- Business newsletter
- Posts
- 2023/11/08
2023/11/08
Гурван өгүүлбэрээр
Зэсийн үнэ 2024 болон 2025 онд тонн нь 8,000 ам.доллар орчимд байна гэж “Fitch” тооцоолсон байна.
“АПУ” ХК энэ оны I хагасын цэвэр ашгаас нэгж хувьцаанд 42.75 төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулжээ.
Гадаадын хөрөнгө оруулагчид БНХАУ-аас олноороо гарснаар тус улсын ГШХО-ын хэмжээ анх удаа хасах утга руу оров.
АПУ ХК-ийн ногдол ашиг
“АПУ” ХК нь 2023 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 42.75 төгрөг (5% татвар суутгасан дүн)-ийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдийн үнэт цаасны төвлөрсөн хадгаламж дахь дансанд байршуулсан байна. Тус компанийн нэгж хувьцааны ханш 2021 оны сүүл үед 1800 төгрөг хүрч байсан бол өчигдрийн хаалтын ханшаар 1163 төгрөгт хаагджээ.
Баялгийн сангийн ирээдүй
Эдийн засгийн төрөлжилт, инновац, шинэ технологи, хүний хөгжил, ногоон хөгжлийн зорилтуудыг дэмжих чадавхтай олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн баялгийн санг бий болгоно хэмээн "Алсын хараа 2050" урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт тусгасан байдаг. Байгалийн баялаг шавхагдсан хойно ч орлогын урсгалыг таслахааргүй хуримтлал үүсгэх зарчимтай энэ сангийн гараа зөв тавигдаж буй эсэх нь маргаантай асуудал болоод байна.
Арвижаагүй сан
Уул уурхайгаас олсон орлогыг нийгэм, уул уурхайн бус салбарыг хөгжүүлэх санхүүжилт болгох Үндэсний баялгийн сангийн тухай хууль удахгүй хэлэлцэгдэх хүлээлттэй байна. Гэтэл 2016 оны хуулиар батлагдаж байсан баялгийн сан болох Ирээдүйн өв сангийн жил бүр хуримтлал нь нэмэгдэх зарчим, мөн 2030 он хүртэл зарцуулалт хийгдэхгүй байх заалтын аль нь хэрэгжээгүй. Урт хугацааны тогтвортой бодлого дутагддаг асуудлын ээлжит золиос нь урт хугацааны сан болж, 2022 онд Ирээдүйн өв санд хуримтлагдах орлогыг хүүхдийн мөнгө олгоход зарцуулснаар сангийн хөрөнгө арвижаагүй үлдсэн юм.
Үүгээр зогссонгүй АМНАТ-өөс Төсвийн тогтворжуулалтын санд хуваарилаад үлдэх хэсгийн 65 хувийг Ирээдүйн өв санд хуваарилах заалтыг алдагдалтай төсөвдөө нийцүүлэн мөн л өөрчилсөн юм. Уг нь ЗГ баялгийн сангуудын үйл ажиллагааг тууштай хэрэгжүүлж, ашигт малтмалын үнийн савлагаанаас үүдэлтэй эдийн засгийн мөчлөгийг сөрсөн бодлого тууштай баримтлах нь урт хугацааны тогтвортой өсөлтийг хадгалахад чухал үүрэгтэйг Эдийн засгийн судалгаа эрдэм шинжилгээний хүрээлэн мэдээлж байв.
Орон сууцжуулалтын боломж
Эх үүсвэрийн дутагдлыг нь арилгах шийдэл гэвэл ипотекийн зээлийн хөтөлбөрийг олон улсын туршлагын дагуу баялгийн сангийнхаа эх үүсвэрээр санхүүжүүлэх боломж бий. Урт хугацааны эх үүсвэрийг орон сууцны зээлийн санхүүжилтийн зах зээл рүү оруулж чаддаг механизмыг нэвтрүүлж чадвал иргэдийн өрхийн орлогод илүү нийцсэн бүтээгдэхүүн бий болгох боломж нэмэгдэхийг “Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга хэлж байлаа.
