2023/10/13

Гурван өгүүлбэрээр

  1. Монгол Улсын ЗГ Францын Orano Mining-тай хөрөнгө оруулалтын гэрээний төслийн ерөнхий нөхцөлөөр урьдчилсан зөвшилцөлд хүрэв.

  2. МХБ: III улиралд ХБҮЦ-ны арилжаа өмнөх оны мөн үеэс 33 хувиар буурлаа.

  3. Цаг уурын Эль Ниньо үзэгдлийн улмаас цагаан будааны дахин өсөх төлөвтэй боллоо.

Ураны төсөл урагшиллаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Франц улсад хийж буй Төрийн айлчлалын үеэр “Зөөвч-Овоо” ураны төслийн хөрөнгө оруулалтын гэрээний ерөнхий нөхцөлөөр Монгол Улсын Засгийн газар болон “Орано Майнинг” компани урьдчилсан зөвшилцөлд хүрч, хэлэлцээний протоколд гарын үсэг зурлаа.

Түүхэн гэрээний урьтал

Элизейн ордонд болсон гарын үсэг зурах ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэль Макрон болон “Орано Майнинг”, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагууд оролцсон байна. Тус протокол нь хоёр талд харилцан ашигтай хөрөнгө оруулалтын гэрээний бодлогын хүрээг тодорхойлж, “Зөөвч-Овоо” төслийн хөгжүүлэлт, үйлдвэрлэлд Монгол Улсын ЗГ болон “Орано” компанийн олон арван жил үргэлжлэх хамтын ажиллагааны суурийг тавьж буйг талууд онцолжээ.

Протоколд үндэслэн Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг боловсруулж, УИХ-д өргөн барих аж. AFP-ийн мэдээлснээр талууд ирэх оны сүүлээр гэрээнд гарын үсэг зурж магадгүй байна.

$1.7 тэрбумын төсөл

Төрийн өмчит “Мон-Атом” компани 34 хувь, “Орано Майнинг" 66 хувийг нь эзэмшдэг “Бадрах энержи” хамтарсан компани өнгөрсөн онд Зөөвч-Овоо ордоос ISR аргаар уран олборлох туршилтыг амжилттай гүйцэтгэсний зэрэгцээ тус компанийн лицензүүдийн нөөцийг бүртгэснээр Монгол Улс ураны нөөцөөр дэлхийд 12 дугаарт бичигдэх болсон юм.

Одоогоор ТЭЗҮ нь боловсруулалтын шатандаа яваа Зөөвч-Овоо төслийн үйл ажиллагаа 40 орчим жил үргэлжилж, 1.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардахаас гадна Монгол Улсад нэг тэрбум гаруй ам.долларын татвар төлөх тооцоотойг “Орано Майнинг"-ийн Ерөнхийлөгч Кзавье Сан-Мартан-Тие онцолж байлаа.

Харин төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хувь эзэмшлийн тал дээр Оюутолгой шиг гэрээ хийх үү, эсвэл АМНАТ-өө өндрөөр тогтоох уу гэсэн хувилбарууд яригдаж байгааг УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар мэдээлсэн юм. Түүнчлэн Францын талаас 10 хувийн “Алтан хувьцаа” эзэмшүүлэх санал тавьсныг мөн дурдаж байв.

Эдийн засгийн түншлэл үргэлжилнэ

Өнөөдрийн байдлаар Францын 66 компани Монгол Улсад бүртгэлтэй байгаа бөгөөд тэдний хөрөнгө оруулалтын 80 орчим хувь нь уул уурхайн салбарт хийгджээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалын хүрээнд Монгол-Францын Бизнес форум зохион байгуулагдаж, Францын талаас “Orano Mining”, “Airbus”, “Thales”, “Dassault Systèmes”, “Poma” зэрэг томоохон компаниуд үйл ажиллагаагаа танилцуулсан юм.

Түүнчлэн Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон “Эрчим хүч болон хүнсний бие даасан байдал нь аливаа улсын оршин тогтнох гол үндэс билээ. Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр Францын хөгжлийн агентлаг Монгол Улсад дараагийн ээлжийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөөд байна” хэмээн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзаж, хамтарсан мэдэгдэл хийхдээ онцолжээ.

Энэхүү түүхэн ач холбогдолтой айлчлалын үр дүн, ураны төсөл болон хөрөнгө оруулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл, мөн “Orano Mining” компанийн ТУЗ-ийн дарга Клод Имовен, “Archetype Group”-ийн Гүйцэтгэх захирал Пьер-Жан Малгүир тэргүүтэй Монгол-Францын эдийн засгийн түншлэлд том нөлөө бүхий зочдын ярилцлагыг багтаасан “Эдийн засгийн түншлэл“ тусгай хөтөлбөрийг “Bloomberg TV Mongolia”-аар энэ амралтын өдрүүдэд хүлээн авч үзээрэй.

