2023/11/17

Powered by:

Гурван өгүүлбэрээр

  1. Чиглэл нь тодорхойгүй өнөөгийн зах зээлд 10 мянган ам.доллароо өсгөх боломжууд хаана байж болохыг энэ дугаарт онцоллоо.

  2. “Эрдэнэс Тавантолгой” компанийн биржээр арилжсан нүүрсний борлуулалт нэг тэрбум ам.доллар давжээ.

  3. Хавирга-Ар хашаатын боомт Монголын нүүрсний экспортын шинэ томоохон гарц болжээ.

$10,000-аа өсгөх хувилбарууд

Эдийн засгийн тодорхойгүй төлөв нэмэгдэх тусам өнөөгийн зах зээлд зүг чигээ олоход улам хэцүү болж байна. Хэдий сүүлийн үеийн эдийн засгийн үзүүлэлтүүд төсөөллөөс сайн байгаа ч төсвөөс үүдэлтэй айсуй хүндрэл, мөн уналтаас чанга газардах, геополитикийн зөрчил газар авах эрсдэлүүд өндөр хэвээр.

Иймд хэрэв та 10,000 ам.доллартой бол түүнийгээ өсгөх, өгөөж хүртэх ямар боломжууд хаана байгаа талаар туршлагатай мөнгө удирдагчид юу гэж зөвлөснийг хүргэж байна.

Хамгаалалтаа бүү алд

Гол санаа: Хэдий АНУ-ын бодлогын хүүгийн өсөлт завсарлаж, инфляц саарснаар өөдрөг төсөөлөл нэмэгдсэн ч эдийн засгийн уналтын дохионууд олширч байна. Энэ нь хамгаалалтын хөрөнгө оруулалтыг илүүд үзэх хандлагыг хэвээр хадгална.

Стратеги: Холбооны нөөцийн банк бодлогын хүүгийн өсгөлтөө завсарлахтай зэрэгцэн АНУ-ын Засгийн газрын бондуудын хүү 5 хувь орчимд хэлбэлзэж, сайн ч өгөөж хүртээж байна. Хувьцааны зах зээлд цэвэр эрчим хүчний компаниудын хувьцаа төдийлөн сонирхол татахгүй байгаа ч эрчим хүчний шилжилт мэдээж зогсохгүй тул цаашид бондуудын өгөөж суларснаар энэ салбарын хувьцаануудын өсөлтөд түлхэц болох боломжтой. Түүнчлэн үйлдвэрлэлийн салбарын чанартай хувьцаанууд одоо харьцангуй хямд байгааг анхаарах хэрэгтэй. Засгийн газрууд болон компаниуд батлан хамгаалах салбар, Украины сэргээн босголт зэрэгт зарцуулалтаа нэмэгдүүлж, мөн хүлэмжийн хийн ялгаралгүй ирээдүйг чиглэсэн замыг дардан болгоход шаардлагатай бүхий л дэд бүтцийн бүтээн байгуулалт эрчимжихээр байна.

Том зургаараа: Эдийн засгийн тэргүүн шугамд дөрвөн зүйл анхаарал татаж байна. АНУ-ын хөдөлмөрийн зах зээл хөрч, мөн тус улсад дефолт болон дампуурал олширч, орон сууцны зах зээл суларч, хувьцааны үнэ бага түвшинд хадгалагдаж байна. Эдгээр хүчин зүйлс нийлээд 2024 онд эдийн засгийн үйл ажиллагаа алгуур удаашрлах дохиог өгөх боллоо.

Гол санаа:

Стратеги:

Том зургаараа:

Цөмийг сонго

Гол санаа: Хөрөнгө оруулалтад зарцуулах 10 мянган ам.доллартай хүн хувьцаа, бондоос бүрдсэн уламжлалт багцыг аль хэдийн бүрдүүлсэн гэж үзвэл аль болох олон хэрэгсэлд хөрөнгө оруулж, төрөлжилтөө сайжруулах замаар хүртэх өгөөжөө нэмэгдүүлэх хэрэгтэй бид зөвлөнө. 2020 оноос хойш өгөөжийн түвшин нь эерэг хадгалагдаж буй салбарууд, хөрөнгө оруулалтын хэрэгслүүдийн тоо маш багассан. Мөн тэрхүү цөөн хэдэн салбар ба хувьцаа, бондоос бүрдсэн уламжлалт багц хоорондын корреляц ч муугаас дунд түвшинд хадгалагдаж байна. Иймд цөмийн эрчим хүчид ашиглагдах ураны олборлолт нь магадгүй хамгийн сонирхолтой сонголт байх болно.

