- Business newsletter
- Posts
- 2023/10/16
2023/10/16
Гурван өгүүлбэрээр
APRC 2023: Бизнес хөгжүүлэлтийн процесст судалгаа хангалтгүй, хүн биш захирал төвтэй байгаа нь сорилт дагуулж байна.
2023 оны эцэс гэхэд нийт эрдсийн экспортын 20 хувийг биржээр дамжуулах боломжтой.
Дэлхийн зах зээлд ураны спот 2017 оноос хойш 240 хувиар өсөөд байна.
CEO нар юу гэв?
Ази, Номхон далайн зах зээлийн судалгааны байгууллагуудын энэ оны чуулганаар (APRC 2023) Монголын топ 50 Гүйцэтгэх захирлын дунд явуулсан судалгааны үр дүнг танилцууллаа. Бизнесийн орчны 2024 оны гол трендүүд, тулгарах саад бэрхшээлүүд юу байхыг шийдвэр гаргагчид, удирдлагууд хэрхэн тооцоолж буйг харцгаая.
Өсөлтийн стратеги - Инновац
Хүмүүсийн амьдралын хэв маяг илүү дижитал хэлбэрт шилжиж буй энэ үед инновац нь өсөлтийг хангах гол чиглэл байна гэж Гүйцэтгэх захирлуудын дийлэнх нь үзжээ. Үүний тулд богино хугацаанд бизнес моделийн шилжилт хийх шаардлага тулгарч, хөрөнгө оруулалт ч нэлээд орох төлөвтэй. Ирэх нэг жилийн хугацаанд Гүйцэтгэх захирлуудын идэвхтэй судалж, хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн технологиудын тэргүүн эгнээнд дата шинжилгээ, хиймэл оюун, робот автоматжуулалт орж байна.
Харин өсөлтийг хязгаарлаж болзошгүй суурь асуудал гэвэл дотоодоос хүний нөөцийн хомсдол, Төрийн тодорхой бус шийдвэрүүд, эрчим хүч, дэд бүтцийн дутагдал, гадаадаас БНХАУ-ын эдийн засгийн удаашрал, Орос-Украины дайныг онцолжээ. Тиймдээ ч 2020 онд судалгаанд оролцогсдын 76 хувь нь зах зээлд боломж, потенциал бий гэж харж байсан бол энэ оны судалгаанд 68 хувь болж буурсан байгаа юм.
Асуудлыг үнэн бодитоор, өнгөн талаас цааш нь харж, “чихрээр хуурахгүй” байх нь энэ хэсэгт APRC 2023-аас гарч ирсэн гол өнцөг байлаа.
“Монголчлох”-оо зогсооё
Өсөлтийн гол стратеги нь инновац гэж байгаа ч бизнес хөгжүүлэлтийн процесст:
Судалгаа хангалтгүй
Бүтээлч байдлыг дэмждэггүй
Хүн биш захирал төвтэй байгаа нь сорилт дагуулж байна гэж үзжээ.
Эхлээд зөв зүйлээ загварчилж, дараа нь тэдгээрээ зөвөөр загварчлах зарчимтай байдаг бизнес хөгжүүлэлтийг 7 шатлалт үйл явцыг Монголын бизнесүүд бүгдийг нь алгасах хандлагатай байдаг нь инновац, бизнес, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн процесс алдаатай, чадавх муу байгаагийн шалтгаан гэж үзжээ. Тодруулбал бизнесүүдийн 50 хувь нь зах зээл, хэрэглэгчээ бүрэн ойлгож судалдаггүй, 64 хувь нь бүтээгдэхүүнийг хэрэглэгч дээр туршихгүйгээр шууд зах зээлд гаргадаг, 75 хувь нь маркетинг кампанит ажлын үр дүнгээ бүрэн хэмжиж чаддаггүйг судалгааны тайланд онцолсон байна.
Дэлхийн зах зээлд компаниуд бүтээгдэхүүнээрээ өрсөлддөггүй, харин бизнесээ хөгжүүлэх процессыг хэр чадамгай гүйцэтгэж байгаагаараа өрсөлддөг болохыг MMCG-ийн Гүйцэтгэх захирал Д.Бум-Эрдэнэ хэлж байлаа.
Ур чадвар татъя гэвэл…
Энэ онд явуулсан монголчуудын медиа хэрэглээ, амьдралын хэв маягийн судалгаагаар идэвхтэй хүн амын 67 хувь нь гадагшаа явж ажил хийх сонирхолтой байгаа нь харагджээ. Ажиллах хүчний эргэц 10 хувь байх нь хэвийн түвшин гэж үздэг бол Монголд 19 хувь байгаа нь ажлын байрны найдвартай байдлын дутагдал асуудал болж буйг илтгэж байна.
