2023/11/29

Powered by:

Гурван өгүүлбэрээр

  1. Дэлхийн банк: Монгол Улс инфляцын дарамтыг бууруулахын тулд төсвийн тэлэлтийг сааруулах шаардлага байна

  2. Коксжих нүүрсний үнэ унасан нь MEC-ийн борлуулалтын орлого сүүлийн хоёр улиралд буурахад нөлөөлжээ

  3. ЗГ-ын шинээр гаргах бондын хүү урьдчилсан байдлаар 8.75% орчимд тогтоод байна.

Даацтай боловч тэнцвэргүй

Дэлхийн банк Монгол Улсын эдийн засгийн шинэ тойм тайлангаа танилцууллаа. “Даацтай боловч тэнцвэргүй өсөлт” хэмээн гарчигласан тус тайлангаас голлох мессежүүдийг багцлан хүргэе.

Уул уурхай, зардлаар өдөөгдсөн өсөлт

Монгол Улсын эдийн засаг 2023 онд 5.8 хувь, 2024 онд 6.2 хувиар өсөх төсөөллийг Дэлхийн банкнаас гаргасан байна. Уул уурхайн салбарын үйлдвэрлэл нэмэгдэж, хувийн хэрэглээ сэргэж, төсвийн зардал тэлэх нь эдийн засгийн өсөлтийг голлон тодорхойлохоор байгааг тайланд онцолжээ.

2023 оны эхний хагасын 6.2 хувийн өсөлт нь ерөнхийдөө уул уурхайн салбарын өсөлтөд тулгуурласан. Тодруулбал эдийн засгийн өсөлтийн 90 гаруй хувийг уул уурхайн салбар болон түүнийг дагасан тээврийн салбарын өсөлт бүрдүүлжээ.

Харин эрэлтийн шинжтэй өсөлтийг өндөр гадаад эрэлт, төсвийн тэлэлтээр тайлбарлаж болох ч хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын хэмжээ энэ хугацаанд буурч, ГШХО сул хэвээр байсныг мөн дурджээ.

Нөөц бүрдүүлэх цаг

Жигд бус, уул уурхайн салбарт жолоогоо атгуулсан өсөлт нь эдийн засгийг түүхий эдийн зах зээлийн мөчлөгийн хэлбэлзэлд улам өртөмтгий болгож, эдийн засгийг төрөлжүүлэх бүтцийн шинжтэй реформын ач холбогдлыг улам тодотгосон аж. Түүнчлэн макро эдийн засгийн эрсдэлүүд өндөр байгаа ч тэдгээрийг бууруулах төсвийн орон зай хумигдмал байна. Иймд инфляцын дарамтыг бууруулан, макро эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхийн тулд төсвийн тэлэлтийг сааруулах шаардлага байгааг зөвлөлөө.

Мөн Дэлхийн банк тайландаа ОУВС-аас зөвлөсний нэгэн адил мөчлөгийн шинжтэй энэ сэргэлтийг ашиглан эдийн засгийн болзошгүй шокийг зөөлрүүлэх, цаашдын хөрөнгө оруулалтын орон зай гаргахын тулд гадаад валютын болон төсвийн нөөц бүрдүүлж авах хэрэгтэйг онцолжээ.

Төсөв томорсоор…

“Олсон орлогоо байнга төсөв рүү татаж, төсөв нь жилээс жилд томрох бус орлогын зөв менежмент хийж Үндэсний баялгийн сан байгуулах хэрэгтэй. Магадгүй баялгийн сангийн 10-20 хувийг хөрөнгийн зах руу оруулж чадвал уул уурхайн бус салбараа хөгжүүлэхэд бодитой дэмжлэг болж чадна. 6 хувийн өсөлт гэж байгаа ч уул уурхайн салбарыг дагасан 100 гаруй бизнес, эсвэл төсөв дагасан бизнесүүдэд л өсөлт очиж байна” хэмээн "Ашид Ассет Менежмент ҮЦК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Батпүрэв бидэнд ярилцлага өгөхдөө онцолж байв.

МОСТ Финтек-ийн IPO

2008 онд байгуулагдсан МОСТ Финтек компани Улаанбаатар Үнэт Цаасны Бирж дээр IPO хийх гэж байна. Компани олон нийтэд 27 хувиа санал болгож ₮5.8 тэрбумыг татан төвлөрүүлэх бөгөөд нэгж хувьцаагаа 44 төгрөгөөр үнэлжээ. Энэхүү IPO-ийн талаарх ярилцлагыг ЭНД дарж үзээрэй.

MEC-ийн борлуулалт

Коксжих нүүрсний үнэ унасантай холбоотойгоор “Mongolia Energy Corporation” компанийн борлуулалтын орлого IX сараар эцэслэсэн зургаан сарын хугацаанд өмнөх оны мөн үеэс 16.6 хувиар буурч, 1.56 тэрбум хонгконг доллар болжээ. Ховд аймгийн Хөшөөтийн уурхайд гол олборлолтоо явуулдаг тус компани тайлант хугацаанд 1.4 сая тонн түүхий коксжих нүүрс Монголоос БНХАУ-ын Шинжаан-Уйгур руу гаргажээ. Харин 506 мянган тонн цэвэр коксжих нүүрс нийлүүлсэн нь нийт орлогынх нь 57 орчим хувийг бүрдүүлсэн байна.

