2023/10/23

Гурван өгүүлбэрээр

  1. ОХУ байгалийн хийн хоолойн төслөө БНХАУ-аар зөвшөөрүүлэх хүртлээ нэлээд удаан хүлээх нь…

  2. МИАТ компани АНУ-ын таван хот руу “Cathay Pacific” компанитай хамтарсан нислэг үйлдэхэд бэлэн болжээ.

  3. Алтны үнэ сүүлийн долоон сарын доод цэгээсээ 11 долоо хоногийн дээд цэгтээ хүрч өсөв.

Оросын амин судас

“Сибирийн Хүч-2” төслийг урагшлуулах зорилго өвөрлөн “Бүс ба зам” санаачилгын чуулга уулзалтад очсон Владимир Путин Бээжингээс гар хоосон буцаж ирснийг олон улсын болон ОХУ-ын хэвлэлүүд мэдээлж байна. Монголын нутгаар дамжих хийн хоолойн энэхүү төслийг эхлүүлэхээр Кремль яаравчилж, харин Бээжин хойрго хандаж буйн шалтгаан юу вэ?

Бодит байдал ээдрээтэй

Нэгэн цагт Европыг чиглэж байсан нүсэр хэмжээний экспортдоо шинэ зах зээл олохоор хичээж буй ОХУ-ын байгалийн хийн салбар цаашид тэсэж үлдэх эсэх нь БНХАУ-аас хамаарахаар байна. Харамсалтай нь Бээжинд тэдний энэ мессежийг хүлээн авсан шинж одоогоор алга.

БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилгын чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Gazprom”, “Rosneft”-ийн удирдлагуудаас бүрдсэн нэлээд хүчирхэг бүрэлдэхүүнтэй Бээжинг зорьсон юм. Айлчлалынхаа өмнө тэрбээр Хятадын телевизэд өгсөн ярилцлагадаа төсөл нааштай төлөвтэй байгаа хэлж, мөн хоёр талын хооронд идэвхтэй яриа хэлэлцээ үргэлжилж буйг түүний гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаков дурдаж байв. “Сибирийн Хүч-2” төслийг бодит ажил хэрэгт нэг алхам ойртуулахад санал солилцоо зэрэг процедурын шинжтэй үйл ажиллагаа ч нэн чухал байлаа.

Гэтэл В.Путины онгоц газардахаас ч өмнө энэ удаагийн уулзалтаас онцын үр дүн хүлээх шаардлагагүй нь тодорхой болж, ямар нэг бичиг баримтад гарын үсэг зурахгүйг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков удалгүй бататгасан юм.

Экспортын амин судас

Москвагийн хүсэж буй зүйл маш тодорхой. Украины дайн эхлэх хүртэл байгалийн хийн экспортын хамгийн том зах зээл нь байсан Европын орон зайг нөхөх зайлшгүй шаардлага тэдэнд бий. Европын Холбоог чиглэсэн нийлүүлэлт нь 2021 онд 141 тэрбум метр куб байсан бол 2023 онд ойролцоогоор 25 тэрбум метр куб болж унахаар байгаа аж.

Харин ОХУ-ын Ямалын хойгоос Монголоор дайран БНХАУ-д хүрэх “Сибирийн Хүч-2”-ийн жилийн дамжуулах хүчин чадал 50 тэрбум метр куб байхаар төлөвлөгдсөн тул нийлүүлэлтийн алдагдлыг нь нөхөхөд өдгөө яригдаж буй экспортын бусад ямар ч төслөөс илүү үр ашигтай байх юм.

Шинэ дамжуулах хоолой барихад нэлээн хэдэн жил, олон тэрбум ам.доллароор хэмжигдэх хөрөнгө шаардагдана. Ашиглалтад орлоо гэхэд Европ руу нийлүүлж байсан хэмжээний байгалийн хийг БНХАУ шууд авч эхлэх нь эргэлзээтэй.

Хятадын давуу тал

Хамгийн чухал нь цаг хугацаа Хятадын талд байна. Тус улсын эрчим хүчний аюулгүй байдлын алсын хараа аль болох олон сонголттой байхад төвлөрдөг. Төрийн өмчит олборлогч компаниуд нь дотоодын байгалийн хийн төслүүдээ эрчимтэй хөгжүүлж, энэ он гарсаар нийт олборлолт нь 2019 оны мөн үетэй харьцуулахад 30 хувиар өсөөд байгаа аж. Түүнчлэн импортлогч компаниуд нь АНУ, Катар зэрэг орнуудаас их хэмжээний шингэрүүлсэн байгалийн хий худалдаж авах гэрээ байгуулж байна.

Дайнаас үүдэлтэй тодорхойгүй байдал, мөн Европын зах зээлийнхээ дийлэнх хувийг алдсан нь ОХУ-ын хэлэлцээ хийх хүчин чадлыг сулруулж, Хятадад алдаж боломгүй давуу талыг олгож буйг ажиглагчид бичиж байна. Урт хугацааны үнэ, заавал хийх худалдан авалтын хэмжээ зэрэг гэрээний гол заалтууд дээр Хятадын шахалт нэмэгдэх магадлал өндөр аж.

Анхны “Сибирийн хүч” хийн хоолойн гэрээ байгуулагдаж, барилгын ажил эхлэхээс өмнө БНХАУ “Gazprom”-ийг арав гаруй жил хүлээлгэж байв. Харин энэ удаа хүлээлт бүр ч урт байх төлөвтэй.

