2023/11/24

Powered by:

Гурван өгүүлбэрээр

  1. “Mongolian Growth Group” компани Монгол дахь бизнесээ зогсоож буйгаа мэдэгдлээ

  2. “CU”-ийн олон улс дахь салбар дэлгүүрийн тоо 500 давснаас 370 нь Монголд байна

  3. МАДА ТББ: Төрөөс татварын хөнгөлөлт үзүүлбэл импортоор орж ирэх цахилгаан автомашины үнэ 15-20% хямдрах боломжтой

20,000 боломжгүй тоо биш…

Монголд сүүлийн 4-5 жилийн хугацаанд цахилгаан автомашины эрэлт хурдацтай нэмэгдэж буйг жил бүрийн импортын тоо мэдээлэл харуулж байна. Тухайлбал өнгөрсөн онд дээд үзүүлэлт буюу нийт 281 цахилгаан автомашин орж ирж байсан бол энэ оны эхний 10 сарын байдлаар 400 орчмыг импортлоод байгааг Монголын Автомашины Дистрибьюторуудын Ассоциаци ТББ мэдээлж байна.

Тэгвэл энэ онд импортолсон цахилгаан автомашинуудын 306 нь зөвхөн БНХАУ-аас орж ирсэн бөгөөд тэр дундаа BYD компанийн 121 автомашин орж ирсэн нь бусад үйлдвэрлэгчдийг хол хаясан үзүүлэлт болжээ.

Монголд бүртгэлтэй бүрэн цахилгаан автомашины тоо 2020 оныхоос өдгөө гурав дахин нэмэгдэж 1,000 давжээ. Монгол Улс 2026 он гэхэд 20 мянган цахилгаан авто машин хэрэглээнд нэвтрүүлэх буюу одоо бүртгэлтэй байгаа цахилгаан автомашины тоог гурван жилийн дотор бараг 20 дахин нэмэгдүүлэх маш том зорилт тавиад байгаа. Гэхдээ органик байдлаар жилдээ 400 давсан цахилгаан автомашин орж ирж буйг харвал ирэх 3-4 жилийн хугацаанд төр, нийслэлийн удирдлага, хувийн хэвшил хамтраад зүтгэвэл 20 мянга гэдэг боломжгүй тоо биш болохыг МАДА ТББ-ын Гүйцэтгэх захирал С.Баасанбаяр онцолж байсан юм.

Үүний тулд яах вэ?

Цахилгаан автомашины хэрэглээг дэмжих асуудлаар анх удаа төр, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачдын хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж, бодлогоо боловсруулаад ЗГ-ын хуралдаанаар батлуулахаар оруулаад байгаа аж. Монголын хүйтэн цаг агаар мэдээж нэн тэргүүний хүндрэл бэрхшээл болох тул цэнэглэх станцын дэд бүтэц яаралтай байгуулах, түүнтэй холбоотой стандарт, дүрэм журмуудыг гаргахад ЗГ бодлогын хувьд дэмжих хэрэгтэйг мэргэжилтнүүд хэлж буй. Ямартаа ч цахилгаан автомашин олноороо орж ирсний дараа бус, ид өсөн нэмэгдэж байх үед нь бодлогоо боловсруулахаар хөдөлж буй нь олзуурхууштайг С.Баасанбаяр мөн дурдсан.

Үнийн сорилт

“S&P Global Mobility”-ийн саяхны судалгаагаар цахилгаан автомашиныг өргөн хэрэглээнд нэвтрүүлэхэд өндөр үнэ саад болж байгаа гэдэгт хэрэглэгчид санал нэгджээ. Хэдийгээр өнгөрсөн онд цахилгаан автомашины дундаж үнэ тодорхой хэмжээгээр буурсан ч үнэтэй хэвээр байна гэж судалгаанд оролцогчдын 48 хувь нь үзсэн байна.

Тэгвэл Монголд 6-7 компани цахилгаан автомашин албан ёсоор оруулж ирж байгаа бөгөөд үнийн хувьд доод тал нь 90 сая, дээд тал нь 300 сая орчим байна. Харин Төрөөс татварын хөнгөлөлт үзүүлбэл импортоор орж ирэх цахилгаан автомашины үнэ 15-20 хувиар хямдрах боломжтойг МАДА ТББ-аас онцолж байна.

Байр суурь

“Сүүлийн 1-2 жилийн хугацаанд Монголын уул уурхайн салбарт хөрөнгө оруулах гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдсэн харагдаж байгаа. Гэхдээ энэ нь зүгээр л сонирхол гэдгийг дахин хэлэх хэрэгтэй. Бизнест хөрөнгө оруулна гэдэг нь зөвхөн хууль эрх зүйн орчноос гадна эдийн засгийн ач холбогдолтой шийдвэр. Тэгэхээр хөрөнгө оруулалт татахын тулд дан хуулийн орчин гэхээсээ илүү үндсэн зах зээлээ тэлэх, шударга өрсөлдөөнийг бий болгох, ханшийн эрсдэлээс хамгаалах гэх мэт цогцоор нь таатай орчин бий болгох хэрэгтэй. Ганц хоёр хууль баталлаа гээд хөрөнгө оруулагчид орж ирэхгүй” хэмээн Мелвилл Эрдэнэдалай хуулийн фирмийн Гүйцэтгэх захирал О.Эрдэнэдалай бидэнд ярилцлага өгөхдөө тодотгож байв.

