- Business newsletter
- Posts
- 2023/10/26
2023/10/26
Гурван өгүүлбэрээр
“Country Garden” ам.долларын бонддоо анх удаа дефолт зарлаж, Хятадын үл хөдлөхийн зах зээлийн хямралыг улам гүнзгийрүүлэв.
“Мост финтек” ХХК-ийн олон нийтэд санал болгож буй үнэт цаасыг СЗХ бүртгэлээ.
Mongolian Mining Corporation-ийн хувьцааны ханш зургаа дахь өдрөө дараалан унаад байна.
Дефолт гэсэн үү…???
БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн барцад үргэлжилж, удаан хугацаанд дээсэн дөрөөн дээр дэнжигнэсэн “Country Garden” компани ам.долларын бонддоо анх удаа дефолт зарлалаа. Нэгэн цагт улсдаа үл хөдлөхийн төсөл хөгжүүлэлтээр тэргүүлж байсан компани ийнхүү хямарснаар гарч болох хохирлын далайц зөвхөн Хятадын эдийн засгаар хязгаарлагдахгүй нь.
Ээлжит хохирол: Country Garden
Тус компанийн хийх ёстой 15.4 сая ам.долларын бондын эргэн төлөлтийн эцсийн хугацаа өнгөрсөн долоо хоногт дуусгавар болсноор төлбөрийн чадваргүй болсон нь албан ёсоор баталгаажиж байна. Есдүгээр сарын 17-нд компани эргэн төлөлтөө хийх хугацаагаа 30 хоногоор сунгуулах зөвшөөрөл аваад байсан ч байдал дээрдсэнгүй ийнхүү дефолтод хүргэжээ.
Ингэснээр БНХАУ-ын түүхэнд байгаагүй том бүтцийн өөрчлөлт тус компанид хийгдэх магадлалтай болж байна. Харин компани дотооддоо гаргасан юанийн бондууддаа албан ёсоор хараахан дефолт зарлаагүй бөгөөд өнгөрсөн сард нийт 14.7 тэрбум юанийн есөн бондынхоо эргэн төлөлтийг мөн хойшлуулахаар болсон юм. Сүүлийн байдлаар “Country Garden”-ийн ам.долларын бондууд ердөө 5 цент орчмоор үнэлэгдэж байгаа бол хувьцааны ханш нь он гарсаар 74 хувиар унажээ.
Хүчин мөхөстөв
“Evergrande”, “Country Garden” гээд Хятадын гол хөгжүүлэгч компаниуд шил даран дефолт зарлаж, тус салбарт үүссэн өрийн хямрал дөрөв дэх жилтэйгээ золгож байна. Хятадын эрх баригчид сүүлийн саруудад орон сууцны урьдчилгаа төлбөрийн нөхцөлийг зөөллөх, ипотекийн зээлийн хүүг бууруулах гэх мэтээр аль болох зөөллөх арга хэмжээнүүд аваад байв. Гэтэл энэ нь нөхцөл байдлыг эерэг тал руу эргүүлэхэд хангалттай байсангүй. Өнгөрсөн долоо хоногт гарсан тайлангаас харвал оны эхний есөн сард тус улсад орон сууцны хөрөнгө оруулалт 9.1 хувиар буурчээ.
Ерөнхийдөө сүүлийн гурван жилийн хугацаанд энэ салбарыг аврах Хятадын Засгийн газрын авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нэмэр болохоос илүү нэрмээс болсон гэхэд хилсдэхгүй. Энэ хугацаанд Хятадын орон сууцны зах зээл 10 хувиар агшиж, салбарын хувьцаанууд нь цар тахлын дараах сэргэлтээр олж авсан бүх өсөлтөө алдсан байна.
