- Business newsletter
- Posts
- 2023/11/23
2023/11/23
Powered by:
Гурван өгүүлбэрээр
Олон их наяд ам.доллароор хэмжигдэж буй хувийн хөрөнгө оруулалтын зах зээлийн хувьслыг энэ дугаарт онцоллоо.
Монгол Улсын нүүрсний экспортын хэмжээ энэ онд нийт 60 сая тоннд хүрч, бүх цаг үеийн дээд үзүүлэлтээ эвдэв.
QPay-ийг нэвтрүүлсэн “Инновэйшн Инвестмент” компани олон нийтэд 20 хувиa санал болгож, ₮8.3 тэрбумыг босгоно.
Хувийн хөрөнгө оруулалт - Өмнө ба одоо
Нийтэд нээлттэй зах зээлээс гадуур хөрөнгө оруулалт хийдэг сангуудаас (Private equity) бүрддэг хувийн хөрөнгө оруулалтын зах зээлийн удирдаж буй хөрөнгө олон их наяд ам.доллароор хэмжигдэж, олон ч тэрбумтaн төрүүлээд байна. 80-аад онд “KKR” компани тамхи үйлдвэрлэгч “RJR Nabisco”-г худалдан авсны дараа ид хүчээ авсан хувийн хөрөнгө оруулалт, алтернатив хөрөнгө оруулалтын салбар түүнээс хойш ихийг үзэж туулсаар өдийг хүрчээ.
Хенри Крависын “KKR”, Стив Шварцманны “Blackstone”, Дэвид Рубенштэйний “Carlyle”, Жим Колтерын “TPG” гэсэн томчууд Санхүүгийн салбарын дээрэмчид хэмээн цоллуулж анх гарч ирж байсан бол өдгөө уг тогтолцооны ганхашгүй, хамгийн чухал хэсэг болон байр сууриа олжээ.
Мөн Ким Кардашьян гэх мэт бусад салбарын янз бүрийн төлөөлөгчид тус зах зээлд нэгдэх болов. Энэ оны эхээр манай сурвалжлах баг Дэвид Рубенштэйн эрхэмтэй Давост тусгай ЯРИЛЦЛАГА хийсэн бөгөөд энэ ярилцлага түүний стратегийн талаар чамгүй мэдээлэл хүргэсэн билээ.
Өнгөрсөн хугацаанд хувийн хөрөнгө оруулалтын зах зээл нүсэр хэмжээнд тэлж, хөрөнгө нь өнөөдрийн байдлаар 12 их наяд ам.доллар хүрснээс “Blackstone” 1 их наяд ам.доллар давсан хөрөнгийг дангаараа удирдаж байна. Харин “KKR”-ийнх 500 тэрбум, “Carlyle”-ийнх 400 тэрбум орчим байгаа юм. Гэхдээ тэд үүний тулд харилцан адилгүй замаар замнасан гэхэд болно.
“Blackstone”-ийн хувьд олон нийтийн зах зээлээс шууд нэвтрэх боломжгүй байх магадлалтай дата, мэдээллийг олж авахыг чухалчилжээ.
Харин “KKR” Ази руу томоохон алхам хийж, хувьцаа эзэмшигчид чиглэсэн капитализмыг сонгожээ. "Хувийн хөрөнгө оруулалт бол төгс биш. Капитализм ч төгс биш. Гэхдээ энэ нь бүхий л талаараа компанийн үйл ажиллагааг авч явах хамгийн сайн арга зам" хэмээн “KKR”-ийн Хувийн хөрөнгө оруулалтын хэлтсийн олон улс хариуцсан захирал Питер Ставрос онцолсон байна.
Гэхдээ салбарын томчуудын хувьд энэ нь дөнгөж эхлэл аж. Ердөө л нэг хөрөнгийн удирдлагын сайн компанийг бус цагийн шалгуурыг давсан дэлхийн хамгийн агуу компаниудын нэгийг бүтээх нь Стив Шварцманы алсын хараа болохыг “Blackstone”-ийн Санхүү хариуцсан захирал Майкл Чэ өгүүлжээ.
