2023/11/03

Гурван өгүүлбэрээр

  1. Jade Gas стратегийн гол хөрөнгө оруулагч “UB Metan”-тай тохиролцоонд хүрч, 11 сая австрали доллар босголоо.

  2. Вьетнамын Нячанг-Улаанбаатар-Нячанг чиглэлийн нислэг XII/15-наас эхлэн тогтмол давтамжтайгаар хийгдэнэ

  3. БНХАУ-ын нүүрсний импорт энэ онд түүхэн дээд хэмжээндээ хүрч, нөөцийн илүүдэл үүсээд байна.

Урд ба хойд хормой…

НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох санаачилгыг дэмжсэн иргэдийн тоо 100 мянга давснаар энэ саналыг судлах УИХ-ын ажлын хэсэг байгуулагдсан бол petition.parliament.mn дээр НДШ болон ХХОАТ-ын шимтгэлийг 50 хувиар бууруулах тухай саналыг дэмжсэн иргэдийн тоо мөн л 100 мянга даваад байна.

Урамшуулал төдий

НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх асуудал ажил хэрэг болбол өрхийн орлогод бага зэрэг нэмэртэй ч амьжиргаанд нөлөөлөх хэмжээний том өөрчлөлт авчрахгүй нь энгийн тооцооллоос харагдана. Тодруулбал шинээр олгох дүн нэг иргэний сарын дундаж цалингийн хоёр хувьтай тэнцэх бол төсөв талаас жилд нэмэлтээр 450 тэрбум төгрөг төлөвлөх шаардлага үүсэхийг МҮХАҮТ-ын судалгаанд дурджээ.

Харин НӨАТ-ын одоогийн 10 хувийг бууруулж, босгыг нэмэгдүүлэх замаар татварын орчныг сайжруулбал иргэдэд ч, ААН-үүдэд ч илүү өгөөжтэйг эдийн засагчид, бизнес эрхлэгчид хэлж байна.

Худалдааны компаниуд импортоор бараагаа оруулж ирэхдээ эхлээд НӨАТ төлж, дараа нь түүнийгээ борлуулалтын орлогод ногдуулсан НӨАТ-аас цуглуулж аваад үлдсэн хэсгийг нь төсөв рүү шилжүүлдэг зарчим одоо үйлчилж буй. Иймд буцаан олголтыг 5 хувь болгож, түүгээрээ илүү их НӨАТ төвлөрүүлнэ гэж байгаа нь судалгаанд үндэслээгүй, ААН-үүдэд нөлөө үзүүлэхгүй болохыг “Онч & Company”-ийн Үүсгэн байгуулагч Д.Ончинсүрэн хэлж байлаа.

Том зургаараа

Түр зуурын, аргацаасан шинжтэй энэ мэтийн арга хэмжээнүүд нь байнга яригддаг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудалд дорвитой ахиц гарахгүй байгаагийн нэг илрэл болж буйг бизнесийн салбарынхан шүүмжилж байна. Сүүлд л гэхэд бизнес эрхлэх орчин, эдийн засгийн орчны үзүүлэлт 2020 оныхтой харьцуулахад 8 хувиар буурсныг МҮХАҮТ-ын Монголын бизнес орчны 2023 оны судалгааны урьдчилсан тайлан харууллаа.

Тодруулбал инфляцын эдийн засагт үзүүлэх нөлөө өндөр, худалдаа, тээвэр, боловсруулах үйлдвэрийн бизнес эрхлэх орчин дунджаас доогуур, харин аялал жуулчлалын салбарынх ахисан дүн гарсан байна. Ямартаа ч ЗГ-ын гишүүд хувийн хэвшилтэй хийсэн уулзалтын үеэр хувийн хэвшлийн талд эрх зүйн цогц шинэчлэл хийхэд ажлын хэсэг гаргаж, хамтран ажиллахаа Ерөнхий сайд мэдэгджээ.

ГВАН буурав

Хөгжлийн банкнаас гаргасан бондын 500 сая ам.долларын эргэн төлөлтийг хийсэнтэй холбоотойгоор Монгол Улсын гадаад валютын албан нөөц аравдугаар сард 3.9 тэрбум ам.доллар болж, өмнөх сараас 3.5 хувиар буурчээ. Гэхдээ өмнөх оны мөн үетэй харьцуулбал 42.76 хувийн өсөлттэй гарч, зургаа дахь сардаа дараалан жилийн өсөлт нь 20-иос дээш хувьд хадгалагдсан байна.

Метан хийн түншлэл

“Jade Gas” компани стратегийн гол хөрөнгө оруулагч болох “UB Metan”-тай тохиролцоонд хүрч, 11 сая австрали доллар босголоо. Тус компани татсан санхүүжилтээ Тавантолгойд хийж буй өрөмдлөгийн хөтөлбөр болон “Баруун Наран” хийн төслөө хурдасгах, мөн нүүрсний давхаргын метан хийн төслүүдээ ахиулахад зарцуулах аж.

