2023/11/22

Powered by:

Гурван өгүүлбэрээр

  1. Монгол Улсын ЗГ 2024 онд төлөгдөх “Хуралдай” бондыг буцаан худалдан авах саналыг хөрөнгө оруулагчдад тавилаа.

  2. Дотоодод шүдний оо үйлдвэрлэж буй хоёр аж ахуйн нэгж зах зээлийнхээ нэг хүрэхгүй хувийг хангаж байна.

  3. БНХАУ-ын ОХУ-аас импортолсон нүүрсний хэмжээ 7.64 сая тн болж найман сарын доод түвшиндээ хүрчээ.

Шүдний ооны зах зээл

Цар тахлын дараах сэргэлтийг даган дотоодод шүдний ооны зах зээл ч тэлж байна. Тухайлбал өнгөрсөн онд 13.3 сая ам.долларын үнийн дүн бүхий шүдний оо импортолсон нь цар тахлын өмнөх үе буюу 2019 оныхтой харьцуулахад 34 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Улсын хэмжээнд 897 мянган айл, өрх бий гэсэн тоонд үндэслэн тооцвол шүдний ооны жилийн хэрэглээ 25 сая ширхэг байна.

Тэгвэл өнөөдрийн байдлаар шүдний оо импортолж буй 114 аж ахуйн нэгжийн долоо нь зах зээлийнхээ 80 орчим хувийг хангадаг аж. Харин үлдэж буй 12 хувь дээр бусад аж ахуйн нэгжүүд өрсөлдөж байгаа гэсэн үг юм.

Жижиг боловч ирээдүйтэй зах зээл

Тэгвэл дотоодод шүдний оо үйлдвэрлэж буй хоёр аж ахуйн нэгж зах зээлийнхээ нэг хүрэхгүй хувийг хангаж байна. Тодруулбал “Монкрем” компанийн “Dr.Una” болон “Юргана Индастри” ХХК-ийн “Urgana” гэсэн дотоодын хоёр брэндийн шүдний оо өдгөө худалдаалагдаж буй. Ерөнхийдөө гоо сайхан, ахуйн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг дотоодын цөөн хэдэн компани импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөхийн тулд органик бүтээгдэхүүн сонирхдог сегментийг илүүтэй онилж буй нь шүдний оо дээр ч харагдаж байгаа юм.

Дотоодын зах зээлд тэлэхэд түүхий эд татах агуулах сав, хүний нөөцийн хомсдол, татварын дарамт зэрэг саад болдгийг “Юргана Индастри” ХХК-ийн удирдлага онцолж байлаа. Мөн хямд үнэтэй, дэлхийн зах зээлд хориглосон, ялангуяа Япон болон АНУ-ын зах зээлд хэзээ ч гарах боломжгүй мөнгөн усны найрлагатай шүд цайруулах оо Монголын зах зээлд ихээр оруулж ирж байгааг анхааруулсан юм.

Дэлхийд

Амны хөндийн эрүүл мэндийн бүтээгдэхүүний зах зээл жил бүр дунджаар 3.4 хувь өсөж, 2028 онд 47.3 тэрбум ам.доллароор үнэлэгдэх тооцоотойг “The Insight Partners”-ийн гаргасан судалгаанд дурджээ. Харин дэлхийн шүдний ооны зах зээлийн үнэлгээ 2018 онд 18.11 тэрбум ам.доллар байсан бол 2023 онд 18.7 тэрбум ам.доллар хүрч өссөн гэж “Fortune Business Insights” мэдээлсэн байна.

Мэдэхэд илүүдэхгүй

Шүдний ооны савны доод хэсэгт байдаг өнгөөр ялгасан жижиг тэмдэглэгээ нь ямар утгыг илэрхийлж буйг таних зөвлөгөө цахим орчинд ихээхэн тархсан байдаг. Тухайлбал ногоон байвал 100 хувь байгалийн гаралтай орцтой, улаан бол химийн найрлага орсон, хар бол бүрэн химийн орцтой гэх мэт. Гэтэл үнэндээ тэрхүү тэмдэглэгээ нь ямар ч утга илэрхийлдэггүй бөгөөд ердөө л үйлдвэрлэлийн явцад савлагааны хаагуур тайрахыг заасан тэмдэг болохыг “Healthline” мэдээлжээ.