MGG Монголоос гарна

“Mongolian Growth Group” компани Монгол дахь бизнесээ зогсоож буйгаа мэдэгдлээ. Эдийн засаг сэргэлгүй хэт удсанаар өнгөрсөн жилүүдэд алдагдалтай ажилласан нь уг шийдвэрт нөлөөлснийг үл хөдлөх хөрөнгийн үйлчилгээ эрхэлдэг тус компани онцолсон байна. 2023 оны III улиралд MGG Монголд байршилтай сүүлийн үл хөдлөх хөрөнгүүдээ зарж дуусгасан бөгөөд он дуусахаас өмнө Монгол дахь үйл ажиллагаагаа бүрэн эцэслэж гарахаар байгаа аж.

Ипотек ирэх онд

Ипотекийн хөтөлбөрийг Засгийн газар шилжүүлэн авах хүртэлх хугацаанд тасралтгүй байдлыг нь хангахын тулд зээлийн эргэн төлөлтөөс санхүүжүүлэхээр Төрөөс 2024 онд баримтлах мөнгөний бодлогын чиглэлийн тогтоолын төсөлд тусгасан байна. Статистик мэдээллээс харвал аравдугаар сард шинээр 235 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосноос 120 гаруй тэрбум төгрөг нь жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийн эх үүсвэрт хамаарч байгаа аж.

Түүнчлэн тогтоолын төсөлд гадаадын банкны бие даасан салбар, нэгжийг дотоодын санхүүгийн салбарт нэвтрүүлж, шаардлагатай хууль эрх зүйн зохицуулалтыг шинэчлэхээр мөн тусгажээ.

Ургамлын тосны өрсөлдөөн

Монгол Улсын ургамлын тосны жилийн дундаж хэрэглээ 20 мянган тонн байгаагаас 25 хувийг нь дотоодын үйлдвэрлэгч “Майнд Тэч” ХХК бүрдүүлэх болжээ. Тус компани гений өөрчлөлтгүй, транс тосны агууламжгүй ургамлын тос гарган авч, дотоодын зах зээлээс гадна БНСУ, Япон улсад нийлүүлж байна.

“Дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд ижил төрлийн импортын бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүлэх шаардлагатай байна” гэж “Майнд Тэч”-ийн Гүйцэтгэх захирал У.Мөнхжаргал онцолж байв. Ургамлын тосны зах зээлд давамгайлж буй импортлогчид таван хувийн татвар төлж байхад дотоодын үйлдвэрлэгчдэд ирэх татварын дарамт 20 хувь даваад байгаа аж.

CU & Монгол

БНСУ-ын сүлжээ дэлгүүр “CU”-ийн олон улс дахь салбар дэлгүүрүүдийн тоо 500 давсныг “The Korea Economic Daily” мэдээлжээ. Сонирхолтой нь “CU”-ийн нийт олон улс дахь салбар дэлгүүрийнх нь 72.5 хувь нь Монголд байдаг аж. Тодруулбал Монгол Улс дахь салбар дэлгүүрийн тоо 2018 онд 21 байсан бол энэ оны 11 дүгээр сарын байдлаар нийт 370 болж огцом нэмэгджээ.

“CU” нь анх 2018 онд Монголд, 2021 онд Малайзад нээгдсэн бол 2024 оны эхний хагас жилд Казахстанд анхны салбар дэлгүүрээ нээхээр төлөвлөж байгаа аж. Одоогоор 100 сая гаруй гадаад хэрэглэгчдэд хүрч үйлчилж байгаа бол ирэх онд 150 саяд хүрнэ гэж мөн тооцоолжээ.

$230 мянга+Термометр

Швейцарын тансаг зэрэглэлийн цаг үйлдвэрлэгч MB&F компани дөрвөн өрөөтэй орон сууцыг санагдуулам авангард хийцтэй "Horological Machine No. 11" цагаа танилцууллаа. Уг цагны цэнхэр болон алтлаг улаан өнгийн нүүртэй хоёр загварыг хязгаартай тоогоор худалдаалах юм байна. Тодруулбал хоёр загвараас тус бүр 25 ширхгийг үйлдвэрлэж, 230 мянган ам.долларын үнэтэйгээр худалдаанд гаргах аж.

"Horological Machine No. 11" нь дугуй хэлбэртэй, нүүрнийх нь төв хэсгээс ирмэг рүү хандсан конус хэлбэрийн дөрвөн "өрөө"-тэй бүтээгджээ. Нэг өрөөнд нь механик цаганд ховорхон харагддаг термометр байрлуулснаараа онцлог аж.

Bloombergtv.mn танд санал болгож байна

  • Европт эдийн засгийн тааруу өсөлт санхүүгийн тогтвортой байдалд эрсдэл учруулахаар байна

  • Хенри Кравис, Стивен Шварцман, Дэвид Рубенштэйний стратеги ба хаалттай компанид хөрөнгө оруулахуй

  • S&P Global: Эрчим хүчний шилжилтийн чиглэлд хийж буй ажлууд эрчимжих ч сорилтууд байна

Онцлох чарт

Тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэхэд дэлхийн хөгжиж буй орнуудад жил бүр сэргээгдэх эрчим хүчний төсөлд чиглэсэн 1.7 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай боловч 2022 онд тэдгээр орнууд энэ чиглэлд ердөө 544 тэрбум ам.долларын ГШХО татсаныг НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал 2023 оны Дэлхийн хөрөнгө оруулалтын тайландаа онцолжээ.

Өнөөдрийн онцлох зураг

Токио дахь “teamLab Borderless” дижитал урлагийн музейд тавигдсан “Хөөсөн ертөнц” интерактив уран бүтээл

Kazuhiro Nogi/AFP/Getty