2023/10/19

Гурван өгүүлбэрээр

  1. Ши Жиньпин: Хятад өөдөлж байвал дэлхий бүр ч илүү сайн сайхан болно

  2. Нидерланд “Дэлхийн шилдэг тэтгэврийн системтэй улс”-аар дахин тодорч байна. Харин Монголд…

  3. Тэйлор Свифт өөрийн хүчээр тэрбумтан болсон АНУ-ын хамгийн залуу эмэгтэй болоход ойртоод байна.

Тэтгэвэр - Дэлхийд ба Монголд

Жил бүр танилцуулдаг олон улсын индексийн үзүүлэлтээр Нидерланд “Дэлхийн шилдэг тэтгэврийн системтэй улс”-аар тодорлоо. Байнга шүүмжлэлд өртдөг Монголын тэтгэврийн тогтолцооноос тус улсынх юугаараа ялгарч байна вэ?

Онцгой бус, гэхдээ үр өгөөжтэй

Энэ оны дэлхийн тэтгэврийн индексэд Нидерланд тэргүүлэх байр сууриа эргүүлэн авч, шилдэг тэтгэврийн тогтолцоотой улс боллоо. Харин өнгөрсөн онд тэргүүлж байсан Исланд хоёрдугаарт, Дани гуравдугаарт бичигдсэн бол үлдсэн орнуудаас A үнэлгээтэй ганц улс нь Израил болжээ.

Нидерландад тэтгэврийн 50 хувь орчмыг суурь тэтгэвэр, 1/3-ийг нь мэргэжлийн нэмэлт, мөн сайн дурын шимтгэл бүрдүүлдэг аж. Суурь тэтгэврийн хэмжээ нь цалин эсвэл ажиллах үедээ улсад төлсөн татварын хэмжээнээс хамаардаггүй бөгөөд Нидерландад 50-иас доошгүй жил амьдарсан 65-аас дээш насны бүх хүн тэтгэвэр авах эрхтэй байдаг байна.

Эх үүсвэрийн хувьд Улсын тэтгэврийн сан, ажил олгогчийн тэтгэврийн сан, мөн хувийн хадгаламж гэсэн гурван тулгуур баганаас бүрддэг байна.

Гэхдээ тус улс өдгөө тэтгэврийн тогтолцооныхоо нийтийг хамруулсан бүтцийг илүү хувь хүнд чиглэсэн аргачлалтай болгох реформ хийж байгаа юм. Хэдий тийм боловч төсвийн сайн суурь, оновчтой зохицуулалтын ачаар өөрчлөлтийн дараа ч үр өгөөж нь буурахгүй гэж тус тайланд дүгнэжээ.

Дэлхий даяарх сорилт

“Mercer” хүрээлэн жил бүр тус индексийг гаргахдаа улс орнуудын тэтгэврийн тогтолцоог тогтвортой байдал, хангалт хүртээмж, зөв шударга байдалд нь суурилан үнэлдэг. Харин энэ оны хувьд хүн амын насжилт, ЗГ-ын өр, өндөр инфляцын нөлөөгөөр дийлэнх орнуудын тэтгэврийн тогтолцоонд урьд байгаагүй том хүндрэл учраад байгааг онцолжээ.

“Гол дүгнэлт гэвэл дэлхий даяар хүмүүс тэтгэвэрт гарсныхаа дараа өөрсдөдөө анхаарал тавих шаардлагатай болж байна. Зөвхөн нийгмийн хамгаалал, төрийн тэтгэврийн санд найдах аргагүй болсон” гэж “Mercer”-ийн Ахлах шинжээч Дэвид Нокс өгүүлсэн байна.

Монгол дахь асуудал

Ажилласан хугацаа, цалинд тулгуурлан тэтгэврийн хэмжээг тооцдог аргачлал нь тэгш бус, нарийн төвөгтэй, зардал өндөр шалтгаанаар өдгөө төдийлөн түгээмэл ашиглагдахаа больсон ч Монголд тэтгэврийн тогтолцооны гол тулгуур болж байна. Хувийн хэвшлийн ажил олгогчид эх үүсвэрийг нь бүрдүүлдэг хувийн тэтгэврийн тогтолцоо, олон эх үүсвэрээс бүрдүүлдэг хуримтлалын тогтолцоог нэвтрүүлэх тэтгэврийн реформ хийх шаардлагатайг эдийн засагчид хэлсээр өдийг хүрсэн билээ.

