- Business newsletter
- Posts
- 2023/11/28
2023/11/28
Powered by:
Гурван өгүүлбэрээр
Нийт 40 орчим улс ирэх онд сонгуулиа хийхээр байна.
2023-2024 оны халаалтын жилд нийслэлд хагас коксжсон шахмал түлш хэрэглэх боломжгүй болжээ.
Натри-ион цэнэг хураагуурын шинэ технологид салбарын аваргууд мөнгө хаяж эхэллээ.
Сонгуулийн “өндөр” жил
Цар тахлын дараах сэргэлтийг балмад хоёр дайн, ужгирсан инфляц, зээлийн өндөр хүү хойш чангааж, дэлхийн эдийн засаг нэг цохилтоос нөгөө цохилт хооронд ганхаж байна. Энэхүү олон талт хямралын эринд ээлжит шуурганы эх үүсвэр нь 2024 оны хуанлиг дүүргэсэн сонгуулиуд байх нь.
40 улс удирдагчдаа сонгоно
Нэгдүгээр сард Тайваниар эхэлж, 11 дүгээр сард АНУ Ерөнхийлөгчөө сонгох хүртэл нийт 40 улс ирэх онд сонгуулиа хийхээр байна. Улс төрийн тайван цаг үед ч энэ нь нэлээн завгүй хуваарьт тооцогдоно. Bloomberg Economics-ийн тооцоолсноор ирэх онд дэлхийн хүн амын 41 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 42 хувийг төлөөлөх иргэд шинэ удирдагчаа сонгох боломжийг эдлэх аж.
Нэн чухал сонгуулиудын өмнө хоёр ч дайны гал дүрэлзэж, АНУ болон БНХАУ-ын зөрчил хурцдаж, улс төрийн туйлууд улам алсарч байгаа нь 2024 онд эдийн засгийн эрс өөрчлөлт гарах магадлалыг ихээхэн нэмэгдүүлж буй. Мөнгөний менежерүүд, компанийн төлөвлөгөө гаргагчдад анхааруулахад 2024 он бол хөрөнгө оруулалтын бодлогоо “автомат горим”-д нь тавих жил яавч биш байх нь.
"Томоохон үр дагавартай жил болно. Тоглоомын дүрэм, бодлогын хүү, зах зээлийн хөдөлгөөн, Засгийн газрын зохицуулалт, бодлого гээд тодорхойгүй бус байдал нэмэгдэх тусам бизнесийн өнцгөөс харвал хүндрэл улам нэмэгдэхээр байна" хэмээн Стэнфорд Их сургуулийн Улс төр судлалын эрдэмтэн Эми Зегарт өгүүлж байна.
Гол сонгуулиудын өнгө
Эрдэс түүхий эдээр баян Индонез, Монгол, Венесуэл, үйлдвэрлэлийн аварга Мексик, геополитикийн халуун цэг Тайвань, Пакистан, Арабын Хавар анх мэндэлсэн Тунис, мөн АНУ-ын Европ дахь холбоотнууд болох Австри, Бельги, Их Британид анхаарал татах өрсөлдөөнүүд явагдах гэж байна.
Тайванийн Ерөнхийлөгчийн сонгууль АНУ, БНХАУ-ын харилцааны ирэх жилүүдийн ерөнхий өнгийг тодорхойлох бололцоотой бөгөөд хэрэв одоогийн Дэд Ерөнхийлөгч Лай Чин-Тэ урьдчилсан төсөөллийн дагуу ялалт байгуулбал хоёр орны харилцаа цаашид улам хурцдах төлөвтэй. Харин 2014 оноос хойш Энэтхэгийг удирдаж буй Ерөнхий сайд Нарендра Моди таамаг эвдэж ялагдал хүлээвэл Хятадын эдийн засаг, цэрэг зэвсгийн давамгайллыг сөрөх хүч болно гэж тус улсад найдлага тавьж байгаа АНУ болон холбоотон улсуудынх нь хөрөнгө оруулагчдыг үргээх магадлалтай.