Стратеги: Эрчим хүчний ашиглалтыг тойрсон дэлхий нийтийн тархийг гашилгаж буй асуудалд цөмийн эрчим хүч шийдэл болж магадгүй. Шатах түлшний ашиглалт нийгмийн зүгээс ч, улс төрийн зүгээс ч ихээхэн дарамтад ороод байна. Хэдий тийм боловч сэргээгдэх эрчим хүч нь таамаглаж болох ирээдүйд бодит шийдэл болоход хэтэрхий үнэтэй, хэт эмзэг, мөн найдвартай бус гэж бид үзэж байна. Харин мартагдсан хувилбар гэж болох орчин үеийн цөмийн технологи нь онолын хувьд анхааралд өртөхүйц нүүрстөрөгчийн ул мөр үлдээлгүйгээр шатах түлшний хэрэглээг даацтай бууруулж болох сонголт юм.

Том зургаараа: Цөмийн эрчим хүч, урантай холбоотой хувьцаа болон ETF-үүд 2007-2019 оны хооронд нэлээд зүдэрсэн ч 2020 он гарсаар сэргэн мандалтын үедээ ирээд байна. Тэдгээрийг "бага эрсдэлтэй" гэж хэлж болохгүй ч хувьцаа, бондуудаас хамааралгүйгээр хөдлөх, мөн чамлахааргүй өгөөж хүртээх боломжтойгоо батлан харуулж буй.

Байр суурь

“Rio Tinto компаниас санал ирсний дагуу татварын арбитрын ажиллагааг энэ оны эцэс хүртэл түр түдгэлзүүлээд байгаа. Энэ түдгэлзүүлсэн хугацааг сунгах уу, эсвэл арбитрын ажиллагаа үргэлжлэх үү гэдгийг оны эцсээр талууд шийдвэрлэх шаардлагатай. Бидний хувьд татварын акттай холбоотойгоор тохиролцох, үнийн дүнг нь бууруулах боломжгүй. Учир нь Татварын ерөнхий хуульд тодорхой хязгаарлалтууд орсон байдаг. Иймд арбитрын шүүхээр шийдвэрлээд явах нь аль аль талдаа хэрэгтэй байж магадгүй” хэмээн ХЗДХ-ын Дэд сайд Б.Солонгоо “Bloomberg TV Mongolia”-д ярилцлага өгөхдөө онцоллоо.

72 хувь нь ЭТТ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн биржээр арилжсан нүүрсний борлуулалт нэг тэрбум ам.доллар давсан байна. Тус компани хоёрдугаар сараас эхлэн нийт 59 удаагийн арилжаагаар найман сая тонн нүүрс борлуулсан нь МХБ-ийн нүүрсний цахим арилжааны 72 орчим хувийг дангаарааа бүрдүүлсэн үзүүлэлт болжээ. Монголын Хөрөнгийн бирж нүүрсний цахим арилжааг зохион байгуулж эхэлснээс хойш нийт 11.1 сая тонн нүүрс арилжаад байгаа аж.

Шинэ гарц

Нэгдүгээр сарын 19-нд нээгдсэнээсээ хойш 320 мянган тонн нүүрс БНХАУ руу гаргаад буй Дорнод аймгийн Хавирга-Ар хашаатын боомт Монголын нүүрсний экспортын шинэ томоохон гарц болоод байна. Тэгвэл тус боомтоор нүүрс тээвэрлэхэд гаалийн бүрдүүлэлт хийх хугацаа 80 цаг байснаас 25 цаг болж буурсныг "SXCoal" онцолжээ.

Түүнчлэн БНХАУ дунд чанарын эрчим хүчний нүүрс Монголын зүүн боомтуудаар дамжуулан худалдан авах сонирхол өндөр байгаагаа илэрхийлж эхэлснийг “Big Mogul Coal & Energy” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Батмөнх өмнө нь мэдээлж байлаа.

Дөрвөн жилийн дээд

Дотоодын нийт бүтээгдэхүүн оны эхний гурван улиралд 6.9 хувиар өссөн нь сүүлийн дөрвөн жилийн хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Өсөлтийн 3.4 нэгж хувийг уул уурхай, олборлох салбар, 4.1 нэгж хувийг үйлчилгээний салбар болон тээврийн салбар бүрдүүлснийг ҮСХ мэдээлсэн. Харин хөдөө аж ахуйн салбар тайлант хугацаанд өсөлтийг 1.6 нэгж хувиар доош татсан байна.

