2023/10/05

Гурван өгүүлбэрээр

  1. Монгол Улс төсвийн сахилга батыг чанд мөрдсөнөөр эдийн засгийн тогтвортой байдлаа хангаж чадахыг ОУВС сануулав.

  2. Робот үйлдвэрлэгч “Doosan Robotics” БНСУ-ын энэ оны хамгийн том IPO-г хийлээ.

  3. Хямралд ороод буй “Evergrande” компанийн хувьцааны ханш 2017 онд хүрч байсан оргил түвшнээсээ 99 хувиар буурчээ.

ОУВС-ийн зөвлөмж

Олон улсын валютын сан Дүрмийн IV заалтынхаа дагуу Монгол Улсын нийгэм, эдийн засгийн төлөвийг дүгнэж, анхаарах асуудлууд, бодлогын зөвлөмжүүдийг нэгтгэн танилцуулав.

Даржин төсөөлөл

Ээлжит тайландаа ОУВС Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 2024 онд 4.5 хувь байна хэмээн тооцоолжээ. Сүүлд Европын Сэргээн босголт, хөгжлийн банк 7.5 хувиар, Сангийн яам 7 хувиар өснө гэж үзсэнтэй харьцуулбал ОУВС-ийн төсөөлөл нэлээн пессимист байгаа юм. Харин 2023 онд өсөлт тогтвортой хадгалагдаж, 5.5 хувьтай гарахад уул уурхайн идэвхтэй үйл ажиллагаа, төсвийн тэлэлт дэм болно гэжээ.

Түүнчлэн 2027 он хүртэлх хугацаанд зэсийн болон нүүрсний үнэ өнөөгийн түвшнээсээ төдийлөн том өөрчлөлтгүй, харьцангуй тогтвортой байна гэсэн төсөөллийг хийсэн байна.

Гадаад шокт эмзэг

Мөчлөгийн шинжтэй төсвийн тэлэлт нь эхэндээ өсөлтийг дэмжих төлөвтэй ч цаашид төсвийн бодлого өөрчлөгдөхгүй байснаар дунд хугацаандаа инфляц дахин өдөөгдөж, Монголбанкны зорилтот түвшнээс дээгүүр хадгалагдахын зэрэгцээ гадаад хүчин зүйлс дахин дарамт болж магадгүйг ОУВС анхааруулж байна. Эдгээр нь 2024 оноос хойш уул уурхайн бус салбар болон өсөлтийн ерөнхий төлөвт ихээр нөлөөлөхөөр байгаа аж.

Төсвийн чанга бодлого хэрэгжүүлэхгүй бол төсвийн тэнцлийн үзүүлэлт 2024 онд улам муудаж, ЗГ-ын өрийн хэмжээг нэмэгдүүлэн, Монгол Улсын эдийн засгийн тогтворжилтод эрсдэл учруулна гэж үзсэн байна.

ОУВС-ийн дүгнэснээр эдийн засгийн суурь төлөвтэй холбогдох эрсдэлүүд ерөнхийдөө сөрөг тал руу хэвийж байгаа аж. Гадаад өр өндөр, гадны эрсдэлээс хамгаалах нөөц хязгаарлагдмал, импорт болон түүхий эдийн экспортоос хамааралтай байдал нь Монгол Улсыг аливаа гадаад шокийн нөлөөнд эмзэг болгож байгааг онцолжээ.

Төсөв, төсөв, төсөв…

Өндөр үнээр олж авсан эдийн засгийн тогтворжилтыг цаашид хадгалахын тулд төсвийн тогтвортой байдал, сахилга батыг чанд дагаж мөрдөх нь нэн чухал болохыг ОУВС анхааруулсан байна. Тиймээс төсвийн реформ хийх замаар макро эдийн засгийн болон гадаад сөрөг нөлөөллийг бууруулж, өрийн динамикaa сайжруулах боломжтой хэмээн зөвлөжээ.

Байр суурь

“Монголд бизнесүүдийн 60-70 хувь нь бүтээгдэхүүнээ бодит хэрэглэгчдэд туршилгүйгээр шууд лангуун дээр тавьж, эрсдэл гаргадаг хэвээр байна. Брэндийг нэг л удаа танилцуулах учраас сайн байх ёстой. Үүний тулд 7 үе шат бүхий бизнес хөгжүүлэлтийн процессоор дамждаг. Манайд энэ процесс байхгүй, эсвэл дутуу байгаа учраас Монголын брэндүүдийн өрсөлдөх чадвар дэлхийд муу байна. Дэлхийн зах зээлд компаниуд бүтээгдэхүүнээрээ өрсөлддөггүй, харин бизнесээ хөгжүүлэх процессыг хэр чадамгай гүйцэтгэж байгаагаараа өрсөлддөг” хэмээн MMCG-ийн Гүйцэтгэх захирал Д.Бум-Эрдэнэ Bloomberg TV Mongolia-д ярилцлага өгөхдөө онцлов.

ГВАН нэмэгдсээр

Есдүгээр сарын эцсийн байдлаар Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4.124 тэрбум ам.доллар боллоо. Ингэснээр ГВАН оны эхнээс 21.32 хувиар, өмнөх оны мөн үеэс 47.59 хувиар өссөнөөр сүүлийн таван сар дараалан жилийн өсөлт нь 20-48 хувийн хооронд хадгалагдаж байна.

