- Business newsletter
- Posts
- 2023/11/21
2023/11/21
Powered by:
Гурван өгүүлбэрээр
“Xanadu Mines” компани нэмж хувьцаа гарган, нийт 5 сая орчим австрали доллар татан төвлөрүүлэхээр болов.
Монголбанк: Иргэдийн бодит орлогыг хамгаалахын тулд инфляцыг зорилтот түвшинд очтол хатуу бодлогоо үргэлжлүүлэх шаардлагатай
БНСУ хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд ашиглах газрын ховор металл авахад Монгол Улстай хамтрах хүсэлтэйгээ илэрхийлэв.
Эрсдэл дундрахгүй
Эрсдэлийг тооцоолохгүйгээр урагш алхахад бэрх. Ойрын хугацааны эдийн засгийн төлөвийг нэлээд өөдрөгөөр харж буй Монгол Улсын хувьд эрсдэлийг тодорхойлох, үнэлэх, удирдах, арилгах гээд бүхий л тал дээр бэлтгэл сул байгаа нь ялангуяа энэ оны үйл явдлуудаас харагдлаа.
Хүрээлэн буй орчин талаас
2004-2013 оны хооронд 3,100 орчим байгалийн гамшигт үзэгдэл болж байсан бол сүүлийн 10 жилийн хугацаанд энэ тоо 30 хувиар өсөж, хохирлын хэмжээ 54 хувиар тэлсэн байна. Зөвхөн 2001 оноос хойш зудын улмаас нийт ₮800 гаруй тэрбумын хохирол учирчээ.
Гамшиг тохиолдсоны дараа иргэд, ААН-үүдэд нөхөн олговор олгох гэхээр үүнийг зохицуулсан эрх зүйн орчин сул байдаг тул гамшгийн даатгалын тогтолцоог бүрдүүлэх нь чухал болохыг ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян “Эрсдэл ба стандарт” форумын үеэр онцолж байв.
Эдийн засаг талаас
Нийт экспортынхоо 80-аас дээш хувийг зөвхөн БНХАУ руу гаргаж, түүнийхээ 90 гаруй хувийг уул уурхайн бүтээгдэхүүнээр бүрдүүлж буй Монгол Улсад энэхүү хамаарал нь эдийн засаг талаасаа гол эрсдэл болж байна. Монголын нүүрсний гарц зорилтот хэмжээнээсээ 10 хувиар л багасахад төлбөрийн тэнцэлд ДНБ-ий 4 хувьтай тэнцэх хэмжээний дарамт учрах эрсдэлтэйг “Fitch”-ийн шинжээч анхааруулж байлаа. Сүүлд 2011-2012 оны хооронд Хятадын эдийн засаг 1.4 хувиар агшихад Монголын эдийн засгийн өсөлт 5.2 хувиар саарч байсан түүх бий.
Мөн ирэх таван жилийн хугацаанд Монгол Улс жилд дунджаар 975 сая ам.долларыг өрийн үйлчилгээнд төлөхөөр байгаа бөгөөд энэ утгаараа өрийн дарамт эрсдэл болж магадгүйг “Fitch” агентлаг онцолсон. Гадаад өрийн ДНБ-нд эзлэх хувь хэмжээ нэлээд өндөр байгаа нь хувийн хэвшлийг эмзэг байдалд оруулж буй тул эдийн засгийн одоогийн сэргэлтийг ашиглаж нөөцөө нэмж бүрдүүлэх хэрэгтэйг ОУВС зөвлөж буй.
Эрүүл мэндийн эрсдэл
“Өвчлөл юунаас үүсэж байна гэхээр ганцхан хүнснээс биш амьдрах орчин нөлөөлж байна. 1900-аад оны ариун цэврийн байгууламж Улаанбаатар хотод 80 хувийг эзэлж байгаа тохиолдолд агаар хэзээ ч цэвэрхэн байхгүй. Дээр нь Улаанбаатарт байгаа хүмүүс сэтгэл зүйн асар их асуудалтай болчихлоо. Байж болох бүх стресс энэ хотод байгаа. Ийм стресстэй нийгэмд эрүүл ходоодтой хүн байх боломжгүй. Стресстэх болгонд өвчлөл ихсэж байгаа. Ходоодны шарх үүсэх нөхцөл нь бүрдэж байгаа” хэмээн Швейцар улсын мэргэжлийн тогооч, “Boyan’s Professional Cuisine”-ийн Үүсгэн байгуулагч Д.Буян манайд өгсөн ярилцлагадаа онцолсон юм.
Хатуу бодлого ба орлого
Эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг илэрхийлэх хамгийн гол үзүүлэлт болох цалингийн орлогын ДНБ-д эзлэх хувь хэмжээ манай улсын хувьд 28 хувьтай байгаа нь хөгжиж буй болон хөгжингүй орнуудын дундаж 40 хувиас харьцангуй бага байна. Иймд бодит орлогыг хамгаалахын тулд инфляцыг зорилтот түвшинд хүрэх хүртэл хатуу бодлогоо үргэлжлүүлэх шаардлагатайг Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир эдийн засагчдын уулзалтын үеэр хэлж байлаа.
Xanadu хөрөнгө босгоно
“Xanadu Mines” компани шинэ төслүүд эзэмших, хайгуулаа хурдасгах зорилгоор нэмж хувьцаа гаргаж, нийт 5 сая орчим австрали доллар татан төвлөрүүлэхээр болсноо мэдэгдэв. Тодруулбал нэгж бүр нь 0.055 ам.долларын үнэтэй нийт 78.1 гаруй сая ширхэг хувьцааг хоёр транчаар санал болгох аж. Эхний транчын арилжаанд дотоодын болон олон улсын хөрөнгө оруулагчид нээлттэй оролцох боломжтойг мөн мэдээлжээ.
