2023/10/31

Гурван өгүүлбэрээр

  1. Fitch: Монгол Улсын төсвийн үзүүлэлт тооцоолсноос сайн байгаа нь түр зуурынх байж магадгүй

  2. Худалдаа Хөгжлийн Банкны цэвэр ашиг III улиралд 109 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 28.2 хувиар өсжээ.

  3. "ЗГ-ууд цаг агаараас хамааралтай эрчим хүч ямар ашиггүйг ойлгосныхоо дараа цөмийн эрчим хүчинд анхаарна”

Төмрийн хүдрийн ирээдүй

Гангийн үйлдвэрлэлийн гол орц болох төмрийн хүдрийн үнийн ойрын төлөвийг томоохон олборлогчид эергээр харж байна. Гэхдээ Хятадын дэд бүтцийн салбарын тэсрэлт дуусгавар болж, мөн дэлхий нийт ногоон ирээдүй рүү чиглэснээр тэдэнд шинэчлэлтэд бэлтгэх шаардлага тулгарлаа.

Тэсвэртэй зах зээл

БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн улам дордсоор буй хямралаас хамгийн том цохилт авч байх ёстой түүхий эд нь төмрийн хүдэр боловч өдийг хүртэл сайн үзүүлэлтээ хадгалсан хэвээр байна. Хэвийн үзүүлэлттэй жилүүдэд төмрийн хүдрийн нийт эрэлтийн 40 гаруй хувийг бүрдүүлдэг Хятадын орон сууцны салбарт санаа зовоосон үйл явдлууд тасрахгүй байгаа ч энэ оны ихэнх үед төмрийн хүдрийн үнэ гол босго болох 100 ам.доллар/тонноос доош буугаагүй аж.

Энэхүү тэсвэртэй үнэ нь Хятадын эдийн засгийн секторуудын алаг цоог үзүүлэлттэй холбоотой гэж шинжээчид дүгнэж буй. “Дэд бүтэц, машин механизм, автомашин, тээврийн салбар дахь өндөр эрэлт үл хөдлөх, бүтээн байгуулалтын салбарын сул эрэлтийг нөхөж байна” гэж төмрийн хүдрийн олборлолтоороо дэлхийд хоёрдугаарт бичигддэг BHP мэдээлжээ.

“JPMorgan” төмрийн хүдрийн зах зээл дунд хугацаандаа тогтворжсон гэж үзэж, ирэх оны үнийн төсөөллөө тонн нь 110 ам.долларт буюу өмнөх төсөөллөөсөө 13 хувиар нэмэгдүүлэн тогтоогоод байгаа. Тэгвэл төмрийн хүдрийн олборлолтоор дэлхийд тэргүүлдэг “Rio Tinto” мөн адил Хятадын төлөвийг эергээр харж, түүнчлэн Энэтхэг тэргүүтэй Азийн зарим орнуудын эрчимтэй хотжилтын нөлөөгөөр гангийн эрэлт өснө гэж үзэж байгаа тул төмрийн хүдрийн гарцаа дорвитой нэмэгдүүлэх зорилт тавьжээ.

Rio-ийн төлөвлөгөө

Хэдий дэлхийн төмрийн хүдрийн хамгийн том хэрэглэгч орон БНХАУ-д гангийн хэрэглээ удахгүй оргилдоо хүрээд буурч эхлэх төлөвтэй ч дэлхий даяар төмрийн хүдрийн эрэлт 2050 онд одоогийнхоос 25 орчим хувиар өснө гэж “Rio” тооцоолж байна.

Тус компанийн төмрийн хүдрийн группын Гүйцэтгэх захирал Саймон Троттын мэдээлснээр Баруун Австралийн Пилбара дахь Гудай-Дарригийн шинэ уурхайн олборлолтоо нэмэгдүүлэхэд “Rio Tinto” 70 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ.

Зайлсхийх боломжгүй өөрчлөлт

Төмрийн хүдрийн олборлолт нь Австралийн эдийн засгийг хөл дээр нь босгож, олон тэрбумтан төрүүлж, сүүлийн 20 гаруй жилд дангаараа 1.3 тэрбум австрали долларын орлого авчирчээ. Өнгөрсөн онд л гэхэд төмрийн хүдрийн экспорт тус улсын ДНБ-ий 5 хувийг бүрдүүлсэн байна.

“Rio Tinto”, “BHP”, “Fortescue Metals” гэсэн гурван компани Баруун Австралиас далайн тээврээр дэлхий дахинд нийлүүлэгдэж буй нийт төмрийн хүдрийн гуравны хоёрыг олборлодог бөгөөд одоогоор тэдний ашгийн маржин эерэг хэвээр байна. Гэтэл шинэ үеийн түүхэнд анх удаа уул уурхайн салбарын хамгийн найдвартай ашиг олдог хэсэгт эрс өөрчлөлтийн сүүдэр ойртож эхэлжээ.

Эхний бөгөөд нэн яаралтай асуудал бол Австралийн төмрийн хүдрийн экспортын орлогын 85 орчим хувийг бүрдүүлдэг дээр дурдсанчлан Хятад улс болж байна. Тус улсын эдийн засаг өмнөх шигээ гэрлийн хурдаар бүтээн байгуулалт хийхгүй нь тодорхой болсон тул төмрийн хүдрийн импорт нь буурах төлөвтэй гэсэн үг юм.

Харин Пилбарагийн аваргуудын хувьд илүү хэцүү урт хугацааны сорилт нь ногоон шилжилт байх магадлал өндөр байна. Өнөөдөр үйлдвэрлэгдэж буй нийт гангийн 70 гаруй хувь нь 14 дүгээр зуунд анх нэвтэрснээсээ хойш бараг өөрчлөгдөөгүй процессоор үйлдвэрлэгддэг аж. Энэ нь эрчим хүчний хэрэглээ маш өндөртэй үйл ажиллагаа болохоос гадна нэг тонн шингэн ган үйлдвэрлэх тутамд хоёр тонн нүүрстөрөгчийн давхар исэл ялгарч байдгийг "Rio" мэдээлсэн байна.

