2023/10/27

Гурван өгүүлбэрээр

  1. Юу болов: Европын төв банк жил гаруйн дараа анх удаа бодлогын хүүгээ хэвээр үлдээлээ.

  2. Монгол дахь уул уурхайн төслүүдийн ахиц, тэдгээрийг хэрэгжүүлэгч компаниудын үйл ажиллагааг энэ дугаарт онцоллоо.

  3. Долоо хоногт 50-90 мянган сэжигтэй дата мэдээлэл Монголоос гадаад улсууд руу чиглэж байгаа тооцоо гарчээ.

Уул уурхайн төслүүдийн ахиц

Монгол Улсын эдийн засаг, тэр дундаа эрчим хүчний аюулгүй байдалд чухал ач холбогдолтой уул уурхайн зарим төслүүдийн ахиц, тэдгээрийг хэрэгжүүлэгч компаниудын үйл ажиллагааны талаарх мэдээллүүдийг багцлан хүргэж байна.

TMK Energy

Гол төсөл: Нүүрсний давхаргын метан хийн Гурвантэс XXXV

Монголд метан хийн хайгуул хийж буй цөөн компаниудын нэг "TMK Energy" энэ оны дөрөвдүгээр сард өрөмдлөгийн хөтөлбөрөө эхлүүлж, одоогоор Нарийнсухайт хайгуулын бүсэд өрөмдсөн туршилтын гурван цооногтоо хийн тогтмол урсгалыг бий болгоод байна. Компанийн “Гурвантэс XXXV” төслийн талбай Өмнөговь аймгийн газар нутгийн ихээхэн хэсгийг хамардаг тул тус талбайд байршилтай бусад төслүүдийг эзэмшдэг компаниудтай хамтран ажиллах стратеги баримталж буй.

Тухайлбал коксжих болон эрчим хүчний нүүрсний уурхайн төсөл эзэмшдэг “Terra Energy”-тэй саяхан хайгуулын хамтын ажиллагааны гэрээ байгуулж, судалгааны ажлын зардлаа 50/50 зарчмаар хуваахаар болсон юм. Түүнчлэн “Terra Energy”-ийн “Гурвантэс XXXV” төсөлд эзэмшдэг байсан 33 хувийг “TMK” энэ сард шилжүүлэн авч, төслөө 100 хувь эзэмшиж эхлээд байгаа билээ.

Xanadu Mining

Гол төсөл: Зэс, алтны “Хармагтай” төсөл

БНХАУ-ын уул уурхайн аваргуудын нэг “Zijin Mining”-тай хөрөнгө оруулалтын гэрээ хийгээд буй “Xanadu Mining” 35 сая ам.долларын санхүүжилтээр “Хармагтай” төслийн урьдчилсан ТЭЗҮ болон хайгуулын ажлыг дуусгахаар ажиллаж байна. Компани олборлолтоо 2024 оны санхүүгийн жилийн IV улиралд, төслийн үйлдвэрлэлээ 2027 оны IV улиралд эхлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд сүүлд дүүргэлтийн өрөмдлөгийн явцад алтны шинэ бүс илрүүлснээ мэдээлсэн.

Elixir Energy

Гол төсөл: Метан хийн “Nomgon”, Ногоон устөрөгчийн “Gobi H2”

Өмнөговь аймгийн нутагт нүүрсний давхаргын метан хийн хайгуул явуулж буй “Elixir Energy” энэ онд “Номгон” талбайн өргөтгөсөн туршилтын хөтөлбөрөө үргэлжлүүлж, нийт есөн цооног өрөмдөхөө зарлаад байгаа. Харин өнгөрсөн сард “Nomgon X” цооногийг амжилттай өрөмдөж, олборлолтын үйл ажиллагааг эхлүүлжээ. Түүнчлэн компани ногоон устөрөгч экспортлох "Gobi H2" төслийнхөө ТЭЗҮ-ийг боловсруулах шатандаа яваа бөгөөд өнгөрсөн V сард Японы сэргээгдэх эрчим хүчний салбарын томоохон компаниудын нэг “Toyota Tsusho” энэхүү төсөлд хамтрагчаар орохоор болсон юм.

