2023/10/10

Гурван өгүүлбэрээр

  1. MMC 2024 онд хугацаа нь дуусах бондынхоо эргэн төлөлтийг хугацаанаас нь өмнө хийхээ зарлалаа.

  2. Ойрх Дорнодод дахин тогтворгүй байдал бий болсноор газрын тосны үнэ огцом өсөөд байна.

  3. Төсөв 5.1 их наяд төгрөгөөр тэлбэл иргэдийн худалдан авах чадварыг 5-7 хувиар бууруулахаар байна.

5%-ийн өгөөж юуг илтгэх вэ?

Санхүүгийн их хямралын дараа, мөн цар тахлын үед эдийн засгийн сэргэлтийг өдөөхийн тулд Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ 0 хувьд ойролцоо түвшинд хадгалж, Европ, Азийн зарим Төв банкнууд бүр хасах утга руу оруулж байсан цаг саяхан. Айл өрхүүд, бизнесүүд, Засгийн газрууд ерөнхийдөө “хялбар мөнгөний ертөнц”-д оршин тогтнож байлаа.

Өндөр өгөөжийн мөчлөг

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Засгийн газрын 30 жилийн хугацаатай бондын өгөөж 2007 оноос хойш анх удаа 5 хувийн түвшнийг давсан нь дээрх өдрүүд дууссаны дохио болов. Өнгөрсөн сард АНУ-ын эдийн засагт 336 мянган ажлын байр нэмэгдэж, өмнөх төсөөллөөс бараг хоёр дахин давсан тайлан гарсан нь дэлхий даяар жишиг бондуудын өгөөж огцом өсөхөд түлхэц болжээ.

Тухайлбал баасан гарагт тус улсын ЗГ-ын 10 жилийн хугацаатай бондын өгөөж 15 гаруй суурь нэгжээр өсөж 4.89 хувьд хүрсэн бол аль хэдийн 2011 оноос хойших дээд түвшиндээ дөхөөд байсан Германы 10 жилийн хугацаатай өрийн хэрэгслийн өгөөж 8 суурь нэгжээр өсөж 3 хувьд ойртсон байна.

Хүн бүрт мэдрэгдэнэ

Өгөөжийн өсөлтийн цаана дараах хүчин зүйлс бий. Үүнд төсөөлснөөс харьцангуй тэсвэртэй эдийн засгийн үзүүлэлтүүд, ужгирсан инфляц, цар тахлын үед ЗГ-уудын ихээр гаргасан шинэ өрийн хэрэгсэл, мөн төсвийн алдагдлаас үүдэлтэй болгоомжлол зэрэг орж байна.

Бондын зах зээлийн энэхүү шилжилт нь бодитоор мэдрэгдэх үр дагавартай. Эн тэргүүнд ипотекийн зээлээр дамжин хэрэглэгчдийн нуруун дээр очих бөгөөд ялангуяа цар тахлын үеийн хямд мөчлөгийг ашиглан зээл авсан иргэдийн дахин санхүүжилт улам хүндрэлтэй болно. Цаашлаад ЗГ-ын өр, компаниуд болон банкнуудын шинэ хэлцэл, хувьцааны зах зээл гээд эдийн засгийн бүхий л талбарт нөлөөлөл нь хүчтэй байх юм.

Тогтмол өгөөж эрэлттэй болно

АНУ-ын Засгийн газрын бондууд хамгийн аюулгүй хөрөнгө оруулалтад тооцогдсоор ирсэн бөгөөд өгөөжийн түвшин бага тул өнгөрсөн арван жилд тэдгээрийг эзэмшсэний ашиг төдийлөн өндөр биш байлаа. Гэтэл одоо ЗГ-ын бондуудын өгөөж 5 хувьд дөхсөнөөр хөрөнгө оруулагчдын сонирхлыг хувьцаа гэх мэт эрсдэлтэй хэрэгслүүдээс илүүтэй татахаар болов.

