- Business newsletter
- Posts
- 2023/10/03
2023/10/03
Гурван өгүүлбэрээр
Монголын хөрөнгийн захад “short” арилжааны орон зай бий юу? Энэ талаар энэ дугаарт хөндлөө.
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны зуучлагчаар "Голомт Капитал", "Ти Ди Би Секьюритис" оролцоно.
Орон нутагт орон сууц худалдан авахад олгох ипотекийн зээлийн дээд хэмжээ ₮100.0 сая байсныг ₮150.0 сая болгон нэмэгдүүлжээ.
Short арилжааг товчхон
Тэд өөрсдийгөө зах зээл, компаниудын үнэн шударга байдлыг хангаж байна гэдэг. Харин шүүмжлэгчид тэднийг зах зээлийн манипуляцад дэндүү ойрхон гэдэг. Зохицуулагчид тэднийг болгоомжлонгуй ажигладаг. Монголын хөрөнгийн захад “Short” арилжааны орон зай бий юу гэдгийг ойроос харцгаая.
Уналтад мөрий тавихуй
Хэрэв та хувьцааг бага үнээр худалдаж аваад өндөр үнээр зарвал мэдээж илүү баян болж, бүгд танд баяр хүргэнэ. Харин өндөр үнээр зээлж аваад бага үнээр зарвал мөн л баян болох боломжтой ч зарим хүмүүс таныг үзэн ядна. “Short” арилжаалагчдын зарчмыг энгийнээр тайлбарлавал ийм.
Ерөнхийдөө “short” арилжаалагчид хувьцааг зээлээр авч зараад, тэр хувьцаа нь өсчихгүй л бол дараа нь бага үнээр эргүүлэн худалдаж аваад зөрүүнээс нь ашиг хийдэг.
Өнөө цагт тэднээс хамгийн хүчтэй нь “активист” арилжаалагчид мэтээр хэвлэл мэдээлэлд гардаг ч үнэндээ тэд “short” арилжааны зах зээлд маш бага хувийг эзэлдэг. Харин хедж сангууд, мэргэжлийн хөрөнгө оруулагчид хувьцааны уналтаас хөрөнгө оруулалтаа хамгаалж, хэт өндөр өсөлттэй гэж үзсэн хувьцааг өөртөө “зөөлөн газардуулах” зорилгоор дийлэнх “short"-ийг хийдэг байна.
Тэдний овоо хараанд
Хуурамч “ногоон” амлалтууд нэмэгдэж, мөн ногоон санхүүжилт дээд хэмжээндээ хүрснээр компаниудын үнэлгээ хөөсөрч байгааг хедж сангийн менежерүүд ажиглаж, энэ онд Байгаль орчин, нийгэм, засаглалын хувьцаануудад ихээр орж байна. Түүнчлэн АНУ-ын хөрөнгийн зах зээлд ихэнх хөрөнгө оруулагчдын ойшоодоггүй бага үнэлгээтэй компаниудын хувьцаанаас “short” арилжаалагчид энэ онд 13 тэрбум ам.долларын ашиг олжээ.
Ялангуяа оны эхээр уналтад орж байсан "First Republic" банк тэргүүтэй АНУ-ын орон нутгийн банкнуудын хувьцаанаас хамгийн ихийг халаасалсан байна. Тэдний дунд “The Big Short" киногоор танигдсан алдарт “short” арилжаалагч Майкл Бьюрригийн "Scion Asset Management" ч байв.
Монголд орон зай бий юу?
“Short” арилжаа нь зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, гадаадын болон мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг татах давуу талтай байдаг. Гэхдээ Монголд одоогоор үүний хөрс суурь, эрх зүйн орчин, зохицуулалт, оролцох талуудын санхүүгийн чадавх гээд аль нь ч бүрдээгүй байгааг Marketinfo.mn сайтын Үүсгэн байгуулагч Б.Ганболд хэлж байлаа.
Байр суурь
“Эхний ээлжид хөрөнгийн зах зээлд үнэ ханш тогтох механизмыг сайжруулах шаардлагатай. Одоо бол зөвхөн ханш өсөхийг дэмждэг, бууруулах сонирхол хэнд ч байдаггүй механизмтай байна. Бүгд нэг талдаа гарчихсан ийм үед л хөрвөх чадвар байхгүй болдог. Тиймээс “short” арилжааг бий болгож, эхний ээлжид ядаж багажуудыг нь байлгах хэрэгтэй. Үүнийг дагаад хувьцааны хадгаламж гэдэг бүтээгдэхүүн гарч ирнэ, хөрөнгө оруулалтын сангууд, зээлдүүлэгч талууд томроод ирнэ” хэмээн “Очун ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Оргил “Bloomberg TV Mongolia”-д өгсөн ярилцлагадаа онцолсон юм.
