2023/11/07

Гурван өгүүлбэрээр

  1. Аравдугаар сарын байдлаар инфляц 9 хувьтай гарснаар сүүлийн 23 сард нэг оронтой тоонд орсон хоёр дахь тохиолдол болов.

  2. Монголын Хөрөнгийн Бирж ХК III улиралд 2.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаа тайлагналаа.

  3. Илон Маск: Хиймэл оюун яг л үлгэрт гардаг шидэт бирдтэй адил. Гэхдээ иймэрхүү үлгэрүүд ихэвчлэн сайнаар төгсдөггүй.

Нөлөөллийн хөрөнгө оруулалт

Нөлөөллийн хөрөнгө оруулалт, ESG (БОНЗ) хөрөнгө оруулалт буюу тогтвортой хөгжилд хөрөнгө оруулалт хийх, хариуцлагатай хөрөнгө оруулалт гэсэн нэр томьёо нь олон улсын зах зээл дээр түгээмэл хэрэглэгддэг болж, хөрөнгө оруулалтын стратеги болоод хөгжиж байна.

Ерөнхийдөө нөлөөллийн хөрөнгө оруулалтын орчныг бүхэлд нь хамарсан бүтцийн өөрчлөлт, үнэлгээний шинэчлэл хийгдэж байгаа бөгөөд ялангуяа сүүлийн жилүүдэд цаг уурын гэнэтийн үзэгдэл, өргөн хүрээг хамарсан ажил хаялт зэрэгт БОНЗ-ын эрсдэлүүд тод томруун харагдах боллоо.

Bloomberg Intelligence-ийн тооцоолсноор БОНЗ-ын ба тогтвортой хөгжлийн гэсэн тодотголтой сангуудын үнэлгээ 2023 оны эхний улиралд 2.3 их наяд ам.доллар давсан байна. Түүнчлэн 2020 онд дэлхий даяар БОНЗ-ын сангуудын удирдаж буй нийт хөрөнгийн хэмжээ 35 их наяд ам.доллар давсан бол 2025 он гэхэд 50 их наяд ам.доллар хүрэх тооцоолол гаргажээ.

2022 онд ОХУ-ын Украин дахь эзлэн түрэмгийлэл газрын тосны хувьцаануудыг өсгөж, нөгөө талд БОНЗ-ын сангуудын түгээмэл эзэмшдэг технологийн компаниудын хувьцаа унасан юм. Харин 2023 онд БОНЗ-ын чиглэлийн хөрөнгө оруулалт дэлхий даяар сэргэсэн ч бусад жишиг индексүүдтэй харьцуулахад өгөөж нь сул хэвээр байна.

Эргэн харах асуудлууд бий

БОНЗ-ын, нөлөөллийн хөрөнгө оруулалт нь тодорхойлолтын хувьд хэт өргөн хүрээг хамарч байгаа тул ерөнхий утгаа алдсан гэж шүүмжлэгчид үзэх нь бий. Тэр дундаа компаниуд байгаль орчинд ээлтэй байдал, түүний төлөөх үйл ажиллагаагаа хэт дөвийлгөж харуулах буюу “greenwashing” өнөө цагт газар авсныг хэлдэг. Европын болон АНУ-ын зохицуулах байгууллагууд БОНЗ-ын бодит байдлаа хэтрүүлдэг гэж үзсэн компаниудад аль хэдийн арга хэмжээ авч эхлээд байгаа юм.

Монголд нэн хэрэгтэй

Монгол Улс уул уурхай, мал аж ахуйгаас ихээхэн хамааралтай эдийн засагтай тул тогтвортой хөгжлийн хөрөнгө оруулалтыг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх ёстой болж байгааг АНУ-ын “Bottom Billion Corporation” хөрөнгө оруулалтын сангийн Санхүү хариуцсан захирал Г.Долгорсүрэн онцолж байлаа. “БОНЗ нь маш том цар хүрээтэй. Байгаль орчны хувьд нүүрстөрөгчийн ялгарлаа багасгаж байна уу, хог хаягдлын менежментээ сайжруулж байна уу, мөн бүтээгдэхүүний гинжин хэлхээ нь эхнээсээ төгсгөл хүртлээ хариуцлагатай байна уу гэх зэргээр яригдана” хэмээн тэрбээр “Medeenomics” подкастын шинэ дугаарт оролцохдоо өгүүлсэн юм.

Байр суурь

“Ерөнхийдөө миний хувьд хиймэл оюуныг хүн төрөлхтөнд саараасаа илүүтэй сайн нөлөө ихтэй гэж хардаг. Ялангуяа гачигдалгүй, элбэг дэлбэг ирээдүйг бүтээхэд хиймэл оюун яг л үлгэрт гардаг шидэт бирдтэй адил гэсэн үг. Учир нь шидэт бирд хүний ямар ч хүслийг биелүүлж өгөх боломжтой шүү дээ. Гэхдээ иймэрхүү үлгэрүүд ихэвчлэн сайнаар төгсдөггүй” хэмээн Илон Маск хиймэл оюуны аюулгүй байдлын талаар Их Британийн Ерөнхий сайд Риши Сунактай ярилцахдаа онцолсон байна.

Дахин нэг оронтой тоонд

Аравдугаар сард Монгол Улсын инфляц 9 хувьтай гарснаар сүүлийн 23 сард хоёр дахь удаа нэг оронтой тоонд орж байна. Гол жин дардаг хүнсний барааны бүлгийн үнийн өсөлт өнгөрсөн оны 11 дүгээр сард 16.1 хувь байсан бол өнгөрсөн сард 14.4 хувь болж саарчээ. Цаашид төсөв тэлэх, уул уурхайн бус үйлдвэрлэл идэвхжихээр байгаа тул 2024 он хүртэл эрэлтийн шалтгаантай инфляц нэмэгдэнэ гэж Монголбанк үзэж байгаа юм.

