2023/11/02

Гурван өгүүлбэрээр

  1. БНХАУ хүчин чадлын илүүдлээ багасгахын тулд зэсийн үйлдвэрлэлдээ хязгаарлалт тогтоох төлөвтэй.

  2. Чех улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах Монголын иргэдийн квотыг ирэх оноос гурав дахин нэмэгдүүлэхээр болжээ.

  3. Дэлхийн Төв банкнууд энэ онд өмнө тооцоолсноос хол давсан хэмжээний алт авч байна.

Данхар төсөв ба зэсийн экспорт

Төсвийн төсөлд тусгаснаар ирэх онд 25.3 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхийн тулд түүхий эдийн ханшид ихээхэн найдлага тавих шаардлагатай болж байна. Тэгвэл Монгол Улсын эрдэс бүтээгдэхүүний экспортод жин дардаг зэсийн үнийн ойрын хугацааны төлөв нь төсвийн өөдрөг төсөөлөлтэй хэр нийцэж байна вэ?

Зэсийн өөдрөг төсөөлөл

Ирэх онд эдийн засаг 7 хувиар буюу Дэлхийн Банк, ОУВС-ийн төсөөллөөс өндөр дүнгээр өсөж, мөн уул уурхайн салбарын орлого төсвийн нийт орлогын 29 гаруй хувийг бүрдүүлнэ гэж Сангийн яам тооцоолсон нь түүхэндээ байгаагүй өндөр орлого төлөвлөснийг тайлбарлах шалтгаан болж байна.

Төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтээс харвал эрдэс бүтээгдэхүүний экспортын хэмжээ, татварын орлого зэргийг өөдрөгөөр төсөөлсөн нь төсөвт тодотгол хийх эрсдэлд хүргэж болзошгүй байгаа бол Монголын эдийн засгийн клубээс төсвийн хэт тэлэлт нь инфляцыг хөөрөгдөх, макро эдийн засгийн тэнцвэрт байдлыг алдагдуулах нөхцөл үүсгэнэ гэж дүгнээд буй.

Тэгвэл зэсийн экспортын хувьд Оюутолгойн гүний уурхайн олборлолт эрчимжиж, баяжмал дахь зэсийн агууламж нэмэгдсэнээр 2024 онд нийт зэсийн баяжмалын экспортын хэмжээ 1.5 сая тоннд хүрнэ гэж Сангийн яам төсвийн төсөлдөө тусгасан байна.

Уламжлал тасрав

“S&P Global”-ийн тооцоолсноор 2035 он гэхэд зэсийн эрэлт хоёр дахин нэмэгдэхээр байгаа ч ойрын хугацаандаа дэлхийн болон БНХАУ-ын эдийн засгийн тодорхойгүй байдлын нөлөөлөл ихээхэн мэдрэгдэх нь. Ихэвчлэн IX, X саруудад Хятадын зах зээлд эрэлт нь нэмэгддэг уламжлал байдаг ч энэ оны хувьд эсрэгээрээ удааширч, хэдхэн өдрийн өмнө үнэ нь 11 сарын доод түвшин буюу 7,856 ам.доллар/тонн болж унаад эргэн сэргэсэн байна.

Үл хөдлөхийн зах зээлийнх нь сунжирсан хямрал Хятадын зэсийн нийт эрэлтийн 25 орчим хувийг бүрдүүлдэг бүтээн байгуулалтыг удаашруулсан нь зэсийн эрэлт сулрахад голчлон нөлөөлж байна. Тэгвэл 16 хувийг нь бүрдүүлдэг хэрэглээний бараа бүтээгдэхүүний салбар мөн л эдийн засгийн тодорхойгүй байдлын нөлөөллийг амсаж байгаа аж.