Казахстаны сангийн тухай
Газрын тос, байгалийн хий болон бусад уул уурхайн бүтээгдэхүүний үнийн хэлбэлзлийн нөлөөг арилгах тогтворжуулалтын сан хэлбэрээр 2000 онд байгуулагдаж байсан Казахстан улсын Үндэсний баялгийн сан 2022 оны байдлаар 69 тэрбум ам.долларын хөрөнгө бүхий дэлхийн томоохон баялгийн сангуудын нэгт тооцогдох болоод байна.
Тус улсын парламентын шийдвэрээр ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Үндэсний баялгийн сан нь жил бүрийн хөрөнгө оруулалтын орлогынхоо 50 хувийг хүүхдийн тусгай хадгаламжийн дансанд байршуулахаар болжээ. Хүүхэд бүр 18 нас хүртэл хийгдэх энэхүү хуримтлал нь ирээдүйд тэдний орон сууц худалдан авах чадавхыг сайжруулах, Казахстанд иргэдийн орон сууцжуулалтын хүртээмжийг сайжруулах зорилготойг мэдээлсэн байна.
Байр суурь
“VII сард инфляцын түвшин хоёр оронтой тооноос 9 хувь болж буурсан. Гэхдээ удалгүй инфляцын түвшин эргээд хоёр оронтой тоонд хүрч эрчимжсэн. Үүнд мөнгөний нийлүүлэлт харьцангуй өндөр түвшинд хэвээр байгаа нь нөлөөллөө. УИХ-аас төсөв хэлэлцэж байгааг мэдээлж байна. Миний бодлоор нэлээд амбицлаг эсвэл хэт өөдрөг төсөөлөлтэй байгаа харагдсан. Нүүрсний үнэ, хэмжээ, экспортын хэмжээ, инфляцын түвшингийн хувьд ч тэр. Тиймээс инфляцыг дахин эрчимжүүлэхгүй байх тал дээр онцгой анхаарах хэрэгтэй” хэмээн Голомт банкны Гүйцэтгэх захирал Норихико Като “Bloomberg TV Mongolia”-д өгсөн ярилцлагадаа онцоллоо.
Гадаад худалдаа дээд цэгтээ
Оны эхний 10 сарын байдлаар Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл 4.9 тэрбум ам.долларын ашигтай байсны зэрэгцээ гадаад худалдааны нийт бараа эргэлт 20 тэрбум ам.доллар хүрч, өмнөх оны мөн үеэс 16.9 хувиар өссөнийг ГЕГ мэдээлэв. Ингэснээр 2022 болон 2023 оны эхний 10 сарын бараа эргэлт өмнөх онуудынхаа бүтэн жилийн бараа эргэлтийн хэмжээг даваад байна.
Fitch-ийн анхааруулга
Ази, Номхон далайн бүсийн орнууд, тэр дундаа Индонез болон Монгол зэрэг хөгжиж буй орнуудын зохицуулалтын орчин тогтмол өөрчлөгддөг нь уул уурхайн салбарын компаниудад сөргөөр нөлөөлж байгааг “Fitch Ratings” анхааруулж байна. Тодруулбал уул уурхайн салбарын зохицуулалтын тогтворгүй байдал компаниудын бэлэн мөнгөний урсгал болон зээлжих зэрэглэлд "халтай" байна гэж үзжээ.
Ялангуяа “Mongolian Mining Corporation” компанийн үйл ажиллагаанд АМНАТ-ийн тогтолцооны өөрчлөлт, үнийн зөрүүтэй байдал зэрэг нь сөргөөр нөлөөлж, ашгийн маржин нь хумигдахад хүргэж буйг онцолжээ.