“Хармагтай”-н ахиц

“Xanadu Mines” компани БНХАУ-ын “Zijin Mining Group”-тэй хамтран хэрэгжүүлж буй зэс, алтны Хармагтай төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг дэмжих 48 мянган метр гүнтэй өрөмдлөг гүйцэтгэсэн болохоо мэдэгдлээ. Тус компани төслийн урьдчилсан ТЭЗҮ болон хайгуулын ажлыг дуусгах чиглэлд 35 сая ам.долларын санхүүжилт босгож байгаа бөгөөд 2024 оны санхүүгийн жилийн IV улиралд олборлолт хийж эхлэхээр төлөвлөжээ.

Ус ашиглалт

2022 оны байдлаар усны нөөцийг хамгийн их ашигладаг 10 компанийг Усны газраас нэрлэлээ. Улаанбаатар хотын УСУГ, Эрдэнэт үйлдвэр, Оюутолгой, ДЦС III болон IV, Багануур ХК тэргүүтэй 10 байгууллагын ашигласан усны нийт хэмжээ 112.4 сая метр куб буюу нийт ашигласан усны 20 хувийг эзэлсэн байна. Эдгээр байгууллагууд ашиглаж буй усныхаа ердөө 1 хувийг хэмнэхэд улсын хэмжээнд мэдэгдэхүйц хэмнэлт бий болно хэмээн онцолжээ.

Робот мастерын IPO

“Doosan Robotics” компани БНСУ-д энэ оны хамгийн том IPO хийж, Сөүлийн бирж дээр эхний өдрөө 309 сая ам.доллар татан төвлөрүүлсний дараа хувьцааны ханш нь хоёр дахин өслөө. Робот үйлдвэрлэгч тус компанийн хувьцааны ханш пүрэв гарагийн арилжаагаар 160 хүртэлх хувиар өсөж, нэгж нь 67,600 вонд хүрчээ.

Компанийн энэхүү амжилт БНСУ-ын өндөр хөгжсөн технологийн салбарыг хөрөнгө оруулагчид ихээр сонирхож буйг илтгэлээ. Тус улс роботыг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байдлаараа дэлхийд тэргүүлдэг бөгөөд үйлдвэрийн арван ажилчин тус бүрд нэг робот ногддог байна.

2015 онд байгуулагдсан “Doosan Robotics” компани зөвхөн үйлдвэр бус бусад талбарт ч хүнтэй зэрэгцэн ажиллах робот гаруудыг дагнан бүтээдэг аж. Тухайлбал кофе найруулах, тахиа шарах, шар айраг аягалах, онгоцны буудал дээр тээш өргөх зэрэг олон төрлийн үйлчилгээнд тус компанийн роботууд дайчлагддаг байна.

Хорсол, тохуурхал

"Apple" компани Энэтхэгт үйлдвэрлэсэн "iPhone 15" гар утсыг дотоодын зах зээлд нь анхлан борлуулж эхэлсний дараа Хятадын сошиал сүлжээнд тохуурхсан өнгө аястай, үндсэрхэг үзэл шингэсэн постууд нэлээд газар авах болжээ. Голчлон "Weibo" платформд тархаж буй тэдгээр ташаа мэдээллийн нэг жишээ нь Европын хэрэглэгчид Энэтхэгт үйлдвэрлэсэн iPhone-ийг чанар муутай хэмээн голох болсон тул Хятадад үйлдвэрлэсэн хувилбараар нь сольж өгч байгаа гэх мэдээ аж.

3 тивийн 6 улсад

2030 оны хөлбөмбөгийн ДАШТ нэлээд өвөрмөц байдлаар буюу Европ, Африк, Өмнөд Африк тивийн зургаан улсад зохион байгуулагдахаар боллоо. Испани, Португал, Марокко улсууд дээр Өмнөд Америкийн Аргентин, Парагвай, Уругвай улсуудыг гэнэтийн байдлаар нэмж, 100 жилийн ойгоо тэмдэглэх тус ДАШТ-ийн нээлтийн тоглолтыг Уругвайд хийхээр болжээ.

“Prada” сарыг зорино

Удахгүй сар руу нисэх NASA-ийн сансрын нисэгчид “Prada”-ийн хувцсаар гангарахаар болжээ. Италийн тансаг загварын брэнд “Prada” 2025 онд хийхээр төлөвлөж буй NASA-ийн “Artemis III” хөтөлбөрт ашиглагдах дараагийн үеийн сансрын хувцсыг зохион бүтээхээр “Axiom Space” компанитай хамтран ажиллаж байна.

1972 оноос хойш анх удаа сар руу хүн илгээх “Artemis III” хөтөлбөр нь багтаа эмэгтэй гишүүн багтааснаараа онцлог болж байгаа.

BloombergTV.mn танд санал болгож байна

  • “Meta” зар сурталчилгааны салбарт хиймэл оюуны үйлчилгээ нэвтрүүллээ

  • Гэрлийн мөн чанарыг судалсан эрдэмтэд физикийн салбарын Нобелийн шагнал хүртлээ

Онцлох чарт

Үүсгэн байгуулагч нь хоригдож, хямралд ороод байгаа БНХАУ-ын “Evergrande” компанийн хувьцааны ханш 2017 онд хүрч байсан оргил түвшнээсээ 99 хувиар буурсан үзүүлэлттэй байна.