- Business newsletter
- Posts
- 2023/10/18
2023/10/18
Гурван өгүүлбэрээр
Монгол Улс Эгийн голын УЦС байгуулах асуудлыг нарийвчлан судлахаар ОХУ-тай тохиролцсон гэж ЕТГ мэдээлэв.
Сарын эхний хагаст МХБ-ээр хийгдсэн нийт арилжааны 80 гаруй хувийг уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа бүрдүүлжээ.
Мягмар гарагт Газын зурвас дахь эмнэлэг бөмбөгдөлтөд өртөж олон зуун Палестинчууд амиа алдлаа.
Яриа хэлэлцээ
БНХАУ-д эхлээд буй “Бүс ба зам” санаачилгын чуулга уулзалтын үеэр Монгол Улс, ОХУ-ын Төрийн тэргүүнүүд уулзаж, талууд Эгийн голын УЦС байгуулах асуудлыг нарийвчлан судлахаар тохирсныг ЕТГ мэдээллээ. Монголын газар нутгаар дайран өнгөрөх “Сибирийн хүч-2” хийн хоолой төслийн бүтээн байгуулалт эрчтэй үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байгаагаа В.Путин уулзалтын үеэр дурдсан бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх онд түүнийг Монгол Улсад айлчлахыг урьжээ.
Мөн чуулга уулзалтын үеэр Монгол Улс БНХАУ-тай зээлийн хэлэлцээр байгуулж, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын санхүүжилтийг нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр шийдвэрлэхэд бэлэн болсныг ЗГ мэдээлээд байгаа юм.
Шинжээчийн байр суурь
“БНХАУ-ын эдийн засаг 2008 оных шиг сэргэвэл үйлдвэрлэлийн гарц маш сайн байж, гангийн үйлдвэрлэл ч гэсэн нэмэгдэнэ. Энэ нь Хятадын эрчим хүчний нүүрс болон коксжих нүүрсний эрэлтийг өсгөх болно. Хоёрдугаарт Хятад улс барууны орнуудтай харилцаа хурцадвал экспорт, нүүрсний эрэлтэд нь сөргөөр нөлөөлнө. Ингэснээр БНХАУ Монголоос эрчим хүчний нүүрс худалдан авах тал дээр илүүтэй төвлөрнө.
Мөн БНХАУ-д Австрали болон Монголын коксжих нүүрснээс өөр гурав дахь хувилбар гэж байхгүй. Ирэх 2-3 жилд Монголын коксжих нүүрс олборлогч компаниудад маш том боломж бий гэж харж байна” хэмээн “Bloomberg Intelligence”-ийн шинжээч Келвин Нг “Bloomberg TV Mongolia”-д байр сууриа хуваалцав.
Их сургуулиудын чансаа
Монголд үйл ажиллагаа явуулж буй 61 их, дээд сургуулийн эрэмбэ танилцуулагдлаа. Бизнесийн орчны хязгаарлагдмал байдалд ажиллах хүчний боловсролын хангалтгүй байдал нөлөөлж буйг тус эрэмбийн түлхүүр үзүүлэлтүүд батлав.
Анхны эрэмбэ
БШУЯ-наас гаргасан Их, дээд сургуулиудын үндэсний эрэмбэ, чансааг Монгол Улсын Их Сургууль тэргүүлж, АШУҮИС болон ШУТИС удааллаа. Харин Монголын үндэсний их сургууль, Хятад-Монголын хамтарсан олон улсын дээд сургууль, Чингис хаан дээд сургууль тус эрэмбэд сүүл мушгисан байна.
61 их, дээд сургуулийг багтаасан уг жагсаалтыг олон улсын эрэмбэ тогтоодог “Times Higher Education” байгууллагаас аргачлалын зөвлөгөө авч, хамтарч ажиллан гаргасан бөгөөд цаашид хоёр жил тутам танилцуулах аж.