Зэсийн үнийн төлөв
Түүнчлэн “Fitch” агентлаг “Vale” компанийн урт хугацааны зээлжих зэрэглэлийг үнэлэхдээ дэлхийн зах зээлд зэсийн үнэ 2024 болон 2025 онд тонн нь 8,000 ам.доллар орчимд байна гэж тооцоолжээ. Энэ нь Монгол Улс 2024 оны төсвийн төсөлд тонн нь 9,000 ам.доллар байна гэж тооцоолсноос доогуур дүн болж байгаа юм.
Shein $90 тэрбумаар үнэлэгдэх үү?
Хоёрхон ам.долларын үнэтэй, загварлаг усны хувцас, цамц тэргүүтнээс хэн татгалзах билээ. Тэгвэл “fast-fashion” буюу тренд дагасан хямд хувцасны худалдааны томоохон тоглогч “Shein” компани АНУ-д IPO хийх бэлтгэлээ хангаж буй бөгөөд үнэлгээгээ 90 тэрбум ам.долларт хүргэхээр зорьж байгааг ойрын эх сурвалж мэдээллээ. Энэ нь хаалттай хүрээнд тогтсон үнэлгээнээс хол давсан дүн бөгөөд зах зээлийн хэлбэлзэлтэй холбоотойгоор хувьцаагаа хэзээ арилжаалах нь тодорхойгүй байна.
“Shein” 2022 оны байдлаар 100 тэрбум ам.доллароор үнэлэгдэж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй стартапуудын гуравдугаарт бичигдэж байв. Улмаар бодлогын хүү өсөж, эдийн засгийн төлөв улам тодорхойгүй болохын зэрэгцээ хөрөнгө оруулагчид эрсдэлтэй хөрөнгө оруулалтаас зайлсхийх болсноор тус компани болон бусад стартапуудын үнэлгээ буурсан юм.
Өөрийн гэсэн ChatGPT
“OpenAI” компани хэрэглэгчдэд өөрсдийн сонирхол, ажил мэргэжлийн чиглэлийн дагуу тусгайлан тохируулсан “ChatGPT”-ийн хувилбарыг бүтээх боломжийг олгож эхэллээ. Үүний тулд код бичдэг байх шаардлагагүй бөгөөд тухайлбал хэрэглэгч хүүхдэд нь математикийн хичээл заадаг, эсвэл хөлөгт тоглоомын дүрэм тайлбарладаг гэх мэт тусгай хиймэл оюуныг өөрөө үүсгэдэг болох аж.
Япон сүүл мушгив
Ажилтнуудын бие махбодын, сэтгэцийн, нийгмийн, оюун санааны эрүүл мэнд ямар улсуудад хамгийн сайн болон хамгийн муу байдгийг харуулсан шинэ эрэмбэ гарсан байна. "McKinsey Health Institute"-аас 30 улсын 30 мянга гаруй ажилтнуудын дунд явуулсан санал асуулгад үндэслэсэн тус эрэмбийн хамгийн сүүлд Япон улс жагсжээ. Харин Их Британи, Нидерланд улсууд сүүлээсээ хоёрдугаарт болон гуравдугаарт бичигдсэн байна.
Bloombergtv.mn танд санал болгож байна
“Ivanhoe Mines” III улиралд $108 саяын ашигтай ажиллав
МАШҮХ: Арьс, ширэн бүтээгдэхүүний зах зээл тэлэхэд түүхий эдийн гэмтэл сорилт болж байна
“УБТЗ” I-X сард 26.7 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 20.7 хувиар өссөн үзүүлэлт
Онцлох чарт
Хятадад гадаадын хөрөнгө оруулагчид санхүүгийн эрсдэлгүй байдлыг нэгдүгээрт тавьж, олон жилийн турш хөрөнгө оруулалтын хамгийн таатай орчинд тооцогдож ирсэн тус улсаас гарцгааж байна. Өнгөрсөн улиралд хөрөнгө оруулагчдын БНХАУ-аас татсан хөрөнгийн хэмжээ оруулсан хөрөнгөөсөө 11.8 тэрбум ам.доллароор давснаар 1998 онд анх бүртгэгдэж эхэлснээсээ хойш ГШХО нь анх удаа хасах утга руу оржээ.