Бүр ч муу мэдээ

Богино хугацааны сул үзүүлэлтээс илүүтэй санаа зовоож буй нэгэн муу мэдээ нь Бээжингийн эрх баригчид боловсруулах үйлдвэрүүдийн хүчин чадлын илүүдлийг багасгах, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах үүднээс зэсийн үйлдвэрлэлдээ хязгаарлалт тогтоох төлөвлөгөөг хэлэлцэж буй явдал болж байна. “Bloomberg”-т нэрээ нууцалсан эх сурвалжийн өгсөн тус мэдээллээр хязгаарлалт ойрын 2-3 жилийн хугацаанд хэрэгжиж магадгүй бөгөөд энэ нь тус металлын дэлхий даяарх худалдааг эрс өөрчлөх ч бололцоотой алхам байх аж.

Хүчин чадлын зогсолтгүй тэлэлтийг хангахын тулд Хятад улс зэсийн хүдрийг рекорд дээд хэмжээгээр импортолж, энэ нь боловсруулсан зэсийн худалдан авалтыг хумьж эхэлсэн тул үйлдвэрүүд гадаадын ханган нийлүүлэгчдээс хэт хамааралтай болох болгоомжлол үүсээд байгааг онцолжээ. Тус улс нийлүүлэлтийг зохицуулах үүднээс бусад тавааруудад хязгаарлалт тогтоож байсан түүх бий. Тухайлбал хөнгөн цагааны үйлдвэрлэлд тогтоосон 45 сая тоннын тааз 2017 оноос хойш хэрэгжиж байгаа бол газрын тос боловсруулалтын 1 тэрбум тоннын хязгаарлалт 2025 оноос хэрэгжиж эхлэхээр байгаа юм.

Байр суурь

“Монголд ногоон санхүүжилтийн эх үүсвэр хязгаарлагдмал байна. Тиймээс ногоон хөрөнгө оруулалтын хангалттай хэмжээний санхүүгийн эх сурвалжуудыг үнэлэх тал дээр сорилт тулгарах магадлалтай. Дотоодын болон олон улсын хөрөнгө оруулалтыг татах, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, Төрийн болон хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх нь энэхүү сорилтыг даван туулахад маш чухал байх болно. Харин хоёрдугаарт бодлого зохицуулалтын асуудал сорилт болохоор байна” хэмээн “Bloomberg Intelligence”-ийн БОНЗ-ын шинжээч Мишель Люн онцолсон юм.

Чехийн бодлого

Чех улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах Монголын иргэдийн квот өмнө нь 1,000 байсныг 2024 оноос гурав дахин нэмэгдүүлэхийн зэрэгцээ монголчууд тус улсад ажилласан хугацаандаа тэтгэвэр тогтоолгох боломжтой болсныг БНЧУ-ын Шадар сайд болон Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд Мариан Юречка мэдээллээ. Мөн Чех улсад одоогоор 250 мянган ажиллах хүчин дутагдаж байгааг тэрбээр онцолжээ.

Метан хийн төслүүд

Монголд метан хийн “Nomgon” төслийг хэрэгжүүлж байгаа “Elixir Energy” компани IX сарын эцсийн байдлаар өр төлбөргүй, бэлэн мөнгөний нөөц нь 11.3 сая ам.доллар байгааг тайлагналаа. Өнгөрсөн улиралд компани Австралийн Квинслэнд дэх “Daydream-2” болон “Nomgon” зэрэг төслүүдийн хайгуулын ажилд 3.9 сая ам.долларыг зарцуулснаас гадна нийт 7 сая ам.доллар татан төвлөрүүлжээ.

Тэгвэл метан хийн өөр нэг төсөл “Гурвантэс XXXV”-ийг хэрэгжүүлж буй “TMK Energy” компани тус төслийг 100 хувь эзэмших гэрээг “Talon Energy”-тэй байгуулж, энэ оны 12 дугаар сарын дундуур хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрлөө хүлээн авахаар ажиллаж байгаагаа үйл ажиллагаандаа тайландаа дурджээ.