Аж үйлдвэрлэлийн хамгийн их бохирдуулалттай салбаруудын нэг болох энэ зах зээлд хөрөнгө оруулагчид, хэрэглэгчид, Засгийн газруудын шахалт нэмэгдсээр байна. Харамсалтай нь том олборлогчдод тулгараад буй хүндрэл нь дээрх үйлдвэрлэлийн арга барилыг орлуулах боломжтой сонголтууд цөөн байгаад оршино.

ХХБ III улиралд

Худалдаа Хөгжлийн Банкны цэвэр ашиг III улиралд 109 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 28.2 хувиар өсжээ. Харин цэвэр зээлийн хэмжээ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.8 хувь өсөж 4.3 их наяд төгрөгт хүрсэн байна.

Анхдагч зах зээлийн арилжаагаар нийт 83.5 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн тус банк байгууллага, жижиг, дунд бизнес, иргэдийн сегментэд өнгөрсөн улирлын байдлаар нийт 8.3 тэрбум төгрөгийн зарцуулалт хийгээд байгаагаа тайлагнаж байв.

Богино настай сэргэлт

Монгол Улсын эдийн засгийн сэргэлт богино хугацааных байж магадгүйг үнэлгээний “Fitch” агентлаг анхаарууллаа. Он гарснаас хойш гадаад худалдаа эрчимжиж, түүхий эдийн экспорт эргэн сэргэсэн нь гадаад орчны эрсдэлүүд тогтворжиход нөлөөлсөн ч төсөв болон экспортын сайн гүйцэтгэл түр зуурынх байх төлөвтэй гэж үзжээ.

Монгол Улсын Засгийн газрын зарцуулалт энэ оны IV улиралд урьдын адил огцом нэмэгдэхээр байгаа нь гадаад санхүүжилтийн эрсдэлүүдийг эргэн авчрах өндөр магадлалтай аж. 2024-2027 онд Монголын гадаад өрийн үйлчилгээнд зарцуулах мөнгө жилд дунджаар 975 сая ам.доллар байхаар байгаа нь харьцангуй хүнд ачаалал гэж тус агентлаг хэвлэлийн мэдээндээ дурдсан байна. Ерөнхийдөө түүхий эдийн эрэлт буурах эрсдэлтэй зэрэгцээд Монгол Улсын гадаад санхүүжилтийн орчин боломжит эдийн засгийн шокуудад эмзэг байхаар байна гэж дүгнэжээ.

Ураныг хүлээн зөвшөөрнө

Хедж сангууд ураны компаниудын хувьцааны ханш "эрчтэй" өснө гэж тооцож, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байна. Сүүлд “Terra Capital”, “Segra Capital”, “Argonaut Capital Partners” зэрэг сангууд ураны компанид хөрөнгө оруулагчдын цувааг үргэлжлүүлжээ.

Ураны үнийн төсөөллөөс харахад энэ төрлийн хувьцааны ханш 50, 100, бүр түүнээс ч өндөр түвшинд өсөх боломжтой гэж “Terra Capital” онцолсон байна. Мөн "Засгийн газрууд цаг агаараас хамааралтай эрчим хүч ямар ашиггүйг ойлгосныхоо дараа цөмийн эрчим хүчинд анхаарна” гэж “Argonaut”-ийн Үүсгэн байгуулагч өгүүлжээ.

Гэрээсээ бүгдийг…

Дэлхийг байлдан дагуулж буй “Spider-Man 2” видео тоглоомд түм түжигнэсэн Нью-Йорк хот, ажилдаа очихоор метронд чихэлдэх завгүй ажилтнуудыг харуулдаг. Тэгвэл энэхүү тоглоомыг бүтээсэн ажилтнуудын дийлэнх нь үүнээс огт өөр нөхцөлд буюу гэрээсээ бүтэн цагаар ажилласан аж.

Дэлхий даяар салбар салбарын компаниуд ажилтнуудаа оффистоо эргэн ирэхийг шаардаж эхлээд байгаа бөгөөд видео тоглоомын хөгжүүлэгч компаниуд ч энэ журмыг дагаж буй. Гэтэл зарим компаниуд үүний эсрэгээр ажиллаж амжилтад хүрчээ.

Bloombergtv.mn танд санал болгож байна

  • “Toyota Motor”-ийн борлуулалт 5.6 сая нэгж болж, шинэ дээд түвшинд хүрэв

  • “X” компани сарын $16 хүртэлх төлбөртэй гишүүнчлэлийн шинэ шатлал санал болгож эхэллээ

  • Алтны үнэ V сараас хойш анх удаа унц нь $2000 давав

Онцлох чарт

Жил бүрийн эцэст ам.долларын ханш сулрах хандлагатай байдаг ч Холбооны нөөцийн банкны чанга бодлогын нөлөөлөл, мөн дэлхийн эдийн засаг, геополитикийн тодорхойгүй байдлын улмаас энэ тренд давтагдах эсэх нь эргэлзээтэй байна.

Баярын амралтаар худалдаа нэмэгдэх, компаниудын жилийн эцсийн тайлан тооцоо гарах зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр ам.долларын ханш сүүлийн зургаан жилийн 12 дугаар саруудад дунджаар 1.4 хувиар унажээ. Харин энэ хугацаанд Азийн валютуудын ам.доллартой харьцах ханш XI, XII сард дунджаар 1.2 орчим хувиар өсөж байсан тооцоо байна.