Байр суурь

“Эдийн засгийн өсөлт өрхийн орлого нэмэгдэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлж эхэлсэн нь статистик мэдээллээс харагдаж байна. Гэхдээ өрхийн орлогыг тогтвортой байлгахын тулд инфляцыг нам дор түвшинд барих шаардлагатай. Инфляцын сарын өсөлтийн хурдац санаа зовоосон түвшинд хэвээр байгаа учраас болгоомжлох хэрэгтэй. Мөн хил гаалийн хязгаарлалттай үед импортын барааны үнийн өсөлт инфляцын дийлэнхийг бүрдүүлж байсан бол одоо дотоодын бараа, үйлчилгээний үнэ дийлэнх хувийг эзэлж эхэллээ. Эдийн засгийн идэвхжил өндөр, цалин хөлсний хэмжээ нэмэгдэж байгааг дагаад инфляц өсөх хандлага байж магадгүй” хэмээн ҮСХ-ны дарга Б.Батдаваа бидэнд өгсөн ярилцлагадаа онцолж байв.

Аргагүйдсэн санал

Засгийн газар 2024 онд төлөгдөх 8.75 хувийн купонтой “Хуралдай” бондыг бэлэн мөнгөөр буцаан худалдан авах саналыг хөрөнгө оруулагчдад тавилаа. Ингэснээр Монгол Улсын гадаад өрийн тодорхой хувийг төлөх хугацааг хойшлуулах боломжтой болж байна. Нийт үлдэгдэл бондын хэмжээ 392.6 сая ам.доллар байгаа бөгөөд ЗГ-аас үнэ, хүүгийн нэмэгдлийн хамт нийт 1,000 ам.долларын бондыг 1,010 ам.доллароор худалдан авах санал тавьж буй аж.

Үүний зэрэгцээ “Fitch Ratings” 2024 онд хугацаа нь дуусах бондын тендер саналтай холбоотойгоор ЗГ-ын ам.долларын бондод "B" үнэлгээ өгч, төлөвийг “Тогтвортой” гэж үзсэн байна. Харин зэрэглэлд сөргөөр нөлөөлж болзошгүй зүйлс дунд гадаад санхүүжилтийн орчин дордох, Монгол Улсын өр, дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаа муудах зэргийг онцолжээ.

Ноолуурын санхүүжилт

Азийн Хөгжлийн Банк тогтвортой ноолуурын нэмүү өртгийн сүлжээг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой 30 сая ам.долларын зээлийг “Говь” ХК-д олгохоор болсон байна. Санхүүжилтийг малчдаас түүхий ноолуур авах болон ноолуур боловсруулах үйл ажиллагаанд зарцуулах бөгөөд 1,200 малчин, 1,300 үйлдвэрийн ажилчдыг ажлын байраар хангаж тогтвортой орлоготой болгоход чиглэхийг онцолжээ.

Хятадын нүүрсний импорт

Өнгөрсөн сард БНХАУ-ын ОХУ-аас импортолсон нүүрсний хэмжээ 7.64 сая тонн болж найман сарын доод түвшиндээ хүрсэн байна. Нүүрсний үнэ өрсөлдөхүйц түвшинд бус байгаа нь, ОХУ экспортын татварын шинэ хуулийг мөрдөх болсон нь, мөн Хятадын аж ахуйн нэгжүүдийн нөөцөө дахин бүрдүүлэх эрэлт буурсан нь үүнд нөлөөлжээ.

Харин манай улсаас БНХАУ өнгөрсөн сард 5 сая тонн нүүрс импортолсон нь есдүгээр сарынхаас 1.7 сая тонноор буурсан дүн болж байна.