“UB Metan-ийн хөрөнгө оруулалт нь Jade Gas-ийн богино хугацаанд үзүүлсэн амжилтуудад итгэл дүүрэн байгааг харуулж байна. Цаашид UB Metan-тай хамтын ажиллагаагаа илүү тэлж, Монгол Улсын эрчим хүчний өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангахыг зорьж байна” гэж “Jade Gas” компанийн Гүйцэтгэх захирал Деннис Мортон хэлжээ.

Цагаан будааны тохиролцоо

Монгол Улс Вьетнам улстай "Цагаан будааны худалдааны тогтвортой байдлын тухай" харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээд Вьетнамаас жил бүр 30,000 тонн хүртэлх цагаан будаа тогтвортой худалдан авч, Монголын зах зээлд нийлүүлэх боломж бүрджээ. Стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүнд тооцогддог цагаан будааны дотоодын хэрэглээ жил бүр өсөн нэмэгдэж байгаа ч 100 хувь импортын хамааралтай хэвээр байгаа юм.

Амаргүй зам

АНУ-ын Төв банк ээлжит хурлаараа бодлогын хүүгээ хоёр дахь удаагаа дараалан хэвээр хадгалах шийдвэр гаргаж, мөн бодлогын хүүг сүүлийн 40 жилийн хамгийн эрчимтэйгээр өсгөсөн циклээ дуусгаж байна гэх дохиог тус банкны тэргүүн Жером Пауэлл өглөө. "Инфляцыг бууруулах ажил амаргүй, нугачаа ихтэй байх болно. Хэдий тийм боловч бид ахиц дэвшил гаргаж байна” хэмээн тэрбээр шийдвэрээ танилцуулахдаа онцолжээ.

Apple-ийн ялагдал

iPhone утасны цэнэг хураагуурын менежментийн тухай хэрэглэгчдэд буруу мэдээлэл өгсөн гэсэн үндэслэлээр олон нийтийг төлөөлөн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн эсрэг "Apple" компанийн зарга бүтэлгүйтжээ. Их Британийн шүүхэд гаргасан тус нэхэмжлэлд "Apple" компани 2016 онд гаргасан программ хангамжийн шинэчлэлээр гар утасны батарейны ашиглалтын хугацааг сайжруулсан гэж хэрэглэгчдэд мэдээлсэн ч үнэн хэрэгтээ гар утасны үйл ажиллагааг зориуд удаашруулж, үүгээрээ зах зээлд давамгай байдлаа буруугаар ашигласан гэж үзсэн байна.

"Энэхүү шүүхийн ялалт нь гар утасныхаа батарейг солиулж, эсвэл шинэ утас худалдан авч илүү зарлага гаргасан сая сая хэрэглэгчдэд өөрийн зайлшгүй авах ёстой нөхөн төлбөрөө авах замыг засаж байна" хэмээн Их Британи дахь iPhone хэрэглэгчдийг төлөөлөн шүүхэд хандаад буй зах зээл судлаач Жастин Гатманн өгүүлжээ.

Хоёр аварга нэгдэв

БНСУ-ын агаарын тээврийн томоохон компаниуд болох “Asiana Airlines”, болон “Korean Air”-ийн нэгдэн нийлэх хэлцэл амжилттай болжээ. Ингэхдээ хэлцлийн гол сорилт болоод байсан “Asiana Airlines”-ийн каргоны бизнесийг салбарын бусад компанид худалдахаар шийдвэрлэсэн байна.

“Korean Air” компани “Asiana Airlines”-ийг худалдан авах 2020 оноос яригдаж эхэлсэн энэхүү хэлцэлд Европын Холбооны зохицуулагчид санаа зовниж, Европ руу орж гарах зорчигч тээврийн болон карго тээврийн нислэгүүдийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлнө гэж анхааруулж байв.

Тэгвэл БНСУ-ын талаас дотоодынхоо агаарын тээврийн салбар дахь бүтцийн өөрчлөлтийн хүрээнд энэхүү нэгдэн нийлэх хэлцлийг хийж, олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвар өндөртэй цорын ганц үндэсний агаарын тээврийн компанитай болох стратеги баримталж байгааг онцолжээ.

“Ярилцах цаг” нэвтрүүлгийн шинэ дугаарт МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин оролцож бизнесийн салбар дахь Төрийн оролцоо, ААН-үүдэд тулгамдаж буй асуудлуудын талаар байр сууриа илэрхийллээ. Ярилцлагыг бүтнээр нь ЭНД дарж үзээрэй.

Bloombergtv.mn танд санал болгож байна

Онцлох чарт

2021 оны эрчим хүчний хямралыг дахин давтагдуулахгүйн тулд БНХАУ энэ онд нүүрсний олборлолтоо дахин рекорд дээд түвшинд хүргэж, мөн есдүгээр сарын байдлаар нүүрсний импортоо өмнөх оны мөн үеэс 73 хувиар өсгөөд байна.

Халаалтын улирал ойртож буй энэ үед Хятад улс нүүрсний энэхүү илүүдлийг “шингээхэд” хүндрэлтэй тулгарсан бөгөөд үйлдвэрлэлийн эрэлт харьцангуй бага байгаа нь илүүдлийг арилгахад хангалтгүй байхыг шинжээчид анхааруулж байна.