- Business newsletter
- Posts
- 2023/11/01
2023/11/01
Гурван өгүүлбэрээр
“Bloomberg Green” цахилгаан автомашинуудыг эрэмбэллээ. Ямар загварууд яагаад эхний 10-т орсныг энэ дугаараас уншаарай.
Байр суурь: Огт үздэггүй телевизүүдэд яагаад сар бүр 2500 төгрөг төлөх ёстой вэ гэсэн асуулт гарч ирж байна.
Э.Макрон ураны салбарт барьцаа ахиулахаар В.Путины “нөлөөллийн талбар"-т айлчилна
Шилдэг 10 цахилгаан автомашин
Цахилгаан автомашины хувьсгал улам эрчээ авч байна. Автомашин үйлдвэрлэгчид дотоод шаталтат хөдөлгүүрийг бүрэн халах амлалт өгч, цахилгаан загваруудаа шил дараалан танилцуулсаар буй. 2024 оны төгсгөл гэхэд шинээр гарсан цахилгаан автомашины тоо улам нэмэгдэх төлөвтэй. Тэгвэл “Bloomberg Green” одоогоор зах зээлд гарсан, худалдаж авах боломжтой цахилгаан автомашинуудыг эрэмбэлжээ.
Үнэ, цэнэг хураагуурын багтаамж, туулах зай зэрэг нэн чухал үзүүлэлтүүдээс гадна зам дээрх үр ашигтай байдал, цэнэг хураагуурыг нь үйлдвэрлэхэд зарцуулагдсан нөөцийг нэгтгэн тооцсон “ногоон оноо”-г тус эрэмбийн гол шалгуурууд болгон ашигласан байна.
Эрэмбээс харвал “ногоон хүч” хамгийн сайтай цахилгаан автомашинаар “Tesla Model 3” нэрлэгдэж, “Hyundai”-ийн өнгөрсөн оноос борлуулж эхэлсэн “Ioniq 6” удаалсан байна. Харин нэг цэнэглэлтээр туулах зайгаар нь дүгнэвэл “Mercedes”-ийн “EQS”, “EQE” гэсэн хоёр загвар тэргүүлжээ.
Топ 10 цахилгаан автомашин
Өнгөрсөн онд цахилгаан автомашины хэрэглээний өсөлтөд анх удаа судалгаа хийхэд шинэ автомашины нийт борлуулалтынх нь 5 хувийг цахилгаан автомашин бүрдүүлсэн тохиолдол 19 улсад гарч байсан бол энэ онд дахин 5 улс үүн дээр нэмэгдсэнийг “Bloomberg Green” мэдээлж байна. Таван хувийг босгыг ийнхүү давах нь хэрэглэгчдийн технологийн сонирхол эрчимтэй өөрчлөгдөж, цахилгаан автомашин нийтийн хэрэглээ болоход бэлэн болсны дохио болдог аж.
Монгол дахь ирээдүй
Нийлүүлэлт, эрэлтийн зөрүүгээс шалтгаалан дотоодын зах зээлд шатахууны хангамж тогтворжиж чадахгүй байгааг Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлээд байна. Монголд автомашинтай хүн бүрийн хамгийн том айдас нь шатахууны нийлүүлэлт тасрах байдаг. Тэгвэл цөөхүүлээ боловч огцом тэлж буй нэгэн бүлэгт энэ нь асуудал биш болжээ.
Монгол Улс 2022 онд 230 гаруй цахилгаан автомашин импортолсон нь 2021 онтой харьцуулахад 10 дахин өссөн үзүүлэлт болж байсныг “Мада” ТББ-ын Гүйцэтгэх захирал С.Баасанбаяр онцолж байлаа. Тэгвэл энэ наймдугаар сарын байдлаар аль хэдийн 320 ширхэг цахилгаан автомашин импортолсныг тус ТББ мэдээлсэн юм.
Монголд 6-7 компани цахилгаан автомашин албан ёсоор оруулж ирж байгаа бөгөөд үнийн хувьд доод тал нь 90 сая, дээд тал нь 300 сая орчим байна. Сүүлд л гэхэд дээрх эрэмбэд дээгүүр байр эзэлсэн “Mercedes EQ” болон “Porsche Taycan” танилцуулагдаад байна.
