- Business newsletter
- Posts
- 2023/11/06
2023/11/06
Гурван өгүүлбэрээр
Монгол Улс гуравдагч хөрш орнуудтай харилцах харилцаагаа эдийн засгийн агуулгаар баяжуулахад түлхэц болох нислэгүүдийн талаар энэ дугаарт онцоллоо.
“SouthGobi Resources”-ийн өнгөрсөн улирлын цэвэр ашиг 26-34 сая ам.доллар хүрсэн байж магадгүй.
Байр суурь: Томоохон дуулиан гарсны дараа төрийн өмчит компанийн захирлыг солилоо гээд юу ч өөрчлөгдөхгүй байна.
Энэ өвөл хаашаа аялах вэ?
Шинэ чиглэлүүд
1.17 их наяд ам.доллароор үнэлэгдэх дэлхийн агаарын тээврийн салбарын суудал дүүргэлт дөнгөж өнгөрсөн сард л цар тахлын өмнөх буюу 2019 оны түвшиндээ эргэн хүрээд байгаа. Тэгвэл энэ онд 1 сая жуулчин хүлээн авах зорилт тавьсан Монгол Улсад он гарсаар зочилсон гадаадын иргэдийн тоо аравдугаар сарын сүүлийн байдлаар 600 мянга давснаар бүх цаг үеийн дээд амжилтаа эвдлээ. Харьцуулбал цар тахлын өмнө буюу 2019 онд 557,300 жуулчин хүлээн авсан нь дээд амжилт болж байв.
2023-2025 оныг Монголд зочлох жил болгосны хүрээнд олон орны иргэдийг визийн шаардлагаас чөлөөлж, мөн агаарын харилцааны шинэ хэлэлцээрүүдээр шууд нислэгтэй орнууд, хотуудын тоо нэмэгдэж буй тул ирэх жилүүдэд аялал жуулчлалын зах зээл тэлэхийн сацуу монголчуудын гадаадад аялах хандлага ч өөрчлөгдөх төлөвтэй.
Монгол Улсаас гадаадад зорчсон иргэдийн тоо энэ оны эхний есөн сарын байдлаар давхардсан тоогоор 1.4 сая давсан нь 2022 оныхтой харьцуулахад хоёр дахин өссөн дүн болохыг ҮСХ-ны тайлангаас харж болно.
"Нээлттэй тэнгэр" бодлогын хүрээнд МИАТ компани 2024 оноос АНУ руу шууд нислэг гүйцэтгэхээр болсон нь тус салбарын хувьд томоохон ахиц байлаа. Сүүлд тус компани АНУ-ын нийт таван хот руу “Cathay Pacific” компанитай хамтарсан нислэг үйлдэхэд бэлэн болсноо зарлаж, аравдугаар сарын 20-ноос тасалбараа борлуулж эхлээд байгаа юм.
Үүнээс гадна монголчууд ихээр оршин суудаг орнуудын нэг Австрали улстай хэлэлцээр байгуулж, шууд нислэгтэй болох ажлыг эхлүүлээд зогсохгүй энэ онд Грек, Катар, Унгар улсууд руу мөн адил шууд нислэг үйлддэг болох эрх зүйн орчныг бүрдүүлээд байна. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт энэхүү шинэ чиглэлүүдийн цувааг Вьетнам улс үргэлжлүүлсэн юм.
Тайландыг орлох сонголт
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНСВУ-д хийсэн Төрийн айлчлалын хүрээнд зохион байгуулсан Монгол-Вьетнамын бизнес форумын үеэр тус улсын Нячанг хот руу ирэх сарын 15-наас тогтмол үйлдэж эхлэх нислэгийн нээлт болсон юм. Вьетнамын аялал жуулчлалын гол бүс болох өмнөд эрэгт байрлалтай Нячанг болон Улаанбаатар хоорондын нислэгийг “Viet-Jet” авиа компани үйлдэх аж.