64 улсаас 64-рт

2023 оны дэлхийн авьяас, ур чадварын тайланд Монгол Улс өнгөрсөн оны эрэмбээсээ хоёр байр ухарч 64 улсаас 64 дүгээрт бичигдлээ. Ийнхүү сүүл мушгихад бага боловсролын сурагч-багшийн харьцаа, ажиллагсдын урам зориг, амьдралын чанар, шударга ёс гэх мэт үзүүлэлтүүдээр хойгуур эрэмбэлэгдсэн нь голчлон нөлөөлсөн байна.

Хотын шинэ дарга

Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Нямбаатарыг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар батламжиллаа. Түүнийг хотын даргаар томилохыг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид өнөөдөр 78.57 хувийн саналаар дэмжсэн байна. Тэрбээр шинэ ажлаа авснаар "хууль бусаар баригдсан барилгуудыг нураах, мөн өвөлжилт, нийслэлийн төсвийг батлах асуудалд анхаарна" гэж мэдэгджээ.

ХБҮЦ-ны арилжаа татрав

III улирлын байдлаар Монголын Хөрөнгийн Биржээр 46.6 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны арилжаа хийсэн нь өмнөх оны мөн үеэс 33 хувиар буурсан дүн боллоо. Үүнээс гадна ХБҮЦ гаргагч компаниудын ашигт ажиллагаа харилцан адилгүй байна. “ЛэндМН Актив ТЗК” 80.2 сая төгрөгийн, “Омни Актив ТЗК” тайлант хугацаанд 360.2 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бол “Симпл ассет ТЗК” 1.2 тэрбум төгрөгийн цэвэр алдагдал хүлээжээ.

“Энэ онд компаниуд өөрсдөө энэ төрлийн үнэт цаасыг сонирхож гаргахгүй байна уу гэж харж байна. Учир нь хийгдэх хяналт шалгалт өндөр, мэдээлэх тайлагнах үүрэг их, мөн зардлаас гадна цаг хугацаа их зарцуулагддаг” “Ти Ди Би Секьюритис ҮЦК”-ийн Хөрөнгө оруулалтын зөвлөх Б.Билэгжаргал энэ талаар өгүүлж байлаа.

LVMH-ийн хөрөлт

Дэлхийн тансаг бүтээгдэхүүний хамгийн том групп LVMH гуравдугаар улирлын борлуулалтын үзүүлэлт нь төсөөллөөс доогуур байсныг тайлагнасны дараа хувьцааны ханш нь огцом унав. Цар тахлын дараа бий болсон өндөр зэрэглэлийн бараа бүтээгдэхүүний “тэсрэлт”-ийн үе хөрж эхэлж байгааг энэ нь бататгажээ. “Louis Vuitton”, “Christian Dior” тэргүүтэй тус группын хувцас загварын брэндүүдийн органик орлого 9 хувиар өссөн нь шинжээчдийн төсөөлөлд хүрээгүйн зэрэгцээ оны эхний зургаан сарын өсөлттэй харьцуулахад хоёр дахин бага үзүүлэлт аж.

“Цойлсон гурван жилийн дараа манай группын өсөлт түүхэн дундажтайгаа ойролцоо тоо руу эргэн дөхөж байна” хэмээн LVMH-ийн Санхүү хариуцсан захирал Жан-Жак Гиони онцолжээ.

Ах дүү тэрбумтнууд

Хаа сайгүй харагдах болсон “Birkenstock”-ийн 130 ам.долларын үнэтэй ширэн сандал тус брэндийн цаана байдаг Герман гэр бүлийг дэлхийн гутал үйлдвэрлэлийн салбарт хамгийн томд тооцогдох хөрөнгө босгоход дэм болжээ. “Birkenstock”-ийн хувьцааны анхдагч арилжаа эхэлснээр ах дүү Алекс болон Кристиан Биркенсток нарын хөрөнгө 3.4 тэрбум ам.долларт хүрсэн нь “Bloomberg”-ийн тэрбумтнуудын индексээс харагдаж байна.

Codelco литийн зах зээлд

Зэс олборлолтоор дэлхийд тэргүүлэгч “Codelco” Сиднейн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Lithium Power International” компанийг худалдан авах хэлцлээ гүйцэлдүүлэхэд ойртжээ. Чили, Австралид литийн уурхайтай тус компанийн нэгж хувьцаа тус бүрийг “Codelco” 50 австрали доллароор үнэлэн авах санал тавьсан бөгөөд хэлцэл амжилттай болбол үнэлгээ нь 315 сая орчим австрали доллар буюу 212 сая ам.доллар болж өсөх боломжтой аж.

BloombergTV.mn танд санал болгож байна

Онцлох чарт

Цаг уурын ээлжит Эль Ниньо үзэгдэл ойртсоноор дэлхийн будааны зах зээл хүндрэлд бэлтгэж, Индонез, Вьетнам, Филиппин улсууд гарц нь буурч болзошгүйг анхааруулж эхлээд байна. Үйлдвэрлэлийн аливаа тасалдал нь дэлхий даяар нийлүүлэлт хумигдах эрсдэл үүсгэж, саяхан 15 жилийн дээд түвшиндээ хүрээд буурсан цагаан будааны үнийг дахин өсгөж магадгүй аж.