2023/10/11

Гурван өгүүлбэрээр

  1. “Эрдэнэс Тавантолгой” компанийн ногдол ашиг олгох хугацааг ирэх он хүртэл түр хойшлуулав.

  2. Соёлын салбарт эрчим хүчний салбараас илүү төсөв хуваарилдаг жишиг ирэх онд ч үргэлжлэх нь…

  3. Инфляцын дарамт тогтвортой буурах хүртэл хатуу бодлогоо үргэлжлүүлэхийг ОУВС төв банкнуудад уриаллаа.

Төсвийн хуваарилалт

Төсөлд тусгаснаар бол өмнөх жилээсээ 5 их наяд төгрөгөөр тэлэхээр байгаа 2024 оны төсвийг аваад үзвэл халамжийн зарцуулалтаас гадна яамдад хуваарилсан санхүүжилт анхаарал татаж байна.

Харьцуулалт

Ирэх оны төсвийн төслөөс үзвэл Эрчим хүчний сайдын багцад нийт 359.7 тэрбум төгрөг тусгасан байгаа бол Соёлын сайдын нийт багцын дүн 402.4 тэрбум төгрөг байгаа юм. Тэр дундаа Соёлын сайдад хуваарилсан урсгал зардлын хэмжээ 247.5 тэрбум төгрөг байгаа нь Эрчим хүчний сайдынхаас 108 тэрбум төгрөгөөр давж байна.

БСШУЯ-наас Соёлын яамыг салгаснаас хойш төсвийн жил бүр тус яаманд Эрчим хүчний яамныхаас багадаа 30 хувиар илүү төсөв хуваарилж байсныг он оны Төсвийн тухай хуулиудаас харж болно.

Соёлын төвүүд юу хийдэг вэ?

Төсвийн сахилга батыг хангах гол хүчин зүйлсийн тэргүүн эгнээнд төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулалт бичигддэг. Төсөв нэн тэргүүнд агуулгын хувьд зөв байснаар хэрэгжилтийг нь хожим хянахад хялбар болохыг эдийн засагчид хэлсээр байна. Тухайлбал манай улс эмч, сувилагч, багш нарын хомсдолд орчихсон байтал харьяа яамдад хуваарилсан багцыг барилга барихад л зарцуулж байгааг эдийн засагч Б.Түвшинтулга шүүмжилж байв.

Ирэх оны хувьд улсын хэмжээний соёл урлагийн томоохон байгууллагууд, 18 аймгийн музей, театр, 365 сумын соёлын төвүүдийн урсгал зардалд ихээхэн хөрөнгө зарцуулахаар байгаа аж. “Сүүлийн жилүүдэд сумдын хуучин Соёлын төвийг буулгаж, шинэ томоохон талбай бүхий соёлын төвүүд барьж ирсэн нь төсвийн урсгал зардлыг өсгөжээ” хэмээн эдийн засагч Б.Энхбаяр энэ талаар байр сууриа илэрхийлсэн юм.

Арилдаггүй асуудлууд

Тэгвэл алдагдалтай ажиллагаа, хэт бага тариф, тоног төхөөрөмжийн насжилт зэрэг асуудлууд ужгирсан эрчим хүчний салбар энэ онд 150 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллахаар байгааг Эрчим хүчний яамнаас мэдээлсэн юм. Гүйцэтгэж чадаагүй засварын ажил, хөрөнгө оруулалт, бэлтгэн нийлүүлэгчдэд төлөгдөөгүй өр төлбөр, салбарт ажиллагсдын цалин хөлс, хөдөлмөрийн аюулгүй байдал сорилт дагуулсан хэвээр үлдэж, эрчим хүчний компаниуд зургаа дахь жилдээ дараалан алдагдалтай ажиллахад голлон нөлөөлөх нь.

Улсын хэмжээнд жил бүр 100 МВт буюу арван аймгийнхтай тэнцэх хэмжээний эрчим хүчний хэрэглээ механикаар нэмэгдэж байгааг ЭХЗХ-ны Эрчим хүчний хэмнэлтийн газраас онцолж байлаа. Хэрэглээ нэгэнт нөөцөөсөө давсан учир энэ өвөл хязгаарлалт хийхийг үгүйсгэхгүйг Эрчим хүчний яам хүлээн зөвшөөрөөд буй.

Эрчим хүчний аюулгүй, бие даасан байдалд нэн чухал төслүүд хүлээлт үүсгэж, салбарын тогтвортой хөгжлийг хангах хөшүүрэг болох орлого, үнэ тарифын асуудал хурцаар яригдаж буй ч төсвийн хуваарилалт үүнийг дэмжиж буй эсэх нь эргэлзээтэйг дээрх бүхэн харуулж байна.

ЭТТ-н эргэн тойронд

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ногдол ашиг олгох хугацааг хувьцаа эзэмшигчид ирэх он хүртэл түр хойшлуулсныг Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат мэдэгдлээ. Компани одоогоор 2 их наяд орчим төгрөгийн өр төлбөртэй байгаагаас гадна төмөр зам, баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад хөрөнгө шаардлагатай байгааг мөн онцолсон байна.

Лицензэд үнэ хаялцана

Хайгуулын тусгай зөвшөөрлийг дуудлага худалдаагаар олгох бодлого баримтална гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар “Mining Mongolia 2023” чуулганы үеэр мэдээллээ. 2022 оны 11 дүгээр сараас хойш хайгуулын 171 тусгай зөвшөөрөл олгосон бөгөөд цаашид 2.17 га талбайн зөвшөөрлийг хуулийн дагуу сонгон шалгаруулж, цахимаар олгохоор байгаа аж.

