- Business newsletter
- Posts
- 2023/11/09
2023/11/09
Гурван өгүүлбэрээр
Уоррен Баффет АНУ-ын ЗГ-ын богино хугацаатай бондуудыг ихээр авах болсон нь юуг илэрхийлж буйг энэ дугаарт онцоллоо.
“Оюу Толгой ХХК” 1.2 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллаж, төлөвлөгөөгөө 29 хувиар давуулжээ.
Австралид хонины махны үнэ 75 хувиар унаж, фермерүүд хонио үнэгүй өгч байна.
Баффет онож, Сон алдав
Аливаа хөрөнгө оруулалтыг өгөөж ба эрсдэл үргэлж дагадаг гэдэг утгаараа тэрбумтнууд дандаа оносон шийдвэр гаргаад байна гэж үгүй. Тэгвэл Уоррен Баффетын оновчтой стратеги, Масаёши Соны алдаа энэ 7 хоногт ихээхэн анхаарал татлаа. Яг юу болсныг маш товчоор хүргэе.
Баффет хаашаа чиглэв?
Уоррен Баффетын “Berkshire Hathaway” АНУ-ын Засгийн газрын богино хугацаатай бонд худалдаж авахаa улам нэмэгдүүлж, хажуугаар нь урт хугацаатай бондууд болон хувьцаанаас зайлсхийх болжээ. Энэ нь домогт хөрөнгө оруулагч дэлхийн эдийн засгийн эргэлтийн цэг ойртсоныг мэдэрч, үүнээс өмнө ханшийн уналттай байгаа үнэт цааснуудыг “хамахаар” хичээж буйн илэрхий дохио гэж болно.
“Berkshire Hathaway”-ийн эзэмшдэг ЗГ-ын богино хугацаатай бондуудын үнийн дүн есдүгээр сарын сүүлийн байдлаар 126 тэрбум ам.доллар болж, өнгөрсөн оны 12 дугаар сараас 36 хувиар өссөн байна. Энэ нь тус компанийн түүхэндээ эзэмшсэн ЗГ-ын бондын хамгийн өндөр дүн болсныг өмнөх тайлан мэдээллүүд нь харуулж байгаа юм.
Төсөөлснөөс харьцангуй тэсвэртэй эдийн засгийн үзүүлэлтүүд, ужгирсан инфляц, мөн төсвийн алдагдлаас үүдэлтэй болгоомжлол зэрэг нь сүүлийн саруудад бондуудын өгөөж огцом өсөх шалтгаан болоод байгаа. Ялангуяа АНУ-ын ЗГ-ын бондуудын өгөөж 5 хувьд дөхсөн нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг хувьцаа гэх мэт эрсдэлтэй хэрэгслүүдээс илүүтэй татахад хүргэсэн юм. Тиймдээ ч наймдугаар сард Илон Маск ийм нөхцөлд ЗГ-ын бондууд нь бодоод байх юмгүй ойлгомжтой сонголт хэмээн бичиж байв.
Өөр өнцгөөс тайлбарлавал
“Berkshire Hathaway”-ийн III улирлын тайлангаас хамгийн анхаарал татсан тоо нь компанийн бэлэн мөнгөний нөөц рекорд дээд дүн буюу 157.2 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд үүний дийлэнхийг ЗГ-ын бондууд бүрдүүлсэн явдал байв. Энэ нь өдгөө 93 настай “Омахагийн зөнч” дэлхийн эдийн засгийн уналтын өмнө мөнгө хурааж байгаа, эсвэл зүгээр л шинэ хэлцэл олох нь багассаны дохио гэж шинжээчид олон янзаар тайлбарлаж буй.