Монголбанкнаас хөндлөнгийн шинжээчдийн дунд явуулсан судалгаагаар 2023 оны III улиралд эдийн засгийн өсөлт дунджаар зургаан хувь, 2024 оны II улиралд 5.6 хувь байх хүлээлттэй байгаагаа илэрхийлээд байсан юм.

Махны экспорт өсөж байна

Тэгвэл экспортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.4 тэрбум ам.доллароор өсөж, 12.5 тэрбум ам.долларт хүрэхэд уул уурхайн бүтээгдэхүүнүүдээс гадна адууны махны экспорт 96.1 сая ам.доллароор өссөн нь томоохон нөлөө үзүүлжээ. Нийт экспортод эзлэх хувийг нь харвал адууны махны экспорт 0.8 хувийг эзэлж байна.

Үүнээс гадна 11 дүгээр сарын байдлаар Монгол Улс Иран улс руу 5.3 мянган тонн халал аргаар бэлтгэсэн хонины мах экспортлоод байгааг ХХААХҮЯ мэдээлсэн юм. Сүүлд мөн Лаос, Узбекистан зэрэг улсуудтай махны экспортыг нэмэгдүүлж, худалдааг өргөжүүлэхээр тохиролцоод байгаа.

Үнийн өндөр босго

Цахилгаан хөдөлгүүрт автомашин хэт өндөр үнэтэй байгаагаас өргөн хэрэглээнд нэвтэрч чадахгүй байна гэдгийг “S&P Global Mobility”-ийн судалгаа харууллаа. Хэдийгээр өнгөрсөн онд цахилгаан автомашины дундаж үнэ тодорхой хэмжээгээр буурсан ч үнэтэй хэвээр байна гэж судалгаанд оролцогчдын 48 хувь нь үзжээ. Үүний нэг шалтгаан нь АНУ-д бодлогын хүү нэмэгдэж, мөн цахилгаан автомашины цэнэг хураагуур, сэлбэг хэрэгслийн нийлүүлэлт буурсантай холбоотой гэж судалгааны багийнхан тайлбарлажээ.

Робот 15:1 Хүн

АНУ-ын Кентаки мужийн Луисвилл хотын захад UPS компани 8 га талбай бүхий өөрсдийн хамгийн том агуулахаа саяхан нээжээ. Гэхдээ шинэ агуулахад ажилтнуудын амралтын өрөө дүүрнэ гэж байхгүй бололтой. Шуудан, илгээмж хүргэлтийн аварга компани 79 сая ам.доллароор босгосон тус байгууламжаа ирэх оноос 3,000 гаруй роботоор дүүргэж, ачаа зөөх, өргөх гэх мэт биеийн хүчний ажлын хэрэгцээг эрс бууруулахаар төлөвлөсөн байна.

Автоматжуулалтын энэ өндөр түвшинд хүрснээр UPS компани шинэ агуулахдаа ердөө 200 гаруй хүн ажиллуулах боломжтой болж байна. Өөрөөр хэлбэл тооны хувьд нэг ажилтан тус бүрт 15 робот ногдох аж.

Энэ 7 хоногт анхаарч байх үйл явдлууд

  • Даваа гарагт газрын ховор элементийн талаарх БНСУ болон Монгол Улсын хамтарсан анхдугаар хуралдаан ГХЯ-д зохион байгуулагдана.

  • Япон, Сингапур, Малайз зэрэг улсын 10 дугаар сарын хэрэглээний үнийн индексийн дүн мэдээлэл гарна.

  • Технологийн аварга “Baidu”, “Nvidia”, “Xiaоmi” зэрэг компаниудын III улирлын тайлан гарна.

Онцлох чарт

Нийлүүлэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор хуучин “Rolex” болон “Patek Philippe” цагны үнэ хоёрдогч зах зээлд буурч сүүлийн хоёр жилийн доод түвшиндээ хүрээд байна. Хоёрдогч зах зээл дээр хамгийн их арилжаалагдсан 50 цагны үнийг хөтөлдөг Bloomberg-ийн “Subdial Watch” индекс 2022 оны IV сарын дээд цэгээсээ 42 хувиар буураад байгаа аж.

Өнөөдрийн онцлох зураг

Аруба арлын ойролцоох Араши шүрэн хадны доор амарч буй далайн яст мэлхий

Joseph Prezioso/AFP/Getty