Ингэснээр хүйтний улиралд монголчуудын дунд нэлээд эрэлттэй болдог Зүүн Өмнөд Азийн аяллын хүртээмж, орон зай улам тэлж, өртөг багатай аялах боломж нэмэгдэж байна. Өнгөрсөн онд л гэхэд энгийн паспортоор визгүй зорчих боломжтой байдаг Вьетнам улсад 15 мянга орчим монголчууд аялсныг ЕТГ-ын дарга Я.Содбаатар онцолж байлаа.
Азийн хамгийн эрчимтэй тэлж буй эдийн засагтай орнуудын нэг Вьетнамын үзэсгэлэнт далайн эргүүд, хоолны баялаг соёл, сонирхолтой түүхтэй хот тосгодод татагдан очих жуулчдын тоо жил ирэх тусам нэмэгдэж, бүс нутгийн аялал жуулчлалын аварга Тайландын хүчтэй өрсөлдөгч болон гарч ирж буй. 2019 онд тус улс 18 сая гадаадын жуулчин хүлээн авсан нь рекорд үзүүлэлт болж байсан бол энэ онд найман сая жуулчин хүлээн авах зорилт тавиад байгаа аж.
Цар тахлын дараах аялал жуулчлалын сэргэлтийг эрчимжүүлэх үүднээс Вьетнам улс визгүй зорчуулдаг орнуудын иргэдийн оршин суух хугацааг 45 хоног болгон нэмэгдүүлэхээр хэлэлцэж байгааг “Bloomberg” мэдээлжээ.
Байр суурь
“Газрын тос боловсруулалт, эрчим хүч, төмөр замын бүтээн байгуулалт гэх мэт хувийн хэвшлийн хийчих бололцоотой бүхий л том төслүүд Төрийн мэдэлд байгаа. Энэ нь хэрэв уул уурхайн орлого өндөр байвал Төр өөрөө хийчихнэ гэдэг дохиог өгч байна. Хөгжлийн банк, ЭТТ гэх мэт томоохон дуулиантай асуудал яригдсаны дараа реформын чанартай, нээлттэй болгох, засаглалыг сайжруулах чиглэлийн алхмуудыг зайлшгүй хийх шаардлагатай. Нэг захирлыг солилоо гээд асуудал шийдэгдэхгүй байна” хэмээн Монголын Бизнесийн Зөвлөлийн ТУЗ-ийн дарга Ц.Түмэнцогт “Bloomberg TV Mongolia” -д өгсөн ярилцлагадаа онцоллоо.
SGR-ийн сэргэлт
“SouthGobi Resources” компани IX сарын 30-наар эцэслэсэн улиралд 26-34 сая ам.долларын цэвэр ашигтай ажилласан байх төлөвтэйгөө мэдээлж, зах зээлд эерэг дохио өгөв. Өнгөрсөн оны мөн үед 8 сая ам.долларын алдагдалтай ажиллаж байсан тус компанийн цэвэр ашиг ийнхүү өсөхөд борлуулалт болон бүтээгдэхүүний борлуулагдах дундаж үнэ сайжирсан нь нөлөөлсөн байна. Компани III улирлын санхүүгийн тайлангаа энэ сарын 14-нд албан ёсоор зарлахаа мэдэгджээ.
Азийн томоохон орд
“BMO Capital Markets”-ийн судалгаанд БНХАУ-ын молибденийн импорт өмнөх оны мөн үеэс 60 хувиар өссөнийг дурджээ. Тэгвэл Баянхонгор аймгийн нутаг дахь молибдений “Зуун мод” төсөл нь одоогоор хөгжүүлэлт хийгдээгүй Азийн молибден-зэсийн томоохон ордуудын нэг ба дэлхийн хамгийн том хэрэглэгчээс 200 километрийн зайд байрладгийг тус судалгаанд онцолсон байна.
“Erdene Resource Development” компанийн 100 хувь эзэмшилд байдаг тус орд нь 30 жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэх ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй байгаа юм.
Алт худалдан авалт
Монголбанк оны эхнээс 10 дугаар сарыг дуусах хүртэл хугацаанд 14.2 тонн үнэт металл худалдан аваад байгаа нь сүүлийн дөрвөн жилийн мөн үетэй харьцуулахад хамгийн бага хэмжээнд тооцогдож байна. Оны эцэс гэхэд Төв банк 20-22 орчим тонн, харин 2024 онд ойролцоо хэмжээний үнэт металл худалдан авах төсөөлөлтэй байгаагаа мэдээлсэн.
