2023/10/06

Гурван өгүүлбэрээр

  1. Цахилгаан автомашины шилжилтэд Хятадыг гүйцэх Өрнөдийн хүчин чармайлт нэлээд өндөр төлөөстэй байх нь.

  2. Байр суурь: МХБ дээр одоогоор short арилжаа байхгүй байгаа. Ойрын 3-5 жилдээ нэвтрүүлэх ёстой бүтээгдэхүүн.

  3. Citigroup БНХАУ-ын энэ оны ДНБ-ий өсөлтийн төсөөллөө 5% болгож нэмэгдүүллээ.

Эвдэхэд хэцүү ноёрхол

Цахилгаан автомашины шилжилтэд БНХАУ хол илүү давамгайлж буй нь тус улсын АНУ, Европын эсрэг геополитикийн зөрчлийн ээлжит нэг эх үүсвэр болоод байна. Өрнөдийн эрх баригчдад энэхүү хамааралтай байдал удаан үргэлжлэхээс зайлсхийж, Хятадыг гүйцэх хүчин чармайлт нь нэлээд өндөр төлөөстэй байх нь.

Батарейн эзэнт гүрэн

Цэнэг хураагуурын хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангах, эсвэл ядаж Хятадаас арай бага хамааралтай болоход хэр хэцүү болох нь BloombergNEF-ийн гаргасан аж үйлдвэрийн дата мэдээллээс харагдаж байна. Азийн хамгийн том эдийн засагтай тус улс цэнэг хураагуурын үйлдвэрлэлийг бүх шатанд нь “базаж”, дэлхийн авто үйлдвэрлэгчдийг аль ч үед хятад түншүүдээс хамааралтай болгожээ.

Хятадын цэнэг хураагуур үйлдвэрлэгчид дэлхий даяар нэгж батарейн нийлүүлэлтийн 80 хувийг хангахын зэрэгцээ үүнийг дэмжих олборлолт, боловсруулалтын сүлжээг дотооддоо улам тэлж байна.

Бүх шатанд Хятад

Графитийг эс тооцвол түүхий эдийн олборлолт нь БНХАУ-ын давамгайлал хамгийн бага байдаг талбар. Гэхдээ тус улс Африкийн литийн уурхайнууд, Индонезын никель олборлогчдод чиглэсэн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж буйг дурдах хэрэгтэй.

Дараагийн үе шат болох боловсруулалтын талбарт Хятадын олон жилийн туршлага, чадамж бий учраас ноёрхлыг нь эвдэхэд бүр ч хэцүү. Тус улсад дэлхийн литийн боловсруулалтын талаас илүү хувь, графитын 70 хувь, никелийн 30 гаруй хувь ногдож байгааг Олон улсын Эрчим хүчний агентлаг мэдээлжээ.

Цэнэг хураагуурын нэн чухал эд ангиудын үйлдвэрлэлийн хүчин чадлаараа БНХАУ мөн л гайхуулдаг. Дэлхийн хэмжээнд катодын үйлдвэрлэлийн хүчин чадлын 70 хувь, анодын 80 хувийг Хятад эзлэхээс гадна нийт лити-ион батарейн ¾-ыг хятадууд, тэр дундаа CATL, BYD гэсэн хоёр компани үйлдвэрлэж байна.

Өртөг бага

Цахилгаан автомашины зах зээлийг БНХАУ эзэгнэсний шалтгаан нь тус улс автомашиныг “үндэслэлгүй бага” үнээр зардагтай холбоотой гэж Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен хэлж байв.

Хятадад багц цэнэг хураагуурын үйлдвэрлэлийн өртөг кВт/цаг тутамдаа 127 ам.доллар байхад Хойд Америк, Европт энэ үнэ 24 болон 33 хувиар тус тус илүү байгааг BNEF тооцоолжээ. Мөн лити-төмөр-фосфат (LFP) батарейн ганцхан үйлдвэр барих зардал АНУ болон ХБНГУ-д 865 сая ам.доллар хүрэх бол барилгын ажил, хөдөлмөрийн зардал багатай БНХАУ-д 650 сая ам.доллар байдаг аж.

Өрсөлдөөн үргэлжилнэ

Европын Холбоо өнгөрсөн сард Хятадын цахилгаан автомашины үйлдвэрлэл дэх төрийн татаасд шалгалт явуулж, улмаар тус улсын автомашины импортын тарифыг нэмэгдүүлж болзошгүй болсон нь Бээжингийн шийдэмгий хариу үйлдлийг өдөөх магадлал өндөр.

Ямартаа ч барууны орнууд Хятадаас хамааралтай байдлаа бууруулахаар зорьж, харин БНХАУ энэ салбар дахь ноёрхлоо улам бэхжүүлэхээр зүтгэж буй нь цахилгаан автомашины инновацын хил хязгаарыг тэлж, салбарын хөрөнгө оруулалтыг ч нэмэгдүүлж байна.

