2023/10/25

Гурван өгүүлбэрээр

  1. Төсвийн тэлэлтээс шалтгаалан мөнгөний хатуу бодлого 2024 онд үргэлжилснээр бизнесийн орчинд нөлөөлөхөөр байна.

  2. “Зөөвч-Овоо төсөлд 11-19 хувийн АМНАТ тогтоохоор байгаа нь дэлхийн ураны салбарт байхгүй хамгийн өндөр татвар”

  3. Дэлхийн хэмжээнд газрын тосны эрэлт 2030 он гэхэд оргил цэгтээ хүрэх төлөвтэй.

Шинэ төсөв, хуучин асуудлууд

Сүүлийн 20 жилийн 15-д нь алдагдалтай батлагдсан Төсвийн тухай хууль жил бүр шүүмжлэл, хэл ам дагуулах нь ёс мэт болжээ. Тэгвэл сонгуулийн жилд зориулж түүхэнд байгаагүй том төсөв батлагдахаар байгаа нь бодлогын хүү өндөр, олон улсын тодорхойгүй байдал нэмэгдсэн энэ үед эдийн засагчдын санааг зовоох нь дамжиггүй.

Эсрэгцсэн бодлогууд

Өмнөх оны төсвөөс ₮5 их наядаар тэлэхээр байгаа 2024 оны Төсвийн тухай хуулийн төслийг УИХ-ын байнгын хороодоор хэлэлцүүлж эхлээд байна. Сангийн яамнаас тайлбарлаж байгаагаар ДНБ, эдийн засгийн багтаамжтайгаа харьцуулж харвал зарцуулалт нэмэгдэх нь зайлшгүй зүйл аж. Ирэх онд нүүрсний экспорт 60 сая тоннд хүрч, эдийн засгийн өсөлт Дэлхийн Банк, ОУВС-ийн төсөөллөөс өндөр буюу 7 хувиар өснө гэсэн өөдрөг төсөөлөлтэйгөөр тус яам төсвийн төслөө танилцуулж байна.

Сүүлийн 12 жилийн наймд нь төсвийн тодотгол хийж, түүний дийлэнхэд нь анх баталсан орлогоо дунджаар 10 хувиар бууруулж байсныг судлаач А.Батпүрэв хэлж байлаа. Төсвийн бодлого тогтворгүй байснаар эдийн засаг тогтворгүйжиж, түүнийг дагаад мөнгөний бодлого тууштай бус, зээлийн хүүг бууруулах орчин хязгаарлагдаж буйг тэрбээр анхааруулсан юм.

Тэгвэл Монголбанк ирэх онд инфляцыг онилсон бодлогоо үргэлжлүүлж, дунд хугацаандаа 6 хувийн орчимд тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлого баримтлахаа танилцуулсан. Сүүлийн байдлаар инфляц хоёр оронтой тоонд хадгалагдсан хэвээр байгаагаас харвал мөнгөний чанга бодлого ирэх онд үргэлжилнэ гэсэн хүлээлттэй байж болох нь.

АмЧам-ын өнцгөөс

Төсөв, мөнгөний бодлого хоорондоо уялдахгүй байгаа тул Засгийн газар гадаад эх үүсвэрээс хөрөнгө оруулалт татаж бизнесүүдийг бодлогоор дэмжих шаардлагатай байгааг 2024 оны эдийн засгийн төлөвийг хэлэлцсэн “АмЧам Монгол”-ын ээлжит уулзалтын үеэр хөндсөн юм.

Өөр нэг асуудал

Төсөв данхайх хэрээр Төсвийн тухай хуулийг дагалдуулсан хуулиуд жил ирэх тусам нэмэгдэж, тогтворгүй болж байна. Фиделитас Партнерс-ын гүйцэтгэх захирал Б.Наранцэцэгийн мэдээлснээр 2018-2023 оны Төсвийн тухай хуулиудыг дагаж 100 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт оруулжээ. Эдгээр хуулиуд яагаад төсвийн төслийг дагалах шаардлагатайг, хамт өргөн мэдүүлснээр ямар хууль хоорондын зөрчил арилахыг хууль тогтоогч нь тусгаагүйгээс нарийн үнэлэхэд төвөгтэй байгааг тэрбээр хэлж байв.

Байр суурь

“Ураны төслийн хөрөнгө оруулалтын гэрээг энэ ондоо багтаагаад байгуулах зорилготой ажиллаж байна. Бид Зөөвч-Овоо төсөлд 34 хувийн эзэмшлээс татгалзаад, ногдол ашиг, татвараа аль болох өндөр авахаар зарчмын хувьд тохиролцсон. Суурь АМНАТ-ийг 5 хувиар, мөн стратегийн орд гэсэн үндэслэлээр дахин 5 хувь нэмж тогтоож байгаа. Үүн дээр нэмээд ураны зах зээлийн ханшаас шалтгаалан өсөн нэмэгдэх 11-19 хувийн АМНАТ орж ирнэ. Энэ нь дэлхийн ураны салбарт байхгүй хамгийн өндөр татвар” хэмээн "Мон-Атом" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Далайжаргал “Bloomberg TV Mongolia”-д өгсөн ярилцлагадаа онцоллоо.