Урт хугацаандаа “Elixir Energy”-ийн метан хий болон устөрөгчийн төслийн аль алинд нь дамжуулах хоолой шаардлагатай болох бөгөөд хоолойн урт харьцангуй богино байх тул инженерчлэлийн хувьд тийм ч их сорилт үүсэхгүйг тус компанийн Гүйцэтгэх захирал Нейл Янг “Bloomberg TV Mongolia”-д өгсөн ярилцлага өгөхдөө онцолж байлаа.

Бусад олборлогчид

Parabellum Resources: Монголд газрын ховор элементийн "Хотгор" төслийг хэрэгжүүлж буй энэ компани сүүлд тус ордын эрдсийн нөөцийн хэмжээг шинэчлэн тогтоохдоо 2.2 сая гаруй тонн газрын ховор элементийн оксид илрүүлээд байна.

Jade Gas: Өмнөговь аймагт нүүрсний давхаргын метан хийн төслийн туршилтын үйлдвэрлэлээ эхлэхэд ойртсоноо зарлаад байгаа. Энэ оны хайгуулын өрөмдлөгийн хөтөлбөрийнхөө эхний дөрвөн цооногийн бүгдээс нь метан хийн нөөц илрүүлснээ өнгөрсөн IV сард мэдээлсэн юм.

Petro Matad: Газрын тосны “Цэн тогоруу" ордын бүтээн байгуулалт нь эхлэхэд бэлэн болсон ч Монгол Улсын ЗГ-аас зөвшөөрөл олгох үйл явц сунжирч байгаа нь хүндрэл дагуулж буйг тус компани сүүлд мэдээлж байв.

“Базаахгүй'“ 2024 он

“Ирэх оны дэлхийн эдийн засгийн талаар пессимист төсөөлөлтэй байна. Улс төрийн хувьд, мөнгөний бодлогын хувьд зөрчилдөөний шинжтэй орчин үүсээд байна шүү дээ. Үүнтэй зэрэгцээд инновацын хамгийн оргил үе үргэлжилж байна. Ер бусын зүйлс бүтээх боломжийг нээх технологийн гайхалтай хөгжлийн талаар бид ярьдаг. Гэхдээ энэ нь бас асуудал болж магадгүй гэж би боддог.

Бас тооцоолж болох ирээдүйд бидний баримтлах мөнгөний бодлого дэлхий дахинд маш том үр нөлөөлөлтэй байхаар байна. Мөн улс орнууд хоорондын хагарал байна. Иймд эерэг төсөөлөлтэй байна гэдэг маш хэцүү” хэмээн “Bridgewater”-ийн Үүсгэн байгуулагч Рэй Далио Саудын Арабт болсон “Future Investment Initiative”-ийн үеэр байр сууриа илэрхийлжээ.

Монложистикс III улиралд

III улиралд “Монложистикс”-ийн борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс 47 хувиар өсөж 150 тэрбум төгрөгт хүрчээ. Компанийн тээвэрлэсэн ачааны үнийн дүн тайлант хугацаанд өмнөх оны мөн үеэс 171 хувиар өсөж 777 тэрбум төгрөгт хүрсэн нь өсөлтийн гол хөдөлгөгч хүч болсон байна. Харин IPO хийснээс хойш нэг сарын хугацаанд 19 хувиар унаад байгаа хувьцааны ханш нь тайлан гарсны дараа 3.77 хувиар өсжээ.

Кибер халдлага

Долоо хоногт 50-90 мянган сэжигтэй дата Монголоос гадаад улсууд руу чиглэж байна гэж Кибер аюулгүй байдлын зөвлөлөөс мэдээллээ. Өөрөөр хэлбэл тийм хэмжээгээр гадаад руу мэдээлэл түгээх оролдлого хийж байна гэсэн үг аж. Түүнчлэн энэ аравдугаар сард Энэтхэг улсаас Монгол руу чиглэсэн зорилтот халдлагыг анх удаа илрүүлж таслан зогсоосныг Тагнуулын Ерөнхий газраас мэдээлжээ.

Кибер аюулгүй байдал нь зөвхөн программ хангамж, техник технологийн асуудал гэхээс илүүтэй цаашид эрсдэлийн удирдлага, хор уршгийн эсрэг арга хэмжээ авах тогтолцооны асуудал болж байгааг өчигдөр болсон “Кибер тусгаар тогтнол” форумын үеэр оролцогчид онцолж байлаа.

