Токиод болсон Олон улсын роботын үзэсгэлэнгийн үеэр нэгэн робот хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг тэргэнцэрт суулгаж өгч байгаа нь

Richard A.Brook/Getty Images