2023/10/04

Гурван өгүүлбэрээр

  1. Ирэх онд нүүрсний экспортын биет хэмжээг 60 сая тоннд хүргэхээр төсөвт тусгав. Энэ зорилт биелэх боломжтой эсэхийг энэ дугаарт онцоллоо.

  2. АНУ-ын БНН-ын улс төрч Кевин Маккарти Конгрессын Төлөөлөгчдийн танхимын даргын албан тушаалаас огцорлоо.

  3. Олимпын наадам дөхөж, Парисын зочид буудлуудын захиалгын үнэ аль хэдийн 3.5 дахин өсөөд байна.

Сонгуультай жилийн төсөв

Монгол Улсын экспортын үзүүлэлтийг жинтэй хөдөлгөдөг ганц хүчин зүйл болох нүүрсний экспорт 2024 он буюу сонгуультай жилд төсвийн орлого бүрдэхэд голлох үүрэгтэй байх нь.

60 сая тонн

2024 онд Монгол Улсын нүүрсний экспортын биет хэмжээг 60 сая тоннд хүргэхээр ирэх оны төсөвт тусгав. Үүнд тулгуурлан ирэх онд уул уурхайн салбарын нийт орлого 8 их наяд төгрөгт хүрч, төсвийн нийт орлогын 29 орчим хувийг бүрдүүлнэ гэж үзжээ.

Харин энэ онд 50 сая тонн буюу түүхэн дээд хэмжээгээр нүүрс экспортолно гэж төсвийн тодотголоор батлаад байгаа. Оны эхний найман сарын байдлаар 41 сая тонныг экспортолсноос харвал энэ зорилтыг биелүүлэх боломж харагдаж байна.

Биелэх боломжтой

Төсвийн орлогыг 2023 оныхоос 21 гаруй хувиар нэмэгдүүлж тусгасан нь ерөнхийдөө нүүрсний экспортын үнэ, хэмжээ энэ жилийн өндөр түвшиндээ хадгалагдана гэдэгт мөрийцсөн хэрэг болж байна. Цор ганц худалдан авагч БНХАУ-ын нүүрсний импорт болон дотоодын олборлолтын хэмжээ аль аль нь наймдугаар сард рекорд дээд түвшиндээ хүрсэн юм.

Хэдийгээр БНХАУ нь Австрали, ОХУ зэрэг орнуудаас өндөр чанартай нүүрсний импортоо нэмэгдүүлж буй ч бусад орнуудтай харьцуулбал Монгол Улсын нүүрсний экспорт өсөлтөөрөө хол тэргүүлж байгаа юм. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа тэлж, мөн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадал, автоматжуулалт сайжирна гэж үзвэл нүүрсний экспорт ирэх онд үргэлжлүүлэн өснө гэж таамаглах үндэслэл бий. Гэвч зах зээл үргэлж нэг хэвээрээ байдаггүйг санах хэрэгтэй.

Баттай сөрөг нөлөө

Дээрх өөдрөг төсөөллүүд нь сонгууль угтсан төсвийн тэлэлтийн үетэй давхцаж байна. 2024 оны төсөв өмнөх жилээсээ 5 их наяд төгрөгөөр тэлж, алдагдал ДНБ-ий 2.8 хувьтай тэнцэхээр тусгасан. Хүүхдийн мөнгө, Төрийн албан хаагчдын урамшуулал, нэмэгдэл зэргийн зарцуулалт нэмэгдэнэ.

Эрсдэл оршсоор…

Монголын нүүрсний гарц зорилтот хэмжээнээсээ 10 хувиар л багасахад төлбөрийн тэнцэлд ДНБ-ий 4 хувьтай тэнцэх хэмжээний дарамт учрах эрсдэлтэйг “Fitch”-ийн шинжээч Крисжанис Крустинс анхааруулж байв.

Дээд хязгаар 200 сая

Монголбанкнаас орон сууцны ипотекийн зээлийн дээд хязгаарыг нэмэгдүүлж орон нутагт 150 сая төгрөг, Улаанбаатар хотод 200 хүртэлх сая төгрөг болгов. Жилдээ гардаг 600 орчим тэрбум төгрөгийн ипотекийн зээлээс 350 орчим нь эргэн төлөгддөг бөгөөд үлдсэн 250 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэрийг Монголбанкнаас гаргаж чадахгүй бол Дэлхийн банк, Нийгмийн даатгалын сангаас гаргуулахаар ажлын хэсэг судалж байгааг мөн онцолжээ.

