- Business newsletter
- Posts
- 2023/11/27 QPay тусгай
2023/11/27 QPay тусгай
Powered by:
Гурван өгүүлбэрээр
QPay системийн ард байдаг “Инновэйшн Инвестмент” компани IPO хийх гэж байна. Ач холбогдлыг нь энэ дугаарт онцоллоо.
Монгол Улсын 2027 он хүртэл төлөх гадаад өр төлбөрийн нийт хэмжээ 3.4 тэрбум ам.доллар.
“Хар Баасан Гараг”-т онлайнаар худалдан авалт хийсэн Америкчууд $9.8 тэрбумыг зарцуулсан нь өнгөрсөн оныхоос 7.5% өсжээ.
QPay ба ээлжит IPO
Монголын бүх банкны аппликэйшнд нэвтэрсэн QPay системийг хөгжүүлсэн “Инновэйшн Инвестмент” компани технологийн салбарын ээлжит IPO-г хийх гэж байна. Гадаадын зах зээлд гарахаар зорьж байгаа тус компанийн бий болгосон үнэ цэн, өсөлтийн замнал, цаашдын төлөвлөгөөг илүү ойроос харцгаая.
Төлбөрийн системийн зангилаа цэг
Өнгөрсөн оны байдлаар дотоодод нийт гүйлгээний 90 орчим хувь нь карт, банкны аппликейшн гэх мэт бэлэн бус хэлбэрээр хийгдэж байгааг Монголбанкны Төлбөр тооцооны газраас мэдээлж байв. Мөн хөдөлгөөнт банкны үйлчилгээний хэрэглэгчид 2023 оны II улиралд давхардсан тоогоор 6.8 саяд хүрснээс нийт гүйлгээний тэн хагасыг нь зөвхөн банкны апп-аар хийсэн гүйлгээ бүрдүүлжээ. Тэгвэл банкнууд дундаа ийнхүү нэгдсэн платформтой болж, бэлэн бус гүйлгээг улам хялбаршуулах боломжийг бүрдүүлэхэд QPay систем голлох үүрэгтэй “зангилаа цэг” байдлаар оролцсон юм.
QPay технологийн шийдлээ маш сайн хөгжүүлж, ялангуяа банк хоорондын гүйлгээний аюулгүй байдал, нууцлалын стандартыг өндөр түвшинд хангаж чадсан нь зах зээлд одоогийн байр сууриа олох түлхэц болсныг “Гэрэгэ Эстимэйт” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Гантулга онцолж байлаа.
2022 онд QPay-ээр дамжин 63 сая гүйлгээ хийгдсэн нь Монгол Улсын бэлэн бус төлбөр тооцооны зах зээлийн 4.1 гаруй хувийг эзэлсэн байна. Сүүлийн таван жилд улсын хэмжээнд нийт бэлэн бус гүйлгээний тоо жилд дунджаар 37 хувиар өсөж байхад QPay үйлчилгээгээр дамжсан гүйлгээний тоо 216 хувиар өсөж байжээ. Харин хамгийн консерватив төсөөллөөр авч үзвэл QPay 2027 онд зах зээлийнхээ 12.5 хувийг эзэлдэг болно гэж “Гэрэгэ Эстимэйт” тооцоолжээ.
Тогтвортой өсөлтөө хадгална
“Инновэйшн Инвестмент” компани олон нийтэд компанийнхаа 20 хувийг, нэгж хувьцаа тус бүрийг нь 225 төгрөгөөр үнэлэн санал болгож 8.3 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Хувьцааны төвлөрөл харьцангуй багатай тус компани нийтэд санал болгох хувьцааныхаа 85 хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад хуваарилж буй нь энэ IPO-ийн онцлог болохоор байна.
Компанийн цэвэр ашиг өнгөрсөн онд 3.5 тэрбум төгрөг хүрсэн бөгөөд 2027 он хүртэл жилийн дундаж өсөлт 40 гаруй хувь, ахиуц ашиг болон өөрийн хөрөнгийн өгөөж дунджаар 42 хувьтай байх төсөөлөл гаргажээ. 2022 оны эцсийн байдлаар QPay систем арилжааны 11 банк, олон улсын төлбөр тооцооны хоёр үйлчилгээтэй бүрэн холбогдсон бөгөөд 7,300 гаруй байгууллагуудтай системийн холболт хийсэн байна. Тэр дундаа худалдаа үйлчилгээ, санхүү, финтек, Төрийн үйлчилгээ зэрэг бүх сувагт бүрэн нэвтэрч төлбөр тооцоог гүйцэтгэж байна.