АНУ-д Ерөнхийлөгч асан Дональд Трамп Bloomberg-ийн сүүлийн санал асуулгаар сонгуулийн үр дүн эргүүлэх чухал мужуудад тэргүүлж байгаа нь БНХАУ, ОХУ, NATO, гадаад худалдаа гээд олон талбар дахь АНУ-ын бодлогын ирээдүйд тодорхойгүй байдал дахин үүсгэх болов. Харин ОХУ-д иргэд нь гуравдугаар сард саналаа өгөх товтой ч В.Путинд дорвитой өрсөлдөөн гарч ирэх магадлал бага байна.
Их Британид ирэх намар болох сонгуулиар сөрөг хүч Хөдөлмөрийн нам Риши Сунакийн Консерватив намыг ялна гэж бүхий л урьдчилсан санал асуулгууд зааж байна. Гэхдээ Британийн эдийн засгийн гүн гүнзгий асуудлуудтай тэмцэхийн тулд тус нам парламентад хангалттай олонх болох шаардлагатай.
Эцэст нь ирэх онд анх удаагаа 126 хууль тогтоогч сонгохоор болсон Монгол Улсыг мөн л түүхэн сонгууль хүлээж байна. Дуулиантай хэргүүд, тэдгээрийг дагасан хууль шүүхийн асуудал, халаа сэлгээ нь эрх баригч намын нэр хүндэд нөлөөлж, харин гол сөрөг хүчин Ардчилсан намын дотоод зөрчилтэй асуудлуудад ахиц төдийлөн гараагүй хэвээр.
Сонгууль угтсан төсвийн тэлэлт нь бодлогын хүү он дамнан өндөр түвшинд хадгалагдахад хүргэж, инфляцыг дахин хөөргөдөх эрсдэл үүссэн энэ үед ирэх сонгуулиас гарах эдийн засгийн үр дагаврыг зураглахад багагүй хүндрэлтэй байна.
Байр суурь
“Хувийн тэтгэвэр нь нийгмийн даатгалыг орлох бүтээгдэхүүн болохгүй. Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хууль учраас иргэд нийгмийн даатгалаа төлдгөөрөө төлнө. Харин иргэд тэтгэврийн хуримтлалтай болох, ААН-үүд ажилтнуудаа тогтоон барих зорилгоор бага зардлаар өндөр үр ашиг санал болгоход чиглэж байгаа. Улсад төлж байгаа татвар хураамжуудыг ажилтны хуримтлал руу чиглүүлэх боломжтой болно гэсэн үг. Гол нь ирээдүйд тэр хуримтлал нь хурдтай өсөх юм” хэмээн Нэйшнл Лайф Даатгал ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Монголхүү бидэнд ярилцлага өгөхдөө онцолж байв.
“АмЧам”-ын чиглэл
АНУ Монголын хөдөө аж ахуйн салбарыг ихээхэн сонирхож байгаа тул энэ чиглэлд хөрөнгө оруулалт татахад анхаарахаа "АмЧам-Монгол" ТББ-ын Бодлого хариуцсан захирал Г.Жавхлантөгс мэдэгдэв. Жил бүр хийдэг уулзалтаа саяхан зохион байгуулж, ТУЗ-ийн 5 гишүүнээ сонгож, тайлангаа танилцуулаад байгаа АНУ-ын Худалдааны танхим 2023 онд бодлогын өмгөөллийн чиглэлд илүү идэвхтэй ажилласнаа онцолжээ.
COP28 Дубайд
12 дугаар сарын эхний хоёр өдөр Дубай хотноо болох Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний чуулга уулзалт буюу COP28-д Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож Монгол Улсын байр суурийг илэрхийлэхийн зэрэгцээ Арабын Нэгдсэн Эмират зэрэг зарим улсын төрийн тэргүүнтэй уулзалт хийхээр байгааг ЕТГ мэдээллээ.
Өмнө жилийн чуулга уулзалтаар Монгол Улс Европын Комисстой “Ойн түншлэлийн тухай харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулж “Ойн түншлэл”-ийн хөтөлбөрт нэгдсэн Азийн анхны орон болж байсан юм.