Хөрөнгийн зах IX сард

Есдүгээр сард хөрөнгийн биржээр 39.2 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн нь өмнөх сараас 16.8 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Өнгөрсөн сард “Монложистикс холдинг” ХК анхдагч зах зээлийн арилжаагаар 10.9 тэрбум төгрөг, “Лэнд бонд" өрийн хэрэгсэл 9 тэрбум төгрөг татан төвлөрүүлснээс гадна хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа өмнөх сараас 17.2 хувиар өссөн нь нийт үнэт цаасны арилжааны үнийн дүн өсөхөд нөлөөлсөн байна.

Маккартиг огцруулав

АНУ-ын Бүгд найрамдах намын улс төрч Кевин Маккарти Конгрессын Төлөөлөгчдийн танхимын даргын албан тушаалаас намынхаа гишүүдийн саналаар огцорлоо. Үүгээр есөн сарын турш энэхүү албан тушаалыг хашсан донсолгоотой замнал нь өндөрлөж, хуваагдал нь даамжраад буй Конгресст тогтворгүй байдал цааш үргэлжлэхээр болж байна. Өдгөө 58 настай, Калифорни мужаас гаралтай тэрбээр уг албан тушаалаас огцорсон АНУ-ын анхны улс төрч болж буйгаараа онцлог.

Түүний хувьд энэ оны эхэнд өрнөсөн өрийн таазны асуудал, энэ сард АНУ-ын засгийн газар санхүүжилтгүй болох эрсдэл зэрэг улс төрийн хүндхэн даваануудтай нүүр тулсан юм.

Huawei ба Тайвань

"Huawei" компани БНХАУ-ын өмнөд хэсэгт чипийн нууц үйлдвэрүүдийнхээ дэд бүтцийг босгоход нь Тайванийн технологийн хэд хэдэн компаниуд дэмжлэг үзүүлж байгааг "Bloomberg" мэдээллээ. Энэхүү ховорхон хамтын ажиллагаа нь Бээжингийн дайсагнасан бодлого нэмэгдэж буй энэ үед Тайванийн дотоод зөрчлийг хурцатгах эрсдэлтэй юм.

БНХАУ-ын зүгээс Тайвань тусгаар тогтнолын талаар дурдах л юм бол цэргийн ажиллагаа явуулна гэж заналхийлж байгаа бол тус арлын хамгийн чухал үйлдвэрлэлийн салбарын төлөөлөгчид АНУ-ын хоригт ороод байгаа "Huawei"-д хагас дамжуулагч хөгжүүлэхэд нь тусалж байж магадгүй ээдрээтэй нөхцөл байдал ийнхүү үүсжээ.

Олимп дөхөж, үнэ өсөв

2024 оны зуны Олимпын наадам эхлэхэд жил хүрэхгүй хугацаа үлдээд буй энэ үед Парис хотын зочид буудлуудын урьдчилсан захиалгын үнэ зуны ердийн ханшнаасаа аль хэдийн 3.5 дахин өсөөд байна. “Google”-ийн мэдээллээс харвал Францын нийслэлийг зорих аялагчид Олимпын наадмын үеэр гурван одтой зочид буудалд нэг хоноход 685 гаруй ам.доллар төлөхөөр байгаа нь жирийн үед долоодугаар сарын дундаж үнэ 178 ам.доллар байдагтай харьцуулахад маш өндөр өсөлт болжээ.

“Ярилцах цаг”-ийн шинэ дугаарт "Орано Майнинг" компанийн Ерөнхийлөгч Кзавье Сан-Мартан-Тие оролцож, "Зөөвч-Овоо" ураны төсөл болон хөрөнгө оруулалтын гэрээ, бусад чухал асуудлуудын талаар ярилцлаа. Нэвтрүүлгийг бүтнээр нь ЭНД дарж үзээрэй.

BloombergTV.mn танд санал болгож байна

Онцлох чарт

Дэлхийн хэмжээнд зэсийн эрэлт тасралтгүй өссөнөөр ирэх дөрвөн жилд нийлүүлэлтээ давах төлөвтэй байгааг “BloombergNEF”-ийн шинжээчид тооцооллоо. Тухайлбал: 2027 он гэхэд зэсийн үнэ тонн нь 9800 ам.доллар давж магадгүй гэж үзсэн байна.

Мөн 2024 онд зэсийн нийлүүлэлтийн хомсдол 3.6 сая тонн хүрэхээр байгаа бол 2025 онд 4.5 сая тонн буюу оргил түвшиндээ хүрнэ гэж тооцоолжээ.