- Business newsletter
- Posts
- 2023/11/13
2023/11/13
Гурван өгүүлбэрээр
БНСУ-ын хөрөнгө оруулалт Монгол руу урсахад түлхэц болох хүчин зүйлс, саад болж буй сорилтуудыг энэ дугаарт онцлов.
“Mongolian Mining Corporation” 2024 оны IV сард хугацаа нь дуусах байсан бондоо эргүүлэн худалдаж авлаа.
Австралийн зарим томоохон боомтын үйл ажиллагааг доголдуулсан кибер халдлагын нөлөө дэлхийн нийлүүлэлтийн сүлжээг ч тасалдуулж мэдэхээр байна.
Солонгосчуудын сонирхол
БНСУ-ын хувьд Монгол Улстай худалдаа болон аялал жуулчлалын хамтын ажиллагаа нь өргөжиж байгаа гэж болно. Харин хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны тал дээр олон боломж, тэлэх орон зай, мөн шийдвэрлэх ёстой асуудлууд ч байна.
Шинэ орон зай
Одоогийн байдлаар солонгос компаниудын Монгол дахь хөрөнгө оруулалтын хэмжээ нь 530 сая ам.долларт хүрснээс 25 хувь нь уул уурхайн салбарт, 18.5 хувь нь худалдааны салбарт хийгджээ. Ялангуяа сүүлийн жилүүдэд газрын ховор элементийн хайгуул судалгаа болон хүлэмжийн хийг бууруулах талаар хоёр тал хамтран ажиллах санал, санаачилгууд дэвшүүлж буй.
Тэр дундаа Монголд газрын ховор элемент боловсруулахад туслах технологиор хангах хүрээнд БНСУ 2027 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд есөн тэрбум вон буюу 6.9 сая ам.долларын хөгжлийн албан ёсны тусламжийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсныг Yonhap 9-р сард мэдээлж байв. Үүнтэй холбоотой уулзалт, үйл явдлууд ч өрнөх шинжтэй.
Үүнээс гадна гоо сайхны бүтээгдэхүүний хувьд хоёр улсын компаниуд “Made in Mongolia”, “Made by Mongolia” зэрэг брэндингийг бий болгон дотоодод нийлүүлэхээс гадна гуравдагч улс руу гаргахаар төлөвлөсөн төслүүд хэрэгжүүлж эхэлжээ.
Инфляцаас шалтгаалан өнгөрсөн оны сүүлээр төгрөгийн ханш дийлэнх валютуудын эсрэг суларч, улмаар энэ оны II сард вонтой харьцах ханш 2.8 хүрсэн нь олон жилийн доод түвшин болж байв. Хэдий тийм боловч монголчуудын гадаадаас шилжүүлэх мөнгөн урсгалыг харвал энэ нь зарим талаараа сайн нөлөөтэй байж болно. Оны эхний 9 сарын байдлаар гадаадад ажиллаж амьдарч буй монголчууд 100 сая орчим ам.доллар Монгол руу шилжүүлсний бараг 30 хувь нь БНСУ-аас орж ирснийг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин онцолж байлаа.
Сорилт ба санал
Өөр улсад хөрөнгө оруулалт хийж, зах зээлд нь нэвтрэх нь мэдээж эрсдэл дагуулна. Иймд бизнес эрхлэгчид болон хөрөнгө оруулагчдад тухайн улсын мэдээллийг үнэн бодитоор хүлээн авах сонирхол их байх нь дамжиггүй. Гэхдээ зарим тохиолдолд Монголд эдгээр мэдээллийг олох нь хүндрэлтэй байдгийг БНСУ-ын гадаад худалдаа хөрөнгө оруулалтын агентлаг болох KOTRA-ийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар онцолж байлаа.
Тэгвэл БНСУ-ын бизнес эрхлэгчдийн зүгээс Монголд хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах дараах хэдэн саналуудыг гаргасан байна.
Гадаадын иргэдэд хууль эрх зүйн/захиргааны мэдээлэл өгөхөд дэмжлэг үзүүлэх
Гадаадын шууд хөрөнгө оруулалттай холбоотой урамшуулал олгох
ГШХО-д ээлтэй орчин, олон нийтийн хандлагыг ээлтэй болгох
Төсөв батлагдав
Өмнөх оны төсвөөс 5 их наяд төгрөгөөр тэлэхээр байгаа 2024 оны Төсвийн тухай хуулийн төслийг УИХ эцэслэн баталлаа. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 25.8 их наяд төгрөг, нийт зарлага 27.3 их наяд төгрөг гэж хуульчилснаар төсвийн тэнцэл 1.5 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар тооцоолоод байна. Ийнхүү төсөв тэлснээр Төв банк мөнгөний хатуу бодлогоо үргэлжлүүлэх нөхцөл үүсэж, бизнесүүдийн хувьд зээл хумигдахаар байгааг эдийн засагчид хэлж байгаа юм.
Хайгуул эрчимжсэн жил
“Erdene Resource Development” компани 2023 оны есдүгээр сараар эцэслэгдсэн улиралд хайгуул болон төслүүдээ үнэлэх зэрэг ажлуудад нийт 15.3 гаруй сая ам.доллар зарцуулснаа тайлагналаа. Зарцуулалт нь ийнхүү өмнөх оны мөн үеэс бараг 300 хувиар өсөхөд “Баян хөндий” алтны төслийн эхний шатны ажлууд эхэлсэн зэрэг нь голлон нөлөөлсөн гэж компани тайландаа дурджээ. Хэдий тийм боловч “Erdene Resource Development”-ийн өрөмдлөг болон үнэлгээ, шинжилгээний зардал тайлант хугацаанд 655 мянган ам.доллароор буурсан байна.