Аялахад хамгийн тохиромжтой улс

Аялал жуулчлалын хэвлэл мэдээллийн "Lonely Planet" компани 2024 онд аялахад хамгийн тохиромжтой улсаар Монголыг тодруулжээ. Тус компани жил бүр гаргадаг "Best in Travel" жагсаалтдаа зочлоход хамгийн тохиромжтой шилдэг 10 улс, 10 хот, 10 бүс нутгийг нэрлэдэг.

"Lonely Planet" 2024 онд аялахад тохиромжтой шилдэг 10 улсын жагсаалтдаа өргөн уудам нутаг, адал явдлаар дүүрэн аялал, баялаг соёл уламжлалыг нь харгалзан Монгол Улсыг нэгдүгээрт оруулснаа мэдээлсэн байна.

Түүнчлэн "Best in Travel 2024" жагсаалтад Энэтхэг, Марокко, Чили, Бенин улс аялахад хамгийн тохиромжтой орнуудын эхний байруудад бичигдсэн бол хотуудын жагсаалтыг Кенийн нийслэл Найроби, Францын нийслэл Парис, Канадын Монреаль, харин бүс нутгуудын жагсаалтыг Баруун Балканы Трансдинар, Өмнөд Австралийн Кенгуру арал, Италийн Тоскана тэргүүлжээ.

Энэ өвөл сандрахгүй

Өвөл дөхөж буйтай зэрэгцээд БНХАУ-д нүүрсний үнэ буурснаар цахилгаан станцуудад түлш худалдан авах зардал буурч, энэ өвөл эрчим хүчний тасалдал болох магадлал улам багасаж байна. Мөн Хятадад дотоодын олборлолт, импортын хэмжээ нь рекорд дээд түвшиндээ хүрч, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл нь ч нэмэгдэж байгаа нь эергээр нөлөөлөхөөр байна.

Нүүрсний нөөц тогтмол өндөр түвшинд байж, усан цахилгаан станцын ажиллагаа сайн байснаар өнгөрсөн онд нүүрсний үнэ өсөхөд нөлөөлсөн шалтгаанууд харьцангуй цөөрчээ.

AirPods шинэчлэгдэнэ

"Apple" компани 2016 онд "Airpods"-оо анх танилцуулах үед хэрэглэгчдийн зүгээс эргэлзээ өндөр байв. Харин одоо "Airpods" тус компанийн Wearables, Home, Accessories гээд бүх төрлийн бүтээгдэхүүний салшгүй хэсэг болж, жилд ойролцоогоор 40 тэрбум ам.долларын орлого оруулдаг болжээ.

Утасгүй чихэвчнийхээ энэхүү алдар нэрд дөрөөлөн "Apple" 2024 онд "AirPods"-ийн энгийн хувилбарын шинэчлэгдсэн загвар болон "Airpods Max" чихэвчний цоо шинэ загварыг танилцуулахаар төлөвлөжээ. Харин "AirPods"-ийн шинэ "Pro" загварыг 2025 онд худалдаанд гаргахаар болсныг ойрын эх сурвалж мэдээлсэн байна.

BloombergTV.mn танд санал болгож байна

Онцлох чарт

БНХАУ-ын зэсийн үйлдвэрлэл дээд түвшиндээ хадгалагдсан хэвээр байгаа нь зэсийн хэрэглээгээр тэргүүлдэг тус улсад эрэлт нь эдийн засгийн хүндрэлд харьцангуй тэсвэртэй байгаа дохиог өгч байна. Хятадын хайлуулах үйлдвэрүүдийн хүчин чадал нэмэгдсэнээр гарц нь есдүгээр сард 1.14 сая тоннд хүрч, түүхэн дээд үзүүлэлтээ хоёр сар дараалан эвджээ.

Дотоодын үйлдвэрлэлийн энэхүү өсөлт нь сэргээгдэх эрчим хүчний салбарын сайн үзүүлэлт үл хөдлөх хөрөнгийн салбарын сул үзүүлэлтийг нөхөж буйтай холбоотой аж.