ЗТХЯ-наас мэдээлснээр Монгол Улс 2026 он гэхэд 20 мянган цахилгаан авто машин хэрэглээнд нэвтрүүлэх буюу одоо бүртгэлтэй байгаа цахилгаан автомашины тоог гурван жилийн дотор бараг 20 дахин нэмэгдүүлэх маш том зорилт тавиад байна. Автомашины импортын үзүүлэлтийг харвал энэ зорилт онолын хувьд биелэх боломжтой ч тогтсон норм стандарт, цэнэглэх станцын дэд бүтэц Монголд одоохондоо аль нь ч бүрэлдээгүй байна.
Улаанбаатар хотын түгжрэлийн асуудлаар маргаантай төлөвлөгөөнүүд танилцуулагдаж буй энэ үед цахилгаан автомашины талаар баримтлах бодлого, зохицуулалтаа одооноос бэлэн болгож, жилд олон мянгаараа орж ирдэг болсны дараа дэндүү оройтсон шийдвэр гаргахгүй байх шаардлагатай байгааг салбарынхан хэлж байгаа юм.
Байр суурь
“IPTV-ийн сарын үндсэн төлбөр дээр нэмээд 2,500 төгрөг хэрэглэгчдээс хурааж байна. Энэ төлбөрийг өргөн нэвтрүүлгийн гэсэн нэртэй 18 ТВ-д сар болгон хуваарилж байгаа. Нийт дүн нь эхний жилүүдэд 20 орчим тэрбум төгрөг гэж яригдаж байсан бол өнгөрсөн онд 28 гаруй тэрбум болсон. Ирэх жилээс магадгүй 30 тэрбумыг энэ ТВ-үүд хувааж авахаар байгаа. Сошиал, интернэт хөгжсөнөөр телевизийн үзэлт багассан. Огт үздэггүй ТВ-үүдэд яагаад сар бүр 2500 төгрөг төлөх ёстой вэ гэсэн асуулт гарч ирж байна” хэмээн “Novus Law” группийн өмгөөлөгч Bloomberg TV Mongolia-д ярилцлага өгөхдөө онцолж байв.
Монголчуудын шоколадны хэрэглээ
Нью-Йоркийн хөрөнгийн биржид какаоны фьючерс үнэ 2.5 хувиар өссөнөөр сүүлийн 44 жилийн дээд түвшинд хүрээд байгаа. Энэхүү үнийн өсөлт нь Монголын зах зээлд ч нөлөөлж байна. Тухайлбал, олон улсад какаоны үнэ өсөж байгаатай холбоотойгоор бүтээгдэхүүний үнээ 10-15 хувиар өсгөсөн ч дотоодын шоколадны зах зээлийн эрэлт хэрэгцээ хэвээр хадгалагдаж буйг “Sayan” шоколадны үйлдвэр бидэнд мэдээлсэн юм.
2022 оны тооцооллоор Монголчууд жилд дунджаар 3,600 орчим тонн шоколад хэрэглэдэг бөгөөд үүний 10 хувийг нь дотоодын зургаан үйлдвэр хангадаг аж. Харин жилд дунджаар 50 орчим сая ам.долларын шоколад импортолдог болохыг гэж “Golden Gobi” брэндийн үйлдвэрлэгч Есөн-Од ХХК-мэдээлж байлаа.
Шатахууны асуудал
Хоёр долоо хоног орчмын хугацаанд саатаад байсан ОХУ-ын түлшний нийлүүлэлт эргэн сэргэсэн ч дотоодын зах зээлд шатахууны хангамж тогтворжиж чадахгүй байгааг Ашигт малтмал, газрын тосны газар мэдээлж байна. Аравдугаар сарын 6-ны өдрөөс эхлэн ОХУ-аас Монгол Улсад Сүхбаатар боомтоор нийлүүлэлтээ сэргээсэн ч нийлүүлэлт, эрэлтийн зөрүүнээс шалтгаалан хомсдол үүсээд байна.