Дахин нэг өвөл
Энэ өвөл мидлинг түүхий эдээр үйлдвэрлэсэн шахмал түлш түлэх тул утаа багасна гэж урьдчилан хэлэх боломжгүйг Эрчим хүчний сайд мэдэгдэв. Энэ онд 132 мянган тонн хагас коксжсон нүүрс импортолж, 12 дугаар сар болон нэгдүгээр сард гэр хорооллын айл өрхүүдэд нийлүүлэхээр төлөвлөж байсан ч нээлттэй сонгон шалгаруулалт удааширснаар 2023-2024 оны халаалтын улиралд хагас коксжсон шахмал түлш хэрэглэх боломжгүй болжээ.
Лити-ион vs. Натри-ион
Натрид суурилсан цэнэг хураагуурын шинэ технологид салбарын аваргууд мөнгө хаяж эхэлсэн нь эрчим хүчний шилжилтэд нэн чухал үйлдвэрлэлд дахин нэг томоохон өөрчлөлт ирж магадгүйн дохио болж байна. Чулуун давс, давстай усанд агуулагддаг натри нь өдгөө ихэнх цэнэг хураагуурт ашиглагдаж буй литигээс илүү хямд, мөн байгальд харьцангуй өргөн тархалттай тул эрчим хүчний нөөцлөлт, цахилгаан автомашины технологид эрчимтэй нэвтрэх боломжтойд тооцогдож буй.
Өнгөрсөн долоо хоногт Шведийн Northvolt компани кобальт, никелийн агууламжгүй, кг тутамдаа 160 ватт/цагийн нягтшилтай натри-ион цэнэг хураагуур бүтээж, энэ технологид томоохон ахиц гаргаснаа зарласан. Түүнтэй зэрэгцэн Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгч BYD компани 1.4 тэрбум ам.долларын өртөг бүхий натри-ион цэнэг хураагуурын үйлдвэр барих гэрээ хийгээд байна.
Экспатуудад ээлтэй Испани
Лондон, Парис, Берлин, Милан хотууд түүх соёл, гоо үзэсгэлэнгээрээ дэлхий даяар алдартай. Тэгвэл өдгөө энэ хотуудыг холбодог өөр нэгэн ижил төстэй шинж бий болжээ. Экспатууд буюу гадаадын ажиллагчдын хамгийн дургүй хотуудын тоонд тэд бүгд багтаж байна.
Европын энэхүү дөрвөн хот экспатуудад хамгийн ээлтэй хотуудыг тодруулах 12 мянга гаруй хүнийг оролцуулсан судалгаанд нэлээн доогуур эрэмбэлэгджээ. Хотуудын оноог доош татсан гол хүчин зүйл нь амьжиргааны өртөг, түүнчлэн амьдралын чанар, төвхнөхөд хялбар байдал, ажил эрхлэлтийн нөхцөл зэрэг шалгуурууд байсан байна.
Харин тус судалгаанд экспатууд дулаан уур амьсгалтай, хямд орон сууцтай, найрсаг оршин суугчидтай хотуудыг илүүд үзэж буй нь ажиглагджээ. Тиймдээ ч Малага, Аликанте, Валенсиа, Мадрид гэсэн Испанийн дөрвөн хот тэргүүлэх арван хотын дунд багтсан банйа.
Bloombergtv.mn танд санал болгож байна
Тэрбумтан Жак Ма "Ma’s Kitchen Food" хүнсний бизнесээ эхлүүллээ
НҮБ: Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахын тулд махны хэрэглээгээ багасгах хэрэгтэй
“Хар баасан гараг”-т америкчууд цахимаар $9.8 тэрбумын худалдан авалт хийж, дээд амжилт тогтоов
Онцлох чарт
2022 онд дэлхийн хэмжээнд 9.8 сая гигаватт эрчим хүчийг зөвхөн нүүрснээс гарган авсан нь бусад бүх шатах түлшнээс хол илүү үзүүлэлт болжээ.
Өнөөдрийн онцлох зураг
Хөлбөмбөгийн “Эвертон” клубыг санхүүгийн дүрэм зөрчсөн үндэслэлээр 10 оноогоор торгох Английн Премьер лигийн шийдвэрийг эсэргүүцсэн фанат
Paul Ellis/AFP/Getty