Хөдөлгүүр биш хүнд ачаа болов
БНХАУ 1998 онд орон сууцны зах зээлээ бүрэн хувьчилснаас ердөө 7 жилийн дараа ДНБ нь хоёр дахин өсөж байв. Тухайн жилүүдэд бүтээн байгуулалт асар хурдацтай явагдаж, хөдөө орон нутгаас сая сая иргэн хот руу шилжиж, үл хөдлөхийн үнэ зөвхөн дээшээ чиглэлтэй байдаг гэсэн хөдөлшгүй ойлголт үүсээд байлаа. Тайлан тэнцэл нь зөвхөн үнийн өсөлт, гүйлгээний дүн дээр тулгуурлаж байсан хөгжүүлэгч компаниудын энэ байдал хэзээ нэгэн цагт дуусах ёстой байжээ.
Хятадын үл хөдлөх хөрөнгийн борлуулалтын зарчмын тухайд гэвэл хөгжүүлэгч компаниуд төслөө баталмагцаа урьдчилсан захиалга авч, худалдан авагчдаас татсан мөнгөнийхөө тодорхой хэсгийг тэр даруй газар худалдан авахад зарцуулдаг. Борлуулалт гэнэт унах хүртэл энэ зарчим асуудалгүй ажиллаж байжээ.
Хятадын эдийн засаг ганхвал…
Өдгөө БНХАУ-ын ДНБ-ий хамгийн том хэсгийг буюу 20 орчим хувийг бүрдүүлж буй үл хөдлөхийн зах зээлийн хямрал эдийн засгаа бүхэлд нь ганхуулах аюул бий. Энэ хямралын нөлөөлөл зөвхөн Хятадад бус дэлхийн эдийн засгийн өсөлтөд илрэхийг ОУВС өнгөрсөн лхагва гарагт мэдэгдэж байв.
“ANZ Group”-ийн мэдээлснээр Хятадын гангийн үйлдвэрлэлийн гарцын 37 хувь нь орон сууцны салбарт, 60 гаруй хувь нь барилга угсралт, бүтээн байгуулалтад зориулагддаг аж. Тэгвэл энэ онд Хятадын орон сууцны салбар дахь гангийн эрэлт 22 хувиар унаж, 275 сая тонн болохыг тус групп энэ зуны сүүлээр тооцоолсон байна.
Тиймээс гангийн үйлдвэрлэлийн үндсэн орц болох коксжих нүүрсний экспортоо ирэх онд 60 сая тоннд хүргэх зорилт тавьж, төсвөө түүнд нийцүүлэн тэлээд байгаа Монгол Улс урд хөршийнхөө үл хөдлөхийн зах зээлийг нүд салгалгүй ажиглах шаардлага гарч ирж байна.
Төсвийн орлогын төсөөллөө хэт өөдрөг гаргадаг, төсвөө алдагдалтай баталдаг зэрэг нь Монгол Улсын өрийн дарамт нэмэгдэхэд нөлөөлсөөр буй.
Байр суурь
“Ипотекийн хөтөлбөрийг Монголбанкнаас ЗГ-т шилжүүлэх асуудал 2017 оноос хойш яригдсан ч шийдэл одоо хүртэл олоогүй байна. Орон сууцны зээл бол онцгой, урт хугацаатай зээлийн бүтээгдэхүүн. Тиймээс үүнийг санхүүжүүлэх эх үүсвэр нь урт хугацаатай байх ёстой. Бусад орнуудад тэтгэврийн сан, баялгийн сангаараа дамжуулаад энэ хөтөлбөрийг санхүүжүүлдэг болохоос төсвийн эх үүсвэрээр санхүүжүүлдэггүй. Тиймээс урт хугацаат мөнгөн сангуудыг бий болгох нь энэ хөтөлбөрийг сайжруулахад хамгийн том дэм үзүүлнэ” хэмээн “Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга “Bloomberg TV Mongolia”-д өгсөн ярилцлагадаа онцоллоо.
Ээлжит IPO
Санхүүгийн зохицуулах хороо ээлжит хурлаараа Монгол Улсын анхны финтек компани гэж тооцогддог “Мост финтек” ХХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй үнэт цаасыг бүртгэжээ. Тус компани 2008 онд Монголд төлбөр тооцооны дэд бүтцийг бүтээн байгуулах зорилгоор үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ.