Байр суурь

“Short арилжаа гэдэг нь богино позиц. Хувьцаа гэлтгүй валют болон бусад активуудын ханшийн уналтаас ашиг хийдэг арилжааны хэлбэр. МХБ дээр одоогоор ийм бүтээгдэхүүн байхгүй байгаа. Ойрын 3-5 жилдээ ямар нэг байдлаар нэвтрүүлэх ёстой бүтээгдэхүүн. Эхлээд мэргэжлийн сангуудад эрхийг нь өгч болно. Хувьцааны үнийг бодитой түвшинд аваачихад short арилжаа чухал нөлөө үзүүлдэг. Short арилжаачдын хувьд мэдээлэлд хамгийн ойр, мэргэжлийн хүмүүс байдаг.

Мөн дотоодын ХК-иуд хувьцаагаа анхаарахаа больсон. Тэгвэл хувьцаанд нь short арилжаа хийгээд эхлэхээр тухайн компаниуд хувьцаандаа анхаарч эхэлнэ. Буруу мэдээлэл гарвал хөрөнгө оруулагчдадаа зөв мэдээлэл өгч эхэлнэ, мөн амбицаа ярьж эхэлнэ. Short арилжаа гэдэг нь ахисан түвшний зүйл. Үүнээс өмнө ядаж форвард, фьючерсийг нэвтрүүлчих хэрэгтэй" хэмээн “Tи Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн Дэд захирал Г.Энхбат "Medeenomics Podcast"-д ярихдаа онцлов.

“Short" арилжааны давуу ба сул талуудын талаар сонирхолтой яриа өрнүүлсэн "Medeenomics" подкастын шинэ дугаарыг ЭНД дарж сонсоорой.

Дэлхийн банкны төсөөлөл

Дэлхийн банк Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төсөөллөө өмнөх төсөөллөөс ялимгүй бууруулж, 2023 онд 5.1 хувиар, 2024 онд 6.1 хувиар өснө гэж тооцоолжээ. ОУВС мөн ирэх оны төсөөллөө бууруулж, 4.5 хувь болгосон нь олон улсын томоохон байгууллагуудаас хамгийн пессимист төсөөлөл болсон бол 7.5 хувиар өснө гэж үзсэн Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төсөөлөл хамгийн өөдрөг нь болж болж байна.

АХБ-ны зээл

Азийн Хөгжлийн Банк Монгол Улсын төсөв, санхүү, эдийн засгийн эрсдэл даах чадварыг сайжруулах 100 сая ам.долларын зээл баталлаа. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд татварын орлого төвлөрүүлэлт болон өрийн удирдлагыг сайжруулах, банкны салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх, эдийн засгийн хөгжилд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн шинэчлэлүүдийг тус тус дэмжихээр тусгажээ.

Кофены зах зээл өснө

Өдгөө 35 гаруй тэрбум ам.доллароор хэмжигдэж буй дэлхийн кофены зах зээл ирэх жилүүдэд тогтвортой өсөлтөө хадгалж, жилд дунджаар 6.9 хувиар өссөнөөр 2030 он гэхэд 60.5 тэрбум ам.долларт хүрэхээр байгааг "Growth Market Reports"-ийн өнгөрсөн онд хэвлүүлсэн судалгаа харуулжээ. Бүх насны бүлэгт кофены хэрэглээ улам нэмэгдэж, хөгжиж буй орнууд дахь үрийн тариалалт өсөж, мөн кофены брэндүүд, кофе шоп, кафенуудын тоо, төрөл улам тэлж буй нь үүнд нөлөөлөхөөр байна.

Ирэх оноос үнэ буурна

Инфляц, тааруу ургац давхацсаны нөлөөгөөр өнгөрсөн онд сүүлийн арван жилийн дээд түвшиндээ хүрээд байсан арабика сортын кофены үнэ сүүлийн саруудад эргэн буурсан ч хэрэглэгчдэд очих эцсийн бүтээгдэхүүн үнэтэй хэвээр байгаа. Тэгвэл ирэх жилээс зах зээлийн үнийн бууралт, хэрэглэгчийн төлөх үнэ хоорондын ялгаа арилах учраас аяга кофены үнэ буурна гэсэн хүлээлттэй байж болохыг Италийн кофе үйлдвэрлэгч "Luigi Lavazza" компани онцолжээ.

Шинэхэн Coffee Fellows /Sponsored/

Ази, Европ даяар 240 гаруй салбартай Германы алдарт "Coffee Fellows" кофе шопын Монгол дахь шинэ салбар Централ тауэрын III давхарт нээгдлээ. Тус брэнд нь дээд зэрэглэлийн кофены үр хэрэглэж, чанараараа эрс ялгардаг кофе нэрэхийн зэрэгцээ үйлчлүүлэгчдэд гэртээ байгаа мэт мэдрэмж төрүүлэх тав тухтай орчин бүрдүүлж, байгальд бүрэн задардаг кофены аяга, таг, соруулаар үйлчилдэг гэдгээрээ хэрэглэгчдийн талархлыг хүлээдэг.