Гэхдээ бодит байдал дээр Баффет өөрийн сурсан зангаараа зах зээлд тэвчээр зааж, олон бооцоо тавихаас зайлсхийж байгаа нь энэ гэж Bloomberg-ийн нийтлэлч Жонатан Левин бичжээ. Тодруулбал бэлэн мөнгө болон түүнтэй адилтгах хөрөнгө “Berkshire”-ийн нийт хөрөнгийн 15.4 хувийг бүрдүүлж байгаа нь 20 жилийн дунджаасаа яльгүй давсан л үзүүлэлт аж. Иймд “рекорд” гэсэн ганц үг дээр төвлөрснөөр бодит нөхцөл байдлыг хэт сүржнээр харж буй хэрэг гэжээ.
Масаёши Соны алдаа
Тэгвэл нөгөө талд япон тэрбумтан Масаёши Соны “Softbank”-ийн гол хөрөнгө оруулалтуудын алдагдал тэрбум тэрбумаар хэмжигдэж, олон жил хадгалагдсан сул менежмент, хөрөнгө оруулалтын буруу стратегийнх нь горыг амсуулж байна. Дундын оффисын бизнес болох “WeWork” өчигдөр дампуурлаа зарласнаар “Softbank”-д хувьцааны үнийн дүнгээр 11.5 тэрбум ам.долларын алдагдал учруулжээ.
Масаёши Сон туслахуудынхаа эсэргүүцлийг үл харгалзан “WeWork”-ийн Үүсгэн байгуулагч Адам Нойманнд “SoftBank” болон “Vision Fund”-аасаа олон тэрбум ам.долларыг гаргаж өгснөөр 2019 оны эхээр тус компанийн үнэлгээ 47 тэрбум ам.долларт хүрч цойлж байв. Түүнээс хойших хугацаанд зөвхөн “WeWork”-оор тогтохгүй “KATERRA”, “Eutelsat OneWeb”, “Zume Inc. Pizza” зэрэг хөрөнгө оруулсан компаниуд нь дампуурал зарлаж, эсвэл үйл ажиллагаагаа бүрэн зогсоогоод байна.
Эдгээр буруу эргэлтүүд нь япон тэрбумтны мэргэжлийн нэр хүнд, түүнд үзүүлэх итгэлд хэзээ ч арилахгүй сэв суулгасныг “Bloomberg” онцолж байна.
ОТ-н тайлан
Эхний гурван улирлын байдлаар “Оюу Толгой” ХХК 1.2 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажилласан нь төлөвлөгөөгөө 29 хувиар давуулан биелүүлсэн үзүүлэлт болжээ. Зэс болон алтны үнэ зах зээлд өндөр, борлуулалтын тоо хэмжээ сайн байгаа нь өсөлтөд нөлөөлсөн байна.
Энэ жилдээ “Оюу Толгой” ХХК-ийн далд уурхайн төслийг үргэлжлүүлэхэд 1.1 тэрбум ам.доллар шаардлагатай байна гэсэн саналыг ТУЗ-д тавьсан талаар “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт мэдээлж байв. Тэгвэл энэ саналыг 2022 онд тавьсан бөгөөд шинэ асуудал биш болохыг компанийн зүгээс тайлбарлажээ.
BNEF-ийн фокус
Сингапурт эхэлсэн “Bloomberg”-ийн 6 дахь удаагийн Шинэ эдийн засгийн форумд оролцож буй дэлхийн бизнес, улс төрийн салбарын манлайлагчдын үзэж байгаагаар энэ онд дэлхийн эдийн засгийн хамгийн том эрсдэл нь инфляц аж. “Goldman Sachs”-ийн Гүйцэтгэх захирал “Инфляц гол асуудал хэвээр байна” гэж онцолж байсан бол “GIC”-ийн Гүйцэтгэх захирал инфляцыг “хөрөнгө оруулалтын боломж” гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Харин БНХАУ-ын дэд Ерөнхийлөгчийн хувьд дэлхий дахинд хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхийг уриалж, мөн удахгүй болох АНУ болон БНХАУ-ын удирдагчдын уулзалтын өмнө хоёр орны хоорондох өндөр түвшний уулзалтуудаас эерэг дохио гарч байгааг сайшаасан байна.
