2023/11/10

Гурван өгүүлбэрээр

  1. Өрнөдөд цөмийн эрчим хүч зайлшгүй хэрэгтэй байгааг Citadel-ийн Кен Гриффин онцлов.

  2. Ирэх оноос “E-Mongolia” аппликэйшний тусламжтайгаар цахимаар төлбөр тооцоо хийдэг болох нөхцөл бүрдэнэ.

  3. Он гарснаас хойш МХБ дээр 11.2 сая тн уул уурхайн бүтээгдэхүүн 5 их наяд гаруй төгрөгөөр арилжаалагджээ.

Олборлогчдын хувьцаа хэр байна?

Он гарсаар МХБ-д бүртгэлтэй уул уурхайн компаниудын хувьцааны ханшид өсөх хөдөлгөөн давамгайлж байна.

“Тавантолгой”-н өсөлт үргэлжилсээр

Зах зээлийн үнэлгээ нь 700 тэрбум төгрөгт дөхөөд байгаа “Тавантолгой” ХК-ийн нэгж хувьцааны ханш он гарснаас хойш 57.6 хувиар өсөж, лхагва гарагт 13,290 төгрөгт буюу сүүлийн гурван сар орчмын дээд түвшинд хаагдсан. Мөн нэгж хувьцааны ханш нь хоёрдугаар сард 15,500 төгрөгт хүрсэн нь 2007 оноос хойших дээд үзүүлэлт болжээ.

Тэгвэл “Эрдэнэ Ресурс Девелопмент”-ийн хувьцааны ханш нь он гарсаар 13.5 хувиар өссөнөөр зах зээлийн үнэлгээ нь ₮303 тэрбумд хүрсэн байна. Урт хугацаанд харвал сүүлийн гурван жилийн хугацаанд тус компанийн хувьцааны ханшийн огцом өсөлт, бууралт удаан үргэлжлээгүй харьцангуй тогтвортой байгаа юм.

Үүнээс гадна “Могойн гол”, “Адуун чулуун”, “Шивээ-Овоо”, “Багануур” зэрэг дотоодын нүүрс олборлолтын бусад компаниудын хувьцааны ханш эхний хагас жилд өмнөх оны арилжааны үзүүлэлттэй харьцуулахад харьцангуй сэргэсэн хөдөлгөөнтэй байсан бол хоёрдугаар хагасаас арилжааны идэвх нь суларчээ.

Арилжааны рекорд

Он гарснаас хойш 11.2 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн 5 их наяд гаруй төгрөгөөр арилжаалагдсаныг МХБ мэдээллээ. Тэр дундаа мягмар гарагт явагдсан “Тавантолгой” ХК-ийн коксжих нүүрсний арилжаанд тонн тутмын үнэ нь 18.3 хувь өсөж 171.6 ам.долларт хүрчээ. Тус арилжааны дүн 107.6 сая ам.доллар болсноор өнөөг хүртэл хийгдсэн хамгийн өндөр үнийн дүнтэй түүхий эдийн арилжаа болсныг МХБ-ын Гүйцэтгэх захирал Х.Алтай мэдээлж байв.

Технологи ба Хятадын бодлого

“Хятадыг хагас дамжуулагч ашиглах эрхгүй болгосноор бид зөвхөн тэднийг судалгаа, хөгжүүлэлтээ улам нэмэгдүүлэх урам зориг л өгөх болно. Huawei дөнгөж саяхан барууны хамгийн шилдэг гэсэн бүх л компанитай өрсөлдөхүйц 5G гар утсыг хэрхэн хийх нууцыг тайлчихлаа. Ний нуугүй хэлэхэд, нүд ирмэхийн зуурт л үүнийг хийчихлээ шүү дээ. Тиймээс Хятадтай зүгээр л харилцаагаа таслахад хэцүү байх болно.

Миний бодлоор Хятадын 1.4 тэрбум хүн бидэнд тэгэх боломжгүй гэдгийг баталж харуулах байх. Хятадаас жил бүр илүү олон тооны оюутан STEM чиглэлээр их сургууль төгсөж байна. Австралийн тэргүүлэх think tank-уудын нэгнийх нь судалгаагаар саяхан дэлхийн хамгийн чухал, хөгжиж буй 44 технологид судалгаа хийхэд тэдний 37-д нь Хятад улс тэргүүлж байна” хэмээн “Citadel”-ийн Үүсгэн байгуулагч Кен Гриффин “Bloomberg”-ийн Шинэ эдийн засгийн форумын үеэр онцоллоо.