НӨАТ анхаарлын төвд

Нэмэгдсэн өртгийн албан татвар нь бизнесийн орчинд шударга бус байдлыг бий болгож байгааг МҮХАҮТ онцлов. Тодруулбал НӨАТ төлөхгүй байгаа иргэд, ААН-үүд бараа бүтээгдэхүүнээ гаалиар оруулж ирэхдээ эргэлтийн хөрөнгийн хомсдолтой учир гаалийн 10 хувийн татвар төлдөггүй бол эсрэгээрээ уг татвараа төлдөг ААН-үүдэд дарамт учирч байгаа гэжээ.

Иен доошоо, Toyota дээшээ

Иенийн ханш суларсан нь дэлхий даяар автомашины эрэлт нэмэгдэж, нийлүүлэлтийн сүлжээний нөхцөл байдал сайжирсантай давхацсанаар “Toyota” компанийн цэвэр ашиг өнгөрсөн улиралд рекорд дээд түвшинд хүрч байв. Тэгвэл энэ улиралд тус компани ашгийн төсөөллөө 50 хувиар нэмэгдүүлснээ зарлалаа. Тодруулбал гуравдугаар сар хүртэлх санхүүгийн тайлант хугацаанд үйл ажиллагааны ашиг нь 3 их наяд иенд хүрнэ гэж тооцоолжээ.

Холливуд ба Хэллоуин

2023 онд 75 сая гаруй тасалбар борлуулж, нийт 46 уран бүтээл нээлтээ хийж, зөвхөн АНУ-д 798 сая ам.долларын орлого олсноороо аймшгийн кинонууд Холливудын хамгийн найдвартай мөнгөний эх үүсвэр болсны сацуу тус жанрын ач холбогдол жилээс жилд нэмэгдсээр байна.

Богино хугацаанд ихийг олохоор зорьж буй кино компаниудын хувьд энэ нь маш сайн мэдээ юм. Хөрөнгө оруулалтын өгөөжид суурилж тооцвол 1977 оноос хойш гарсан хамгийн өндөр ашигтай 20 киноны 9 нь аймшгийн кино байгааг дата шинжилгээний "Numbers" компани мэдээлж байна.

Тэгвэл энэ онд Хэллоуины баярын өмнө уг жанрын кинонууд нийт тасалбар борлуулалтын 10.5 хувийг аль хэдийн бүрдүүлээд байгаа нь урт хугацааны дунджаа нугалсан үзүүлэлт болж байна.

Компаниудын хувьд аймшгийн кино нэн чухал жанр хэвээр байгаа нь өдийг хүртэл ажилласаар ирсэн амжилтын томьёо, зардал багатай бүтээх арга барил, мөн аймшгийн кинонд дурладаг Z үеийнхэн гэсэн шалтгаануудтай холбоотой.

Bloombergtv.mn танд санал болгож байна

  • “Ноолуураас зөөлөн…” - Нохойны үс бас нэгэн эко түүхий эд болж магадгүй

  • WEF: Уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дахинд цаг тутам $16 саяын хохирол учруулж байна

  • Goldman Sachs: АНУ-ын хувьцааны давуу өсөлтийн тренд ирэх 10 жилд үргэлжлэх магадлал бага

Онцлох чарт

Дэлхийн Төв банкнууд энэ онд өмнөх тооцооллоос хол давсан хэмжээний алт авч хурааж байгаа нь мөнгөний чанга бодлогын дарамтад буй алтны үнэд нэн чухал дэмжлэг болж байна. Есдүгээр сараар эцэслэгдсэн гурван сарын хугацаанд улсууд алтны нөөцөө нийт 337 сая тонноор нэмэгдүүлснийг Дэлхийн алтны зөвлөл мягмар гарагт мэдээлжээ.

Тэгвэл Монголбанкны оны эхнээс худалдан авсан үнэт металлын хэмжээ аравдугаар сарын байдлаар 13.2 тонн хүрээд байгаа нь өмнөх оны мөн үеэс 11.8 хувиар буурсан үзүүлэлт болж байна.