2023/11/30

Powered by:

Гурван өгүүлбэрээр

  1. “Инвескор глобал кью хамтын биржээр арилжаалагддаг ХОС” ХХК-ийн сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэв.

  2. Панам улс “First Quantum”-ийн зэсийн уурхайг хаах шийдвэр гаргасны дараа зэсийн үнэ огцом өслөө.

  3. А.Сүхдорж: МОСТ Финтек дараагийн шатны төслүүдээ блокчэйн, их дата, хиймэл оюун гэсэн гурван бүлэгт хувааж байгаа.

Чарльз Мангер гэж хэн байв?

Бараг 60 жилийн турш Уоррен Баффетын баруун гар, орлон тоглогч, ойрын хүн нь байж, дампуурч байсан нэхмэлийн компани болох Berkshire Hathaway-ийг хамтдаа “эзэнт гүрэн” болгон хувиргасан Чарльз Мунгер таалал төгсөв. Тэрбээр 99 настай байжээ.

Өсөлтийн удирдаач

“Чарлигийн урам зориг, мэргэн ухаан, оролцоогүйгээр Berkshire Hathaway өнөөгийн өндөрлөгтөө хүргэх боломжгүй байсан” гэж тэрбумтан Уоррен Баффет өгүүлсэн байна.

Хуульч мэргэжилтэй тэрбээр компаниудад урт хугацаанд хөрөнгө оруулалт хийх Уоррен Баффетын философи бүрэлдэхэд нь хүчээ өгсөн нэгэн. Тэдний удирдлага доор Berkshire-ийн 1965-2022 оны хоорондох жилийн дундаж өсөлт 20 хувьтай байсан нь S&P 500 индексийн өсөлтийг бараг хоёр нугалсан үзүүлэлт юм.

Чарльз Мангер нь Berkshire-ийн ТУЗ-ын Дэд дарга, мөн компанидаа 2.2 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний хувьцаа эзэмшдэг байв. Мангерын ятгалгаар Баффет 1972 онд Калифорнийн амттан үйлдвэрлэгч "See's Candies"-ийг худалдан авч байжээ. Энэхүү хэлцлийн амжилт нь 15 жилийн дараа Berkshire Coca Cola-ийн хувьцаанд 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх урам зоригийг өгсөн юм.

“Элдүүр нь ханасан” хөрөнгө оруулагч

Баффет тэр хоёрын өссөн Небраска мужийн Омаха хотод болдог Berkshire-ийн жил тутмын хурал дээр Мангер асуудалд шулуун шударга хандаж, илүү зардал гаргасныг зэмлэдгээрээ алдаршсан. Хурц араншинтай тэрээр хамтрагчийнхаа урам зоригийг олон ч удаа мохоож байсан тул Баффет түүнийг "Жигшмээр зөрүүд амьтан" гэж хошигнон хэлж байсан тохиолдол бий.

Тэрбээр 2018 онд тэр ТУЗ-ийн Дэд даргын албан тушаалаа өөрийн доод үеийн удирдлагууд болох Грег Абел, Ажит Жайн нартай хуваалцсанаар компанийн өв залгамжлалын төлөвлөгөөг бататгасан билээ. Хөрөнгө оруулалтын суут ухаантан Чарльз Мангерын замналын тухай видео сурвалжлагыг ЭНД дарж үзээрэй.

Технологийн компанийн IPO

“МОСТ Финтек дараагийн шатны төслүүдээ блокчэйн, их дата, хиймэл оюун гэсэн гурван бүлэгт хувааж байгаа. Татан төвлөрүүлэх 5.8 тэрбум төгрөг бол том үйл ажиллагааны гарааны хөрөнгө оруулалт гэж ойлгох хэрэгтэй” хэмээн “Most Money” үйлчилгээг хөгжүүлсэн МОСТ Финтек ХХК-ийн ТУЗ-ийн дарга А.Сүхдорж бидэнд өгсөн ярилцлагадаа онцолж байв. 27 хувиа олон нийтэд санал болгохоор төлөвлөж буй тус компани Улаанбаатар Үнэт цаасны бирж дээр IPO хийхээр сонгоод байгаа.

Дотоодын зах зээлд хүнс үйлдвэрлэл, санхүү зэрэг салбарын компаниуд хувьцаагаа санал болгож, хөрөнгө оруулагчид аль салбар нь ямар өгөөж, эрсдэлтэй талаар тодорхой ойлголттой болсон. Гэхдээ технологийн салбарын хувьцаануудын орон зай үгүйлэгдэж байгаа бөгөөд “МОСТ Финтек” компани энэ орон зайг нөхөхөөр байгааг “Ти Ди Би Секьюритис ҮЦК”-ийн Дэд захирал Г.Энхбат мөн хэлж байв.

Эхний ETF

ETF буюу биржээр арилжаалагддаг сан Монголын хөрөнгийн захад шинэ бүтээгдэхүүн болж нэвтрэхээр байгааг бид өмнө нь онцолсон. Тэгвэл “Инвескор глобал кью хамтын биржээр арилжаалагддаг ХОС” ХХК-ийн сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлснийг СЗХ мэдээллээ. “Инвескор Ассет Менежмент ҮЦК”-ийн үүсгэн байгуулсан тус сан нь NASDAQ-100 индексд багтдаг нээлттэй хувьцаат компаниудад хөрөнгө оруулах юм байна.