Ажил олгогч, даатгуулагчаас олгож буй шимтгэлийн хуваарилалтыг харвал өнгөрсөн онд тэтгэврийн даатгалын санд 82.2 хувийг нь буюу 2.1 их наяд төгрөг хуваарилжээ. Нийгмийн даатгалын сангийн зардалд тэтгэвэр хамгийн их жин дарж, улмаар орлого, зардлын зөрүүг улсын төсвийн дэмжлэгээр санхүүжүүлэх байдал цаашид улам нэмэгдэх төлөвтэй.

“Нийгмийн халамжийн шинэтэй арга хэмжээнүүдийг нийгмийн даатгалын асуудалтай маш их хольж хутгасан. Тухайлбал ажил мэргэжлийн нөхцөл, төрүүлсэн хүүхдийн тооноос хамаарч тэтгэвэрт эрт гаргах гэх мэт Төрөөс нийгмийн халамжийн бодлогоор зохицуулах асуудлуудыг нийгмийн даатгалаар шийдэж байна” хэмээн СЭЗИС-ийн Ахлах багш Ч.Өнөржаргал хэлж байлаа.

Байр суурь

“Дэлхий нийт сайн сайхан байгаа цагт л Хятад улс хөгжинө. Хятад өөдөлж байвал дэлхий бүр ч илүү сайн сайхан болно. Бусдын хөгжил цэцэглэлтийг аюул заналхийлэл гэж харах, эсвэл эдийн засгийн харилцан хамааралтай байдлыг эрсдэл гэж үзэх нь өөрийнх нь аж байдлыг илүү сайхан болгохгүй, хөгжлийг нь бас хурдасгахгүй. Үзэл санааны зөрчил, геополитикийн өрсөлдөөн, бүлгүүдэд хуваагдсан улс төр нь бидний сонголт биш.

Хятад улс “Торгоны замын цахим худалдаа” хамтын ажиллагааны туршилтын бүсийг бий болгох болно. Олон оронтой чөлөөт худалдааны гэрээ хэлэлцээрүүд, хөрөнгө оруулалтын хамгааллын гэрээнүүд байгуулна. Бид үйлдвэрлэлийн салбартаа гадаадын хөрөнгө оруулалтын бүх хязгаарлалтуудыг арилгана” хэмээн БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин "Бүс ба зам" санаачилгынхаа гурав дахь удаагийн чуулга уулзалтыг нээж үг хэлэхдээ дэлхийн удирдагчдад хандан онцоллоо.

Хийн хоолойн талаар

Монголын газар нутгаар дайран өнгөрөх “Сибирийн хүч-2” хийн хоолойн төсөлд тун удахгүй ахиц гарна гэж хүлээж байгаагаа БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин "Бүс ба зам"-ын чуулга уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахдаа хэлжээ.

Баруун Сибирийн бүсээс Монголоор дайран БНХАУ-д хүрэх "сибирийн хүч 2" хоолойн загварыг боловсруулах ажил одоо үргэлжилж буй. Хоолойн хүчин чадал жилд жилд 50 тэрбум куб метр байх бөгөөд Монголын газар нутаг дахь урт нь 926.9 км байх юм.

5 хувийн буцаан олголт

НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэх УИХ-ын даргын санаачилсан саналыг 50 гаруй мянган иргэн дэмжжээ. “D-өргөдөл” цахим системд орсон тус санаачилга нь 100 мянган иргэний дэмжлэгийг авсан тохиолдолд УИХ-аар шийдвэрлүүлэх боломжтой болох юм.

Монгол Улсын хувьд НӨАТ нь ирэх онд төсвийн орлогын 27 орчим хувийг бүрдүүлэхээр байгааг Сангийн сайд Б.Жавхлан мэдээлсэн. Мөн тэрбээр НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгох боломжгүй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Вьетнам руу ниснэ

Монгол Улс болон Вьетнам улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын төлөөлөгчид хоёр улс хооронд нислэгийн давтамж, багтаамжийн хязгаарлалтгүй нислэг үйлдэхээр тохиролцсоныг ЗТХЯ мэдээлэв. Ингэснээр монгол иргэдийн хамгийн ихээр зорчдог На Тран, Дананг, Хошимин, Ханой зэрэг дурын хот руу шууд нислэгтэй болох боломж бүрдэж байгаа аж.

Лити тогтворжино

Сүүлийн гурван жилийн хугацаанд цойлсон литийн үнийн өсөлт ойрын хугацаанд тогтворжих төлөвтэй байгааг “Rio Tinto” компани мэдээллээ. Хэдий тийм боловч энэхүү түүхий эдийн нийлүүлэлт агших төлөвтэй байгаатай холбоотойгоор зах зээлийн үндэс тогтвортой, бат бөх байна гэсэн таамаглал дэвшүүлсэн байна.