Их сургуулиудыг эрэмбэлэхдээ сургалтын чанар, эрдэм шинжилгээний ажил, гадаад харилцаа, сургалтын орчин үйлчилгээ, төгсөгчдийн хэдэн хувь нь ажлын байртай болсон, ажлын байр дээр ур чадвартай байгаа эсэх зэрэг шалгуурууд дээр үндэслэжээ.
Гол нь судалгаа
Эрэмбээс харвал ерөнхий чансаагаар 50 хувиас дээш үнэлэгдсэн ердөө 9 их сургууль, харин сургалтын чанараар 60 хувиас дээш 15 их сургууль байна. Өнгөрсөн хугацаанд 27 их, дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоож, сургалтын 1,286 хөтөлбөрийг цуцлаад байгааг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан тус эрэмбийг танилцуулахдаа онцолж байлаа.
Энэхүү эрэмбэд үндэслэн 60 хувиас дээш сургалтын чанартай их сургуулиудын оюутнуудад сургалтын зээлийн тэтгэлэг түлхүү олгох, мөн эрдэм шинжилгээний үнэлгээгээр эхний гуравт орсон их сургуулиудын 20 докторантын судалгааны сургалтыг төрөөс 100 хувь санхүүжүүлүүхээр болсон байна. Их сургуулиуд судалгаа хийдэг, тэрхүү судалгаа нь үйлдвэрлэлд нэвтэрдэг тогтолцоог хөгжүүлэх хэрэгцээ шаардлага байгааг тэрбээр тодотгосон юм.
Хэтийдсэн нийлүүлэлт VS чанар
Ажил олгогч нарын хүсэж байгаа ур чадварыг дээд боловсролын байгууллага хангаж чадахгүй байгаа нь хөдөлмөрийн захын үзүүлэлтээс илт харагддаг. Бизнес эрхлэгчдийн 58 хувь нь мэргэжлийн ажиллах хүчний дутагдалд орсон нь цар тахлын өмнөх үеэс хоёр дахин өссөн үзүүлэлт болохоос гадна ААН-үүдийн 85 хувь нь шаардлагатай ажиллагчдаа өөрсдөө сурган авч байгааг МҮХАҮТ өнгөрсөн оны судалгаандаа онцолж байлаа.
Мөн сүүлийн жилүүдэд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 20-25 хувь нь бакалаврын боловсролтой байх хандлагатайг ХНХЯ-ын тайлан харуулсан. Тодруулбал их, дээд сургууль төгсөж буй 30 хүний дунд нэг ажлын байр ногдох бол мэргэжлийн боловсрол эзэмшигч зургаан хүн тутмын дунд нэг ажлын байр ногдож байгаа аж.
Ойрын 5-8 жилд 38 мянган инженер техникийн ажилтан бэлтгэх шаардлагатай гэсэн БШУЯ-ны тооцоо бий ч монгол залуучуудын ихэнх нь академик боловсрол эзэмшихийг илүүд үзэх хандлагатай болж, мэргэжилд суурилсан боловсон хүчний дутагдал улам даамжрах эрсдэл өндөр байна.
Үнийн дүн огцом өсөв
Аравдугаар сарын эхний хагаст МХБ-ээр хийгдсэн нийт арилжааны үнийн дүнгийн 80 гаруй хувийг нүүрсний болон төмрийн баяжмалын арилжаа бүрдүүлжээ. Энэ хугацаанд арилжааны үнийн дүн өмнөх сарын эхний хагастай харьцуулахад дөрөв дахин өсөж 896 тэрбум төгрөгт хүрсэн байна. Харин он гарсаар 7 хувиар унаад буй ТОП-20 индекс энэ сард төдийлөн өөрчлөлтгүй, 35 мянган нэгжийн түвшинд хадгалагдаж байна.
Хохирол нэмэгдсээр
Мягмар гарагт Газын зурвас дахь эмнэлэг бөмбөгдөлтөд өртөж олон зуун Палестинчууд амиа алдлаа. Хамасын хяналтад байдаг бүс нутгийн удирдлагууд энэ нь Израилын агаарын цохилт байсныг хэлж байгаа бол Израилын армийн мэдэгдсэнээр Хамасын харвасан пуужин чиглэлээ алдаж тус эмнэлэг дээр туссан гэжээ. Дэлбэрэлтээс болж багадаа 500 хүн амь үрэгдсэнийг Газын зурвасын Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.
Үүнээс гадна АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Израилыг тууштай дэмжиж буйн илэрхийлэл болгон лхагва гарагт тус улсад айлчилж, мөн дайн бүс нутагт даамжрахаас сэргийлэхэд хүчин чармайлт гаргахаар болжээ.
Тааруу борлуулалт
“Apple”-ийн шинэ “iPhone 15” гар утасны БНХАУ дахь борлуулалт өмнөх загваруудаасаа хол хоцорч байгааг хэд хэдэн судалгаа харуулжээ. Ухаалаг утасны дэлхийн хамгийн том зах зээлд хэрэглэгчийн зарцуулалт сул түвшинд хадгалагдаж, мөн “Huawei” тэргүүтэй өрсөлдөгчид сэргэж буй нь үүнд нөлөөлсөн гэж үзэж байна. Худалдаанд гарсан эхний 17 өдрийн үзүүлэлтийг нь авч үзвэл “iPhone 15”-ийн борлуулалт “iPhone 14”-тэй харьцуулахад 4.5 хувиар бага байгааг “Counterpoint Research” мэдээлсэн байна.
Ferrari юу, эсвэл үлэг гүрвэл үү?
Байгалийн нэгэн гайхамшиг болсон үлэг гүрвэлийн яс өдгөө зөвхөн музейд зочлогсдыг гайхшируулахаа больжээ. Бэлтэй эрхмүүд тэдгээрийг үнэт чулуу, эртний гар бичмэл, урлагийн бүтээл мэт цуглуулдаг болсон байна. Тэр дундаа Холливудынхан, технологи болон санхүүгийн салбарын элитүүд үлэг гүрвэлийн ясыг дуудлага худалдаагаар үнэ хаялцан авах тренд хүчээ авч байна.
Ашгийн сэдэл бий болсноор шинээр илрэх олдворуудын тоо нэмэгдэх нь зүй боловч цуглуулагчид үнэ цохин музейнүүдээс өрсөж, чухал олдворууд тансаг харш дотор түгжигдэж, үлэг гүрвэлийн яс нь дараагийн байх ёстой хөрөнгө оруулалт мэтээр яригдаж байгаа нь олон хүний сэтгэлийг өвтгөж байна. Ялангуяа ховор, сонирхолтой төрөл зүйлүүдийн олдоц муудна хэмээн эрдэмтэд хамгийн ихээр санаа зовж байгаа аж.
“Medeenomics" подкастын шинэ дугаарт чухал ашигт малтмал, газрын ховор элементийн талаар "MCS Investment" компанийн Хөрөнгө оруулалтын захирал Л.Энхтөртэй ярилцлаа. ЭНД дарж сонсоорой. Мөн “Apple Podcast”, “Spotify”-аар сонсох боломжтой.
BloombergTV.mn танд санал болгож байна
Тэтгэврийн системээрээ Нидерланд улс дэлхийд тэргүүлсээр байна
“Rio Tinto”-ийн зэсийн гарц шинжээчдийн таамгийг давж, хувьцааны ханш нь 3 хувиар өсөв
Онцлох чарт
“Blackrock” компани спот зах зээлийн биржээр арилжаалагддаг сан байгуулах зөвшөөрлөө АНУ-ын Үнэт цаас, биржийн хорооноос хүлээн авсан гэх хуурамч мэдээлэл тархсан нь мягмар гарагт Биткойны ханш 10 хувиар огцом өсөж, 30 мянган ам.доллар давахад нөлөөлжээ. Харин “Blackrock”-ийн зүгээс зөвшөөрлөө хараахан аваагүйгээ мэдэгдсэний дараа Биткойны өсөлт саарч 4.4 хувь болсон байна.