- Business newsletter
- Posts
- 2023/11/15
2023/11/15
Гурван өгүүлбэрээр
ОУВС: Монгол Улс нөөцөө нэмэгдүүлж, хуваарьт өр төлбөрөө барагдуулахад бэлтгэлтэй байх хэрэгтэй.
Х.Амаржаргал: ОТ-н $1.6 тэрбумын нэмэлт санхүүжилт нь зардал хэтэрч байгаа асуудал биш.
Ур чадвартай ажиллах хүчийг татах үзүүлэлтээр Швейцар тэргүүлж, Монгол Улс 76 дугаарт жагсав.
Нартай байгаа дээр…
Цалин тэтгэвэр, халамж гэхчлэн зарцуулалтаа ихээхэн нэмж баталсан 2024 оны төсвөөс харвал гадаад, дотоодын олон эрсдэлийн эсрэг сөргүүлж тавих ганц “зэвсэг” нь нүүрс байх төлөвтэй. Одоогийн эдийн засгийн тогтворжилтыг “үүлэн чөлөөний нар” байлгахгүйн тулд “Fitch” агентлаг болон ОУВС юу гэж зөвлөснийг харцгаая.
Fitch юу гэв?
Ирэх жилүүдэд гадаад санхүүжилтийн эмзэг байдал даамжирч, гадаад өрийн хэмжээ нэмэгдсэнээр Монгол Улсын эдийн засгийн сэргэлтийг түр зуурынх болгож магадгүйг “Fitch Ratings” анхааруулсан. Тэр дундаа 2024-2027 онд Монгол Улсын гадаад өрийн үйлчилгээнд зарцуулах мөнгө жилд дунджаар 975 сая ам.доллар байхаар байгаа нь харьцангуй хүнд ачаалал гэж үзжээ.
Үүнээс гадна Монголын зохицуулалтын орчин тогтмол өөрчлөгддөг нь уул уурхайн салбарын компаниудад сөргөөр нөлөөлж, компаниудын бэлэн мөнгөний урсгал болон зээлжих зэрэглэлд "халтай" нөлөө үзүүлж байгааг сүүлд онцолсон юм.
ОУВС-ийн зөвлөмж
Ирэх онд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 4.5 хувь байна хэмээн тооцоолоод байгаа Олон Улсын Валютын Сангийн үзсэнээр эдийн засгийн суурь төлөвтэй холбогдох эрсдэлүүд ерөнхийдөө сөрөг тал руу хэвийж байгаа аж. Гадаад өр өндөр, гадаад эрсдэлээс хамгаалах нөөц хязгаарлагдмал, импорт болон түүхий эдийн экспортоос хамааралтай байдал нь Монгол Улсыг аливаа гадаад шокийн нөлөөнд эмзэг болгож байгааг дурдсан байна. “Гадаад шокт эмзэг” гэх хэлц Монгол Улсыг сүүдэр мэт дагаж буй нь суурь асуудлуудтай холбоотой.
Төсвийн чанга бодлого хэрэгжүүлэхгүй бол төсвийн тэнцлийн үзүүлэлт 2024 онд улам муудаж, ЗГ-ын өрийн хэмжээг нэмэгдүүлснээр өндөр үнээр олж авсан Монгол Улсын эдийн засгийн тогтворжилтод эрсдэл учруулна гэж Дүрмийн IV заалтынхаа дагуу гаргасан бодлогын зөвлөмжүүдэд дурджээ.
Иймд Монголын эдийн засагт яг одоо тохиож байгаа эерэг мөчийг ашиглаж нөөцөө нэмж бүрдүүүлж, илүү их төсвийн хэмнэлт хийж, зээлийн эргэн төлөлтөнд бэлтгэх замаар өрийг дахин санхүүжүүлэхэд үүсэж болзошгүй эрсдэлийг бууруулах хэрэгтэй гэж ОУВС зөвлөж байна. Эдийн засаг эрчимтэй өсөж, хөл дээрээ бат зогсож байгаа үед бүтцийн шинэчлэлийг хэрэгжүүлэх нь хэзээд илүү хялбар байдгийг ОУВС-ийн Суурин төлөөлөгч Тигран Погосян онцолж байлаа.
Байр суурь
“Монгол Улсын хэмжээнд одоогийн байдлаар газрын ховор элементийн зургаан орд тогтоогдсон. Гэхдээ хүдэржилтийн төрлөөс шалтгаалаад газрын ховор элементийн агуулга нь жигд бус байдаг учраас тухайн ордуудад бүгдэд нь гүйцээх хайгуул хийх шаардлагатай байгаа. Газрын ховор элементийн хайгуул нь эхний шатнаасаа эхлээд л ярвигтай, цаг хугацаа их шаарддаг. Төрөөс тухайн ордыг стратегийн гэж тодорхойлсон л бол стратегийн түвшинд хандаж, бодлогоор дэмжих ёстой. Одоогоор газрын ховор элементийн дөрвөн ордод ашиглалтын лиценз хүлээгдээд таван жил болж байна” хэмээн Монгол Улсын зөвлөх геологич С.Оюунбат “Bloomberg TV Mongolia”-д өгсөн ярилцлагадаа онцлов.
ОТ-н санхүүжилт, өр
“Оюу Толгой” ХХК-ийн далд уурхайн төслийг үргэлжлүүлэх 1.6 орчим тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилт нь зардал хэтэрч байгаа асуудал биш болохыг “Rio Tinto”-ийн Монгол дахь үйл ажиллагааг хариуцсан захирал Х.Амаржаргал онцлов. Тодруулбал энэ нь гүний уурхайн зардал өссөнтэй холбоотой бус, харин 2021 оноос хойш төлөвлөгдсөн, үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор авч буй төлөвлөгөөт хөрөнгө оруулалт бөгөөд Монгол Улсын ногдол ашиг авах хугацаанд нөлөөлөхгүй гэжээ.
