2023/12/01

Powered by:

Гурван өгүүлбэрээр

  1. Tesla-ийн $100 мянгын үнэтэй Cyberbeast загвар 2024 оноос худалдаанд гарна. Нэг цэнэглэлтээр туулах зай нь 500 км давах аж.

  2. Fitch: Зэсийн үнэ 2024, 2025 онд тонн нь дунджаар 8,000 ам.доллар байх төлөвтэй.

  3. Өв залгамжлагч тэрбумтнуудын хөрөнгийн хэмжээ өөрийн хүчээр хөрөнгөжсөн тэрбумтнуудынхаас давжээ.

АПУ-ын хувьцаа

Монголын хөрөнгийн зах огцом идэвхэжсэнээс хойш хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй, хамгийн их ногдол ашиг тараадаг, хамгийн өндөр зах зээлийн үнэлгээтэй компаниудын тэргүүн эгнээнд байнга бичигдсээр ирсэн АПУ ХК-ийн хувьцааны сүүлийн үеийн үзүүлэлтүүдийг ойроос харцгаая.

Шуургалсан жилүүд

Хөрөнгийн захын их өсөлтийн жил гэж болох 2021 онд АПУ ХК-ийн нэгж хувьцааны үнэ 198 хувиар өсөж, оны сүүлээр 1,900 төгрөгийн босгыг давж байв. Тухайн жил тус компанийн цэвэр ашиг 153.7 тэрбум төгрөгт хүрсэн нь МХБ-д бүртгэлтэй бусад аль нэг компанийн ашгаас хамгийн багадаа ойролцоогоор 7 дахин илүү үзүүлэлт болсны зэрэгцээ үйл ажиллагааны орлогоороо ч нэгдүгээрт бичигдсэн юм.

Харин 2022 онд цэвэр ашиг нь 18.7 хувиар буурч, мөн эздийн өмчийн өгөөж (ROE) өмнөх жилээсээ буурчээ. Гэхдээ МХБ дээр өнгөрсөн онд АПУ-ын 64.22 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй 43.8 сая хувьцаа арилжигдаж, идэвхээрээ бусад бүх хувьцаанууд, үнэт цааснуудыг тэргүүлэхэд дээрх уналт саад болоогүй.

Энэ онд тус компани ₮26 тэрбумын хөрөнгө оруулалтаар бяслагны үйлдвэртэй болсны зэрэгцээ GS25 сүлжээ дэлгүүрийн тэлэлт, гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ гаргасан гэх мэтээр үйл ажиллагааны тал дээр томоохон алхмууд хийв. Нөгөө талд цэвэр ашиг нь үргэлжлэн буурч, хувьцааны ханш нь он гарсаар 26 гаруй хувиар унаад байна.

Хөрөлт ба том зураг

АПУ компанийн “хөрөлт”-ийн мөчлөг нэлээд удаан үргэлжилж буйг зах зээлийн ерөнхий дүр зурагтай холбон харцгаая. 2021 онд Топ-20 индекс 130 хувь хүрч өсөөд түүнээс хойш баавгай зах зээлд багагүй удаан хугацаанд хадгалагдав. Энэ нь 2021 оны хэт халалтын нөлөө хоёр жил дараалан арилж буйн илрэл гэж “Ти Ди Би Секьюритис” ҮЦК-ийн Хөрөнгө оруулалтын зөвлөх Б.Билэгжаргал тайлбарлаж байна.

Гэтэл системийн нөлөө бүхий банкнуудын IPO-г маш богино хугацаанд “бөөндсөн” нь хөрөнгийн захын багтаамжийг чинээнд нь тулгасан үйл явдал болов. Энэхүү хэт нийлүүлэлт нь эдийн засаг дөнгөж сэргэж буй тааламжгүй үетэй таарч, IPO хийсэн банкнуудын хувьцаа ихэнх нь унахад нөлөөлснийг эдийн засагчид хэлж байлаа. Иймд бодлогын хүү буурах хүртэл хөрөнгө оруулагчид тогтмол өгөөжтэй бонд гэх мэт хэрэгслийг эрсдэл өндөртэй хувьцаанаас илүүд үзэх хандлага давамгайлах төлөвтэй.

Хүнсний салбарын нээлттэй ХК-иудын дундаж үнэ, ашгийн харьцаа 11.5 байхад АПУ-ийнх 12.6, харин үнэ, дансны үнийн харьцаа (P/B) 2.1 бол тус компанийнх 2.5 байгаа аж. АПУ компанийн тогтмол өсөлтийн хувийг инфляцын урт хугацааны төсөөлөл, хүн амын өсөлт, бодит ДНБ-ий өсөлтийн хувь дээр үндэслэн тооцоолбол 3.46 хувь байна гэж Голомт Капитал ҮЦ Көнгөрсөн оны сүүлээр шинжилгээ хийж байжээ.