Гэтэл ажилгүйдлийн түвшин 2016 оноос хойших доод түвшиндээ хүрсний зэрэгцээ өнгөрсөн онд 24 хувиар өссөн цалин цаашид ч ахиад өснө гэдэгт Гүйцэтгэх захирлууд санал нэгдэж байгаа юм.
Иймд байгууллагууд зөвхөн цалингаас гадна соёлоороо өрсөлдөж, ажиллагчдын хүсэмжит байгууллага байхын тулд ажилтан төвтэй болох нь гол шийдэл гэж дүгнэсэн байна.
Байр суурь
“Франц, Монголын харилцаанд, мөн бизнесийн салбарынханд Монголтой бизнес эрхлэх, стратегийн төсөл хэрэгжүүлэхэд итгэл төрүүлэх чухал түүхэн үе тохиож байна. Цөмийн эрчим хүч бол Францын эдийн засгийн системийн чухал хэсэг. Монголд цөмийн эрчим хүч хөгжүүлэхэд мэдээж хугацаа шаардана. Зөв цагтаа боломжит шийдлийг ашиглаж, бүтээн байгуулалт хийх стратегитай байх хэрэгтэй. Мэдээж цаасан дээр бол их сайхан харагдана. Гэхдээ эдийн засгийн хувьд өрсөлдөх чадварын маш том давуу тал болно” хэмээн Франц улсын Стратеги судалгааны сангийн судлаач, доктор Антуан Мэйр “Bloomberg TV Mongolia”-д ярилцлага өгөхдөө онцоллоо.
Арилжаа ахицтай
2023 оны эцэс гэхэд нийт эрдэсийн экспортын 20 хувийг биржээр дамжуулах боломжтойг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд мэдээлж байна. СЗХ-ны мэдээллээс харвал есдүгээр сард 3.2 сая тонн нүүрсийг 1.5 их наяд төгрөгөөр арилжаалжээ. Харин он гарсаар есдүгээр сарын 27-ны өдрийг хүртэл 141 удаагийн арилжаагаар нийт 6.8 сая тонн нүүрс, 94.6 мянган тонн төмрийн баяжмалыг нийт 2.9 их наяд төгрөгөөр арилжаад байгаа аж.
Орлого зарлага
Оны эхний есөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр улсын нэгдсэн төсвийн нийт орлого өмнөх оны мөн үеэс 40.7 хувиар өсөж, 16.9 их наяд төгрөг давахад татварын орлогын өсөлт 48.3 хувьтай гарсан нь голчлон нөлөөлжээ. Харин улсын төсвийн зарлага, эргэж төлөгдөх зээлийн хувьд 14.7 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 18.2 хувиар өссөн байна.
CO2-ын шаардлага
Хөрөнгө оруулагчид “BHP”, “Rio Tinto” зэрэг дэлхийн томоохон уул уурхайн компаниудыг ялгаруулж буй нүүрстөрөгчийн ул мөрөө нарийн тодорхой хэмжихийг шаардах нь улам нэмэгдэж буйг “Institute for Energy Economics” -ийн шинжээчид онцолоо.
Тус байгууллагын зүгээс 2050 он гэхэд нүүрстөрөгчийн ялгарал ба шингээлтийн зөрүүг тэглэх зорилттой байгаа уул уурхайн таван компанид судалгаа явуулжээ. Харин компаниудын зорилгодоо хүрэх үйл явц ялгаатай түвшинд байгаа нь судалгаанаас харагдсан гэдгийг онцолсон байна.
Энэ утгаараа уул уурхайн топ компаниуд уур амьсгалын зорилттоо хүрэхийн тулд илүү чармайх шаарлагатай гэж үзсэн байна.
BloombergTV.mn танд санал болгож байна
Суудлын автомашины импорт I-IX сард 3 хувиар өсөв
ОХУ-ын Засгийн газар хөрөнгийн хяналт тогтоосны дараа рублийн ханш 2.6 хувиар өсөв
Онцлох чарт
Дэлхийн зах зээлд ураны спот ханш тасралтгүй өсөж, 2017 оноос хойш үнэ нь 240 хувиар өсөөд байна. Тухайлбал, аравдугаар сарын 1-нээр эцэслэгдсэн долоо хоногт паунд нь 72 ам.доллар давж 12 жилийн дээд цэгтээ хүрчээ. Харин энэ оны эцэс гэхэд үнэ нь 75-80 ам.доллар хүрч өсөх төлөвтэй гэж шинжээчид тооцоолсон байна.