Ногоон автобус ба бонд
"Ногоон автобус"-тай холбоотой асуудал оргил цэгтээ хүрч, улмаар Монголын анхны орон нутгийн бонд болох “Улаанбаатар бонд”-ын өчигдөр эхлэх байсан анхдагч зах зээлийн арилжаа тодорхойгүй хугацаагаар хойшлов.
Харин УИХ-ын энэ оны намрын чуулган эхлээд төд удалгүй Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, сайд Ж.Сүхбаатар огцрох хүсэлтээ Ерөнхий сайдад өгсөн юм. Ингээд зогссонгүй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өөрийн хүсэлтээр ажлаа өглөө.
Сүүлийн улирлын босгонд
Монголын Хөрөнгийн Биржийн "Топ-20" индекс оны эхний есөн сарын хугацаанд 5.2 хувиар буурсан байгаа ч арилжааны хэмжээ тайлант хугацаанд 3 их наяд төгрөг давсан байна. III улирлын арилжааны хамгийн сүүлийн өдөр МХБ-д бүртгэлтэй нийт 43 компанийн 387 мянга гаруй үнэт цаас арилжаалагдсан дээр нэмээд 207 сая төгрөгийн үнийн дүн бүхий нүүрсний арилжаа цахимаар явагджээ.
Биржийн тэлэлт
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг “Голомт Капитал ҮЦК” болон “Ти Ди Би Секьюритис ҮЦК”-иудад олгохоор СЗХ шийдвэрлэжээ. Мөн хайлуур жоншны хүдэр, баяжмалын арилжааны гэрээний стандартыг тогтоох, журмыг мөрдүүлэх зөвшөөрлийг МХБ ХК-д олгосон байна. Ингэснээр уул уурхайн бүтээгдэхүүний биржээр хайлуур жоншны хүдэр, баяжмал арилжаалагдах зохицуулалтын орчин бүрдэж, биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэж байна.
Орон нутагт байр авбал…
Орон нутагт орон сууц худалдан авахад олгох ипотекийн зээлийн дээд хэмжээ Монголбанкны эх үүсвэрээр 100.0 сая төгрөг байсныг 150.0 сая төгрөг болгон нэмэгдүүлжээ. Мөн зээлдэгчийн ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт даатгалын байгууллагаас батлан даалт гаргах боломжийг нээлттэй болгосон байна. Орон нутаг дахь орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ипотекийн зээлийн журамд дээрх өөрчлөлтүүдийг оруулж байгаа аж.
Анхаарах ёстой салбар
Монгол Улс нийт жимс жимсгэнийхээ 97 хувийг импортоор авч, үүнд жилдээ 50-60 сая ам.доллар зарцуулдаг байна. Улсын хэмжээнд 7,000 га талбайд жимс, жимсгэнэ тариалж, дотоодын 40 орчим үйлдвэр, цех жилдээ 2,000-5,000 тонн жимс, жимсгэнийг хурааж авдгийг Монголын жимс, жимсгэний холбооноос мэдээлжээ. Үнэ өндөр, үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллах боломж хомс байдаг нь борлуулалтад сөргөөр нөлөөлж буйг тэд хэлж байв.
Дашрамд дурдахад, дотоодод үйлдвэрлэж буй жимс, жимсгэнийн 90 гаруй хувийг чацаргана эзэлдэг аж.
“3.5 өдөр ажилладаг болно”
Дэлхийн топ банкир, “JPMorgan”-ийн Гүйцэтгэх Захирал Жэйми Даймон “Bloomberg”-т ярилцлага өгөхдөө өдгөө банкных нь олон мянган ажилтан хиймэл оюун ашиглаж буйг дурджээ. Тэрбээр хиймэл оюун ажилтнуудынх нь амьдралын чанарыг ихээхэн сайжруулахаар байгааг мөн онцолсон байна. “Технологийн тусламжтайгаар танай хүүхэд 100 насалж, хорт хавдаргүй амьдрах боломжтой болно. Мөн долоо хоногт ажлын 3.5 өдөртэй ч болж магадгүй” гэжээ.
