2023/10/20

Гурван өгүүлбэрээр

  1. Инфляцын эрсдэлийг хазаарлах альтернатив хөрөнгө оруулалтын боломжуудын талаар онцоллоо.

  2. Монгол, БНХАУ-ын талууд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурав.

  3. “Говь” ХК-ийн борлуулалтын орлого III улиралд 2023 оны өмнөх оны мөн үеэс 59 хувиар өсжээ.

Альтернатив зам

Хөрөнгө оруулагчид илүү эрсдэл гаргасныхаа төлөө ашиг хүртэхгүй байгаа энэ үед тогтмол өгөөж эрэлттэй болох хандлага байна. Тэгвэл уламжлалт бус буюу альтернатив хөрөнгө оруулалтын хэрэгслүүдээс аль нь энэ онд онцгойрч байна вэ?

Алт

Үнэт металлын ханшийг юу хөдөлгөдөг вэ гэх асуултад хариулт олох нь сүүлийн арваад жилийн хугацаанд тун хялбар байлаа. Валютын ханш унахад үнэт металлын ханш өснө, валют чангарахад үнэт металл унана. Ялангуяа “анти-доллар” гэж болохоор алтны үнэ бодлогын хүү бага, ам.доллар сул үед өсөх нь хууль мэт байв. Гэтэл өдгөө энэхүү хамаарал байхгүй болжээ.

Энэ онд дэлхий даяар бодлогын хүү 2008 оны санхүүгийн хямралаас хойш байгаагүй өндөр түвшинд очсон ч алт бараг ажирсангүй. Тухайлбал АНУ-ын ЗГ-ын инфляцаас хамгаалагдсан бондуудын (TIPS) бодит өгөөж өнгөрсөн сард 2009 оноос хойших дээд цэгтээ хүрсэн байхад тухайн өдөр алтны үнэ ердөө 0.5 хувиар унасан байна. Сүүлд бодлогын хүү ийм өндөр түвшинд хүрэхэд алтны үнэ одоогийнхоос бараг 50 хувиар доогуур байлаа.

Шинжээчдийн дүгнэж байгаагаар алтны үнэ өндөр түвшинд хадгалагдаж байгаа нь БНХАУ-ын Ардын банк тэргүүтэй Төв банкнуудын эрчимтэй худалдан авалт АНУ-ын эдийн засгийн удаашрал алтны үнэд эергээр нөлөөлнө гэсэн хөрөнгө оруулагчдын хүлээлттэй давхацсантай холбоотой аж.

Урлагийн бүтээл

Өнгөрсөн онд Энди Уорхолын зурсан Мэрилин Монрогийн алдарт хөрөг дуудлага худалдаагаар 195 сая ам.доллар хүрч, хамгийн өндөр үнээр зарагдсан 20 дугаар зууны уран бүтээл болж байв. Энэ мэтээр сүүлийн үед дуудлага худалдаанд орж буй алдартай уран бүтээлүүд бараг бүгд анхны тооцоолсон үнээсээ давж зарагдах болсон нь өнөөгийн зах зээлийн байдлыг харвал тийм ч гайхахааргүй үзэгдэл юм.

Нэгдүгээрт цар тахлын үед зарцуулалт буурснаас үүдэн чинээлэг иргэдийн хадгаламж өндөр хэвээр байгаа нь, хоёрдугаарт дэлхий даяарх инфляцын өсөлт хедж буюу эрсдэл бууруулах хөрөнгө оруулалтын сонирхлыг идэвхжүүлсэн нь үүнд нөлөөлжээ. Инфляцын цөөн хэдэн жинхэнэ хеджүүдийн эгнээнээс криптовалют хасагдаж, харин урлагийн бүтээл ямар ч нөхцөлд байр сууриа хадгалсан хэвээр байна.

Хуучны автомашин

Үнэт цуглуулгын зах зээлийн үнэлгээ 2023 онд 462 тэрбум ам.доллар болно гэж “Market Decipher” сүүлийн судалгаандаа онцолжээ. Гол төлөөлөгч нь болох хуучны автомашины зах зээл одоогоор “neutral” араандаа хийсэн байгаа ч аль хэдийн автомашин худалдаж авсан хөрөнгө оруулагчдын хувьд амархан хийж болох ашиг арын толинд нь харагдаж байгааг шинжээчид хэлж байна.

Тухайлбал 1987-1991 оны “BMW M3 E30”-ийн дундаж үнэ 2020 оноос хойш 50 гаруй хувиар өсөж энэ онд 83 мянган ам.долларт хүрчээ. Цар тахлын үед энэ зах зээлд орсон хүмүүс урьд байгаагүй өсөлтийн мөчлөгийг үзсэнээ ухаарахгүй байгааг “Hagerty’s”-ийн Дэд Ерөнхийлөгч Брайан Раболд онцолсон байна.

Үлэг гүрвэлийн олдвор

Байгалийн нэгэн гайхамшиг болсон үлэг гүрвэлийн яс өдгөө зөвхөн музейд зочлогсдыг гайхшируулахаа больжээ. Бэлтэй эрхмүүд тэдгээрийг үнэт чулуу, эртний гар бичмэл, урлагийн бүтээл мэт цуглуулдаг болсон байна. Тэр дундаа Холливудынхан, технологи болон санхүүгийн салбарын элитүүд үлэг гүрвэлийн ясыг дуудлага худалдаагаар үнэ хаялцан авах тренд хүчээ авч байна.