Нүүрс & түүхэн үзүүлэлт
Он дуусахаас 40 хоногийн өмнө Монгол Улсын нүүрсний экспортын хэмжээ нийт 60 сая тоннд хүрч, төлөвлөсөн хэмжээнээс 10 сая тонноор давсныг Засгийн газраас мэдээллээ. 2023 оны төсвийн тухай хуульд энэ онд 50 сая тонн нүүрс экспортлохоор тооцож байсан юм. Цар тахлын өмнө буюу 2019 онд 36.7 сая тонн нүүрс экспортолсон нь түүхэн дээд үзүүлэлт болж байсан бол энэ онд ийнхүү амжилтаа шинэчлэн тогтоож байна.
Тэгвэл 2024 онд Монгол Улсын нүүрсний экспортын биет хэмжээг мөн 60 сая тоннд хүргэхээр төсөвт тусгаад байгаа юм.
Aero Mongolia-г торгоно
“Vietnam Airlines” болон “Aero Mongolia” компаниудыг БНСУ-ын агаарын тээврийн хууль, тогтоомжийг зөрчсөн гэх шалтгаанаар тус улсын тээврийн яамнаас торгууль ногдуулахаар болсныг “Yonhap” агентлаг мэдээлжээ. Долоодугаар сарын 1-нээс хойш Инчон-Улаанбаатар чиглэлд зөвшөөрөлгүй нислэг үйлдсэн асуудлаар “Aero Mongolia” компанид 10 сая воны торгууль ногдуулахаар болсон байна.
Тэлэхэд бэлэн
QPay системийг нэвтрүүлсэн “Инновэйшн Инвестмент” компани олон нийтэд компанийнхаа 20 хувийг санал болгож, 8.3 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөж байна. Мөн гаргасан хувьцааныхаа 85 хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад санал болгох аж. Компани татан төвлөрүүлсэн хөрөнгөө бэлэн бус төлбөрийн зах зээл дэх үйл ажиллагааны тэлэлт, олон улсын зах зээлд үйл ажиллагаагаа өргөжүүлэхтэй холбоотойгоор хүний нөөц, менежментийн ур чадварыг сайжруулах зэрэгт зарцуулахаар төлөвлөжээ.
Тэгвэл Монгол Улсын бэлэн бус гүйлгээний үнийн дүн 2027 он хүртэл жилд дунджаар 18 хувиар өсөх төлөвтэйг Монголбанкны тайланд дурдсан байна. 2022 оны байдлаар нийт гүйлгээний 90 орчим хувь нь карт, банкны аппликейшн, гар утас зэрэг цахим хэрэгслээр хийгдэж байгааг Төв банкны Төлбөр тооцооны газрын захирал өмнө нь бидэнд мэдээлж байв.
Jade Gas-ийн төлөвлөгөө
“Jade Gas” компани өвлийн улирлын хүндрэлүүдээс үүдэн үйл ажиллагааны алдагдал хүлээх эрсдэлээс сэргийлэх зорилгоор өрөмдлөгийн хөтөлбөрөө 2024 оны санхүүгийн жилийн I улиралд болгож хойшлуулахаар болжээ. Нүүрсний давхаргын метан хийн төсөл хэрэгжүүлж буй тус компани мөн ирэх санхүүгийн жилд “Баруун Наран”, “Улаан Уул” зэрэг талбайд үйл ажиллагаагаа тэлэхээр төлөвлөснөө мэдээлсэн байна.
