- Business newsletter
- Posts
- 2023/10/09
2023/10/09
Гурван өгүүлбэрээр
Есдүгээр сарын байдлаар инфляц 10.1 хувьтай гарлаа.
“TMK Energy” компани “Terra” хайгуулын талбайдаа 45 метрийн зузаантай хийтэй нүүрс илрүүлснээ мэдээлэв.
Экспортод гаргаж буй уул уурхайн гол бүтээгдэхүүнүүдийн нэг төмрийн баяжмалын арилжааг энэ дугаарт онцоллоо.
Баяжмал, баялаг боломж
Одоогоор 6 сая гаруй тн нүүрс цахимаар арилжаад байгаа Монголын хөрөнгийн бирж гангийн үйлдвэрлэлийн дараагийн үндсэн орц болох төмрийн хүдрийн баяжмалын арилжааг мөн эхлүүлээд байна. Тэгвэл арилжаа эхлээд хэдий сар хүрээгүй байгаа ч үнийн болон тоо хэмжээний хувьд томоохон ахиц гарчээ.
Нийлүүлэлт чухал
МХБ есдүгээр сарын 15-нд төмрийн баяжмалын арилжааг эхлүүлж, өнгөрсөн долоо хоногийн байдлаар “Монголросцветмет ТӨҮГ” болон "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХК-ийн нийт 113,400 тонн төмрийн баяжмал арилжаад байна. Мөн анхны арилжааны нийлүүлэлт 10 дугаар сарын 4-ний өдрөөс эхэлж, “Монголросцветмет”-ийн худалдсан эхний 100 вагон баяжмал БНХАУ-ын Эрээн боомт руу төмөр замын тээвэрлэлтэд гарчээ.
Төмрийн хүдэр, баяжмалаа 100 хувь БНХАУ-д экспортолдог Монгол Улс энэ онд нийт 8.4 сая тонныг гаргахаар төлөвлөөд байгаа. Тэгвэл оны эхний найман сарын байдлаар 3.6 сая тонныг гаргасан нь өнгөрсөн оны мөн үеэс 37.6 хувиар өссөн үзүүлэлт болохыг УУХҮЯ мэдээлсэн.
Үнийн сорилт ба төлөв
Арилжаа эхэлснээс хойш дуудлага худалдааны биелсэн үнэ худалдагчаас санал болгосон үнээс 10-50 хүртэл хувиар өссөнийг МХБ онцолж байна. Хэдий тийм боловч одоо гаргаж буй 58 болон 65 хувийн агууламжтай баяжмалын биелсэн үнэ олон улсын ханшнаас аль аль нь 20 гаруй хувиар доогуур байгаа юм. Ерөнхийдөө сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол улсын экспортолсон төмрийн хүдэр, баяжмалын дундаж үнэ тонн нь 72 ам.доллар орчим байжээ.
Нэгэнт биржээр арилжаалж эхэлж байгаа учраас бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлийн үнэ ханшид ойртуулж, эхний ээлжид баяжмалын чанарыг дундчилах замаар үнэлгээг нь өсгөхөд анхаарах шаардлагатайг мэргэжилтнүүд онцолж байлаа.
БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын хямрал гангийн үйлдвэрлэлд нь дарамт болж буй ч тус улсыг чиглэсэн төмрийн хүдрийн үнэ болон биет хэмжээ харьцангуй тогтвортой хэвээр байна. Тухайлбал Сингапурын бирж дэх жишиг үнэ өнгөрсөн улиралд 10 гаруй хувиар өсөж, тонн нь 115 ам.доллар орчимд арилжаалагдаж байсан нь оны эхэнтэй харьцуулбал үл ялиг буурсан үзүүлэлт аж.
Ирэх онд БНХАУ-ын төлөвлөсөн дэд бүтцийн зарцуулалтууд хийгдэж, мөн цахилгаан автомашины борлуулалт өсөх төлөвтэй нь гангийн үйлдвэрлэлд эергээр нөлөөлнө гэж "Moody's" таамаглажээ.
Үйлдвэрлэл, нөөц
Эхний найман сарын байдлаар Монгол Улс 1.5 сая тонн төмрийн хүдрийн баяжмал үйлдвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 8.5 хувиар өссөн үзүүлэлт аж.
Байр суурь
“Гурвантэс XXXV төслийн талбайд хийн урсгалыг бий болгоод хоёр сарын хугацаа өнгөрч байна. Гурван цооног тус бүрээс гарах хийг бамбардаж, хийн хэмжилтийг хийж байна. Энэ бол өргөтгөсөн үйлдвэрлэлийн туршилт учраас зургаан сар орчмын хугацаанд үргэлжилнэ. Өргөн хүрээнд авч үзвэл Монгол Улсад эрчим хүчний аюулгүй, найдвартай, бие даасан байдлын хувьд хэд хэдэн асуудлууд байгаа. Урт хугацаандаа байгалийн хий эдгээр асуудлыг шийдвэрлэхэд томоохон үүрэг гүйцэтгэх болов уу. TMK тэрхүү шийдлийнх нь нэгээхэн хэсэг байхыг зорьж байна" хэмээн “TMK Energy” компанийн Гүйцэтгэх захирал Брендан Статс "Bloomberg TV Mongolia"-д ярилцлага өгөхдөө онцлов.