Тухайлбал 2020 онд "Stan" хочтой тираннозаврын бүтэн араг яс Нью-Йоркт "Christie’s"-ийн дуудлага худалдаагаар бараг 32 сая ам.доллароор зарагдаж байсан бөгөөд өдгөө Абу-Даби хотын байгалийн түүхийн шинэ музейн гол үзмэр болох гэж байгаа аж. Харин энэ долоо хоногт "Sotheby’s"-ийн дуудлага худалдаанд орох нисдэг птеранодоны араг яс 6 сая ам.доллар давсан үнээр зарагдах төлөвтэй байна.

Виски

"Euromonitor International" дэлхийн вискиний зах зээлийн 2022 онд 139.5 тэрбум ам.доллароор үнэлсэн байна. Харин 7.5 тэрбум ам.доллароор хэмжигдэж буй шотланд вискиний зах зээлд өнгөрсөн онд Ази-Номхон далайн бүс Европын Холбоог гүйцэж, хамгийн том худалдан авагч бүс болсныг "Scotch Whisky Association" мэдээлжээ.

“Вискиний хөрөнгө оруулалт Азийн зах зээл дээр аажим өссөөр, өргөжин тэлсээр байна. Виски удах тусмаа үнэ цэнтэй болдог нь бусад төрлийн эд хөрөнгөөс ялгарах өвөрмөц онцлог нь болдог. Тэр бүү хэл цар тахлын үед зарим эд хөрөнгийн үнэ цэн буурч байхад вискиний үнэ цэн өсөлттэй хэвээр байсан, огт буураагүй. Тэгэхээр цар тахал, байгалийн гамшиг гээд ямар ч зүйл тохиолдсон виски үргэлж эрэлттэй байх нь харагдаж байна. Гагцхүү дэлхийн хүн амын тоо буурахад л вискний эрэлт багасах байх” хэмээн “Cask Master Hongkong”-ийн Худалдан авалт хариуцсан захирал Жером Чалис “Bloomberg TV Mongolia”-д өгсөн ярилцлагадаа онцолж байлаа.

Зээлийн хэлэлцээр

Монгол Улс, БНХАУ-ын Төрийн тэргүүнүүдийн уулзалтын үеэр талууд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Ингэснээр 266 сая ам.долларын өртгөөр босох тус станцын санхүүжилтийг шийдвэрлэхэд томоохон ахиц гарч байна.

УЦС-ын нийт өртгийн 95 хувь буюу 253 сая ам.долларыг БНХАУ-аас зээлэхээр тохирсныг Засгийн газар өмнө нь мэдэгдэж байв. Тус зээл нь 20 жилийн хугацаатай, 2 хувийн хүүтэй, долоон жилийн дараагаас эргэн төлөх нөхцөлтэй байхаар тохиролцжээ.

“Говь”-ийн тайлан

“Говь” ХК-ийн борлуулалтын орлого III улиралд 2023 оны өмнөх оны мөн үеэс 59 хувиар өсөж, 166.4 тэрбум төгрөг болжээ. Орлогын 24 хувийг экспорт бүрдүүлсэн бол дотоодын зах зээлийн борлуулалт өнгөрсөн оны мөн үеэс 88 хувиар өссөнийг онцолжээ.

Банкнуудын зарцуулалт

IPO-гоор 83.5 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн “Худалдаа, хөгжлийн банк” ХК өнгөрсөн улирлын байдлаар нийт 8.3 тэрбум төгрөгийн зарцуулалт хийснээс байгууллагын сегментэд 520 сая төгрөг, жижиг, дунд бизнесийн сегментэд 2.7 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Харин 183.3 тэрбум төгрөг босгосон “ХААН Банк” III улирлын байдлаар 45.7 тэрбум төгрөг зарцуулснаа тайлагнасан байна.

Жолоочгүй такси Японд

“Honda Motor” компани автомат жолоодлоготой такси үйлчилгээгээ 2026 оны эхээр Токио хотод нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Энэ нь таксины жолоочийн хомсдолд ороод буй дэлхийн хамгийн их хүн амтай Токио хотод нэгэн шийдэл болно гэж үзэж байгаа аж.

Тус компани автомат жолоодлоготой таксиг “General Motors” болон түүний охин компани “Cruise”-тэй хамтран хөгжүүлж байгаа юм.

Хиймэл оюуны өгөөж

Хагас дамжуулагч үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Тайванийн “TSMC” компанийн цэвэр ашиг энэ оны III улиралд 6.5 тэрбум ам.доллар болж, шинжээчдийн таамгийг давлаа. Зах зээлд хиймэл оюуны чипийн эрэлт өндөр байгаа нь тус компанийн ашигт ажиллагаанд эергээр нөлөөлсөн байна. “TSMC” оны эхний есөн сард чипийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэчлэхэд 25.2 тэрбум ам.доллар зарцуулаад байгаа аж.

BloombergTV.mn танд санал болгож байна

Онцлох чарт

BYD компани III улирлын тайлангаа урьдчилсан байдлаар танилцуулсны дараа Хонгконгийн биржид хувьцааны ханш нь сүүлийн есөн сарын дээд хэмжээгээр өслөө.

Компанийн III улирлын цэвэр ашиг нь 11.5 тэрбум юань буюу 1.6 тэрбум ам.доллар хүрэхээр байгааг мэдэгдсэн. Харин өнгөрсөн оны мөн үед 5.7 тэрбум юанийн цэвэр ашигтай байсан байна.