Хувьцаанд чиглэсэн сонирхол бусад хэрэгсэлтэй харьцуулахад хэр өндөр байгааг гаргадаг хэмжүүр болох хөрөнгийн эрсдэлийн нэмэгдэл буюу премиумийг авч үзье. “S&P 500” индекс ба АНУ-ын 10 жилийн хугацаатай бондын өгөөжийн зөрүү одоогийн байдлаар бараг 0 буюу сүүлийн 20 гаруй жилийн хамгийн доод түвшиндээ хүрсэн нь хувьцаанд хөрөнгө оруулагчид илүү эрсдэл гаргасныхаа төлөө ашиг хүртэхгүй байгааг харуулж байна.

“BMO Capital Markets”-ийн шинжээчийн үзсэнээр хэрвээ АНУ-ын 10 жилийн хугацаатай бондын өгөөж таван хувь хүрвэл хувьцаануудын ханш огцом унахад нөлөөлөх аж.

Монголын хөрөнгийн захад

Бусад улсын хөрөнгийн захын индексүүд уналтын дараа огцом өсөх хандлагатай байдаг ч Монголын ТОП 20 индекс одоо ч уналттай хэвээр байна. Гэхдээ 130 хувиар өсөж байсан 2021 оны хөөсрөлтийн дараах “хөрөлт”-ийн мөчлөг дуусаагүй байгаатай үүнийг холбон тайлбарлаж болно.

Иймд дээр дурдсан суурь нөхцөлүүдэд уялдуулан тогтмол өгөөжтэй хэрэгслүүдэд урт хугацаанд хөрөнгө оруулалт хийх, мөн одоо хямд арилжаалагдаж байгаа учраас дотоодын хувьцаанд тогтмол дүнгээр хөрөнгө оруулалт хийх нь зүйтэй сонголт болохыг “Ти Ди Би Секьюритис ҮЦК”-ийн шинжээч Б.Билэгжаргал онцолж байлаа.

Бас нэг өнцөг

“Хөрөнгө оруулалтаа төрөлжүүлэх нь орлогоо бууруулахгүйгээр, хүлээгдэж буй өгөөжөө алдахгүйгээр эрсдэлээ 80 хүртэлх хувиар бууруулах боломж олгодог. Ямар төрлийн хөрөнгө ямар эрэлттэй байгааг харах хэрэгтэй. Ингээд үзэхээр одоо бэлэн мөнгө харьцангуй муугүй сонголт болоод байна” хэмээн “Bridgewater Associates”-ийн Үүсгэн байгуулагч, алдарт хөрөнгө оруулагч Рэй Далио онцолжээ.

Хэт тэлэлт

Төсөв 5.1 их наяд төгрөгөөр тэлж байгаа нь инфляцыг тогтооход саад болж, мөнгөний бодлогын орон зайг хаахын зэрэгцээ иргэдийн худалдан авах чадварыг 5-7 хувиар бууруулахаар байна гэж шинжээчид дүгнэжээ. Мөн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 19.5 хувь, нийт зарлагын хэмжээг 19 хувиар тус тус нэмэгдүүлсэн байгаа нь 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцээгүй буюу төсвийн тогтвортой байдлын хуулийг зөрчсөн явдал болохыг ХҮН нам болон Монголын эдийн засгийн клубээс Төсвийн төсөлд өгөх дүгнэлт, зөвлөмждөө онцолсон байна.

Хугацаанаас нь өмнө төлнө

“Mongolian Mining Corporation” компани 2024 оны дөрөвдүгээр сард хугацаа нь дуусах товтой байсан бондынхоо эргэн төлөлтийг хугацаанаас нь өмнө буюу энэ оны 11 дүгээр сарын 8-нд төлөхөө зарлаад байна. Анх 2019 оны дөрөвдүгээр сард гаргаж байсан, 9.25 хувийн хүүтэй тус бондыг компани шинэ бондод хөрвүүлэн арилжих саналыг хөрөнгө оруулагчдадаа тавиад байв. Үүнтэй зэрэгцэн 2026 онд хугацаа нь дуусах, 12.5 хувийн хүүтэй шинэ бондоо Сингапурын биржид амжилттай гаргаад байгаа.

MMC-ийн хувьцааны ханш 2020 оны эхний улиралд буюу цар тахал дэгдэж эхэлсэн үед түүхэн доод цэгтээ хүрч байснаасаа хойш өдийг хүртэл 925 хувиар огцом өссөн үзүүлэлттэй байна.