TMK ба Terra
“TMK Energy” компани “Terra” хайгуулын талбайдаа 45 метрийн зузаантай хийтэй нүүрс илрүүлснээ шинэ тайландаа мэдээлжээ. “Нарийн сухайт” хайгуулын бүсээс 100 км-ийн зайд байрлах “Terra” хайгуулын хөтөлбөрийн хүрээнд өрөмдөх цооногийн тоог 4 болгож нэмэхээр байгааг мөн онцолсон байна. Тус компани Монголд коксжих болон эрчим хүчний нүүрсний уурхайн төсөл эзэмшдэг “Terra Energy”-тэй хайгуулын хамтын ажиллагааны гэрээ байгуулаад байгаа юм.
Инфляц 2 оронтой тоонд
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ есдүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 10.1 хувиар өссөн үзүүлэлттэй гарснаар энэ оны долоодугаар сарыг эс тооцвол инфляц 22 дахь сардаа хоёр оронтой тоонд хадгалагдаж байна. Инфляцын 4.6 нэгж хувь нь хүнсний бараа, ундаа усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан бол 3.5 нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсныг ҮСХ онцолжээ.
Цаашид инфляц алгуур буурах хандлага үргэлжлэх боловч эдийн засгийн идэвхжил, төсвийн зардал, тэр дундаа төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлсэн нөлөөгөөр эрэлтийн шалтгаантай инфляц өмнөх төсөөллөөс нэмэгдэхээр байгааг Монголбанк онцолж байв.
Дайн
Хамас зэвсэгт бүлэглэлийн Израилын өмнөд хэсэгт хийсэн гэнэтийн халдлагын улмаас амиа алдагсдын тоо 1,100-д хүрээд байна. Тус бүлэглэлд дайн зарлаад буй Израил улс тулааны гурав дахь өдрийн байдлаар зарим бүсэд хяналтаа дахин тогтоож чаджээ. АНУ-ын зүгээс нисэх онгоц тээвэрлэгч хөлгийн бие бүрэлдэхүүнээ Газар дундын тэнгисийн зүүн хэсэг рүү шилжүүлсний зэрэгцээ тус бүс нутагт нэмэлтээр сөнөөгч онгоцны эскадрилууд илгээх болсноо зарласан байна.
Үүнээс гадна Ираны батлан хамгаалахын албаныхан сүүлийн хэдэн сарын турш Хамастай уулзалт зохион байгуулж, халдлагыг төлөвлөхөд нь тусалсныг “Wall Street Journal” мэдээлжээ.
Газрын тосны зах зээлд
Ойрх Дорнодын нөхцөл байдлыг тогтворгүйжүүлэх эрсдэл учруулсан дээрх халдлагын дараа газрын тосны үнэ 5 хувиар өсжээ. Мөн зах зээлийг хөдөлгөсөн экспортын хоригийг зарласнаасаа хойш хэдхэн долоо хоногийн дараа ОХУ далайгаар тээвэрлэх дизель түлшний экспортоо хэвийн үргэлжлүүлэх шийдвэрийг гаргаад байгаа. Гэхдээ далайн боомтуудад зөвхөн дамжуулах хоолойгоор хүргэсэн түлшийг экспортод гаргах боломжтойг тус улсын Засгийн газар "Telegram" хаягаараа дамжуулан мэдээлсэн байна.
Алтан долоо хоног
БНХАУ-ын “Алтан долоо хоног” буюу улс тунхагласны баярын өдрүүд дэх дотоодын аялал жуулчлалын орлого жилийн дүнгээр огцом өссөн боловч цар тахлын өмнөх түвшнээсээ үл ялиг илүү гарсан нь хэрэглэгчийн сул зарцуулалт тус улсын эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлсөн хэвээр буйг харуулжээ. Найман өдөр үргэлжилдэг баярын амралтаар аялал жуулчлалын орлого 103 тэрбум ам.долларт хүрсэн нь 2019 оны түвшнээс 1.5 хувь өссөн үзүүлэлт болсон байна.
Тагнуулчдын туннель
Жэймс Бондыг бүтээх сэдлийг анх өгсөн тагнуулчдын нэгэн цагт ашиглаж байсан газар доорх хонгилуудыг хөрөнгө оруулалтын сангийн нэгэн магнат худалдан авч, 269 сая ам.долларын өртгөөр жуулчдыг татах дурсгалт газар болгож хувиргахаар төлөвлөжээ.
“Macquarie Group”-ийг өмнө нь тэргүүлж байсан австрали гаралтай Ангус Муррэй хэмээх эрхэм Лондон хотын төв хэсэгт орших тэдгээр туннелуудыг худалдан авах хэлцэл хийж, дөрвөн жилийн хугацаанд засварлан шинэчлэх стратеги боловсруулсан бөгөөд “London Eye алсыг харагчаас дутахгүй том бэлгэ тэмдэг болгоно” гэжээ.
Энэ 7 хоногт анхаарч байх үйл явдлууд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНФУ-д Төрийн айлчлалаа эхлүүлнэ.
“Уул уурхайн 7 хоног 2023” арга хэмжээ зохион байгуулагдана.
Дотоодын аялал жуулчлал болон гадаад худалдааны статистик 12-нд, аж үйлдвэрийн болон үйлчилгээний салбарын тоон мэдээллүүд 13-нд гарна.
Citigroup, JPMorgan, Wells Fargo, Blackrock зэрэг томоохон банкнуудын III улирлын тайлан гарна.
Онцлох чарт
1.17 их наяд ам.доллароор үнэлэгдэх дэлхийн агаарын тээврийн салбарын суудал дүүргэлт эцэст нь энэ долоо хоногт 2019 оны түвшиндээ эргэн хүрэхээр байгааг “Cirium” судалгааны компани тооцоолжээ.