2023/11/16

Гурван өгүүлбэрээр

  1. Сүүлийн жилүүдэд ногоон санхүүжилтийн урсгал нэмэгдэж, үүнийг дагаад ногоон зээлийн олдоц сайжирсан. Тэгвэл ногоон зээлийн бүтээгдэхүүнээс зарим онцлог жишээнүүдийг энэ дугаарт онцоллоо.

  2. Улсын хэмжээнд сүүлийн 10 жилийн хугацаанд шүүхийн дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийгдээгүйг НҮБ-ын шинжээч мэдээлэв.

  3. Huawei, China Mobile хамтран дэлхийн хамгийн хурдан интернэт сүлжээг бий болгосноо зарлалаа.

Сонирхолтой ногоон зээлүүд

S&P 500 ESG Index-ийг харвал энэ он гарснаас хойш 19.1% өсөөд байгаа нь (XI.15-ны байдлаар) S&P 500 индексийг давсан үзүүлэлт болж байна. Энэ нь ногоон санхүүжилт, нөлөөллийн хөрөнгө оруулалт хүрээгээ улам бүр тэлж байгаагийн нэг жишээ. Тэгвэл сүүлийн жилүүдэд дотоодын зах зээлд ч ногоон санхүүжилт, ногоон зээл нь тренд сэдэв болж буй гэхэд хилсдэхгүй. Одоогоор банкнуудын ногоон зээл олгож буй жишээнээс дурдвал амины орон сууц, цахилгаан автомашин зэрэг сонголтуудаас гадна төдийлөн түгээмэл бус сонирхолтой бүтээгдэхүүнүүд ч байна.

Тоо юу өгүүлж байна?

Оны эхний хагаст банкнуудын олгосон нийт зээлийн 0.7 хувийг ногоон зээл эзэлж байгааг Монголбанк мэдээлсэн. Тэгвэл ижил хугацаанд ББСБ-уудын олгосон ногоон зээлийн нийт үлдэгдэл 127.2 тэрбум төгрөг болсон нь нийт зээлийн багцынх нь 4.1 хувьтай тэнцсэнийг СЗХ мэдээлжээ.

Задлаад харвал нүүрстөрөгчийн ялгаруулалт багатай тээвэрт 117 тэрбум төгрөгийн зээл олгосон нь нийт зээлийн үлдэгдлийн 92.1 хувийг дангаараа бүрдүүлсэн бол ногоон барилга 5 хувь, эрчим хүчний хэмнэлттэй төсөл 1.9 хувь, сэргээгдэх эрчим хүч 0.2 хувийг бүрдүүлжээ.

Цахилгаан скутер, унадаг дугуй

Түгжрэлээс зайлсхийж, явган хүнээс дөрөв дахин хурдтай зорчих боломж байгааг энэ зун түрээсийн скутерууд нийслэлчүүдэд ойлгуулсан гэхэд болно. Тэгвэл банкнуудын хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох ногоон зээлийн бүтээгдэхүүнүүдийн дунд цахилгаан мотоцикл, цахилгаан скутер болон бүх төрлийн унадаг дугуй багтдагийг мэдэхэд илүүдэхгүй.

Тухайлбал зарим банк цахилгаан скутер худалдан авахад 5 сая хүртэлх төгрөгийн зээлийг жилийн 3 хувийн хүүтэй олгож байгаа юм.

CHIP багц

Улаанбаатар хот болон төв суурин газруудад түүхий нүүрс, шахмал түлшнээс үүдэлтэй агаарын бохирдол, мөн стандарт бус зуухны хэрэглээ, дутуу шаталтаас үүдэлтэй эрүүл мэндэд учирч болох эрсдэлүүд өндөр түвшинд байсаар байна. Нэг өрхөөс жилд гардаг нийт хог хаягдлын 66 орчим хувь нь нүүрс, үнс тортогтой холбоотой байдаг судалгаа гарсныг “Пипл ин Нид” ОУТББ-ын Хөтөлбөрийн менежер Г.Булгантамир бидэнд мэдээлж байлаа.

Тэгвэл монгол гэрт амьдардаг иргэдийн хувьд энэ асуудалд чиглэсэн ногоон зээлийн таатай сонголт нь гэрийн халаалт, агаар сэлгэлтийг зөвхөн цахилгаанаар шийдэх CHIP багц бүтээгдэхүүн юм. НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэй уг багцад банкнууд жилийн 8-16 хувийн хүүтэй, 3-5 сая хүртэлх төгрөгийн зээл олгож байгаа бөгөөд өнөөг хүртэл нийт 2,000 гаруй өрх CHIP багцыг ашиглаж буйг “Пипл ин Нид” ОУТББ онцолж байв.

Органик бордоо

Ургамал, амьтны гаралтай органик түүхий эд, хог хаягдлын задралын үр дүнд гаргаж авдаг компост бордоо үйлдвэрлэх тоног төхөөрөмж худалдан авахад банкнууд мөн ногоон зээл олгож буй. Ялангуяа мал нядалгааны газруудаас гарч буй хаягдал болон малын өтөг бууц, түүгээр зогсохгүй ургамлын хальс, тахианы сангас ашиглан бордоо хийж буй компаниудын тоо нэмэгдэж байна.