Мөн тэрбээр өрнөдөд цэвэр, хэмнэлттэй суурь эрчим хүч гарган авах арга зам дутагдаж буй тул цөмийн эрчим хүч зайлшгүй хэрэгтэй бөгөөд БНХАУ цөмийн эрчим хүчинд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа цөөн хэдэн орны нэг хэмээжээ.

E-Mongolia-аар төлнө

Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс “E-Mongolia” аппликэйшний тусламжтайгаар цахимаар төлбөр тооцоо хийдэг болох нөхцөлийг бүрдүүлнэ гэж ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээллээ. Тодруулбал бие даасан данс нээхгүйгээр бүх төрлийн дансны карт, бусад төлбөрийн хэрэгсэлтэй дэд бүтцийн хүрээнд нэгтгэх юм байна. Мөн арилжааны банкнууд, төлбөрийн хэрэгслийн бүх хувийн хэвшил, ААН, байгууллагатай хамтарч ажиллах аж.

Блокчэйнийг туршина

Биржийн бус зах зээлийн блокчэйн арилжааны системийг хязгаарлагдмал орчинд буюу “сэндбокс” зохицуулалтын орчинд туршихаар болсныг СЗХ мэдээлэв. Блокчэйн системийг нэвтрүүлснээр үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаа, төлбөр тооцоог автоматаар, цагийн хязгаарлалтгүй гүйцэтгэх боломжтой аж. Мөн энэ нь сэндбоксын орчинд туршигдаж буй хоёр дахь хамтын санхүүжилтийн үйлчилгээ болохоор байгаа юм.

Зэсийн стратеги

“Rio Tinto” компани Чилийн зэсийн аварга “Codelco”-той хамтран тус улсад хайгуул хийж, хамтарсан төсөл хэрэгжүүлж магадгүй боллоо. “Rio Tinto”-ийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм, “Codelco”-ийн ТУЗ-ийн дарга Максимо Пачеко нар лхагва гарагт Токио хотод хэлцэл хийж, “Nuevo Cobre” буюу "шинэ зэс" гэх нэртэй хамтарсан компани байгуулжээ.

Дашрамд дурдахад сүүлд “Rio Tinto” Перу улс дахь “La Granja” зэсийн төслийнхөө 55 хувийг Канадын “First Quantum” компанид 105 сая ам.долларын дүн бүхий хэлцлээр худалдаад байгаа юм.

Уснаас хуурай гарав

"WeWork" мөнгө хэрхэн олох учраа хэзээ ч олоогүй. Харин Адам Нойманн ядах юмгүй олжээ.

Хоёр жилийн өмнө IPO хийж байсан оффис түрээсийн “WeWork” компани энэ долоо хоногийн эхээр дампуурлаа зарласан ч Хамтран үүсгэн байгуулагч нь уснаас хуурай гарсан байна. “WeWork урьд урьдаас илүү эрэлттэй байгаа бүтээгдэхүүнийг давуу талаа болгож чадаагүйг хажуугаас нь харахад хэцүү байна” хэмээн өдгөө 44 настай тэрбээр өгүүлжээ.

Тус компанийг хамтран үүсгэн байгуулж, 2019 онд компанийн анхны IPO бүтэлгүйтсэний дараа ажлаа өгсөн Адам Нойманн зарим талаар компаниас гарсандаа баярласан ч болохоор байгаа юм. Хэдийгээр түүний нэр хүнд унасан ч гэлээ компанийг орхисон нь түүнийг нэлээн хөрвөх чадвартай болгож, хөрөнгө нь одоо ч 1.7 тэрбум ам.доллароор хэмжигдэж буйг "Bloomberg Billionaires Index"-ээс харж болохоор байна.

Bloombergtv.mn танд санал болгож байна

  • Хүний тархинд чип суулгах Илон Маскийн стартап мэс ажилбараа хийхэд бэлэн болжээ

  • БНХАУ-ын эдийн засгийн сэргэлт удаашралтай буй энэ үед дефляцын дарамт эргэн сэргэв

  • "Rockstar Games"-ийн "GTA VI" тун удахгүй...

Онцлох чарт

АНУ-д усан цахилгаан станцын үйлдвэрлэл 2024 онд анх удаа нарны эрчим хүчийг давах төлөвтэй байгааг шинжээчид тооцоолжээ. Тухайлбал ирэх жил тус улс нарны зайн хураагуураас 318 тэрбум кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэхээр байгаа нь усан цахилгаан станцуудын үйлдвэрлэдгээс 34 тэрбум кВт/цаг буюу ойролцоогоор 12 хувиар их хэмжээний эрчим хүч гэсэн үг юм.