Лондон vs. Парис
Их Британийн хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2.9 их наяд ам.доллар хүрсэн бол Францынх 2.93 их наяд ам.доллар болоод байна. Францын тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн гол зах зээл болох БНХАУ-д эдийн засгийн удаашрал гүнзгийрч байгаатай холбоотойгоор ийнхүү Францын хөрөнгийн зах зээл 3.5 их наяд ам.доллароос буурчээ. Харин Brexit-ээс шалтгаалан удаан хугацаанд уналттай байсан Их Британийн хөрөнгийн зах зээл сүүлийн жилүүдэд анх удаа өсөх төлөвтэй байна гэж “HSBC Holdings”, “Barclays” болон “JPMorgan Chase”-ийн стратегичид үзэж байгаа аж.
“Airbnb” хэцүүдэв
“Airbnb” компанийн дотоод үйл ажиллагаа ул сууриараа ганхсан тул засаж, сайжруулах шаардлагатай болсныг компанийн Гүйцэтгэх захирал Брайан Чески хүлээн зөвшөөрөв. Үйлчлүүлэгчдийн дунд удаан хугацаанд хүлээлт үүсгээд байсан үнэнч хэрэглэгчийн хөтөлбөрийг гуравдугаар сард өрсөлдөгч “Vrbo” нь нэвтрүүлж “Airbnb”-ээс давуу талтай болоод байсан. Үүгээр зогсохгүй есдүгээр сард Нью-Йорк хот богино хугацааны түрээсийн журмаа эрс чангатгаснаар “Airbnb” бизнесийнх нь 80 орчим хувийг бүрдүүлдэг зах зээлээс шахагдахад хүрээд байгаа юм.
Нобелийн шагналтнууд
Дэлхийн түүхэнд хамгийн олон тоогоор борлуулагдсан вакцинуудын нэг болсон “Covid-19”-ийн “m-RNA” вакциныг бүтээх суурь судалгааг гүйцэтгэсэн Каталин Карико, Дрю Вэйсман нар анагаахын салбарын Нобелийн шагнал хүртлээ.
Хоёр эрдэмтний түүчээлэн оролцсон технологи нь “Moderna”, мөн “Pfizer-BioNTech”-ийн хамтарсан вакцин зэргийг бүтээх боломжийг нээж өгсөн юм. Дэлхий даяар олон зуун сая хүнийг эдгээр вакцинаар дархлаажуулснаар коронавирусын цар тахлыг намжаах боломжтой болсон гэж үзжээ.
Пенсильванийн их сургуулийн тус хоёр эрдэмтэн Нобелийн шагнал хүртсэнээр нийт 1 сая ам.долларын мөнгөн шагналыг хуваан авах аж.
“Ярилцах цаг”-ийн шинэ дугаарт "Орано Майнинг" компанийн Ерөнхийлөгч Кзавье Сан-Мартан-Тие оролцож, "Зөөвч-Овоо" ураны төсөл болон хөрөнгө оруулалтын гэрээ, бусад чухал асуудлуудын талаар ярилцлаа. Нэвтрүүлгийг бүтнээр нь ЭНД дарж үзээрэй.
BloombergTV.mn танд санал болгож байна
Дэлхийн банк: Зүүн Ази, Номхон далайн хөгжиж буй улсуудын ДНБ-ий өсөлт II хагаст саарна
БНХАУ-ын үл хөдлөх салбарын хямралын хамгийн хүнд үе ирээгүй байна
БНХАУ-д литийн үнэ сүүлийн 2 жилийн доод түвшинд хүрэхэд ойртов
Онцлох чарт
Хүн бүр эдийн засаг “зөөлөн газардана” гэсэн хүлээлттэй байвал уналтад бэлдэх хэрэгтэй. Энэ бол сүүлийн жилүүдийн эдийн засгаас үлдсэн сургамж юм. Энэ зун АНУ-д инфляц саарч, ажлын байрны тоо хангалттай болж, иргэдийн зарцуулалт хэвийн үргэлжилсэн нь тус улсын эдийн засаг уналтаас зайлсхийнэ гэсэн итгэлийг бэхжүүлээд байна.
Гэхдээ авто үйлдвэрлэлийн салбарын ажил хаялт, оюутны зээлийн эргэн төлөлтийн үргэлжлэл, АНУ-ын засгийн газар санхүүжилтгүй болох зэрэг нь ирэх улирлын ДНБ-ий үзүүлэлтийг нэгж хувиар ч хорогдуулах боломжтой. Эдгээр нь газрын тосны үнийн өсөлт, иргэдийн хадгаламжийн бууралт зэрэг бусад том шоктой давхацсанаар ирэх онд АНУ-ыг уналт руу түлхэж чадахыг “Bloomberg”-ийн шинжээчид бичиж байна