Мөн одоогоор Цагааннуур, Боршоо боомтоор ОХУ-аас авто замаар шатахуун нийлүүлэхгүй байгаа аж. Монгол Улсын хувьд дотоодын шатахууны хэрэглээнийхээ 95 орчим хувийг ОХУ-аас дээрх хоёр боомт болон Сүхбаатар, Эрээнцав боомтоор төмөр замаар хангадаг.
Үүнээс задна Израил-Хамасын дайны нөлөөлөл газрын тосны нийлүүлэлтэд "бага" хэмжээний нөлөө үзүүлэхэд газрын тосны үнэ 100 ам.доллар давж магадгүй гэж Дэлхийн банк анхаарууллаа. Өөрөөр хэлбэл нийлүүлэлт нь өдөрт 500 мянгаас хоёр сая баррелиар буурч магадгүй гэж үзжээ. Харин нөлөөлөл "дунд" үед үнэ нь 121 ам.доллар, "их" үед 157 ам.доллар хүрч, өсөж магадгүй гэж тайландаа онцолжээ.
Макрон барьцаа ахиулна
Францын уламжлалт нөлөөллийн бүс болох Нижер улс гэнэтийн байдлаар холбоогоо тасалсны дараа Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ураны бусад томоохон олборлогч улсуудад айлчлах гэж байна. Тэрбээр Францыг цөмийн түлшээр хангадаг Казахстан болон Узбекистан улсад айлчилж буй нь эрчим хүчний аюулгүй байдлаа бэхжүүлэх зорилготой гэж ойрын эх сурвалж мэдээлжээ.
Шинэ чипийн гурвал
30 минут үргэлжилсэн "Аймшигтай хурдан" буюу “scary fast” арга хэмжээнийхээ үеэр "Apple" компани дэвшилтэт 3 нанометрийн технологиор бүтээгдсэн, график боловсруулалтыг илүү үр дүнтэй хийдэг шинэ чипийн бүрэлдэхүүнээ танилцууллаа.
Тус арга хэмжээгээр бас танилцуулагдсан шинэ "Macbook Pro" загварууд шинэ чипээр тоноглогдсон тул илүү хүчирхэг болсны сацуу мөн 22 цаг цэнэгээ барих батарейн багтаамж нь хэвээр үлджээ. Түүнчлэн "Apple" компани "iMac" компьютерын 24 инчийн дэлгэцтэй хувилбарыг танилцуулсан юм.
Баярын улиралд "Mac" компьютерын борлуулалт 5 хувиар өсөж, мөн энэ сараас эхэлж буй санхүүгийн жилд компанийн орлого 5.5 хувиар өсөх төлөвтэйг "Bloomberg" тооцоолжээ.
Bloombergtv.mn танд санал болгож байна
“PetroChina”-ийн ашиг III улиралд 21 хувиар өсөж, $6.3 тэрбум хүрэв
АНУ-ын ДНБ-ий ирэх 10 жилийн өсөлтөд хиймэл оюун эергээр нөлөөлнө
НЗДТГ: Нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулсны дараа төлбөртэй бүсийн тарифыг НИТХ тогтооно
Онцлох чарт
Баруун Африкаас Энэтхэг хүртэлх цаг агаарын таагүй байдлын улмаас дэлхий даяар элсэн чихэр, какаоны хомсдол бий болоод байна. Ингэснээр энэ Хэллоуины баярын үеэр чихэр, амттаны үнэ 9.2 хувиар өссөн бол нийт хүнсний бүтээгдэхүүний үнэ 5.8 хувиар өссөн тооцоо гарчээ.
АНУ-ын Үндэсний жижиглэнгийн худалдааны сангийн тайланд дурдсанаар америкчууд энэ Хэллоуинээр чихэр худалдан авахад 3.6 тэрбум доллар зарцуулах төлөвтэй байгаа нь өмнөх оноосоо 0.5 тэрбум ам.доллароор өссөн үзүүлэлт болсон байна.