Entrée-ийн алдагдал

“Entrée Resources” компани энэ оны III улиралд 700 мянган ам.долларын үйл ажиллагааны алдагдалтай ажилласнаа тайлагналаа. Алдагдал нь өмнөх оны мөн үед 500 мянган ам.доллар байсан бол ийнхүү нэмэгдээд байна. Арбитрын зардал, “Оюу Толгой” болон “Rio Tinto”-той хийсэн хуулийн хэлэлцээний зардлууд өссөнийг компани мэдэгджээ. Мөн цаашид “Шивээ толгой” болон “Жавхлант уул" уурхайн лицензүүдийг “Оюу Толгой” компанид шилжүүлэхэд төвлөрнө гэсэн байна.

Хүнс үйлдвэрлэгчдийн тайлан

Саяхан хоёр дахь фермээ шинээр барьж дуусгаад буй “Түмэн шувуут” ХК-ийн борлуулалтын орлого III улиралд өнгөрсөн оны мөн үеэс 73 хувиар өссөн бол цэвэр ашиг нь 59 гаруй хувиар өсөж, 8.1 тэрбум төгрөг хүрчээ. Компанийн “Түмэн шувуут 2” төсөл бүрэн хэрэгжсэнээр нэмэлтээр 80 сая ширхэг өндөг үйлдвэрлэж, мөн 80 хүнийг ажлын байраар хангаж, 32 тэрбум төгрөгийн борлуулалт хийхээр байгаагаа онцолж байв.

Харин “Монос хүнс” ХК-ийн цэвэр ашиг нь тайлант хугацаанд өмнөх оны мөн үеэс 10 хувиар өсөж, 2.9 тэрбум төгрөг хүрсэн байна. Компани ОХУ-д органик ааруултай үрэл албан ёсоор экспортолж эхэлснээс гадна 20 нэр төрлийн бүтээгдэхүүнээ Киргиз улсад экспортлохоор болоод байгаа.

CU шар айрагны зах зээлд

CU сүлжээ дэлгүүрийг ажиллуулдаг “Сентрал Экспресс Си Ви Эс” ХК “Чингис шар айраг” ХХК-ийн 90 хувийг худалдан авч өөртөө нэгтгэхээр төлөвлөж байна. Компани ирэх сард болох хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаараа “Чингис шар айраг”, “Стора Централ” зэрэг компаниудын хувьцааг нэмэлт хувьцаа гарган худалдан авахаар хэлэлцэх аж.

Ингэснээр CU Монголын шар айрагны зах зээлийн гол тоглогчдын нэг болох хүлээлттэй гэж шинжээчид үзэж буйг “Голомт Капитал” ҮЦК мэдээлжээ. Монголын шар айрагны нийт үйлдвэрлэл нэмэгдэж сүүлийн 12 сард 1 их наяд орчим төгрөгийн орлоготой зах зээл болжээ.

Уран зөгнөлийн зочид буудлууд

Хөгжмийн наадмууд, тансаг аялалд ашиглагддаг том хэмжээтэй асар, майхан үйлдвэрлэдгээрээ танигдаад байсан зочлохуйн үйлчилгээ үзүүлэгч нэгэн компани Саудын Арабын баруун хойд хэсэгт, хадархаг уулсаас урган гарсан гэмээр ер бусын, уран зөгнөлийн хэв маяг бүхий архитектуртай гурван байгууламж барихаар төлөвлөжээ.

"Dune" киноны зураг авалтын байршил гэлтэй тэрхүү гурван зочид буудлыг тансаг аялал жуулчлалаас гараагаа эхэлсэн "Habitas" компани эзэмшиж, үйл ажиллагааг нь явуулах юм байна. Саяхан танилцуулагдсан эдгээр төслүүд нь Саудын Араб улсын хилээ нээж, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх их наяд ам.доллароор хэмжигдэх бодлогын нэг хэсэг нь аж. Тус бүрдээ 40 өрөө бүхий дээрх зочид буудлууд нь үйл ажиллагааны хувьд адал явдал, эрүүл амьдрал, байгаль орчин гэсэн гурван өөр чиглэлд төвлөрөх юм байна.

Short-ийг хориглов

БНСУ хедж сангуудын дунд түгээмэл болсон хориотой арилжааны тактикийг зогсоохоор 2024 оны зургаадугаар сар хүртэлх хугацаанд “short” арилжааг хоригложээ. Ингэснээр шорт арилжааны дүнд хохирч байсан жижиг хөрөнгө оруулагчдад тус болох ч нөгөө талаас 1.7 их наяд ам.долларын хөрөнгийн зах зээлд нь гаднын сангуудын оролцоог бууруулахад хүргэж магадгүй гэж шинжээчид үзжээ.

Өмнөд Солонгост “short” арилжааны дийлэнх хэсгийг мэргэжлийн хөрөнгө оруулагчид гүйцэтгэдэг ч хөрөнгийн захынхаа багахан хувь буюу KOSPI-ийн 0.6 хувь, KOSDAQ-ийн 1.6 хувийг л бүрдүүлж байна.

Bloombergtv.mn танд санал болгож байна

Онцлох чарт

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа эхэлсний нөлөөгөөр “Монголын Хөрөнгийн Бирж” ХК гуравдугаар улиралд 7.2 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой, 2.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаа тайлагналаа. Компани аравдугаар сарын 30-наас хойш нүүрсний долоон удаагийн, төмрийн баяжмалын найман удаагийн цахим арилжаа зохион байгуулж, нийт 130.6 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байна.