Google-ийн үйлчилгээнүүд

Эцэг эхийн хяналт, хүүхэд хамгааллын “Google Family Link” үйлчилгээний Монгол хувилбарыг хөгжүүлж, нэвтрүүлээд байгааг Google компани болон ЦХХХЯ, БШУЯ-ны хамтарсан “Mongolia x Google Partnership Launch” арга хэмжээний үеэр танилцууллаа. Түүнчлэн Монгол дахь Android үйлдлийн системийн апп хөгжүүлэгчдэд PlayStore-оор дамжуулан төлбөр авах, контент бүтээгчид YouTube-ээс орлогын эх үүсвэртэй болох боломжийг нээх, мөн Google Cloud, Google for Startups хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг онцолжээ.

Чанаргүй барилга 20%

Улаанбаатар хот дахь барилгуудын 91 хувьд төлөвлөгөөт бус шалгалт хийхэд 20 хувь нь чанарын шаардлага хангахгүй байгааг тогтоожээ. Шалгалтаар шаардлага хангаагүй 13 аж ахуйн нэгжид 66 сая төгрөгийн шийтгэл ногдуулж, 57 барилгын үйл ажиллагааг түр зогсоохоор болсон байна. Түүнчлэн дүгнэлтийн дагуу зургаан ААН-ийн Барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэхээр болжээ.

Хамгийн том боомт

Эрээн-Замын-Үүд боомтоор нэвтэрсэн ачаа тээврийн хэрэгслийн тоо дээд түвшинд хүрснийг “Xinhua” агентлаг мэдээлэв. Монголчуудын өдөр тутмын хэрэглээний бараа бүтээгдэхүүний 70 гаруй хувийг импортолдог тус боомтоор энэ онд 150 мянган ачаа тээврийн хэрэгсэл нэвтрээд байгаа нь өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Түүнчлэн өнөөдрөөс эхлэн тус боомт 24 цагийн үйл ажиллагаатай болж байгаа юм.

Зэсийн төсөөлөл

Зэсийн үнэ 2024, 2025 онд тонн нь дунджаар 8000 ам.доллар байх төлөвтэйг “Fitch” агентлаг мэдээллээ. Энэ нь зэсийн өсөлтийн мөчлөгийн оргил цэг болох 10.5 мянган ам.доллароос харьцангуй доогуур дүн болохоор байгаа юм. Зэсийн нийлүүлэлтэд уурхайн үйл ажиллагааны доголдол, төслийн өртөг нэмэгдэх зэрэг эрсдэлүүд байсан хэвээр байна гэж тус агентлагаас үзэж байгаа аж.

Хэдий тийм боловч улс орнууд цэвэр эрчим хүчний шилжилтээ эрчимжүүлж байгаатай холбоотойгоор зэсийн эрэлт ирэх зургаан жилд тасралтгүй өсөх тооцоог “BloombergNEF”-ийн тайлан харуулж буй.

Өв залгамжлагчдын хүч

Өнгөрсөн онд өв залгамжлалын хөрөнгөөр дэлхийн тэргүүн баячуудын эгнээнд багтсан эрхмүүдийн хөрөнгийн хэмжээ өөрийн хүчээр тэрбумтан болсон эрхмүүдийн хөрөнгөөс давсныг UBS банкны тайлан харуулжээ. Энэ нь дэлхийн баялгийн хуваарилалтад гэр бүлийн хөрөнгийн өв залгамжлал улам том байр суурь эзэлж буйн дохио болж байна.

Тодруулбал 2022 онд нийт 137 хүн тэрбумтан болсноос хөрөнгөө өв залгамжлан авсан 57 тэрбумтны хөрөнгийн нийлбэр 150.8 тэрбум ам.доллароор хэмжигдсэн байна. Тэгвэл өөрийн хүчээр тэрбумтан болсон нь хэдий тоогоороо илүү (84) байгаа ч нийт хөрөнгө нь 140.7 тэрбум байжээ. Есөн жилийн өмнө UBS уг тайланг гаргаж эхэлснээс хойш шинэ тэрбумтнуудын өвлөн авсан хөрөнгө өөрийн бий болгосон хөрөнгөөс давсан анхны тохиолдол нь энэ болжээ.

Bloombergtv.mn танд санал болгож байна

Онцлох чарт

XI сард БНХАУ-ын үйлдвэрлэл болон үйлчилгээний салбарын идэвхжил суларсан үзүүлэлттэй гарснаар тус улсын ЗГ-аас удаашралтай байгаа эдийн засгийн сэргэлтийг дэмжих нэмэлт арга хэмжээ авах хүлээлт нэмэгдээд байна. Үйлдвэрлэлийн салбарын гол хэмжүүр болох Худалдан авагч менежерүүдийн индекс (PMI) нь 49.4 нэгж болж, хоёр дахь сардаа дараалан буурсныг БНХАУ-ын Үндэсний статистикийн товчоо мэдээлжээ.

Өнөөдрийн онцлох зураг

Цасан дээр хөрвөөж буй морь - Баллатер, Шотланд

Jeff J.Mitchell/Getty Images