Үүнээс өмнө ХЗДХ-ийн Дэд сайд Б.Солонгоо “Бидний анхаарах нэг асуудал Оюу Tолгой ХХК 16 тэрбум орчим ам.долларын өртэй байгаа нь манай улсын нийт гадаад өрийн 50% байна. Төлөгдөөгүй зээлийн хэмжээ жилийн хүү өндөр (~12%), хувь нийлүүлэгчийн зээлийн (~$12 тэрбум) хүүгээс улирал тутам хүү тооцдогоос шалтгаалж жил бүр нэмэгдэж байна.” хэмээн жиргээд байсан юм.
Орон сууцны үнэ өсөв
Улаанбаатар хотод орон сууцны үнэ 10 дугаар сард өмнөх оны мөн үеэс 10.9 хувиар, харин өмнөх сараасаа 0.8 хувиар өссөнийг ҮСХ мэдээлэв. Зээл олголт буурч, инфляц өндөр түвшинд хадгалагдаж байгаа энэ үед шинэ орон сууцны м.кв талбайн дундаж үнэ 3.95 сая төгрөг байгаа бол хуучин орон сууцных 3.47 сая төгрөг байна.
Шинэ үйлдвэр
“Hyundai” компани жилд 200 мянган нэгж цахилгаан автомашин үйлдвэрлэх хүчин чадалтай шинэ үйлдвэрийнхээ шавыг 1968 онд өөрсдийн анхны үйлдвэрээ барьж байсан түүхтэй Ульсан хотод тавьжээ. Цахилгаан автомашины үйлдвэрээ барихад 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн байна. “Kia”, “Genesis” брэндүүдийг эзэмшдэг тус компани ирэх 10 жилийн хугацаанд дотооддоо нийлүүлэх цахилгаан автомашины тоог 1.5 сая нэгж хүргэхээр зорьж байгаа аж.
Зөрүүтэй таамаглалууд
АНУ-ын Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ 2024 оны IV улирлаас хойш хуралдаан болгоноороо 0.25 суурь нэгжээр бууруулна гэсэн таамаглалыг “Morgan Stanley” банкны шинжээчид дэвшүүллээ. Энэхүү таамаглалаар 2025 оны эцэс гэхэд бодлогын хүү 2.375 хувийн түвшинд очихоор байна.
Харин “Goldman Sachs” банкны шинжээчид "Бодлогын хүүг цөөн давтамжтай бууруулна, ингэхдээ нэлээн хожуу эхэлнэ" гэж таамагласан байна. Тухайлбал: эхний 25 суурь нэгжийн бууруулалтыг 2024 оны IV улиралд эхлүүлж, түүнээс хойш 2026 оны дунд үе хүртэл улирал тутам нэг удаа бууруулснаар 3.5-3.75 хувийн хооронд тогтворжих аж.
Ур чадварын “соронз”
Өндөр ур чадвартай ажиллах хүчийг татах, хадгалж үлдэх чадамжаар нь улс орнуудыг эрэмбэлсэн "Ур чадвартай ажиллах хүчний өрсөлдөх чадварын индекс 2023" тайланд Швейцар улс тэргүүн байраа хадгалж үлдсэн бол Сингапур, АНУ удаалжээ.
Францад төвтэй INSEAD бизнесийн сургуулийн жил бүр гаргадаг тус тайлангийн гол шалгуур болох ур чадварыг зохистой үнэлэх, хадгалж үлдээх үзүүлэлтээр Швейцар нэгдүгээрт бичигдсэн нь тус улсын өндөр түвшний нийгмийн хамгаалал, хүрээлэн буй орчны таатай байдалтай холбоотой аж.
Амьдралын чанар ба тогтвортой хөгжил нь дараагийн арван жилд "авьяас, ур чадварын зангилаа төв болохоор зорьж буй улс бүрд нэн чухал шаардлага болно" гэж тайланд онцолсон байна. Тэгвэл 134 улсыг жагсаасан тус эрэмбэд Монгол Улс 76 дугаарт бичигдэхэд ур чадварыг татах, үнэлэх, хадгалж үлдээх үзүүлэлтүүдээр ерөнхийдөө дундаж болон сул оноо авсан нь нөлөөлсөн байна.
Bloombergtv.mn танд санал болгож байна
Ноолуур нь эдийн засгийг солонгоруулахад чухал үүрэг гүйцэтгэж байна
БНХАУ-д “Apple”-ийн борлуулалт буурч, “Xiaomi”-ийн зах зээлийн үнэлгээ $20 тэрбумаар тэлэв
“Amazon Fashion”-ийн Ерөнхийлөгч асан “Nike”-ийн Технологийн захирлаар ажиллана
Онцлох чарт
Энэтхэгийн Дели хот дэлхийн хамгийн их бохирдолтой хотуудын нэгт ямагт тооцогдсоор ирсэн ч удахгүй болох Дивали баярын өмнөх өдрүүдэд нөхцөл байдал бүр хүндрэх шинжтэй байна.
Хотод бүртгэлтэй 8 сая гаруй автомашины ялгаруулж буй утаа, түүнийг сарниулалгүй улам хуримтлуулсаар байдаг цаг агаараас гадна тус баяраар буудуулах сая сая хуурамч салют, тариалалтын шинэ улирлын өмнө цагаан будааны талбайн өнжмөл өвсийг шатааснаас гарах их хэмжээний утаа тортог нэмэгдсэнээр Делигийн агаарын бохирдол улам аюултай болох төлөвтэй аж.