Монгол-Франц

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Франц улсад хийх төрийн айлчлал эхэлж байна. Айлчлалын хүрээнд өнгөрсөн тавдугаар сард тус улсын Ерөнхийлөгч Эммануэль Макроны Монголд айлчлах үеэр хөндсөн асуудлуудыг ажил хэрэг болгож, ураны төсөл дээр 1.7 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хүлээлттэй байна. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Франц улсын Сенатын Ерөнхийлөгч Жерар Ларше, Парис хотын дарга Анн Идалго нар бараалхах аж.

Тийм ч амархан биш

ОУВС ирэх оны дэлхийн инфляцын төсөөллөө 5.8 хувь болгон нэмэгдүүлж, мөн 2025 он хүртэл инфляц Төв банкнуудын зорилтот түвшнээс дээгүүр байна гэж таамаглажээ. Гурван сарын өмнөх төсөөллөө 0.6 нэгж хувиар ийнхүү өсгөсөн нь Төв банкнуудад мөнгөний бодлогоо чанга хэвээр хадгалахыг уриалсан хэрэг болж байна.

Мөн тус байгууллага дэлхийн хэмжээнд эдийн засгийн өсөлтийн төсөөллөө мөн бууруулсан ч Төв банкнууд эдийн засгаа уналтад оруулалгүйгээр инфляцыг хазаарлах боломжтой гэж дүгнэсэн байна. Үүнээс гадна БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 2023 онд 5.2 хувиар өснө гэж үзэж байснаа 5 хувь болгон бууруулж, мөн ирэх оны өсөлт нь 4.2 хувь байна гэж үзжээ.

Тусламжаа нэмнэ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Израилд үзүүлэх цэрэг зэвсгийн тусламжаа “огцом” нэмэгдүүлэхээ, мөн Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкенийг энэ долоо хоногт тус улс руу илгээхээр болсноо зарлалаа. Шинэ тусламжид Израилын пуужингийн довтолгооноос хамгаалах системийн хангамжийг нөхөх сумны нөөц, амдан устгагч зэрэг багтаж байгаа аж.

PC зах зээлийн уналт

Дэлхийн хэмжээнд суурин компьютерийн нийлүүлэлт III улиралд 9 хувиар огцом буурчээ. Хоёр жил үргэлжилсэн тус салбарын уналт үүгээр ёроол цэгтээ хүрсэн гэж “Gartner”-ийн шинжээчид үзэж байна. Тэр дундаа “Apple” компанийн нийлүүлэлт тайлант хугацаанд 24 хувиар буурсан нь томоохон компьютер үйлдвэрлэгчдээс хамгийн тааруу үзүүлэлт болжээ.

Зомби вирус

Уур амьсгалын өөрчлөлтөөс нийтийн эрүүл мэндэд учирч буй өөр нэгэн аюул нь "зомби вирусүүд" болж байна.

Вирологч Жан-Мишель Клаверигийн нээлтүүд хэдэн мянганы турш хөлдүү байсан газрыг гэсгээж эхэлсэн дэлхийн дулаарлын таагүй бодит байдлыг тодотгон харуулж байна. Өдгөө 73 настай Клавери "эртний" вирусүүдийг судлахад амьдралынхаа 10 гаруй жилийг зориулсан бөгөөд тэдгээрийн дунд Сибирийн мөнх цэвдгийн гүнээс олдсон 50 мянган жилийн настай вирус ч байгаа аж.

Манай гараг аж үйлдвэржилтийн өмнөх үеэс аль хэдийн цельсийн 1.2 хэмээр дулаарч, эрдэмтэд 2030-аад он гэхэд Хойд мөсөн далай зундаа мөсөн бүрхүүлгүй болно гэж таамаглаж байгаа. Тус бүс нутгийн цэвдэг хайлснаар доор нь хуримтлагдсан метан зэрэг хүлэмжийн хий агаар мандалд ялгарах нь олон судалгаагаар баталгаажсан бол харин унтаа байдалд буй патогены аюул төдийлөн сайн судлагдаагүй хэвээр байна.

Өнгөрсөн онд Клаверигийн баг Сибирийн мөнх цэвдгээс олон тооны эртний вирус гаргаж авсан тухай, мөн тэдгээр нь бүгд халдварлах чадвартай хэвээр байсан тухай судалгаагаа хэвлүүлсэн юм.

BloombergTV.mn танд санал болгож байна

  • “Mongolian Mining Corporation” 2024 онд хугацаа нь дуусах бондынхоо эргэн төлөлтийг хугацаанаас нь өмнө хийнэ

  • Эмэгтэйчүүд тушаал дэвших хүсэлтэй байдаг ч ажил олгогчид эрчүүдийг дэмжсэн хэвээр

Онцлох чарт

Монголбанк энэ оны төгсгөлийн инфляцын төсөөллөө ахиулж, 9.3 хувьд хүргэлээ. Долдугаар сард инфляц 9.2 хувь болж саарсныг эс тооцвол бараг 20 сарын турш хоёр оронтой тоонд хадгалагдаж буй.

Харин 2024 онд 7.8 хувьд буюу Монголбанкны зорилтот түвшинд хүрнэ гэж таамаглажээ. Мөн бодлогын хүүг 2023 оны III, IV улиралд 13 хувьд хэвээр хадгалах дохиог зах зээлд өгөөд байна.