Шинэ IPO-ийн зөвшөөрөл
СЗХ-ны ээлжит хуралдаанаар “Инновэйшн Инвестмент” ХХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй үнэт цаас болон гурван компанийн гаргаж буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэхээр шийдвэрлэжээ. Үүнээс гадна “Даатгагчийн төлбөрийн чадварын шалгуур үзүүлэлт, түүнд хяналт тавих журам”-ыг шинэчлэн баталсан байна. Ирэх оноос эхлэн хэрэгжих уг журам нь даатгагчийн төлбөрийн чадварын зохистой харьцааг тоон болон чанарын үзүүлэлтүүдийн хүрээнд авч үзэх аж.
Цахилгаан автомашин 2050 онд
Улс орнууд уламжлалт хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг хэрэглээнээс илүү хурдан халж чадвал энэ зууны дунд үе гэхэд цахилгаан автомашины зах зээлийн үнэлгээ 88 их наяд ам.доллар болж өсөхөөр байгааг “Bloomberg New Energy Finance” тооцоолжээ. Харин 2030 он гэхэд үнэлгээ нь 8.8 их наяд ам.доллар хүрнэ гэж үзсэн байна.
Өнөөдрийн байдлаар цахилгаан автомашин хамгийн ихээр нэвтэрсэн улс бол Норвег юм. Өнгөрсөн онд тус улсын нийт автомашины 25 хувь нь цахилгаан хөдөлгүүртэй байжээ.
Үнэгүй хонь
Австралийн хонины аж ахуй хямралд орж, махны үнэ 16 жилийн доод түвшиндээ хүрч унаад байгаа нь тус улсын баруун хэсэгт фермерүүд гэрийн тэжээвэр амьтны хоол үйлдвэрлэгчдэд малаа үнэгүй өгөхөд хүргэж байна.
Сүүлийн нэг жилийн хугацаанд Австралид хонины махны үнэ 75 хувиар унасныг "Meat & Livestock Australia" компанийн нийлүүлэлтийн шинжээч Тим Жэксон мэдээлжээ. Мөн амьд хонины үнэ огцом унаж, аравдугаар сарын байдлаар нас бие гүйцсэн хонины дундаж үнэ 34 австрали доллар буюу 22 ам.доллар болсон бөгөөд тэр байтугай заримдаа 1 ам.доллар ч хүрэхгүй үнээр зарагдаж буй мэдээлэл байгааг онцолсон байна.
Цаг уурын Эль-Ниньо үзэгдлийн нөлөөгөөр Австралид илүү халуун, хуурай өдрүүд үргэлжлэх төлөвтэй тул бэлчээрийн хомсдолоос шалтгаалан нядалгаанд өгч буй малын тоо нэмэгдэж байгаа аж. Тус улсын Засгийн газар малыг амьдаар нь экспортлохыг зогсоохоор төлөвлөсөн нь ялангуяа Баруун Австралид нийлүүлэлтийн илүүдэл, бэлчээрийн даацын санаа зовоосон асуудлуудыг улам гүнзгийрүүлэх болжээ.
Bloombergtv.mn танд санал болгож байна
Орон сууцны барилгын өртөг өмнөх оны мөн үеэс 10.8 хувиар буурав
Газрын тосны үнэ 4.3 хувиар буурч, баррель нь $77 болов
Онцлох чарт
Мах, сүү үйлдвэрлэлийн дэлхийн хамгийн том 20 нээлттэй компанийн ялгаруулсан хүлэмжийн хийн хэмжээ 2022 оны түвшнээс 3.3 хувиар өссөнийг “Fairr Initiative” мэдээлжээ. Хүнсний салбарын нүүрстөрөгчийн ул мөр маш өндөр буюу дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгарлын гуравны нэг орчмыг бүрдүүлдэг байна. Харин метан хий ихээр ялгаруулдаг мал сүргийн хувьд дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгарлын 14.5 хувийг бүрдүүлж байна.