Шинэ бонд

Монгол Улсын Засгийн газрын шинээр гаргах гэж буй 5.5 жилийн хугацаатай 350 сая ам.долларын бондын хүү урьдчилсан байдлаар 8.75 хувь орчимд тогтоод байна. “Bloomberg”-ийн тооцооллоор энэ нь Засгийн газрын бондын өгөөжийн муруйгаас 72.4 суурь нэгжээр өндөр түвшин болжээ. Шинэ бондоор татсан санхүүжилтээр 2024 онд төлөгдөх 8.75 хувийн купонтой “Хуралдай” бондыг хугацаанаас нь өмнө эргүүлэн худалдан авахаар зорьж байгаа юм.

НҮБХХ-ийн зөвлөмж

“Монгол шиг түүхий эдээс хамааралтай улс орнууд бүтээмжээ өсгөх арга замыг эрэлхийлэх хэрэгтэй. Энэ хүрээнд дан ганц уул уурхайн технологийн дэвшил бус бусад салбарт ч хүртээмжтэй байхад анхаарах хэрэгтэй” гэж НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс зөвлөлөө. Тус агентлагаас Монголд хүний хөгжлийг ахиулахад чухал үүрэг гүйцэтгэх тэргүүлэх гурван чиглэлийг танилцуулсан бөгөөд үүнд:

  • хүний хөгжлийг зорилгоо болгох

  • эдийн засгийн өсөлтийн стратегийг шинэчлэн тодорхойлох

  • бодитой өөрчлөлт гаргах гэсэн чиглэлүүд багтсан байна.

Найдвар тээсэн IPO

IPO зах зээлийн удаан хүлээлгэсэн сэргэлтийг авчрах гол найдваруудын нэг нь сошиал сүлжээний “Reddit” компани болж байна. Хэрэглэгчид нь 2021 онд “meme” хувьцааны халуурлыг эхлүүлж байснаараа алдартай, Сан-Францискод төвтэй тус компани ирэх онд хамгийн эртдээ нэгдүгээр улиралд IPO хийхээр төлөвлөж байгаа аж.

Мөн 15 гаруй тэрбум ам.долларын үнэлгээтэй болохоор зорьж буйгаа “Reddit” өнгөрсөн онд мэдээлж байсан юм.

Гадилыг аврах тэмцэл

Дэлхийн гадил жимсний нийт экспортын 99 хувийг Кавендиш сортын гадил бүрдүүлдэг. Кавендиш гадилд цор ганц сул тал бий нь мөөгөнцөрт маш өртөмтгий байдаг.

Tropical Race 4 (TR4) буюу "fusarium odoratissimum" гэх шинжлэх ухааны нэршилтэй мөөгөнцөр нь Зүүн Өмнөд Азийн гадил жимсний тариалангуудад тархаад 40 гаруй жил болж байна. Харин 2013 онд Иорданд бүртгэгдэж, төд удалгүй Африкийн гадилын талбайнуудад үзэгдэх болсон байна.

Уг мөөгөнцөр нь тариалангийн талбайн хөрсөнд нуугдаж, гадилын ургамлын үндсээр нь дамжин довтолдог бөгөөд шим тэжээл, ус авах бүх сувгуудыг нь хааснаар ургамлыг жимсээ өгөхөөс нь өмнө дотроос нь ялзруулдаг. Харамсалтай нь одоогоор үүнд ямар нэгэн эмчилгээ, урьдчилан сэргийлэх арга ч байхгүй байна.

Тэгвэл өдгөө компаниуд болон ЗГ-ууд гадил жимсийг аврахын тулд генийн өөрчлөлтийг сонирхож, Кавендишийн эсэргүүцэх чадварыг хэрхэн сайжруулах аргуудыг идэвхтэй эрэлхийлэх болжээ.

Bloombergtv.mn танд санал болгож байна

  • Уушгины хатгалгааны микоплазмын халдвар Монгол Улсад тархах эрсдэл “Дунд” түвшинд байна

  • “Shein” компани АНУ-д хийх IPO-оо нууцлалын зэрэгт оруулах хүсэлт гаргав

  • Пакистаны рупи Азийн хамгийн тааруу үзүүлэлттэй валют болж энэ оныг үдэх төлөвтэй байна

Онцлох чарт

III улирлын тайлангаар аж үйлдвэрийн салбарын компаниудын зах зээлийн нийт үнэлгээ "Топ-20" индексийн 38.4 хувийг бүрдүүлдэг болж, өмнөх оныхоос 17.9 нэгжээр буурсан байгаа нь банк санхүүгийн салбарын компаниудын эзлэх хувь нэмэгдсэнтэй холбоотой. Мөн он гарсаар үйлдвэрлэгч компаниудын хувьцааны ханш буурсан хөдөлгөөнтэй байна.

Тодруулбал “АПУ” ХК-ийн хувьцааны ханш он гарсаар 26 орчим хувиар, “Монос Хүнс” ХК-ийнх 20 гаруй хувиар, “Сүү ХК”-ийнх 23 гаруй хувиар, “Түмэн шувуут” ХК-ийнх 8.9 хувиар тус тус унажээ. Харин “Говь” ХК-ийн хувьцааны ханш оны эхний 11 сард 2.8 хувиар өссөний зэрэгцээ зах зээлийн үнэлгээ нь өмнөх оны мөн үеэс 5.9 тэрбум төгрөгөөр өсөж, 199.3 тэрбум төгрөг болоод байна.

Өнөөдрийн онцлох зураг

Уран бүтээлч Арбнора Фейза Идризи Гиннесийн номонд бүртгэгдэх дэлхийн хамгийн том оригами урлагийн мозайк бүтээж байгаа нь - Шкендерай, Косово

Armend Nimani/AFP/Getty