Захиалга $4 тэрбум давлаа

Монгол Улсын Засгийн газар 5.5 жилийн хугацаатай, 7.875 хувийн купонтой бонд олон улсын зах зээлд гаргалаа. 350 сая ам.долларын санхүүжилт татах зорилготой тус бондын захиалгын хэмжээ сүүлийн байдлаар 4.2 тэрбум ам.доллар хүрсэн байна. Мөн хөрөнгө оруулагчдын 93 хувийг хедж сангууд, хөрөнгийн менежерүүд бүрдүүлж байгаа бол үлдсэн 7 хувьд нь банк, даатгал болон санхүүгийн байгууллагууд багтжээ.

Өрхийн орлогод ирэх дарамт

Ажилгүйдлийн түвшин түүхэн доод буюу 5-6 хувьд хадгалагдаж байгаа ч ажиллах хүчний оролцооны түвшин цар тахлын өмнөх үеийн дунджаас доогуур хэвээр байна. Үүнтэй зэрэгцэн цалин нэмэгдсэн ч өндөр инфляцын нөлөөгөөр өрхийн бодит орлогын хэмжээ 2023 оны нэгдүгээр улиралд өмнөх оны мөн үеэсээ буурсныг Дэлхийн банкны шинэ тайландаа дурджээ.

Тэгвэл цалингийн өсөлтийг дагаад хэрэглээний зээл өссөн нь өрхийн санхүүд дарамт нэмснийг Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа хэлж байлаа. Т

“ОНДО”-г зөвшөөрөв

“Мобиком”, “Юнител”, “Скайтел” компаниуд үүрэн холбооны отгон оператор “ОНДО” ХХК-тай харилцан холболт хийхээр болсноо зарлав. Өнгөрсөн есдүгээр сард анхан шатны шүүхээр “ОНДО” компанийн харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу гэж үзэж, үүрэн холбооны гурван компанийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байсан юм.

Визийн өөрчлөлтүүд

Монгол Улс болон Арабын Нэгдсэн Эмират улсын Төрийн тэргүүн нарын уулзалтын хүрээнд хоёр улсын иргэд харилцан визгүй зорчих, шууд нислэг үйлдэх санамж бичиг байгуулжээ. Ингэснээр ирэх 12 дугаар сараас эхлэн “Hunnu Air” компани хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэхээр болсныг Гадаад харилцааны сайд онцолсон байна.

Үүнээс гадна БНСУ-ын Хууль зүйн яамнаас Монгол Улсын иргэдэд богино хугацааны С-3 ангиллын болон олон удаагийн виз олгох журамд өөрчлөлт оруулж, хүрээг нь тэлжээ. Журмын өөрчлөлтөөр гэр бүлийн гишүүн нь БНСУ-д урт хугацаагаар амьдарч буй иргэн олон удаагийн виз хүсэх боломжтой болсноос гадна богино хугацааны аяллын С-3 ангиллын визийн хүчинтэй хугацаа нэг жил байсныг гурван жил болгон сунгаж байна.

Оны шилдэг IPO

Энэ онд хувьцааны ханшийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлсэн компаниар Индонезийн нүүрс олборлогч жижиг компани “Petrindo Jaya Kreasi” тодорлоо. Тус компани гуравдугаар сард IPO хийж, 25 сая ам.долларын санхүүжилт босгосны дараа хувьцааных нь ханш 2900 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

“Petrindo Jaya Kreasi”-ийн гол хувьцаа эзэмшигч Индонезийн тэрбумтан Пражого Пангесту тул зах зээлийн үнэлгээ нь ч есөн сарын хугацаанд 25 дахин өсөж, 5.4 тэрбум ам.доллар хүрчээ.

Зэсийн эрсдэл

Зэс олборлолтоор тэргүүлэгч Панам, Перу улсуудын зэсийн нийлүүлэлт буурсан нь 2024 онд дэлхийн зэсийн зах зээлийг хомсдолд оруулж магадгүйг шинжээчид анхааруулав. Панамын дээд шүүх мягмар гарагт Канадын “First Quantum” компанийн “Кобре Панам” уурхайн ашиглалтын гэрээг тус улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэж, уурхайг хаах шийдвэр гаргаад байна. Энэ мэдээ гарсны дараа зэсийн үнэ сүүлийн 10 долоо хоногийн дээд цэгтээ хүрч өсжээ.

2030 он гэхэд зэсийн эрэлт 75% өсөж 35 сая тн-д хүрэхээр байгаа бол нийлүүлэлтийн хүчин чадал 23 сая тн орчимд байхаар байгаа нь хомсдол бий болох дохио хэмээн Nexans компанийн гүйцэтгэх захирал анхааруулжээ.

Bloombergtv.mn танд санал болгож байна

  • Жендерийн эрх тэгш байдлыг хангахад зориулж буй төсөв улсын төсвийн нэг хувьд ч хүрэхгүй байна

  • Ойрын дөрвөн хоногт нийт 350 вагон түлш хилээр нэвтрэх хуваарийг ОХУ-ын талаас ирүүлжээ

Онцлох чарт

АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн өсөлт зогсонги байдалд орж байгаа ч Z үеийнхэн бүтэн цагийн ажил эрхлэлтийн тоогоор 2024 оны эхэн үед Их төрөлтийн үеийнхнийг давж, хүлээлт үүсгээд байсан шилжилтийг авчрахаар байна.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд Z үеийнхэн ажлын байрны зах зээлд томоохон хэлэлцүүлгийн сэдэв болж, ялангуяа "миллениалууд" буюу мянганыхан залхуу, эрх дураараа гэх хатуу үгсийг тэдэн рүү шидсээр ирсэн юм.

Өнөөдрийн онцлох зураг

Цагаан ордны үүдний танхимд өлгөсөн Зул сарын чимэглэлүүд

Mandel Ngan/AFP/Getty