Үүнээс гадна тус хурлаар уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг компанид олгохоор шийдвэрлэсэн байна. Өмнө нь түүхий эдийн биржийн арилжаанд брокероор оролцох эрхийг “Голомт Капитал ҮЦК” болон “Ти Ди Би Секьюритис ҮЦК”-иудад олгоод байв.
Зорилтдоо хүрэхгүй, гэхдээ…
Нэг сая жуулчин хүлээж авах зорилт тавьсан 2023 он дуусахад хоёр сарын хугацаа үлджээ. Тэгвэл он гарсаар Монгол Улсад зочилсон жуулчдын тоо өнгөрсөн долоо хоногийн байдлаар 551 мянгад хүрээд байна. Хэдий гүйцэтгэл 55 хувьтай байгаа ч түүхэндээ хамгийн их буюу 577 мянган жуулчин хүлээж авч байсан 2019 оны амжилтыг эвдэх магадлал тун өндөр болсныг БОАЖЯ-аас онцолжээ.
Герман Японыг гүйцнэ
Иений ам.доллар, евротой харьцах ханш суларч байгаагийн нөлөөгөөр ХБНГУ-ын эдийн засаг 2023 онд Японыг гүйцэж дэлхийн гурав дахь том эдийн засагтай улс болох төлөвтэй байна. ОУВС-аас энэ онд Германы нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүн 4.43 их наяд ам.доллар хүрэх бол Японых 4.23 их наяд ам.доллар хүрэх тооцоо гаргажээ. Холбооны Нөөцийн банк болон Европын Төв банк бодлогын хүүгээ өсгөх циклээ дуусгасан ч удаан хугацаанд өндөр түвшинд нь хадгална гэсэн хүлээлт иений ханшид дарамт болсон хэвээр байна.
Uber ба агаарын бөмбөлөг
Такси, унаа дуудлагаас аялал жуулчлалын салбарт үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлэхээр зорьж буй "Uber" компанийн ээлжит алхам нь агаарын бөмбөлөг болж байна. "Uber" аппликэйшний хэрэглэгчид 150 евро төлөөд Туркийн Каппадоки нутгийн дээгүүр 900 метрийн өндөрт агаарын бөмбөлгөөр 1.5 цаг аялж, нар жаргахыг харах боломжтой болжээ.
Каппадоки нь Туркийн аялал жуулчлалын гол бүс бөгөөд 2022 онд тус улсад зочилсон 44.6 сая гадаадын жуулчны 10 хувь нь тус бүсээр аялсныг БНТУ-ын Соёл, аялал жуулчлалын яамнаас мэдээлсэн байна.
"Uber"-ийн олон улс дахь аялал жуулчлалын шинэ үйлчилгээнүүдэд Энэтхэгийн "Тук-тук" такси, Грекийн завины аялал, Их Британийн нислэг зэрэг багтаж байсан бол одоо агаарын бөмбөлгийн аялал ийнхүү нэмэгдэж байна.
Medeenomics подкастын шинэ дугаарт Санхүүгийн мэргэшсэн шинжээч Б.Хуланоролцож зан төлөвийн хөрөнгө оруулалтын талаар сонирхолтой яриа өрнүүллээ. Шинэ дугаарыг ЭНД дарж сонсоорой.
Мөн “Spotify”, “Apple Podcasts” платформуудад манай подкастын бүх дугаар байршиж байна.
BloombergTV.mn танд санал болгож байна
Чилийн томоохон уурхайнуудын зэс олборлолтын зардал өссөөр байна
Ипотекийн зээлийн дүнд эзлэх чанаргүй зээлийн хэмжээ 1.3 хувьтай байна
Онцлох чарт
“Mongolian Mining Corporation” компанийн хувьцааны ханш зургаа дахь өдрөө дараалан буурсан нь 2022 оны есдүгээр сараас хойших хамгийн олон өдөр дараалан үргэлжилсэн уналт болж байна. Арилжааны сүүлийн зургаан өдөрт нийтдээ 14 орчим хувиар унасан бол өчигдрийн байдлаар 5.2 хувиар унаж, хувьцааны ханш нь 3.46 хонгконг долларт хаагдлаа.