- Business newsletter
- Posts
- 2023/10/12
2023/10/12
Гурван өгүүлбэрээр
“TMK Energy” компани Гурвантэс XXXV төслийг 100 хувь эзэмшихээр боллоо.
Монголд ажиллах хүчний оролцооны түвшин цар тахлын өмнөх түвшиндээ хүрээгүй хэвээр байна. Үүний шалтгаан, үр дагаврыг онцоллоо.
Эрчим хүчний шилжилтийн улмаас 2035 он гэхэд дэлхий даяар нүүрсний салбарын 400 мянган хүн ажлын байраа алдахаар байна.
Хөдөлмөрийн захын парадокс
Монгол Улсад ажилгүй хүмүүсийн тоо буурах хандлагатай хэдий ч ажиллагчид төдийлөн нэмэгдэхгүй байна. Хөдөлмөрийн захын эрүүл байдлыг илэрхийлдэг энэ хоёр үзүүлэлтийн харилцан хамаарал, түүний шалтгаан болон үр дагаврыг онцоллоо.
Ажиллах хүчний оролцоо сул хэвээр
Монгол Улсад ажилгүйдлийн түвшин 5.8 хувь буюу 2016 оноос хойших хамгийн бага түвшинд хадгалагдаж буй боловч ажиллах хүчний оролцооны түвшин цар тахлын өмнөх түвшнээс доогуур хэвээр байгааг Монголбанкны II улирлын инфляцын тайлангаас харж болно. Тодруулбал 2019 оны II улирлаас хойш ажиллагчдын тоо төдийлөн өөрчлөгдөөгүй байхад ажиллах хүчнээс гадуурх хүн ам 62.6 мянгаар нэмэгдсэн байна. Үүнд тэтгэвэр авагчид, суралцагчдын тоо нэмэгдсэн нь голчлон нөлөөлсөн гэж дүгнэжээ.
Тухайн улсад, тухайн цаг хугацаанд ажил эрхлээгүй байгаа иргэдийн тоогоор хөдөлмөрийн захын ерөнхий дүр зургийг тодорхойлох нь учир дутагдалтай гэж үздэг. Хөдөлмөрийн зах зээлийг тандах аргачлалуудаас харвал ажиллах хүчний оролцооны түвшин бага байх нь ажилгүйдлийн түвшин буурах нэг шалтгаан болдог аж. Сэргэж буй эдийн засагт муугийн дохио болдог энэ харилцан хамаарал Монголд бий болсон байх боломжтой юу?
Ажиллах сонирхол яагаад багасав?
Хөдөлмөр их шингээдэг уул уурхайн бус салбарын өсөлт саарч, ажиллагсдын тоо өсөхгүй байгаа нь ажиллах хүчний оролцооны түвшин сул байхад томоохон нөлөө үзүүлсэн байна. 2022 онд 8.2 хувиар өсөж байсан тус салбарын өсөлт энэ онд 3.4 хувь болж саарах төлөвтэй бөгөөд ялангуяа тээвэр, мэдээлэл холбоо, эрчим хүчний үйлдвэрлэлээс бусад салбарт саарах хандлагатайг Монголбанк тайландаа онцолжээ.
Дэлхий дахинд ажиллах хүчний оролцооны түвшинг бууруулж буй хүчин зүйлс болох технологи, хиймэл оюуны хурдацтай дэвшил, мөн зайнаас ажиллах болон уян хатан ажлын хуваарь зэрэг цар тахлаас үлдсэн трендүүдийн нөлөөлөл Монголын хөдөлмөрийн захад мэдрэгдэж байх боломж бий. Гэхдээ бага цалин, мөн цалингийн хангалтгүй өсөлт, ажлын байрны найдвартай байдлын дутагдал иргэдийн ажиллах сэдэл, сонирхлыг хамгийн ихээр сулруулж, цаашлаад чадварлаг ажиллах хүчний гадаад руу чиглэсэн урсгалыг нэмэгдүүлж байгааг эдийн засагчид хэлж байна.
Тайлангаас харвал өнгөрсөн улиралд бодит цалин жилийн өмнөх үеэс 10.5 хувиар өссөн ч өсөлтийн дийлэнх хувийг уул уурхай, төрийн удирдлагад ажиллагсдын цалингийн өсөлт бүрдүүлсэн байна. Харин эрүүл мэнд, эрчим хүч, худалдааны салбарт ажиллагсдын цалин хамгийн бага хувиар өсжээ.