Үнэлгээ хэвээр үлдэв
“Moody's” агентлаг Худалдаа Хөгжлийн банк ХК-ийн зээлжих зэрэглэлийг “B3” түвшинд баталгаажуулж, төлөвийг "Тогтвортой" хэвээр үлдээлээ. Монгол Улсын эдийн засаг, уул уурхайн салбар өсөлттэй байгаа нь банкны салбарын активын чанар, ашигт байдалд дэмжлэг болсноор тус банк ирэх 12-18 сарын хугацаанд зээлжих чадамж нь хэвийн байна гэж тус агентлаг үзжээ.
Анхны худалдан авалт
Ким Кардашьян, Жэй Сэммонс нарын удирддаг хөрөнгө оруулалтын компани “Skky Partners” тансаг зэрэглэлийн зоогт ашигладаг ховор орц болох трюфельтэй амтлагч нийлүүлдэг “Truff”-ийн хувьцааг худалдан авч, хувийн хөрөнгө оруулалтын зах зээлийн амтыг анх удаа мэдэрчээ. Хэрэглэгчийн зах зээлд төвлөрдөг тус компани “Truff”-ийн цөөнхийн хувьцаанаас багагүй хувийг худалдан авсныг ойрын эх сурвалж мэдээлсэн байна.
“Truff” брэнд нэрийн дор бизнес эрхэлдэг “Sauce Ventures” компани нь трюфелийн орц бүхий олон төрлийн дээд зэрэглэлийн амтлагч үйлдвэрлэдэг байна. Гол бүтээгдэхүүнүүд нь майонез, тос, давс, халуун ногоотой сүмс, пастаны сүмс зэргээс бүрддэг аж.
Олтмэний драм
OpenAI компани Сэм Олтмэнийг Гүйцэтгэх захирлын албан тушаалд нь эргүүлэн томилж, мөн Төлөөлөн удирдах зөвлөлийнхөө гишүүдийг шинээр бүрдүүлэх шийдвэр гаргалаа. Тус стартапын бараг бүх ажилтан Олтмэнийг гэнэтийн байдлаар халсан явдлыг эсэргүүцэж, ажлаасаа гарахаар сүрдүүлсэн нь эцэстээ энэхүү шийдвэрт хүргэжээ.
Компанийн шинэ ТУЗ-ийг өмнө нь Salesforce.com-ийн Гүйцэтгэх захирал байсан Брет Тэйлор удирдах бол АНУ-ын Сангийн сайд асан Ларри Саммерс, Quora-ийн Хамтран үүсгэн байгуулагч Адам Д'Анжело тэргүүтэй нөлөө бүхий эрхмүүд бүрэлдэхүүнд нь багтаж буйг компани X платформ дээр мэдээлжээ.
Bloombergtv.mn танд санал болгож байна
X сард шинээр ₮235 тэрбумын ипотекийн зээл олгосноос ₮120 тэрбум нь 6 хувийн хүүтэй зээл байжээ
Юанийн ам.доллартой харьцах ханш оны эцэст 7 нэгжид хүрч магадгүй
Дэлхийн дулаарлыг 1.5 хэмээс хэтрүүлэхгүй байх магадлал 14 хувьтай байна
Онцлох чарт
Дэлхийн хэмжээнд цөмийн эрчим хүчний эрэлт эргэн нэмэгдэхтэй зэрэгцээд нийлүүлэлтийн сүлжээний доголдол хэвээр байгаа нь ураны үнийн өсөлтөд нөлөөлж, сүүлийн 15 жилд анх удаа фунт нь 80 ам.доллар давлаа. Ялангуяа дэлхийн ураны нийлүүлэлтийн 5 орчим хувийг бүрдүүлдэг Нигер улсад болсон төрийн эргэлтийн улмаас Европын цөмийн реакторуудад тээвэрлэлт нь тасалдаад байгаа аж.
Өнөөдрийн онцлох зураг
Токиогийн Шова Кинэн цэцэрлэгт хүрээлэнд гинкго моддын дэргэдүүр алхах хүмүүс
Kazuhiro Nogi/AFP/Getty