Улаанбаатар хотод “Шангри Ла” молл, Сөүлийн гудамж, “Голден будда” худалдааны төвд салбаруудтай тус брэнд ийнхүү дөрөв дэх салбараа нээж байна.

Багануур дахь асуудлууд

Монгол Улсын эрчим хүчний системийн 60 хувийг нүүрсээр хангадаг “Багануур” ХК сүүлийн жилүүдэд тогтмол алдагдалтай ажилласнаар эхний хагас жилийн байдлаар нийт хуримтлагдсан өр төлбөр нь 230.1 тэрбум төгрөг хүрчээ. Компани 2022 онд 33.6 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан бол 2023 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 15.5 тэрбум төгрөгийн алдагдал хүлээхээр байна.

"Техникийн насжилт нь 30-аас дээш жил болсон учир хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдахгүй байна. Иймд ажилчид өөр ажлын байр руу шилжиж байгаа нь ажиллах хүчний хомсдол үүсгэж байна” гэж “Багануур” ХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны дарга Д.Жавхлан онцолжээ.

Маск ба мөрдлөг

АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо "Tesla"-ийн Гүйцэтгэх захирал Илон Маскийг 2022 онд “Twitter” буюу одоо “X” нэртэй болсон нийгмийн сүлжээг худалдан авахдаа Үнэт цаасны хуулийг зөрчсөн эсэхийг тогтоохын тулд түүнийг мөрдөн шалгахаар шүүхэд ханджээ.

Өнгөрсөн сард тэрбээр Сан-Францискод байцаалт өгөхөөр дуудагдсан ч ирээгүй болохыг тус хорооноос мэдэгдсэн. Харин Илон Маскийн хуульч түүнийг маш олон удаа байцаагдсан, “одоо хангалттай” хэмээн хариу мэдэгдэл хийсэн байна.

Газрын тосны галзуу хулгана

Бодлогын хүү өсөж, дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч байгаа нь хэрэглээг бууруулж болзошгүй гэсэн болгоомжлолоос үүдэн газрын тосны үнийн уналт үргэлжиллээ. Өмнөх өдөр газрын тосны үнэ сүүлийн нэг жил гаруйн хамгийн огцом дүнгээр унаад байв. Тэр дундаа WTI төрлийн газрын тосны үнэ баррель нь 83 ам.доллараас доош унаж, долоодугаар сараас хойш анх удаагаа 50 хоногийн дундаж ханшаасаа доош буусан байна.

Зорилтдоо хүрнэ

“Citigroup”-ийн шинжээчид БНХАУ-ын энэ оны дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн төсөөллөө таван хувь болгож нэмэгдүүллээ. Үүнээс өмнө 4.7 хувиар өснө гэж таамаглаж байсан юм. Сүүлийн байдлаар танилцуулагдаад буй тус улсын макро эдийн засгийн үзүүлэлтүүд сайн гарсан нь БНХАУ энэ оны өсөлтийн зорилтдоо хүрч чадна гэж үзжээ. Ялангуяа жижиглэн худалдаа болон аж үйлдвэрлэл сэргэх төлөвтэй байгааг “Citigroup”-ийн шинжээчид онцолж байна.

Л.Хамилтоны Mercedes

“Formula One” уралдаанд хамгийн анх түрүүлэхдээ Луйс Хамилтоны хөлөглөж байсан “Mercedes” автомашиныг 11 дүгээр сарын 17-нд Лас Вегаст болох “Sotheby’s”-ийн дуудлага худалдаагаар зарахаар болжээ.

“W04" нэртэй тус автомашиныг Луйс Хамилтон 2013 онд Унгарын Гран Прид түрүүлэхдээ унаж байсан юм. “Mercedes”-ийн Гүйцэтгэх захирал, Тото Волфын ч тэр, Луй Хамилтоны ч тэр эзэмшилд байдаггүй уг хөлөг нь “Mercedes"-ийн үйлдвэрлэсэн орчин цагийн цорын ганц F1-ийн хөлөг болохыг “Sotheby’s” онцолсон. Харин үнэ нь 10-15 сая ам.долларт хүрнэ гэж тооцоолжээ.

BloombergTV.mn танд санал болгож байна

  • Taнсаг брэндүүдийн хувьцаа энэ оны өсөлтийнхөө үлэмж хэсгийг алдав

  • Тайванийн компаниуд БНХАУ-ын чипийн үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэмжиж байна

Онцлох чарт

Монголын уул уурхайн салбарын гарц эргэн эрчимтэй сэргэж эхэлсэн нь дотоодын банкнуудын үйл ажиллагаанд эергээр нөлөөлөхөөр байна гэж “Fitch Ratings” агентлаг үзсэн байна.

Томоохон банкнууд IPO хийхдээ капитал хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлсэн нь өсөлтөд дэмжлэг болно гэж дүгнэсэн боловч эрчимтэй өсөлтийн мөчлөгийн үед банкнууд эрсдэлээ удирдах нь чухал байна гэж дурджээ.