Хил хязгаар харгалзахгүй тэлнэ
“Инновэйшн Инвестмент” татан төвлөрүүлсэн хөрөнгөө бэлэн бус төлбөрийн зах зээл дэх үйл ажиллагааны тэлэлт болон техник тоног төхөөрөмж, мэдээллийн аюулгүй байдлын дэд бүтцийг сайжруулах зэрэгт зарцуулахаар төлөвлөөд буй. Мөн тус компани 2024 онд “BPay” буюу Монголын биллинг үйлчилгээний нэгдсэн санг бий болгож Төрийн үйлчилгээ, хувийн хэвшлийн нэхэмжлэх суурьтай төлбөр тооцооны үйлчилгээг нэвтрүүлэхэд бэлэн болжээ. Үүний үр дүнд хэрэглэгчид өөрийн ашигладаг дурын аппликэйшнээр дамжуулан цахилгаан, дулаан, ус, СӨХ, интернет, IPTV гэх мэт хэрэглээний бүх төлбөрөө хялбараар төлөх, хянах боломж бүрдэх юм.
Картаар гүйлгээ хийхээ бараг больж, “WeChat”, “Alipay” зэрэг цахим төлбөр тооцооны системүүдийг бүрэн нэвтрүүлсэн гэж болох БНХАУ-ын зах зээл тус компанийн гадаад дахь тэлэлт, хамтын ажиллагааны эхлэл болох боломж өндөр байна. Үүнээс гадна Төв Азийн зах зээлд бэлэн бус төлбөр тооцоог дөнгөж ойлгох шатандаа яваа тул “Инновэйшн Инвестмент”-ийн дижитал төлбөр тооцооны зах зээл цаашид улам томрох нь ойлгомжтой болохыг энэ IPO-ийн туслах андеррайтераар ажиллаж буй “Инвескор Капитал” ҮЦК-ийн Гүйцэтгэх захирал Л.Билгүүн онцолж байлаа.
Гадаадад тэлэх төлөвлөгөөний хувьд компани 12 дугаар сараас Зүүн Өмнөд Азийн зах зээлд ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагатай хамтран картын токенжуулалт, QR төлбөр тооцоо, цахим болон бусад төлбөр тооцооны чиглэлээр ажиллахаар зорьж байгаа аж.
Шинжээчийн үг
Монгол Улс Засгийн газар өнгөрсөн долоо хоногоос эхлэн Хонгконг, Сингапур, Лондон, Нью-Йорк хотуудад үнэт цаас танилцуулах арга хэмжээ буюу “roadshow” хийж, шинээр бонд босгохоор ажиллаж байна. 500 орчим сая ам.долларын дүнтэй байх хүлээлттэй байгаа тус шинэ бондыг 2024 онд хугацаа нь дуусах “Хуралдай” бондын үлдэгдэл 392.5 сая ам.долларыг дахин санхүүжүүлэх, хугацаанаас нь өмнө буцаан авах зорилгоор гаргаж буй. Энэ онд Монгол Улс 400 сая ам.долларын өр төлбөр эргэн төлөх хуваарьтай бол 2027 он хүртэл төлөх гадаад өр төлбөрийн нийт хэмжээ 3.4 тэрбум ам.доллар байгааг “Ти Ди Би Секьюритис ҮЦК” тооцоолжээ.
“Анх 2012 онд Монгол Улс олон улсын зах зээлд Чингис бондыг гаргаж, 1.5 тэрбум ам.доллар босгож байлаа. Түүнээс хойш бондыг байнга хугацааг нь сунгах замаар явж ирсэн. 2012 онд ам.долларын ханш 1,392 байсныг өнөөдрийн ханштай харьцуулж үзвэл бид өдгөө нэг жилд 885.5 сая ам.доллартой тэнцэх хэмжээний төгрөгийг дотоодын зах зээлээс дайчилж, хүүгийн төлбөрт зарцуулж байна. Өөрөөр хэлбэл 2012 оноос хойш бондын хүүгийн үйлчлэл 2.47 дахин нэмэгджээ” хэмээн “Ти Ди Би Секьюритис ҮЦК”-ийн Дэд захирал Г.Энхбат онцолсон юм.
Түлшний асуудал
Өнгөрсөн долоо хоногт баруун аймгуудад дизель түлшний нөөц шавхагдаад байсан бол УУХҮЯ ОХУ-ын компаниудтай яриа хэлэлцээ хийсний үр дүнд Боршоо, Цагааннуурын боомтоор дизель түлш авч, нийлүүлэлт харьцангуй тогтворжжээ. Хэдий тийм боловч асуудал бүрэн шийдэгдээгүй байгаа тул Улаанбаатараас баруун аймаг руу тээвэрлэж байсан дизель түлшийг төв, зүүн бүсийн хэрэглээ рүү шилжүүлж, Тавантолгой, Оюутолгой, Эрдэнэс-Тавантолгойн хэрэглээг БНХАУ-ын импортоор хангахыг шахаж буйг Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд мэдээлж байв.
ОХУ-ын Засгийн газар есдүгээр сарын 21-нд газрын тосны олон улсын экспортод хориг тавьсны дараах гурван долоо хоногт Монгол Улс дотоод дахь бүх нөөцөө хэрэглэсэн тул БНХАУ-аас нэмэлтээр дизель түлш импортолж байгаа аж.
