- Business newsletter
- Posts
- 2023/10/30
2023/10/30
Гурван өгүүлбэрээр
Дайн, зөрчилдөөнийг үл харгалзан АНУ, БНХАУ-ын харилцаа зөөлөрч байна.
Байр суурь: Банкнуудын IPO эдийн засгийн тааламжгүй үед таарсан.
Хадгаламжийн хэмжээ сэргэсэн ч төвлөрөл нь хэт өндөр хэвээр байна. Эдийн засгийн ямар суурь асуудал үүнд нөлөөлж буйг онцоллоо.
Хуримтлал = тансаглал
Эдийн засгийн уналтаас зөөлөн газардуулж, өсөлтийг тогтвортой болгоход гол нөлөө бүхий механизмуудын нэг нь хуримтлал. Хэдий сүүлийн жилүүдэд хуримтлалын ач холбогдлыг нийтээрээ ойлгодог болсон мэт боловч эдийн засгийн өнөөгийн нөхцөл үнэхээр хуримтлал үүсгэх боломжийг хангаж чадаж байгаа юу?
Тэсвэртэй долларжилт
Өмнөх оны өдийд төгрөгийн хадгаламж огцом буурч, эсрэгээрээ төгрөгийн ханшийн уналтыг даган долларжилт цойлсноор санхүүгийн системд эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж байв. Инфляц 15 орчим хувьд хадгалагдаж байсан тухайн үед иргэд банканд мөнгөө хадгалуулах юм бол бодитоор 4.2 хувийн алдагдал хүлээж байгаа тооцоо гарсныг NRCC-ийн партнер судлаач, эдийн засагч Д.Эрдэнэбат өгүүлж байлаа.
Харин энэ онд төгрөгийн ханш чангарч, мөн хугацаагүй хадгаламжид хүү тооцож эхэлсний нөлөөгөөр төгрөгийн хадгаламжийн өгөөж сайжирч эхэлсэн бөгөөд есдүгээр сарын эцсийн байдлаар иргэдийн төгрөгийн хадгаламж 13 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 18 орчим хувиар өссөнийг Монголбанк мэдээлж байна.
Гэсэн хэдий ч валютын хадгаламжийн нийт хэмжээ 5.1 их наяд төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 9.8 хувиар өссөн үзүүлэлт болохын сацуу нийт хадгаламжид эзлэх хувь нь 25 орчим хэвээр үлдсэн нь өнгөрсөн жилийн ханшийн эрсдэл дахин учирч болзошгүй гэсэн болгоомжлол иргэдийн дунд байсаар байгааг харууллаа.
Тэгш бус хадгаламж
Банкны салбарын хадгаламжийн дүнг хадгаламж эзэмшигчдийн тоотой харьцуулан үзэхэд цөөн тооны харилцагчид нийт хадгаламжийн дийлэнхийг эзэмшиж буй дүр зураг харагдсаар байна. 2022 оны статистик мэдээллээс үзвэл 500 саяас дээш төгрөгийн хадгаламжтай дансны тоо нийт дансны 0.5 хувьд ч хүрэхгүй атал мөнгөн дүнгээрээ хамгийн өндөр буюу 29 хувийг эзэлж байжээ.
Банкнуудын том дүнтэй хадгаламж эзэмшигчээс хамаарах хамаарал нэмэгдэхийн хэрээр хадгаламжийн хүүнд төлөх нэмэгдэл өндөрсдөг нь гол асуудал аж. Хадгаламжийн энэхүү төвлөрөл нь эн тэргүүнд эдийн засаг дахь орлогын тэгш бус хуваарилалтаас хамааралтайг Монголбанкны Санхүүгийн салбарын төлөв байдлын судалгаанд онцолжээ.
Суурь асуудал
Сүүлийн жилүүдэд манай улсад үндэсний хуримтлалын асуудал идэвхтэй яригдаж, ялангуяа залуу гэр бүлүүдийг хуримтлалтай болгох олон аян явагдаж буй ч ирээдүйдээ зориулж хадгална гэдэг дийлэнх иргэдийн дунд тансаг хэрэглээнээс өөрцгүй хэвээр байна.
Өмч хувьчлалын үеэс эхтэй мэдээллийн тэгш бус байдал, гол орлогыг бүрдүүлдэг уул уурхайн салбар дахь эзэмшлийн хэт төвлөрөл, эдийн засгийн үзүүлэлтүүдийн тогтворгүй байдал зэргээс харвал иргэдийн хуримтлал нэмэгдэх суурь нөхцөл бүрэлдсэн эсэх нь эргэлзээтэй.
Төсвийн зарцуулалтын ердөө 20 орчим хувийг ажлын байр нэмэгдүүлэх, хувийн сектор дэмжих таатай орчныг бүрдүүлэхэд зарцуулж, мөн уул уурхайн салбарт Төрийн өмч давамгайлж байгаа нь дундаж давхарга, ААН-үүдийн орон зай хумигдахад хүргэж буйг Эдийн засагч, хуульч З.Нарантуяа онцолж байлаа.
Байр суурь
“Системийн нөлөө бүхий таван банк нэгэн зэрэг нээлттэй хувьцаат компаниуд болсон нь эдийн засгийн тааламжгүй үед таарсан. Эдийн засаг дөнгөж сэргэж байх үед IPO хийцгээлээ. Бодлогын хүү өндөр байгаатай холбоотойгоор бондын зах зээл харьцангуй идэвхтэй, хувьцаанууд бууралттай байх дүр зураг харагдаж байна. ХасБанк хэдий үнэ цэн бий болгож, өөрийн хөрөнгөө нэмэгдүүлж, ашигтай ажиллаж байгаа ч үүний тусгал нь хувьцаа дээр гарч ирэхгүй байна. Бодлогын хүү буурахгүй бол хувьцааны зах зээл сэхэхгүй” хэмээн "ХасБанк" ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав “Bloomberg TV Mongolia”-д ярилцлага өгөхдөө онцлов.