Ховор элемент - БНСУ
БНСУ хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд ашиглах газрын ховор металл авахад Монгол Улсыг түншээ болгон хамтран ажиллах хүсэлтэй байгааг тус улсын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний Орлогч сайд мэдэгдлээ. Хоёр улсын хамтарсан хорооны хуралдаанаар Монгол Улс-БНСУ-ын хамтарсан газрын ховор металлын судалгааны төвийн төсөл болон газрын ховор элементийн бусад цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн байна.
Тэгвэл газрын ховор элементийн хамтын ажиллагаагаа ирэх III сард болох PDAC-ийн чуулга уулзалтын үеэр олон улсад зарлах саналыг БНСУ-д тавьсан болохыг УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар онцолж байлаа. Түүний мэдээлснээр энэ чиглэлд Монгол Улс зөвхөн БНСУ биш АНУ, ХБНГУ-тай хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зураад байгаа аж.
Хуурамч бичлэг
Нийгмийн сүлжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хятад хэлээр ярьж буй мэт хуурамч “deepfake” бичлэг байршуулсан хоёр иргэнийг хуулийн байгууллага тогтоон шалгаж эхэлжээ. Хуурамч мэдээллийг нийгмийн сүлжээнд оруулж, зохион байгуулалттай хийсэн нь хөрш орнуудын харилцаанд сэв суулгах ноцтой үйлдэл болсон гэж ЕТГ үзэж байгаа бөгөөд уг асуудлаар БНХАУ-ын холбогдох байгууллагад хандсанаа мөн мэдээлжээ.
Олтмэнд юу тохиолдов?
"OpenAI" компанийн Удирдах зөвлөл өмнө нь "Twitch"-ийг удирдаж байсан Эмметт Ширийг компанийн шинэ Гүйцэтгэх захирлаар томилсныг ойрын эх сурвалж мэдээллээ. Ингэснээр халагдаад удаагүй байгаа Сэм Олтмэнийг албан тушаалд нь буцаан томилох хөрөнгө оруулагчдын уриалгыг хүлээж аваагүй нь тодорхой болов.
Сэм Олтмэнд болон ашгийн зорилготой хиймэл оюуны компани байгуулах санаанд гүнзгий эргэлзсэн хэвээр байсан нэгэн бүлэг нь тус компанийн удирдах зөвлөл юм. Удирдах зөвлөлд Олтмэн өөрөө, мөн түүний ойрын хамтрагч, "OpenAI"-ийн Ерөнхийлөгч Грег Брокман нар багтдаг боловч компанийн тэлэлт хяналтаас гарсан, цаашдаа аюул учруулж болзошгүй гэж санаа зовдог эрдэмтдийн ашиг сонирхол хамгийн хүчтэй нь байжээ.
Ухаалаг хогийн сав
Япон улс ил байрлуулсан хогийн савгүйгээр хотуудаа цэвэрхэн байлгасаар ирсэн ч өдгөө жуулчдын тоо нэмэгдэж, хог хаягдлын хэмжээ ихэссэн тул “ухаалаг” хогийн савыг сонгож эхэлжээ.
Өнгөрсөн долоо хоногт гэхэд л жуулчдын хөлд дарагддаг Осака хотын Дотонбори дүүрэг “SmaGO” хэмээх 20 орчим технологийн дэвшилтэт хогийн савыг байршуулсан байна. Нарны эрчим хүчээр ажилладаг эдгээр хогийн сав дүүрэнгүүт автоматаар мэдэрч, 100 хувь дүүрсэн хогийг 20 хувь болтол нь шахаж нягтаршуулдаг аж. Түүнчлэн хогийн сав нь хог хэр их хуримтлагдаж байгааг хэмждэг ухаалаг гар утасны аппликейшнтэй холбогдон хогийг халихаас нь өмнө үйлчилгээний ажилчдад дохио илгээдэг байна.
"Ярилцах Цаг" нэвтрүүлгийн шинэ дугаарт Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан оролцож Монголын хөрөнгийн зах зээлд нэвтэрч буй шинэ бүтээгдэхүүнүүд, мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг татах орон зай, боломжуудын талаар ярилцлаа. Бүтнээр нь ЭНД дарж үзээрэй.
Bloombergtv.mn танд санал болгож байна
Accenture: Хиймэл оюунаар ажлын цагийн 40 хувийг чөлөөлөх боломжтой
Тураах эмийн хэрэглээ гэрлэлтийг ч, салалтыг ч нэмэгдүүлж магадгүй
БНХАУ-ын зэс цэвэршүүлэх үйлдвэрийн зардал сүүлийн 3 жилд анх удаа буурлаа
Онцлох чарт
Эдийн засгийн удаашрал нь дээд цэгтээ хүрч байсан 2023 оны эхний хагаст БНХАУ-ын ДНБ-ий өсөлт 5.5 хувьтай гарч байсан бол мужууд, өөртөө засах орнуудад нь өсөлтийн хувь харилцан адилгүй байлаа. Тухайлбал 9.7 хувийн өсөлттэйгөөр Шанхайн бүс нутаг улсдаа тэргүүлсэн бол Хайнань, Төвдийн Өөртөө засах орон 8.6 болон 8.4 хувийн өсөлтөөр удаалсан байна. Харин манай улстай хиллэдэг Өвөр Монголын эдийн засгийн өсөлт 7.3 хувь, Шинжаан-Уйгурынх 5.1 хувь байжээ.
Өнөөдрийн онцлох зураг
Чхат Пужа баярын үеэр хиндү сүсэгтнүүд нарны бурханд тахил өргөж байгаа нь. Жаландхар, Энэтхэг
Shammi Mehra/AFP/Getty