Гурав дахь үйлдвэр

Тайванийн хагас дамжуулагч үйлдвэрлэгч TSMC компани 3 нанометрийн дэвшилтэт чип үйлдвэрлэх шинэ үйлдвэрээ Япон улсад барихаар төлөвлөжээ. Компани өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Японы өмнөд хэсгийн Кумамато мужид эхний буюу 5, 10 нанометрийн чипийн үйлдвэрийнхээ барилга угсралтын ажлыг эхлүүлсэн бол 6 нанометрийн чип үйлдвэрлэх хоёр дахь үйлдвэрийн барилгын ажил нь ирэх зунаас эхлэх юм байна. Харин дээр дурдсан гурав дахь үйлдвэрийг өдгөө ширүүн өрсөлдөөний талбар болж буй 3 нанометрийн чипийн үйлдвэрлэлд зориулахаар болжээ.

Өсөлтийн халуун цэг

Ази, Номхон далайн бүс дэлхийн эдийн засгийн өсөлтийн гуравны хоёр орчим хувийг хангах төлөвтэй нь дэлхий олон туйлт эдийн засаг руу шилжиж байгааг илэрхийлж байна гэж НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн тайланд дурджээ. Өдгөө Ази, Номхон далайн бүс нь дэлхийн нийт үйлдвэрлэлийн гуравны нэгээс илүү хувийг бүрдүүлж байгаа бөгөөд сүүлийн 30 жилийн хугацаанд тус бүс нутгийн хүний хөгжлийн индекс 19 пунктээр өссөн нь томоохон үсрэлт болсон гэж үзжээ.

Үүнд орлогын түвшин өссөн, дээд боловсрол эзэмшигчид нэмэгдсэн, дундаж наслалт 64-72 жил болсон зэрэг нь нөлөөлсөн байна. Хэдий тийм боловч тэгш бус байдал, ядуурал, жендерийн хэт өрөөсгөл хандлага, дижитал хуваагдал, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө хэвээр байгааг онцолжээ.

"Ярилцах Цаг" нэвтрүүлгийн шинэ дугаарт Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан оролцож Монголын хөрөнгийн зах зээлд нэвтэрч буй шинэ бүтээгдэхүүнүүд, мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг татах орон зай, боломжуудын талаар ярилцлаа. Бүтнээр нь ЭНД дарж үзээрэй.

Bloombergtv.mn танд санал болгож байна

  • Huawei ухаалаг утсаараа Америкийг хэрхэн шоконд оруулсан бэ?

  • Сэм Олтмэнийг ажилд авсны дараа “Microsoft”-ийн хувьцааны ханш түүхэн дээд түвшинд хүрч өсөв

  • KIGAM: Монгол Улс ховор металлын нөөц ихтэй ч боловсруулах технологи, хүний нөөц дутмаг

Онцлох чарт

Жил гаруйхан хугацааны өмнө хөгжингүй орнуудын инфляц нүд бүлтийлгэм өндөр түвшинд байв. АНУ-д 9 хувь, Евро бүсэд 10 хувь, Их Британид 11 хувь шүргэж байлаа. Харин одоо эдгээр улсуудын инфляц бүгд 6 хувь орчимд ирж буураад байна.

Амьжиргааны өртөг цар тахлын өмнөх үетэй харьцуулахад маш өндөр хэвээр хадгалагдаж, мөн дээрх ахиц нь бодлогын хүүгийн өндөр өсөлтийг төлөөс болгож буй хэдий ч инфляцыг ийнхүү илүү “танил” түвшинд авчирсныг томоохон амжилт гэж үнэлэхгүй өнгөрч болохгүй.

Өнөөдрийн онцлох зураг

Greenpeace-ийн активистууд Парис дахь БНФУ-ын Хөдөө аж ахуйн яамны ойролцоох гудамжийг хааж эсэргүүцэл илэрхийлж байгаа нь

Miguel Medina/AFP/Getty