Тэрбумтнуудын “update”
Цахилгаан автомашины эрэлт саарах эрсдэл зах зээлд нэмэгдсэнээр Tesla компанийн хувьцааны ханш хоёр долоо хоног хүрэхгүй хугацаанд 18 орчим хувиар буураад байгаа. Гэхдээ “Bloomberg”-ийн тэрбумтнуудын индексийн нэгдүгээрт 198 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр Илон Маск бичигдсэн хэвээр байна.
Харин багагүй хугацаанд дэлхийн тэргүүн чинээлэг эрхмүүдийн жагсаалтад хоёрдугаарт бичигдсэн LVMH-ийн босс Бернар Арно тансаг брэндүүдийн хувьцааны ханш унасны нөлөөгөөр “Amazon”-ийн Жефф Безост хөрөнгийн хэмжээгээр гүйцэгдэж, гуравдугаарт бичигдэх болжээ.
ChatGPT CFA-г давахгүй
Wall Street-ийнхэн тайвширч болно. “ChatGPT” санхүүгийн мэргэшсэн шинжээчийн (CFA) шалгалтад тэнцэж, дэлхийн санхүүгийн тэргүүлэх мэргэжилтнүүдийн ажлын байрыг эрсдэлд оруулах хүртлээ дэндүү хол байна.
“JPMorgan”-ийн судлаачид болон их сургуулийн академичдаас бүрдсэн баг “OpenAI” компанийн хөгжүүлсэн “ChatGPT” болон “GPT-4” чатботууд санхүүгийн мэргэшсэн шинжээчийн шалгалтын эхний хоёр шатыг давж чадах эсэхийг туршиж үзжээ. Өндөр цалин, нэр хүндтэй ажлын байрны үүд хаалгыг нээдэг энэхүү шалгалтын эхний гурван шатыг давахад хүмүүст ихэвчлэн дөрвөн жил шаардагддаг.
"Шалгалтын гүйцэтгэлийн түвшин болон өөрийгөө дүгнэсэн дундаж оноонд нь тооцож үзвэл ChatGPT нь санхүүгийн мэргэшсэн шинжээчийн шалгалтын I шат болон II шатанд тэнцэх боломжгүй байх магадлалтай гэж дүгнэлээ" хэмээн судлаачид 11 хуудас бүхий судалгааны ажилдаа онцолсон байна.
“Medeenomics” подкастын шинэ дугаарт АНУ-ын "Bottom Billion Corporation" хөрөнгө оруулалтын сангийн Санхүү хариуцсан захирал Г.Долгорсүрэн оролцож, нөлөөллийн хөрөнгө оруулалтын талаар сонирхолтой яриа өрнүүллээ.
Шинэ дугаарыг ЭНД дарж сонсоорой. Мөн “Apple Podcasts”, “Spotify” платформуудаас манай подкастын бүх дугаарыг сонсох боломжтой.
Bloombergtv.mn танд санал болгож байна
Global Data: Ирэх онд олон улсын хэмжээнд 100 орчим уурхай шинээр үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2024 онд БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн хурд сайжрах боломжтой
“Shell”-ийн цэвэр ашиг $6.22 тэрбум болж, 23 хувиар өсөв
Онцлох чарт
Зөвхөн АНУ, БНХАУ-д орон сууцны зах зээл хүндрэлтэй тулгараагүй аж. Европ тив даяар орон сууцны бүтээн байгуулалт уналтад орж, өртөг нь огцом өсжээ. Зохицуулагчдын хүнд суртал, улам хатуу болж буй эрчим хүчний хэмнэлттэй байдлын шаардлагууд үүнд нь нэрмээс болж байна.
Үл хөдлөхийн зах зээл хумигдмал байгаа үед энэ нөхцөл байдал нь өсөлтийг хойш чангааж, улс төрийн зөрчлийг нэмж, одоогийн эрх баригчид нь сонгогчдоо алдах эрсдэл үүсгэж байна.