13 нугалсан өсөлт

Хонгконг болон Торонтогийн “Venture” Хөрөнгийн биржид бүртгэлтэй “SouthGobi Resources” компани 2023 оны есдүгээр сараар эцэслэгдсэн улиралд 46.3 сая ам.долларын цэвэр ашигтай ажилласнаа тайлагналаа. Өмнөх оны мөн үед тус компани 3.5 сая ам.долларын ашигтай ажиллаж байсантай харьцуулахад энэ нь 13 дахин буюу 1,229 орчим хувиар өссөн үзүүлэлт болж байна.

Оны эхний есөн сард “SouthGobi Resources”-ийн борлуулалт эрчимтэй сэргэснээс гадна борлуулж буй бүтээгдэхүүний дундаж үнэ сайжирсан зэрэг нь ашигт ажиллагаанд нөлөөлжээ. Тухайлбал 2022 оны III улиралд тус компанийн борлуулах нүүрсний үнэ тонн нь 65.4 ам.доллар байснаас 85.6 ам.доллар болж өссөн байна.

11 дүгээр сарын эхний 15 хоногийн хугацаанд тус компанийн хувьцааны ханш Хонгконгийн хөрөнгийн биржид 86 гаруй хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.

Сүү ХК өнгөрсөн улиралд

Бүтээгдэхүүний тоо хэмжээ болон үнийн өсөлтийн нөлөөгөөр III улиралд Сүү ХК-ийн цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 109.8 хувиар өсөж 12.4 тэрбум төгрөгт хүрсэн байна. Компанийн энэ оны төлөвлөгөөний гүйцэтгэл 139 хувьтай байгаа ба оны эцэс гэхэд цэвэр ашгаа 17 тэрбум төгрөгт хүргэх зорилт тавьснаа мөн мэдээлжээ.

Шүүх засаглал яасан гэв?

Монгол Улсын хэмжээнд сүүлийн 10 жилийн хугацаанд шүүхийн дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийгдээгүй, тус хугацаанд шүүгчдийн цалинг нэмэгдүүлээгүй гэсэн НҮБ-ын шинжээчийн урьдчилсан дүгнэлт танилцуулагдлаа. Санхүүжилтийн дутмаг байдал нь шүүхийн хараат бус байдлыг хангахад эрсдэл учруулж, улмаар хэргийг шийдвэрлэх явц удаашрах, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг бууруулах үр дагаварт хүргэж буй тул улсын төсвийн жишиг хувийг шүүх засаглалд хуваарилдаг болох хэрэгтэй гэсэн зөвлөмж хүргүүлжээ.

Түүнчлэн Монголд олон нийтийн сүлжээ нь мөрдөн шалгах ажиллагаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар тайлбар өгөх хэрэгсэл болсонд санаа зовниж байгаагаа НҮБ-ын тусгай илтгэгч Маргарет Саттертвэйт онцолсон байна.

Хамгийн үнэтэй Ferrari

Түүхэнд дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнээр зарагдсан Ferrari-г та харж байна. Час улаан өнгөтэй, уралдааны 7 дугаартай, 1962 оны энэхүү "Ferrari 330 LM / 250 GTO" загвар Нью-Йорк хотноо Sotheby's-ийн дуудлага худалдаагаар зарагдлаа. Тус автомашиныг татвар, хураамж нэмэгдээд 51.7 сая ам.доллароор авах эзэн нь ердөө 20 минутын дотор тодорсон байна.

Өвөрмөц 4 литрийн багтаамжтай хөдөлгүүр бүхий энэхүү Ferrari 1962 онд "Nürburgring"-ийн 1,000 км-ийн уралдаанд нийлбэр дүнгээр хоёрдугаар байрт орж байжээ.

Хамгийн хурдтай интернэт!

Huawei болон China Mobile компани хамтран Бээжинг Хятадын өмнөд нутагтай холбосон 3,000 км урттай интернэт сүлжээ бий болгосон нь БНХАУ-ын онцолж буйгаар тус улсын хамгийн сүүлийн үеийн технологийн томоохон ахиц дэвшил болжээ. Хоёр компани Цинхуа Их сургууль болон судалгааны Cernet.com Corp. компанитай хамтран ажиллаж, секундэд 1.2 терабитийн хурдтай, "тогтвортой бөгөөд найдвартай" урсгал бүхий дэлхийн анхны интернэт сүлжээг байгуулснаа мэдээлсэн байна.

Сүлжээний туршилт нь долоодугаар сарын 31-нд эхэлсэн бөгөөд түүнээс хойш дээрх хурдыг бататгах олон төрлийн тестийг амжилттай давсныг Цинхуа Их сургууль мэдэгдэлдээ дурджээ. Түүнчлэн зөвхөн дотооддоо бүтээсэн технологийг ашигласнаараа салбартаа анхдагч болсны сацуу "Huawei" компанийн технологийн дэвшил томоохон хувь нэмэр оруулсныг онцолжээ.

Bloombergtv.mn танд санал болгож байна

Онцлох чарт

“Mongolian Mining Corporation” компанийн нэгж хувьцааны ханш 10 хувиар өсөж 4.25 хонгконг доллар хүрснээр Хонгконгийн “Hang Seng” индексэд бүртгэлтэй бүх компаниудыг ханшийн өсөлтөөрөө тэргүүлэв. Энэ нь компанийн хувьцааны 10 дугаар сарын 3-наас хойших хамгийн өндөр үзүүлэлт нь болсон бол ижил хугацаанд “Hang Seng” индекс 3 хувиар өсжээ.

Тэгвэл сүүлийн жил орчмын хугацаанд MMC-ийн хувьцааны ханшийн өсөлт 125 хувь хүрсэн байхад Хонгконгийн жишиг индекс 2.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна.