2023/10/17

Гурван өгүүлбэрээр

  1. Уналтад ороод буй “Бүс ба зам” санаачилга болон Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийх айлчлалаас хүлээгдэж буй үр дүнг онцоллоо.

  2. MMC-ийн угаасан коксжих нүүрсний борлуулалт III улиралд өмнөх оноос 17 хувиар өсжээ.

  3. “Хүннү Эйр” компани энэ 11 дүгээр сараас эхлэн БНХАУ-ын Хайнан чиглэлд тогтмол нислэг үйлдэхээр боллоо.

Зууны төсөл ба УЦС

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин “Бүс ба зам” санаачилгынхаа гурав дахь удаагийн уулзалтыг энэ долоо хоногт хийж буй ч түүний энэхүү амбицтай төслийн цаашдын ирээдүй тодорхой бус болсныг ажиглагчид бичиж байна. Тэгвэл Францад хийсэн айлчлалаасаа дөнгөж эргэн ирээд буй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус чуулганаар БНХАУ болон ОХУ-ын төрийн тэргүүнүүдтэй хоёр талт уулзалт хийж, хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурах аж.

Газарт буув

Ши Жиньпин дэлхийн удирдагчдыг анх цуглуулж, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын сүлжээгээр Хятадын зөөлөн хүчний бодлогыг тэлэх алсын хараагаа гаргахдаа “Бүс ба зам” санаачилгыг “Зууны төсөл” хэмээн тодорхойлж байв. Тэгвэл Фудань их сургуулийн Ногоон санхүүжилт, хөгжлийн төвийн тооцоолсноор төсөл эхний 10 жилдээ 1 их наяд ам.доллар босгосон ч сүүлийн жилүүдэд эрч нь эрс саараад байгаа аж.

Дэлхийд хоёрдугаарт орох эдийн засаг нь удаашрахтай зэрэгцэн БНХАУ-ын тус санаачилгад нэгдсэн орнууд дахь үйл ажиллагаа 2018 оны оргил үеэсээ 40 хувиар буурчээ. Энэ хугацаанд улс орнуудыг дефолтод хөтөлдөг хариуцлагагүй зээлдүүлэгч гэж Бээжинг буруутгах байгууллагууд ч нэмэгдэв. Үүгээр зогсохгүй АНУ-тай харилцаа муудсан нь гишүүн орнуудын дунд хуваагдал үүсгэж, улмаар “Их 7”-ийн ганц төлөөлөл байсан Итали улс ирэх онд “Бүс ба зам”-аас гарахаа мэдэгдсэн юм.

Дараалсан цохилтууд

Цар тахал болон Хятадын эдийн засгийн асуудлуудаас давхар цохилт амссан “Бүс ба зам” санаачилга өдгөө унасан гэж үзэж байгаагаа БНХАУ-ын нэгэн албан тушаалтан “Bloomberg”-д ярьсан байна. Мөн АНУ-ын зүгээс тус санаачилгыг гүнзгий хямралд орсон гэж дүгнэж буй бөгөөд Бээжинд зээлдүүлэх капиталын хэмжээ багасаж, мөн зээлдүүлсэн их хэмжээний мөнгөө нөхөхөд хүндрэл учирч байгаатай энэ нь холбоотой гэжээ.

Ковидын дэгдэлт, түүнээс улбаалсан дэлхий нийтийн эдийн засгийн удаашрал нь зээлдэгчдийн эргэн төлөлт хийх чадавхийг бууруулснаар санаачилга гацаанд ороход хүргэсэн байна. Анх Замби улс дефолт зарлаж, дараагаар нь Этиоп, Шри-Ланка, Пакистан зэрэг улсууд өрийн хямралд орж байсан цар тахлын эхний жилд “Бүс ба зам” санаачилгын хүрээн дэх хөрөнгө оруулалтын нийт үнэлгээ жилийн 63.7 тэрбум ам.доллар болж, оргил цэгээсээ 120 гаруй тэрбумаар огцом буурчээ.

Харин өдгөө геополитикийн зөрчлүүд, мөн мөд арилах шинжгүй дотоодын эдийн засгийн асуудлууд давхцаж, санаачилгыг хойш нь чангаасан хэвээр байна.

УЦС ба хийн хоолой

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Бүс ба зам” санаачилгын чуулганд оролцохдоо Эрдэнэбүрэнгийн УЦС-ын зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурахаар болсныг ЗГ-аас мэдээлж байна. 266 сая ам.долларын өртгөөр босох тус станцын санхүүжилтийг нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр шийдвэрлэхэд бэлэн болоод байгаа.

Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины энэ удаа БНХАУ-ыг зорих гол зорилго нь Монголоор дамжих “Сибирийн хүч-2” байгалийн хийн хоолойн төслөө урагшлуулах явдал байхаар байна. Өмнө нь хэд хэдэн удаагийн өндөр, дээд түвшний уулзалтуудаар Оросын тал төслийг ахиулахыг оролдсон ч Хятадын тал дорвитой хариу өгөлгүй өдийг хүрсэн билээ.

ТАСС агентлагийн мэдээлснээр В.Путин чуулганы үеэр хийн хоолойн төсөл болон бусад сэдвээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзалт хийж, санал солилцох аж. Харин Монгол, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүнүүдийн уулзалт болохгүй тул гурван улсын хоорондох төслүүдэд томоохон ахиц гарах магадлал бага гэж шинжээчид үзэж байна.

Байр суурь

“Монголын ЗГ цахилгаан шугам сүлжээг бүхэлд нь хяналтдаа байлгахыг хүсээд байдаг. Тэгэхээр энэ чиглэлд бие даасан болон ижил төрлийн төслүүдийг хэрэгжүүлэхэд тийм ч амар биш. Сэргээгдэх эрчим хүчний зарим төслүүд энэ шалтгаанаар гацаж байсан. Учир нь ЗГ-ын худалдан авалтын гэрээнд тусгасан цахилгааны төлбөр нь санхүүжүүлэх түвшнийх байдаггүй. Энэ нь эргээд төслүүдийг гаднын хөрөнгө оруулагчдад сонирхол татахааргүй болгодог. Хөрөнгө оруулалтыг бууруулах сорилтуудын нэг бол энэ” хэмээн Худалдаа, хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Рандольф Коппа “Bloomberg TV Mongolia”-д ярилцлага өгөхдөө онцоллоо.

MMC-ийн экспорт

Монголын коксжих нүүрсний гол олборлогчдын нэг "Mongolian Mining Corporation" компани III улиралд 1.7 сая тонн угаасан коксжих нүүрс борлуулсан нь өмнөх оны мөн үеэс 17 хувиар, өмнөх улирлаас 11 хувь өссөн үзүүлэлт болсныг үйл ажиллагааны шинэ тайландаа дурджээ. Мөн тус бүтээгдэхүүний борлуулалтын хэмжээ оны эхнээс есдүгээр сарын эцэс хүртэлх хугацаанд 4.9 сая тонн хүрээд байгаа аж.

Онцлох тайлангууд

III улиралд “ЛэндМН ББСБ” ХК-ийн цэвэр ашиг нь 300 хувиар өсөж, 4.7 тэрбум төгрөг хүрсэн байна. Санхүүгийн жилийн IV улирал болон ирэх оны эхний улиралд макро эдийн засгийн үзүүлэлт сайн байх төлөвтэй байгаа учраас өрхийн хэрэглээ өсөж, зарцуулалт нэмэгдэх хандлагатай байгааг тус компани мэдээлжээ.

Тэгвэл “Голомт банк”-ны нийт зээлийн хэмжээ өнгөрсөн улиралд өмнөх оны мөн үеэс 12.4 хувиар өсөж 4.3 их наяд төгрөгт хүрчээ. Тайлант хугацаанд 130.4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь өмнөх оны мөн үеэс 66.2 хувиар өссөн дүнтэй байна.

Нислэгийн шинэ чиглэл

“Хүннү Эйр” компани энэ 11 дүгээр сараас эхлэн БНХАУ-ын Хайнан чиглэлд тогтмол нислэг үйлдэхээр боллоо. Компани тус арлын Хайкоу хотын нисэх буудлын захиргаатай хоёр талын нислэгийн үйлчилгээ үзүүлэх тохиролцоонд хүрснээ албан ёсоор мэдээлээд байгаа. Тус чиглэлд тогтмол нислэгтэй болсноор монгол аялагчдад Хайнан арлыг зорих, мөн цааш дамжин нисэх боломжтой болж байгааг компани онцолж байна.

Rio-ийн тайлан

"Rio Tinto" компани III улирлын үйлдвэрлэлийн тайлангаа танилцуулсны дараа хувьцааны ханш нь есдүгээр сарын 15-наас хойших дээд хэмжээгээр буюу 3 орчим хувиар өслөө. Тус компанийн зэсийн үйлдвэрлэл III улиралд шинжээчдийн таамгаас давсан ч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 37 хувиар бага байна. Харин нийт металлын гарц нь өнгөрсөн оны мөн үеэс 12 хувиар өсжээ.

Vinfast-ийн алхам

Вьетнамын цахилгаан автомашин үйлдвэрлэгч Vinfast компани Зүүн Өмнөд Азийн зах зээлд үйл ажиллагаагаа тэлэх төлөвлөгөөгөө Индонез улсаас эхлүүлэхээр болжээ. Компани энэ онд 45-50 мянган нэгж автомашин борлуулах зорилтоо биелүүлнэ гэж найдаж байгааг “Vinfast”-ийн Гүйцэтгэх захирал Ле Тхи Тхуй “Bloomberg”-т өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Гуравдугаар улиралд их хэмжээний алдагдалтай ажилласнаа мэдэгдсэн тус компани 2025 оноос ашигт ажиллагаанд хүрэх хүлээлттэй байгаагаа онцолж буй.

Шекель унасаар

Израилын шекелийн ам.доллартой харьцах ханш 4-өөс доош орох дөхөж, сүүлийн найман жилийн доод түвшиндээ хүрснээр Хамас бүлэглэлтэй хийж буй дайны зах зээлд үзүүлэх нөлөөллийг саармагжуулах тус улсын Төв банкны хүчин чармайлтыг улам сорьж байна. Израилын Төв банк валютын ханшийн хэлбэлзлийг барих 45 тэрбум ам.долларын багц арга хэмжээ танилцуулаад байгаа ч шекелийн ханш зургаан өдөр дараалан суларч, сүүлийн байдлаар ам.доллартой харьцах ханш нь 4.0014 болжээ.

Дараагийн BTS

Дэлхийн хамгийн алдартай хөвгүүдийн хамтлаг уран бүтээлээсээ завсарлага аваад байгаа үед “Hybe” энтертайнментын үүсгэн байгуулагч Бан Ши-Хёг BTS-ийг цойлоход нөлөөлсөн "амжилтын томьёо"-г дахин ашиглахаар төлөвлөжээ. Гэхдээ энэ удаа илүү дэлхийн дахинд чиглэхээр болсон байна.

Тэрбээр охидын шинэ хамтлаг байгуулахаар сүүлийн хоёр жилийн хугацаанд 120 мянга гаруй хүний илгээсэн материал судалж нэлээд завгүй ажиллажээ. Эцсийн шатанд шалгарагсдыг 14-21 насны охид бүрдүүлж буй бөгөөд Бразил, Япон, Швед, Тайланд зэрэг арваад улсын төлөөлөл аж.

Шинээр байгуулагдах хамтлагийн нэрийг хараахан сонгоогүй ч төслийн нэр "The Debut: Dream Academy" байхыг Бан мэдээлжээ. Түүнчлэн Hybe-ийн бусад хамтлагууд зөвхөн ази гишүүдтэй, БНСУ-д төвлөрдөг байхад шинэ хамтлаг орон орны төлөөлөл охидоос бүрдэж, АНУ-д төвлөрөн уран бүтээлээ гаргах аж. Мөн солонгос хэлээр бус англи хэлээр дуулах юм байна.

“Medeenomics" подкастын шинэ дугаарт чухал ашигт малтмал, газрын ховор элементийн талаар "MCS Investment" компанийн Хөрөнгө оруулалтын захирал Л.Энхтөртэй ярилцлаа. ЭНД дарж сонсоорой. Мөн “Apple Podcast”, “Spotify”-аар сонсох боломжтой.

BloombergTV.mn танд санал болгож байна

  • БНСУ өнгөрсөн оны эмгэнэлт үйл явдал давтагдахаас сэргийлж "Halloween"-ийн баярын үеэр дохиоллын систем ажиллуулна

  • БНХАУ-ын газрын ховор элементийн экспорт IX сард өмнөх сараас 17.6 хувиар буурав

Онцлох чарт

Сүүлийн жилүүдэд Ирланд улс технологийн томчуудтай сүжирч, “Apple”, “Microsoft” тэргүүтэй компаниуд хувийн хэвшлийн татварын нийт орлогынх нь талаас илүү хувийг, хөдөлмөрийн зах зээл дэх нийт цалингийн 1/3-ийг бүрдүүлэх болсноор тус улс нэг хүнд ногдох ДНБ-ий үзүүлэлтээр дэлхийд хоёрдугаарт бичигдэх болов.