- Business newsletter
- Posts
- 2023/10/24
2023/10/24
Гурван өгүүлбэрээр
Өнөө цагт хэт өндөр эрсдэлтэй хөрөнгө оруулалтын талбарууд юу байгааг энэ дугаарт онцоллоо.
Дэлхийн ЗГ-ууд нэгдсэн байдлаар тэрбумтнуудаас авах татварын доод хэмжээг тогтоохыг ЕХ-ны хүрээлэн санал болгов.
2050 он гэхэд нарны эрчим хүч дэлхийн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлийн хүчин чадлын дийлэнхийг бүрдүүлнэ.
Яг одоо гаргаж болохгүй АЛДААНУУД
Энэ онд “S&P 500” индекс 14 орчим хувийн өсөлттэй байгаа ч “баярлах болоогүй” нь зах зээлийн ерөнхий уур амьсгалаас харагдаж байна. Технологийн хэдхэн хувьцаа өсөлтийн дийлэнхийг бүрдүүлж, АНУ-ын эдийн засгийн уналтын шинж тэмдгүүд олширч, геополитикийн зөрчлүүд нь хөрөнгө оруулагчдын болгоомжлолыг нэмэх болов. Тиймээс хаана хэт өндөр эрсдэл байгааг ойлгох нь чухал болоод байна.
Тэгвэл одоо аль талбарт хөөсөрсөн үнэлгээ, эмзэг бизнесийн моделиуд ажиглагдаж буйг гадаад ба дотоодын хөрөнгө оруулалтын дөрвөн мэргэжилтэн тодорхойлсныг хүргэж байна.
Хиймэл оюун vs. Авто
Суурь нөхцөл: Хиймэл оюуны тэсрэлт, БНХАУ-ын удаашрал 2023 оны хөрөнгө оруулалтын өнгийг тодорхойлж байгаа нь 1990-ээд оны IT давамгайлсан мөчлөг эргэн ирлээ гэсэн хүлээлт үүсэхэд нөлөөлж байна. Энэ нь хөрөнгө оруулагчдад АНУ-ын технологийн хувьцаанууд, ам.долларт даацтайхан хөрөнгө оруулаад инфляцын бууралтын үеийг бондоор хедж хийх давах хэрэгтэй гэсэн дохиог өгнө.
Сэрэмжлэх шалтгаан: Нэгдүгээрт шинэ технологийг хялбар хөрөнгө оруулалт хийх боломжтой талбарт, ялангуяа нээлттэй зах зээлд гаргах нь тун ховор байдаг. Хиймэл оюуны хувьсгалын жинхэнэ гол хөзөр нь жижиг хөрөнгө оруулагчдын нүднээс хол, магадгүй жирийн хүмүүсийн сонсож ч байгаагүй хаалттай компаниудын гарт нуугдаж байгаа. Технологийн таван том хувьцааны (FAANG) үнэ аль хэдийн таазандаа тулсан тул хиймэл оюунт бүтээгдэхүүнээс нь юм хүлээвэл урам хугарч хоцрох магадлалтай. Харин 1990, 2000-аад оны IT хувьсгалаас төдийлөн ихийг хүртээгүй аж үйлдвэрлэл, бараа материал, эрчим хүчний салбарт хиймэл оюун жинхэнэ ач тусаа өгнө.
Өгөөжийн араас хөөцөлдөхдөө болгоомжтой бай
Суурь нөхцөл: Сүүлийн 15 жилд анх удаа АНУ-ын ЗГ-ын богино хугацаатай бондууд гэх мэт үнэт цааснаас эрсдэл багатай, чамлахааргүй өгөөж хүртэж болохоор болж байна. Нөгөө талаас алтернатив хөрөнгө оруулалтууд сэргэж, мөн банкны салбар зээл олголтоо багасгаж, Холбооны нөөцийн банк зах зээлд ихээхэн мөнгө нийлүүлсний нөлөөгөөр төрөл бүрийн санхүүгийн бүтээгдэхүүн, өрийн хэрэгсэл гаргах сонирхол нэмэгдлээ.
Сэрэмжлэх шалтгаан: Туршлагаасаа харвал хүмүүс өгөөжийн төлөө зүтгэхдээ хувьцаанд хөрөнгө оруулснаасаа илүү том, илүү олон алдаа гаргах хандлагатай байдаг. Тэдгээр алтернатив бүтээгдэхүүний дийлэнх нь 8-12 хувийн өгөөж санал болгож байгаа. Гэтэл ЗГ-ын бондоос энэ дүнгийн хагасыг нь төдийлөн эрсдэл хүлээхгүйгээр хүртэж болж байгаа нь бодох л асуудал.