Бодь Даатгал III улиралд
“Бодь Даатгал” ХК энэ оны III дугаар улиралд 15.6 тэрбум төгрөгийн хураамжийн цэвэр орлоготой ажилласан нь өмнөх улирлаас 44 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Түүнчлэн нөхөн төлбөрийн цэвэр зардал нь 9 тэрбум төгрөгт, татварын дараах цэвэр ашиг нь 14.5 сая төгрөгт хүрсэн аж.
Чухал уулзалт
Киргизийн нийслэл Бишкек хотноо болсон Шанхайн Хамтын ажиллагааны байгууллагын ээлжит хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Чянтай дөрвөн сарын дараа дахин уулзаж хэд хэдэн чухал асуудлаар ярилцжээ. Талууд Монгол Улсын төв тэнхлэгийн төмөр замыг шинэчлэх, Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн өндөр хурдны авто зам болон ОХУ-аас Монголын нутгаар дамжуулан БНХАУ-д нийлүүлэх байгалийн хийн хоолой барих зэрэг төслийг хамтран идэвхтэй урагшлуулахаар тохиролцсон байна.
Ногоон барилгын боломж
Ногоон бүтээн байгуулалтын шилжилтийг амжилттай хийснээр барилгын өртгийн сүлжээнээс ялгарах нүүрстөрөгчийн хэмжээг 2035 он гэхэд 23 орчим хувиар бууруулах бөгөөд энэ дүнгийн 55 орчим хувийг хөгжиж буй эдийн засагтай орнууд бүрдүүлнэ гэж Олон Улсын Санхүүгийн Корпорац тооцоолжээ. Түүнчлэн хөгжиж буй орнуудын барилгын салбар дахь нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахад 1.5 их наяд ам.долларын хөрөнгө оруулалтын боломж байгааг тус байгууллага тайландаа онцолсон байна.
YouTube-ийг онилно
Хуучнаар “Twitter” буюу “X” платформын удирдлагууд “YouTube” болон “LinkedIn”-ийг ирээдүйн өрсөлдөгчдөө гэж үзэж, дүрс бичлэг болон ажлын байрны зах зээлийг шинэ бизнесийн чиглэл болгохоо мэдэгджээ. Компанийн эзэмшигч Илон Маск, Гүйцэтгэх захирал Линда Яккарино нар өнгөрсөн пүрэв гарагт “Twitter” шинэ эзэмшигчтэй болсны нэг жилийн ойг тохиолдуулан бүх ажилтнуудыг хамарсан хурал хийхдээ дээрх алсын хараагаа танилцуулсныг ойрын эх сурвалж мэдээлсэн байна.
Түүнчлэн тэр хоёр “XWire” нэртэй мэдээний агентлагийн үйлчилгээ бий болгохоор зорьж байгаагаа мөн дурджээ. Тус хурал нь Маск, Яккарино нар хамтдаа компанийн нийт ажилтнуудад хандан үг хэлсэн анхны тохиолдол болсноороо мөн онцлог болжээ.
Харилцаа зөөлөрч байна
Дайн, зөрчилдөөний гал дэлхий дахиныг нөмрөөд буйг үл харгалзан АНУ ба БНХАУ харилцаагаа аажмаар сайжруулж буй шинж тэмдгүүд ажиглагдаж эхэллээ. Ши Жиньпиний Засгийн газар зургаадугаар сараас хойш АНУ-ын төрийн томчуудтай уулзалт, яриа хэлэлцээ хийх нь эрс нэмэгдээд байна. Энэ сард л гэхэд Сенатын Ардчилсан намын бүлгийн дарга Чак Шумер БНХАУ-д айлчлах үед Ши Жиньпин "АНУ, Хятад улсын харилцааг сайжруулах мянган шалтгаан бий. Харин улам муутгах ямар ч шалтгаан байхгүй" хэмээн түүнд хэлжээ.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Вашингтонд айлчилсан нь ирэх сард Калифорнид болох хүлээлттэй байгаа Жо Байден, Ши Жиньпин нарын уулзалт биеллээ олоход томоохон дэм үзүүллээ.
Энэ 7 хоногт анхаарч байх үйл явдлууд
Apple, Airbnb, AMD, McDonald’s, Qualcomm зэрэг томоохон компаниуд улирлын борлуулалтын тайлангаа танилцуулна.
Евро бүсийн хэрэглээний үнийн индекс ба дотоодын нийт бүтээгдэхүүний дүн мэдээлэл гарна.
Японы Төв банк болон Английн Төв банк бодлогын хүүгийн шийдвэрээ танилцуулна.
Онцлох чарт
Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ өсгөж эхлээд жил хагасын хугацаа өнгөрч буй энэ үед АНУ-ын эдийн засгийн өсөлт БНХАУ-ынхыг санагдуулам өндөр дүнтэй гарна гэж хэн ч төсөөлөөгүй нь лавтай. Тус улсын эдийн засгийн хөдөлгүүр болдог иргэдийн хэрэглээний зарцуулалт огцом өссөнөөр ДНБ нь өнгөрсөн улиралд жилийн дүнгээр 4.9 хувь буюу сүүлийн хоёр жил гаруйн хамгийн өндөр дүнгээр өссөн тайлан өнгөрсөн баасан гарагт гарсан юм.