Эдийн засгийн өсөлтийг өрхийн түвшинд, ААН-үүдэд хүртээмжтэй, мөн тогтвортой байлгахад нөлөөлөх хүчин зүйл нь ажил эрхлэлт. Монголд ажиллагсдын тоо дорвитой нэмэгдэхгүй байгаа тул хөдөлмөрийн зах зээлд ажлын байр ихээр шингээдэг хувийн хэвшил тэлэх орон зайг үүсгэх нь нэн тэргүүний зорилт болохыг АХБ-ны Ахлах эдийн засагч С.Болд онцолж байлаа.
АНУ дахь харилцан хамаарал
Ажилгүйдлийн бага түвшин хөдөлмөрийн өндөр эрэлттэй давхцах буюу АНУ-д нэрлэдгээр хөдөлмөрийн зах зээл “халуун” байх үзэгдэл тус улсад яг одоо үргэлжилж байна. Шинэ ажилтан авах, тэднийгээ хадгалж үлдэхэд хүндрэлтэй тулгарсан ажил олгогчид цалингаа нэмж, улмаар иргэдийн зарцуулалт нэмэгдэж, хөдөлмөр болон үйлдвэрлэлийн зардал мөн өссөнөөр инфляцыг өдөөх гинжин урвал үүсдэг аж.
Өнгөрсөн сард АНУ-д хөдөлмөр эрхлэгсдийн тоо 336 мянгаар буюу он гарснаас хойших хамгийн өндөр дүнгээр өссөн нь Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ дахин өсгөж эхлэхэд хүргэж болзошгүй суурь нөхцөл болсон юм.
Байр суурь
“Израил-Хамасын дайн нь цаг хугацааны хувьд ОХУ-Украины дайнтай давхцаж буй гэдэг утгаараа өмнөх мөргөлдөөнүүдээс их онцлог ялгаатай. Нэг талаас барууны орнууд, нөгөө талаас Орос, Хятад гэсэн хоёр туйлын хооронд шинэ хүйтэн дайн дахин үүсэж, нөхцөл байдал нэлээд хурцадмал болж байна. Хамасыг шууд буруутгахгүй, хямралыг эв зүйгээр зохицуулах ёстой гэсэн дундын байр суурьтай улсууд үндсэндээ Хамасын талд байгаа гэж ойлгож болно” хэмээн МУИС-ийн Дэд профессор С.Баясгалан “Bloomberg TV Mongolia”-д өгсөн ярилцлагадаа онцлов.
Айлчлалын хоёр дахь өдөр
Төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Франц улсын Сенатын Ерөнхийлөгч Жерар Ларше, Парис хотын Засаг дарга Анн Идалго нар бараалхлаа. Үүнээс гадна айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч ураны төслийн хэлэлцээний протоколд гарын үсэг зурах хүлээлттэй байгааг Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх мэдэгдэв.
Энэхүү айлчлалын үр дүн ба ач холбогдол, мөн “Orano Mining” компанийн ТУЗ-ийн дарга Клод Имовен, “Archetype Group”-ийн Гүйцэтгэх захирал Пьер-Жан Малгүире тэргүүтэй Монгол-Францын эдийн засгийн түншлэлд том нөлөө бүхий зочдын ярилцлагыг багтаасан тусгай хөтөлбөрийг “Bloomberg TV Mongolia”-аар энэ амралтын өдрүүдэд хүлээн авч үзээрэй.
100 хувь TMK-д
“TMK Energy” компани "Talon Energy"-тэй заавал биелүүлэх хууль ёсны гэрээ байгуулж, нүүрсний давхаргын метан хийн Гурвантэс XXXV төслийг 100 хувь эзэмшихээр боллоо. "Talon Energy" гэрээний дагуу төсөлд эзэмшдэг 33 хувиа "TMK Energy"-д шилжүүлж, оронд нь тус компанийн 1.1 тэрбум ширхэг энгийн хувьцааг авахаар болсон байна. Мөн “Talon Energy”-ийн зүгээс Гурвантэс XXXV төсөлд 850 мянган австрали долларын дэмжлэг үзүүлэхээр болсон байна.
Moody’s-ийн хяналт
"Moody's" агентлаг Монгол Улсын Хөгжлийн банкны үнэлгээг бууруулах эсэх тухай асуудлаар хяналт хийж эхэллээ. Үүнд гадаад валютаар үнэт цаас гаргагчийн зэрэглэл болох "B-" үнэлгээ, зээлжих суурь зэрэглэлийн "ССС" зэрэг таван үнэлгээг бууруулах асуудал багтаж байгаа аж. Хяналтыг эхлүүлэхэд Хөгжлийн банкны хөрвөх чадварын менежмент, аравдугаар сарын 23-нд хугацаа нь дуусах бондын дахин санхүүжилтийн асуудал нөлөөлсөн байна.