Бүх өндгөө нэг сагсанд бүү хий
Сэрэмжлэх шалтгаан: Яг одоо хувьцаанд урт хугацаанд хөрөнгө оруулалт хийхээс татгалзах, зөвхөн төгрөгөөр хөрөнгө оруулалт хийхээ зогсоох буюу ам.долларын хөрөнгө оруулалтыг өөрийн багцдаа нэмэх нь чухал. Магадгүй зах зээлд хүүгийн түвшин өндөр байгаа энэ үед бондын хөрөнгө оруулалт хийх нь зөв юм. Учир нь эхний дайн дуусаагүй байхад дараагийн дайн эхэлснээс гадна урд хөршийн эдийн засгийн удаашрал, үл хөдлөх хөрөнгийн салбарын уналттай нь холбоотой дэлхий даяар тодорхой бус байдал үүсээд байна.
Том зургаараа: Тухайн үнэт цаас гаргагчийн санхүүгийн тайланг харахгүй хөрөнгө оруулалт хийдэг, мөн зах зээл болон тэдгээрт оролцогчдын ирээдүйн төсөөлөлд ямар нэг дүн шинжилгээ хийдэггүй нь хамгийн том алдаа гэж хардаг. Мөн хувьцааны ханш үргэлж дээш өсдөг гэсэн “bias”-аасаа салж чаддагүй, хувьцааны ханш буурах нь эргээд боломж болдог гэдгийг хардаггүй. Иймд бүх хөрөнгөө нэг хувьцаанд нэг дор бус, тодорхой хугацаанд давтамжтайгаар хөрөнгө оруулалт хийх нь үр дүнтэй гэж боддог.
Эцэст нь та хэн нэгнээс зөвлөгөө авч хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол зөвлөгөө өгч буй хүн танд зөвлөсөн хөрөнгө оруулалтаа өөрөө хийсэн эсэхийг лавлах нь үр дүнтэй. Та туршилтын туулай биш шүү дээ.
Мөчлөгийн зүйл мөчлөгийн л байдаг
Сэрэмжлэх шалтгаан: ОУВС аравдугаар сарын тайландаа 2024 оны дэлхийн ДНБ-ий өсөлтийн төсөөллөө өмнөхөөсөө 0.1 нэгж хувиар бууруулж, 2.9 хувийн өсөлттэй гарна гэж үзсэн. Мөн Төв банкнуудын авч хэрэгжүүлж буй зөөлөн газардуулах бодлого тийм ч зөөлөн биш байх эрсдэлтэйг анхааруулаад байна. Иймд хувьцаанд хөрөнгө оруулах гэж байгаа бол эдийн засгийн мөчлөг дагадаг салбаруудаас, тодруулбал худалдаа, харилцаа холбоо, санхүү, технологийн зарим салбаруудаас зайлсхийх хэрэгтэй. Эсрэгээрээ алтернатив буюу алт, мөнгө, газрын тос зэрэг таваарын хөрөнгө оруулалтуудыг сонгох нь зөв.
Суурь нөхцөл: Израил улс Хамас бүлэглэлийн эсрэг дайн зарлаж, их гүрнүүд дайнд татагдаж эхэлнээс шалтгаалан мөнгөний урсгал харьцангуй найдвартай хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүд болох алт, ЗГ-ын бонд болон газрын тос руу шилжиж эхэллээ. Алтны ханш дайн эхэлснээс хойш 8.61 хувиар өсөж 1,967 ам.доллар, газрын тосны ханш 6.89 хувиар өсөж 86.95 ам.доллар, харин S&P 500 индекс 2 хувиар унаж 4,224 нэгж болоод байна.
Огцом өсөлт
ХААН банк 2023 оны III улиралд аудитлагдаагүй тайлангаар 424.1 тэрбум төгрөгийн татварын дараах ашигтай ажилласан нь өмнөх оны мөн үеэс 20.5 хувиар өссөн дүн болов. Тайлант хугацаанд хүүгийн орлого нь 48.5 хувиар өссөн бол үнэт цаасны хүүгийн орлого нь 1.9 дахин нэмэгджээ. Одоогоор тус банкны хувьцааны ханшаар илэрхийлэгдэх зах зээлийн үнэлгээ нь хоёр их наяд төгрөгөөр хэмжигдэж байна.