Цагаан жагсаалтад
БНХАУ-ын Засгийн газраас санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөл хангасан үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгч 50 компанийн тоонд “Country Garden Holdings”, “Sino-Ocean” компаниуд багтсан байна. Түүнчлэн өр, төлбөрөө төлж чадаагүй “CIFI Holdings” компани ч "цагаан" жагсаалтад оржээ. Зохицуулагчид дэмжлэг үзүүлэх компаниудын жагсаалтыг ойрын өдрүүдэд баталж банк, санхүүгийн байгууллагуудад мэдээллийг нь хүргэх аж.
Банкирууд гутлаар ижилсэв
Арга хэмжээнд өөр хэн нэгэн оролцогчтой ижилхэн хувцаслаж ирэх нь багагүй санаа зовмоор нөхцөл байдал үүсгэдэг. Тэгвэл "Golden Goose" компанийн танилцуулах уулзалтад оролцсон банкируудын хувьд байдал ямар байсныг төсөөлөөд үзээрэй.
IPO хийж магадгүй байгаа "Golden Goose"-тэй хамтран ажиллах боломж хайхаар Милан дахь оффист нь зочилсон хөрөнгө оруулалтын 20 гаруй банкир тус компанийн гол бүтээгдэхүүн 600 ам.долларын үнэтэй спорт гутлыг өмсөж ирцгээжээ. Тэдний нэг нь уулзалтын өмнө брэндийн дэлгүүр рүү яаран очиж тус гутлыг худалдан авсан ч нэлээн хэдэн өрсөлдөгч нь яг ижил зүйл бодсон байсныг анзаарснаа хуваалцсан байна.
Тэйлор Свифт, Селена Гомез тэргүүтэн анх өмсөж алдаршуулсан тэрхүү спорт гутлыг үйлдвэрлэдэг "Golden Goose"-ийн үнэлгээг одоогоор арваад банк 3-4 тэрбум еврогийн хооронд тогтоогоод байгаа аж.
Баффетын гэрээслэл
Нас барсных нь дараа хөрөнгийг нь буяны үйлсэд хандивлах бөгөөд захиран зарцуулалт нь олон нийтийн хяналтад нээлттэй байхыг тэрбумтан Уоррен Баффет гэрээслэлдээ тусгахаа мэдэгджээ. Нийт хөрөнгийнхөө 99 гаруй хувийг буяны үйлсэд зориулахаа амлаад буй тэрбээр гэрээслэлээ аливаа итгэмжлэгдсэн сан, гаднын байгууллагад өгөхгүй, харин өөрийн амьдардаг Небраска мужийн Омаха хотын шүүхэд олон нийт шалгах боломжтойгоор хүлээлгэж өгөхөө мөн онцолсон байна.
Уоррен Баффет 120.8 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр “Bloomberg”-ийн тэрбумтнуудын индексийн есдүгээрт бичигдэж буй. Энэ онд түүний хөрөнгө 13.3 тэрбум ам.доллароор нэмэгджээ.
Энэ 7 хоногт анхаарч байх үйл явдлууд
Жил бүр Талархлын баярын дараа болдог “Cyber Monday” хямдралтай худалдаа дэлхий даяар явагдана.
ХБНГУ, Франц, Испанийн хэрэглээний үнийн индекс, Итали, Канад, Энэтхэгийн ДНБ-ны тайлан мэдээлэл танилцуулагдана.
Лхагва гарагт ЭЗХАХБ-аас хоёр жил тутам танилцуулдаг эдийн засгийн төлөв, шинэ төсөөллөө танилцуулна.
Мөн лхагва гарагт АНУ-ын Холбооны нөөцийн банк бүс нутгуудын эдийн засгийг дүгнэсэн “Beige Book” тайлангаа гаргана.
Пүрэв гарагт OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг 2024 оны гарцын хэмжээгээ тогтоохоор хуралдана.
Онцлох чарт
Цахилгаан автомашины цэнэг хураагуурын гол түүхий эд литийн үнэ он гарсаар 75 хувиар унаад байна. Өнгөрсөн пүрэв гарагт БНХАУ-ын зах зээлд литийн карбонатын үнэ 2.3 хувиар буурч, энэ сард л гэхэд 20 хувиар унажээ.
Дэлхийн хэмжээнд литийн зах зээл 2028 он хүртэл хомсдолд орохгүй гэж “Benchmark Mineral Intelligence”-ийн шинжээчид тооцоолжээ. Литийн үнэ өмнөх хоёр жилийн хугацаанд тасралтгүй өсөж байсан ч энэ онд нийлүүлэлтийн илүүдэл өндөр түвшинд байгаагаас үнэ нь буурах гол шалтгаан болж байгаа аж.
Өнөөдрийн онцлох зураг
Талархлын баярыг тохиолдуулан “Macy’s” компанийн Нью-Йорк хотод зохион байгуулсан баярын жагсаалын үеэр
Noam Galai/WireImage/Getty