Хийн хоолой ирэх онд

Байгалийн хий дамжуулах хоолойн "Сибирийн Хүч-2" төслийн Монгол дахь бүтээн байгуулалтын ажил 2024 оны I улиралд эхлэхээр хүлээгдэж байгааг ОХУ-ын Шадар сайд Виктория Абрамченко мэдэгдлээ. Одоогоор төслийн урьдчилсан ТЭЗҮ бэлэн болсон бөгөөд зураг төслийг энэ оны эцсээр дуусгаж, ирэх оны эхний улиралд батлахыг тэрбээр нэмж дурджээ.

Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Бүс ба зам” санаачилгын чуулга уулзалтад оролцохоор БНХАУ-д айлчлахдаа “Сибирийн Хүч-2” төслийг ахиулах хүлээлттэй байсан ч айлчлалын үеэр ямар нэг бичиг баримтад гарын үсэг зураагүй билээ.

Цементийн үндсэн орцны үйлдвэр

“МАК” компани жилд 100 мянган тонн шохой үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэрээ ашиглалтад оруулахаар ажиллаж байгаагаа мэдээллээ. Тус компани одоогоор Хөх цавын шохойн чулууны ордыг түшиглэн гурван төрлийн цемент үйлдвэрлэж байна. Цементийн үйлдвэр нь жилд 800 мянган тоннын гарцтай бөгөөд ашиглалтад орсноосоо хойш 3.7 сая орчим тонн цемент үйлдвэрлээд байгаа аж.

Холимог дүр зураг

Хиймэл оюунт шинэ бүтээгдэхүүнүүдийн эрэлт үүлэн тооцооллын бизнесийнх нь өсөлтийг сэргээснээр “Microsoft” компани сүүлийн зургаан улирлын хамгийн сайн үзүүлэлттэй борлуулалтын тайлангаа танилцууллаа. Мөн тус компани үүлэн тооцоолол болон хиймэл оюунт технологийн дэд бүтцээ өргөжүүлэхээр ирэх хоёр жилийн хугацаанд Австралид 3.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдсэн байна.

Харин “Alphabet”-ийн ээлжит тайланд үүлэн тооцооллын бизнесийн орлого, ашгийн үзүүлэлтүүд шинжээчдийн төсөөлөлд хүрсэнгүй. Ингэснээр ирээдүйн өсөлтөд нь амин чухал зах зээлд тус компанийн эзлэх байр суурь санаа зовоосон асуудал хэвээр үлдэж байна.

Өнөөдөр сонгууль болбол Трамп ялна

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден дахин нэр дэвшихээр болбол ямар эдийн засгийн бодлого дэвшүүлэх нь анхаарал татсан асуудал. Гэвч түүний эдийн засгийн бодлогыг сонгогчид төдийлөн дэмжихгүй байгаа энэ үед чухал нөлөөтэй хэд хэдэн мужид Дональд Трамп Жо Байденаас өндөр рейтингтэй байгааг “Bloomberg News” болон “Morning Consult”-ийн шинэ санал асуулгын үр дүн харуулж байна.

Тэдгээр мужууд нь аль нэг намыг тууштай дэмждэг гэхээсээ илүү санал хаашаа ч эргэх магадлалтай мужууд гэдгээрээ онцлогтой. БНН-ын ерөнхийлөгчид “сойх” гол хүн болох Д.Трамп нь Аризона, Жоржиа, Мичиган, Невада зэрэг долоон мужийн тавд нь Байденыг илүүрхэж байна. Тухайлбал тэрбээр сонгогчдын 47 хувийн дэмжлэгийг авсан бол Байденыг 43 хувь нь дэмжжээ.

Medeenomics подкастын шинэ дугаарт Санхүүгийн мэргэшсэн шинжээч Б.Хуланоролцож зан төлөвийн хөрөнгө оруулалтын талаар сонирхолтой яриа өрнүүллээ. Шинэ дугаарыг ЭНД дарж сонсоорой.

Мөн “Spotify”, “Apple Podcasts” платформуудад манай подкастын бүх дугаар байршиж байна.

BloombergTV.mn танд санал болгож байна

  • IEA: Дэлхийн хэмжээнд байгалийн хийн эрэлт 2040 он хүртэл сул байх төлөвтэй

  • "ДЦС-3"-ын хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийг ОХУ-тай хамтран хэрэгжүүлнэ

  • Дэлхий даяар тэрбумтнуудын төлөх татварын доод хэмжээг тогтоох ёстой гэж судлаачид үзэж байна

Онцлох чарт

Дэлхийн хэмжээнд газрын тосны эрэлт 2030 он гэхэд оргил цэгтээ хүрэхээр байна гэж Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг анх удаа тооцооллоо. Цахилгаан автомашины хэрэглээ нэмэгдэж, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарч байгаа нь үүнд голлон нөлөөлөхөөр байгаа аж.

Тодруулбал 2030 онд эрэлт өдрийн 93 сая баррель хүрэх бол түүнээс цааш эрэлт бага багаар буурч, 2050 он гэхэд 55 сая баррель болохоор байгааг онцолжээ.