Ноолуурын боломж
Монголын ноолуурын салбарт цаашид боловсруулалтын түвшинг нэмэгдүүлж, нэмүү өртөг шингээснээр одоо 1.4 их наяд төгрөгөөр хэмжигдэж буй нийт бараа эргэлтийг 2.8 их наяд төгрөгт хүргэх боломжтойг Монголын ноос ноолуурын холбоо онцлов. Монгол Улс жилд 10.5 мянган тонн ноолуур бэлтгэн нийлүүлдэг ч нийт ноолуурынхаа 70-80 хувийг зөвхөн угаагаад БНХАУ-д экспортолж байна. Харин ирэх оны долоодугаар сарын 1-нээс эхлэн ноолуураа угаахаас гадна бүрэн самнаж экспортлох шийдвэрийг УИХ, ЗГ-аас гаргаж техникийн зохицуулалтыг батлаад байгаа юм.
Үүнээс гадна Монгол Улс ОХУ-д арьс шир, ноолууран бүтээгдэхүүнээ шууд нийлүүлж эхлэх боломжтойг ОХУ-ын Шадар сайд Виктория Абрамченко хоёр улсын ЗГ хоорондын комиссын хуралдааны үеэр хэлжээ.
Дээшээ, доошоо
ЗГ-ын өрийн хэрэгслийн зарах хөдөлгөөн эрчимжсэнээр АНУ-ын 10 жилийн хугацаатай бондын өгөөж 2007 оноос хойш анх удаа 5 хувийг даваад эргэн огцом унав. Огцом хэлбэлзлийн нөлөөгөөр “S&P 500” индекс тавдугаар сараас хойших хамгийн доод түвшиндээ хаагдаж, газрын тос болон алтны үнэ унаж, ам.доллар суларчээ.
Үүний зэрэгцээ АНУ-д спот Биткойны биржээр арилжаалагддаг сантай холбоотой эерэг мэдээллүүд цацагдсаны дараа Биткойны ханш 2022 оны тавдугаар сараас хойш дээд цэгтээ хүрлээ. Зах зээлийн үнэлгээгээр тэргүүлэгч тус криптовалютын ханш Мягмар гарагт Азийн бүсийн арилжаагаар 10.3 хувиар өсөөд эргэн унаж, 33 мянган ам.долларт тогтворжсон байна.
Тэрбумтнууд ба татвар
Дэлхийн Засгийн газрууд нэгдсэн байдлаар тэрбумтнуудаас авах татварын доод хэмжээг тогтоож, үндэстэн дамнасан томоохон корпорацуудаас татвар авдагтай ижил системийг бий болгох замаар орлогоо нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн саналыг Европын Холбооны дэргэдэх “Tax Observatory” хүрээлэнгээс гаргажээ.
Хэрэв дэлхийн 2,750 тэрбумтанд 2 хувийн татвар ногдуулбал жилийн 250 тэрбум ам.долларын орлого олох боломжтойг тус хүрээлэн тооцоолсон байна. “Корпорацуудаас шаардсан зүйлээ бид одоо тэрбумтнуудаас шаардах ёстой. Хэт чинээлэг иргэдээс авах татварын доод хэмжээг дэлхий даяар тогтоох цаг болсон” хэмээн эдийн засагч Иозеф Штиглиц онцолсон байна.
BloombergTV.mn танд санал болгож байна
MLIV Pulse: Япон улс бодлогын хүүгээ өсгөх нь бондын зах зээлд ихээхэн дарамт үзүүлнэ
ОХУ байгалийн хий олборлогч компаниудад нэмэлт татвар ногдуулахаар хэлэлцэж байна
БНХАУ-ын капиталын гарах урсгалын хэмжээ нэмэгдсэн нь юаньд дарамт болж байна
Онцлох чарт
Нарны эрчим хүч одоогийн эрчээрээ тэлнэ гэж үзвэл энэ зууны дунд үе гэхэд дэлхийн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлд давамгайлахыг “Nature Communications” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд дурджээ. Харин 2020 онд нийт эрчим хүч үйлдвэрлэлийн 62 хувийг бүрдүүлж байсан шатах түлшний үйлдвэрлэл 2050 онд 21 хувь болж буурах төлөвтэй аж.