Байр суурь

“Монголын голууд уур амьсгалаа дагаад эрс тэс шинжтэй байдаг. Сэлбэ гол гэхэд энгийн үедээ хүн гатлаад гарчих боломжтой ч үерлэхээрээ 100 дахин илүү хэмжээний ус орж ирдэг. Тэрхүү их усыг хэсэг газар нөөцөлж аваад үерийн дараа бага багаар гаргах арга хэмжээг төлөвлөдөг ч манайд зөвхөн үерийн далан л бий. Судалгаагаар Сэлбэ гол дагуу хэд хэдэн газарт үерийн ус хуримтлуулах усан сан байгуулах зайлшгүй шаардлагатай гэсэн зөвлөмж гарч байсан” хэмээн ШУТИС-ийн Барилга архитектурын сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Аюурзана “Bloomberg TV Mongolia”-д өгсөн ярилцагадаа онцолж байв.

Шинэ чиглэлүүд

“МИАТ” ТӨХК АНУ-ын нийт таван хот руу “Cathay Pacific” компанитай хамтарсан нислэг үйлдэхэд бэлэн болж, аравдугаар сарын 20-ноос тасалбараа борлуулж эхэллээ. Үүнд Улаанбаатар хотоос Хонгконгоор дамжин Чикаго, Бостон, Нью-Йорк, Сан-Франциско, Лос-Анжелес хотууд руу хийх нислэгүүд багтаж байна.

Тээврийн зардал 30%

Монгол Улсад импортоор орж ирж буй бараа бүтээгдэхүүний 30 орчим хувийг тээврийн зардал эзэлдэг нь олон улсын жишигтэй харьцуулахад өндөр дүнд тооцогдож байна. Тухайлбал энэхүү үзүүлэлт Японд 5 хувь, Африкийн орнуудад 10-17 хувь байгааг Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо мэдээлж байлаа.

Монгол Улсад төмөр замын ачаа тээврийн терминал байхгүйгээс Тяньжин, Эрээн, Замын-Үүдэд чингэлгүүд гацдаг. Иймд хуурай боомт болон терминалын асуудлыг нэн тэргүүнд шийдэх нь чухал болохыг тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Н.Энхнасан хэлж байлаа.

CEO нар ажлаа өгсөөр

Энэ он гарсаар есдүгээр сар хүртэлх хугацаанд АНУ-д 1,400 орчим Гүйцэтгэх захирал албан тушаалаа өгсөн гэх тооцооллыг удирдах түвшний коучингийн “Challenger, Gray & Christmas” компани гаргажээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 50 орчим хувиар өссөн үзүүлэлт болсноос гадна тус фирм 2002 онд энэхүү үзүүлэлтийг тооцож эхэлснээс хойших дээд түвшин болжээ.

Цар тахлын үед ажил эрхлэгчид эдийн засгийн тодорхойгүй байдал, стресс үүсгэгч шинэ хүчин зүйлстэй нүүр тулж, улмаар ажлаас халшрах хам шинж хурдацтай газар авсан нь олон судалгаагаар хөндөгдсөн. Тэгвэл тэрхүү туйлдсан мэдрэмж өдгөө удирдах албан тушаалтнуудад шилжиж байж магадгүй аж.

Pixel Энэтхэгт

"Google" компани "Pixel 8" ухаалаг утсаа Энэтхэг улсад үйлдвэрлэж эхлэхээр болсныг "Alphabet" зарлалаа. Үүний тулд компани дотоодын болон олон улсын ханган нийлүүлэгчидтэй хамтран ажиллаж, ирэх оноос Энэтхэгт үйлдвэрлэсэн анхны ухаалаг утсаа гаргаж эхлэхийг "Google"-ийн Техник хангамж хариуцсан ахлах Рик Остерло мэдэгдсэн байна. Энэхүү алхам нь олон улсын технологийн компаниудын үйлдвэрлэлийг дотооддоо татах Энэтхэгийн Засгийн газрын амжилтын цувралыг үргэлжлүүлж байна.

Зэсийн шинэ аварга

Долоодугаар сард IPO хийснээсээ хойш зургаан шинэ тэрбумтныг төрүүлээд байгаа Индонезын алт, зэс олборлогч "Amman Minerals" компанийн хувьцаа дэлхийн уул уурхайн салбарын хамгийн үнэ цэнтэй 50 хувьцааны нэг боллоо. Зэс, никель, литийн үнийн өсөлтийн нөлөөгөөр өнгөрсөн оны нэгдүгээр улирлын эцэст дэлхийн хамгийн том 50 уул уурхайн компанийн нийт борлуулалт 1.75 их наяд ам.долларт хүрч бүх цаг үеийн дээд амжилт тогтоож байв.

BloombergTV.mn танд санал болгож байна

  • АХБ: Бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн чадавхыг бэхжүүлэх интерактив үйл ажиллагаа шаардлагатай байна

  • ОУВС: БНЭУ 2028 он гэхэд дэлхийн эдийн засгийн өсөлтийн 18 хувийг бүрдүүлнэ

  • Европын Төв банк бодлогын хүүгээ өсгөх магадлал хэвээр байгааг томоохон фирмүүд анхааруулав

Онцлох чарт

Израил-Хамасын дайн Ойрх Дорнодод дахин тогтворгүй байдал авчрах болгоомжлолыг үүсгэж, улмаар аюулгүй хөрөнгө оруулалт болох алтны эрэлтийг нэмэгдүүлснээр үнэ нь сүүлийн долоон сарын доод цэгээсээ 11 долоо хоногийн дээд цэгтээ хүрч өсөв.