Уурхайчид цөөрөх нь
Эрчим хүчний шилжилттэй холбоотойгоор 2035 он гэхэд нүүрсний салбарын 400 мянган хүн ажлын байраа алдахаар байна гэж Дэлхийн эрчим хүчний хяналтын байгууллага тооцоолсон байна. Энэ нь 2035 он хүртэл дунджаар өдөр бүр 100 хүн ажлаа алдахтай дүйх хэмжээ бөгөөд дийлэнхийг нь энэтхэгчүүд болон хятадууд бүрдүүлэх төлөвтэй аж. Үүгээр зогсохгүй нар болон салхины эрчим хүч хямдарснаар нүүрсний салбарт ажлаа алдсан хүмүүсийн тоо 2050 он гэхэд нэг сая руу дөхөж өснө гэж тооцоолжээ.
Уур амьсгалын шилжилтээс гадна автоматжуулалт, түүхий эдийн үнийн цикл зэрэг асуудлууд үүнд мөн нөлөөлөх төлөвтэй. Харин уурхай хаагдсанаар газрыг сэргээх, байгаль орчны нөлөөллийг бууруулах талбаруудад ажиллах боломж нээгдэнэ гэж тайланд онцолжээ.
Ээлжит уналт
Биткойны ханш таван өдөр дараалан буурч, есдүгээр сараас хойш анх удаагаа 27 мянган ам.доллароос доошоо орлоо. Ойрх дорнодод өрнөж буй мөргөлдөөн нь хөрөнгө оруулагчдын крипто зах зээлд итгэх итгэлийг бууруулж байна гэж шинжээчид үзжээ.
"Өнгөрсөн жил Украины дайн эхлэх үед гарч байсан хөдөлгөөнтэй төстэй зүйл болж байна. Хариултаас илүү олон асуулт байх үед арилжаанд оролцогчид зах зээлээс гарах хандлагатай байдаг" гэж “Dextery Capital”-ийн хамтран Үүсгэн байгуулагч онцолсон байна.
Хослол, ноёрхол
Наймдугаар сарын сүүлийн байдлаар БНХАУ-ын CATL компани цэнэг хураагуурын зах зээлийн 37 хувийг дангаараа бүрдүүлж, зах зээлд тэргүүлж байгааг Сөүлд төвтэй “SNE Research”-ийн судалгаа харууллаа. Харин нутаг нэгт BYD компани зах зээлийн 16 хувийг эзэлж удаалж байна. Энэ хоёр компани нийлээд цахилгаан автомашины цэнэг хураагуурын зах зээлийн талаас илүү хувийг бүрдүүлж байгаа юм.
Mercedes-ийн хариулт
"Mercedes-Benz Trucks" компани цахилгаан хөдөлгүүрт хүнд даацын автомашинаа танилцуулснаар авто замын логистикийг нүүрстөрөгчгүйжүүлэх өрсөлдөөн улам ширүүсэж байна. Шинэ "eActros 600" загвар нь 22 тонны даацтай, нэг цэнэглэлтээр 500 км зай туулах хүчин чадалтай бөгөөд энэ оны сүүлээр худалдаанд гаргахаар товлосныг тус компанийн зүгээс мэдээлжээ. Мөн цэнэг хураагуур нь 30 минутын дотор 20 хувиас 80 хувь хүртэл цэнэглэгдэх боломжтой ч үүний тулд хэрэглэгч нэг мегаваттын цэнэглэх төхөөрөмж ашиглах шаардлагатайг онцолсон байна.
Зах зээлд гол өрсөлдөгч нь болохоор байгаа "Tesla"-ийн "Semi" ачааны автомашин "Walmart", "United Parcel Service" зэрэг компаниудаас аль хэдийн захиалга авч эхлээд байгаа юм.
BloombergTV.mn танд санал болгож байна
Шинэ орон сууцны дундаж үнэ Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу ₮4.12 сая байна
Дэлхийн хэмжээнд хүлэмжийн хийн ялгарал оны эхний хагаст 0.2 хувиар өсөв
Онцлох чарт
Японы Төв банк мөнгөний зөөлөн бодлогоо тууштай баримталж байгаа энэ үед иений ханшийн уналт ирэх онд улам эрчимжинэ гэж “Mizuho” мэдээллээ. Тодруулбал 2024 оны эхний улиралд иений ам.доллартай харьцах ханш 155 болон суларч, сүүлийн 30 гаруй жилийн хамгийн сул түвшинд хүрэх төлөвтэй гэжээ.