“Rio Tinto”-ийн хувьд литийн зах зээлд илүү өндөр ач холбогдол өгч Баруун Австралид хатуу чулуулгийн хайгуулаа тэлж байгаа юм. Үүний зэрэгцээ Канад улсад мөн адил энэ чиглэлд төслөө ахиулж байгаа ажээ.

“Tous les jours” өргөжсөөр

БНСУ-ын "CJ" группийн охин компани "CJ Foodville" корпорацын “Tous Les Jours” брэндийн АНУ, БНХАУ, Индонез болон Монгол дахь нийт салбар дэлгүүрүүдийн тоо 400 давлаа. 2023 оны эцэс гэхэд АНУ дахь дэлгүүрийнхээ тоог 120 болгох, цаашлаад 2030 гэхэд 1000 салбар дэлгүүр нээхээр төлөвлөөд байгаагаа мэдээлсэн байна. Тус компани 2016 онд Монголд анх салбараа нээснээс хойш жилийн борлуулалтын орлогын өсөлт нь 35 хувиас даваад байгаа аж.

OpenAI үнэлгээгээ нэмнэ

Хиймэл оюуны технологи хөгжүүлэгч стартап “OpenAi” компани үнэлгээгээ 85 тэрбум ам.доллароор тооцуулж, ажилтнуудынхаа хувьцааг зарахаар хэлэлцээ хийж байгааг ойрын эх сурвалж мэдэгдлээ. “ChatGPT”-ийг хөгжүүлэгч тус компани боломжит хөрөнгө оруулагчидтай хэлцэл хийж байгаа ч нөхцөлийг эцэслээгүй учраас шилжүүлэх хувьцааны хэмжээ, хугацаа өөрчлөгдөх боломжтой гэдгийг ойрын эх сурвалж тодотгосон байна.

Дийлдэшгүй Тэйлор

Өдгөө 33 настай Тэйлор Свифт өөрийн хүчээр тэрбумтан болсон АНУ-ын хамгийн залуу эмэгтэй болоход ойртоод байна. Түүнчлэн тэрбээр миллениал үеийн төлөөлөл дундаас криптовалют, "meme" хувьцаанаас хөрөнгөө босгоогүй цөөн хэдэн магнатуудын нэг гэдгээрээ онцгойрч байна.

Түүний "Eras Tour" аялан тоглолтын баримтат кино өнгөрсөн баасан гарагт нээлтээ хийхээсээ өмнө урьдчилсан захиалгаар 100 сая ам.доллар олсон бөгөөд ирэх долоо хоногуудад орлого нь хоёр дахин өсөх төлөвтэй байгаа аж. Харин аялан тоглолт нь аль хэдийн бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой цуврал тоглолт болоод зогсохгүй зөвхөн тасалбарын борлуулалтын орлого нь дөрвөн тэрбум ам.доллар хүрэх гэж байна.

Ихэвчлэн бага, дунд орлоготой залуу америкчуудын бүрдүүлж өгсөн Тэйлор Свифтийн их хөрөнгө томоохон үүрэг хариуцлагыг дагуулан ирж буй. 40-өөс доош насны тэрбумтнуудын клубт Тэйлор Свифт цор ганц "артист-энтрепренер" биш ч “Z” үеийн болон миллениал шүтэн бишрэгчдийнхээ хүсэл сонирхолд нийцсэн үйл хэрэгт манлайлан оролцоход хамгийн тохиромжтой цаг түүнд ирээд байна.

BloombergTV.mn танд санал болгож байна

  • Мөнгөний нийлүүлэлт ₮33.2 их наяд болж, 20.9 хувиар өсөв

  • Nvidia: АНУ экспортын журмаа чангатгасан нь бүтээгдэхүүний хөгжүүлэлтэд саад болж болзошгүй

Онцлох чарт

БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн III улиралд өмнөх оны мөн үеэс 4.9 хувиар буюу шинжээчдийн таамгийг давж өссөн байна. Харин өмнөх улирлаас 1.3 хувиас өссөн үзүүлэлттэй гарлаа.

Үүнд жижиглэн худалдааны борлуулалт эрчимтэй өсөж, тавдугаар сараас хойших шинэ дээд түвшинд хүрсэн нь голлон нөлөөлсөн байна. Мөн ажилгүйдлийн түвшин сүүлийн хоёр жилийн хамгийн доод түвшинд хүрээд байгаа аж.