2023 оны эхний сард тус компани “Mongolian Mining Corporation”-тай стратегийн түншлэл эхлүүлж, “Хөндий” хайгуулын дүүрэгт хамтран ажиллаж байна.
MMC зорилтоо гүйцэлдүүлэв
Тэгвэл “Mongolian Mining Corporation” 2024 оны дөрөвдүгээр сард хугацаа нь дуусах байсан бондоо 11 дүгээр сарын 8-нд амжилттай эргүүлэн худалдан авснаа мэдээллээ. 9.25 хувийн хүүтэй, 2024 онд хугацаа нь дуусах бондоо буцаан худалдан авах үнийг үндсэн төлбөр болон төлөгдөөгүй хуримтлагдсан хүүг 102.313 хувиар тооцож, буцаан худалдан авснаар тухайн бонд албан ёсоор Сингапурын биржид бүртгэлгүй болохоор болж байна.
Компанийн зүгээс энэхүү алхам нь санхүүгийн үзүүлэлтүүдэд нь дарамт болно гэж үзэхгүй байгаагаа мэдэгдсэн бөгөөд зээлжих зэрэглэлийг нь үнэлдэг “Fitch”, “Moody's” агентлагууд ч үүнтэй санал нийлжээ.
НДШ ба ХХОАТ
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар НДШ, ХХОАТ-ын шимтгэлийг 50 хувиар бууруулах нийтийн өргөдлийг судлан шийдвэрлүүлэхээр ажлын хэсэгт шилжүүлээд байна. Тус өргөдлийг НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгон нэмэгдүүлэх өргөдөлтэй хамтатган судлахаар болсон аж. НӨАТ-ын урамшууллын хувийг нэмэхийн оронд цалин хөлсөнд оногдуулж буй татварыг хөнгөвчилж, илүү нарийвчилсан, боловсронгуй болговол хувь хүн, айл өрхүүдэд бодитой орлого болохыг СЭЗИС-ийн Ахлах багш Ч.Өнөржаргал манайд ярилцлага өгөхдөө хэлж байлаа.
Эерэг хүлээлт
“Goldman Sachs” БНХАУ-ын 2024 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллөө 4.5 хувиас 4.8 хувь болгон өсгөв. БНХАУ-ын Засгийн газар ойрын саруудад эдийн засгийн өсөлтөө бодитойгоор ахиулах алхмуудыг хийнэ гэсэн хүлээлттэй байгаагаа тус банк илэрхийлжээ. Түүнчлэн Олон Улсын Валютын Сан БНХАУ-ын ирэх оны эдийн засгийн өсөлтийн таамаглалаа 4.2 хувиас 4.6 хувь болгон нэмэгдүүлээд байгаа юм.
Дэлгэцгүй “ухаалаг утас”
Өмнө нь "Apple"-ийн дизайн, инженерчлэлийн багт ажиллаж байсан эхнэр, нөхөр хоёрын байгуулсан "Humane" стартап хүлээлт үүсгээд байсан "Ai Pin" хэмээх хиймэл оюунт төхөөрөмжөө танилцууллаа.
Яваандаа жирийн ухаалаг гар утсыг орлоно гэгдэж буй тэрхүү төхөөрөмжийг хувцсан дээр соронзоор тогтоож хэрэглэх бөгөөд дэлгэцгүй тул хэрэглэгч өөрийн дуу хоолой, дохио зангаагаар удирдах аж. Түүнчлэн "Ai Pin" нь зөөврийн компьютерынх шиг мэдрэгчтэй хавтангаас гадна хэрэглэгчийн гар дээр дүрс, бичвэр цацаж харуулах лазер проектороор тоноглогджээ.
Энэхүү төхөөрөмж нь 699 ам.долларын үнэтэй, дээр нь хязгааргүй дата, дуудлага хийх багц бүхий сарын 24 ам.долларын үйлчилгээний хураамжтайгаар энэ сарын 16-наас худалдаанд гарах юм байна.
Bloombergtv.mn танд санал болгож байна
2023 онд алтны хайгуулын төсөв $1.1 тэрбумаар буурсан ч нийт хайгуулын 46 хувийг эзэлж байна
“Amazon” компани "Instagram, Facebook"-ээр дамжуулан худалдаа хийхийн тулд “Meta”-тай хамтарна
23 ББСБ II улиралд ₮58.1 тэрбумын ногоон зээлийн бүтээгдэхүүн гаргажээ
Онцлох чарт
Дотоод шаталтат хөдөлгүүрт 2,000 гаруй хөдлөх эд анги бий. Харин цахилгаан хөдөлгүүрт 20 гаруй л байдаг. Хэдий тийм боловч цахилгаан автомашиныг үйлдвэрлэж, борлуулах нь эдийн засгийн үр ашигтай байдлын хувьд хүндрэлтэй нь харагдаж байна. Нийлүүлэгчдийн хувьд ч цэнэг хураагуурын үйлдвэрлэлийн процессыг автоматжуулахад ахиц султай байгаа юм.
Карнеги-Меллон Их сургуулийн саяхны судалгаагаар цахилгаан автомашины хөдөлгүүр, цэнэг хураагуурыг үйлдвэрлэхэд уламжлалт хөдөлгүүрээс бараг хоёр дахин илүү хүн-цаг шаардагдаж байгаа нь тогтоогджээ.