Гадаад худалдаа

Энэ оны эхний есөн сарын байдлаар Монгол Улсын экспорт өндөр байж, гадаад худалдааны тэнцлийн ашиг 4.5 тэрбум ам.долларт хүрээд байна. Харин нийт бараа эргэлт 18 тэрбум ам.доллар болж, 2022 оны мөн үеийн түвшнийг давжээ.

Зах зээлийг донсолгов

Хамас зэвсэгт бүлэглэл Израилд гэнэт халдан довтолж, Ойрх Дорнодод дахин тогтворгүй байдал авчирсны дараа газрын тосны үнэ огцом өслөө. АНУ-д түүхий газрын тосны фьючерс 5.4 хүртэлх хувиар өсөж, баррель нь 86 ам.доллар даваад байна. Хэдийгээр дэлхийн газрын тосны нийлүүлэлтэд Израилын гүйцэтгэх үүрэг бага ч зөрчил хурцадсанаар АНУ, Ираныг татан оролцуулах эрсдэл бий. Зах зээл дэх нийлүүлэлтийн дутагдлыг Иран энэ онд нэмэлт экспортоороо нөхөж байсан тул хэрэв Америкийн Техранд тавьсан хориг өргөжвөл тус нийлүүлэлтэд саад учрах боломжтой юм.

Зэсийн магнат

БНХАУ-ын зэсийн арилжааны хамгийн том компаниудын нэг “Maike Metals”-ийн удирдлагууд компанийн үүсгэн байгуулагчтайгаа холбоо тасраад байгааг мэдээлжээ. Зэсийн арилжааны магнат Хэ Жиньбиг цагдаагийн байгууллага байцаалт авахаар саатуулсан байж болзошгүй гэж үзэж байгаа аж. “Maike Metals” нь Хятадын боловсруулсан зэсийн хамгийн том импортлогч байсан ч өнгөрсөн онд хөрвөх чадварын хямралын улмаас дампуурлын ирмэгт тулаад байсан юм.

Эрчүүдийг дэмжсээр…

Эмэгтэйчүүд ажлын байрандаа манлайлахыг хүсдэг ч ажил олгогчид эрэгтэй ажилтнуудаа дэмжих хандлага байсаар байна. "Meta"-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал асан Шерил Сандбергийн “LeanIn.org” болон “McKinsey & Co”-ийн хамтран гаргасан "Ажлын байран дахь эмэгтэйчүүд" тайланд дурдсанаар 2022 онд дунд шатны удирдах албан тушаалд дэвшсэн 100 эрэгтэй тутамд ердөө 87 эмэгтэй ижил түвшинд тушаал ахисан байна.

"Бид эрчүүдийн потенциалд итгэж албан тушаал ахиулдаг бол эмэгтэйчүүд ур чадвараа заавал нотолж харуулсан байх ёстой байдаг" гэж Шерил Сандберг ярилцлагадаа дурджээ.

BloombergTV.mn танд санал болгож байна

  • Европын Холбоо хиймэл оюун ухааны системд нэмэлт хязгаарлалт тавих төлөвлөгөөг дэмжлээ

  • Цалингийн тэгш бус байдлыг судалсан Клаудиа Голдин Эдийн засгийн салбарын Нобелийн шагнал хүртлээ

  • Нислэгүүд сэргэснээр цар тахлын өмнөх үеийн түвшинд хүрсэн ч шинэ сорилт тулгарч байна

Онцлох чарт

Сүүлийн таван жилийн хугацаанд Олон Улсын Валютын Сангаас Аргентин улсад нийт 43 тэрбум ам.долларын зээл олгож, бусад орнуудтай харьцуулахад хэд дахин өндөр дүнгээр дэмжсэн ч үр дүн нь тун тааруу байжээ. Ерөнхийлөгчийн сонгууль нь дөхөж буй эдгээр өдрүүдэд тус улсын инфляц 124 хувьд хүрч, эдийн засаг нь дахин гүн хямралд ороод байна. Өөрөөр хэлбэл ОУВС-ийн хамгийн сүүлд явуулсан тусламжийн хөтөлбөр өмнөх олон тохиолдлын нэгэн адил бүтэлгүйтжээ.